Үйл явдал
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөөдөр Сэлэнгэ, Төв аймгийн зүүн, Хэнтийн хойд хэсгээр их цас орно. Төв, Хэнтийн нутаг, Булган, Сэлэнгийн өмнөд, Өвөрхангай, Дундговийн хойд хэсгээр цасан шуурга шуурч, Баянхонгор, Өвөрхангайн өмнөд хэсэг, Өмнөговь, Дундговь, Дорноговь, Сүхбаатарын нутгаар салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүснэ.
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, говь, тал хээрийн нутгаар хүчтэй салхи, шороон шуурга шуурч, эрс хүйтэрч, зам даваа хаагдаж, халтиргаа гулгаа үүсэхийг онцгойлон анхааруулж байна.
2023 оны гуравдугаар сарын 21-ний 08 цагаас 20 цаг хүртэл:
Хур тунадас: Нутгийн зүүн хагаст үүлэрхэг. Төв болон зүүн аймгуудын нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй.
Салхи: Нутгийн зүүн хагаст баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, нутгийн өмнөд хэсгээр секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүсэж, шороон шуурга шуурна. Бусад нутгаар баруун хойноос секундэд 4-9 метр.
Агаарын температур: Ихэнх нутгаар эрс хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 11-16 хэм, Монгол-Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Байдраг голын хөндийгөөр 6-11 хэм хүйтэн, говийн бүс нутгийн зүүн хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар 12-17 хэм дулаан, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун хэсгээр 4-9 хэм дулаан, бусад нутгаар -3-8 хэм хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, зарим үед секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Эрс хүйтэрч 6-8 хэм хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, зарим үед секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүснэ. Эрс хүйтэрч 5-7 хэм хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, зарим үед секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Эрс хүйтэрч 5-7 хэм хүйтэн байна.
2023 оны гуравдугаар сарын 22-ноос гуравдугаар сарын 26-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
Гуравдугаар сарын 22-нд зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 23-нд Халх голын саваар нойтон цас, цас орж, хүчтэй цасан шуурга шуурна. Салхи 22, 23-нд говь, талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 28-33 хэм, өдөртөө 13-18 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 8-13 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 1 хэм дулаанаас 4 хэм хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 4-9 хэм хүйтэн байна
Үйл явдал
Ерөнхий сайд Н.Учрал Бизнесийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг яаралтай горимоор хэлэлцүүлэхээр УИХ-д өргөн барилаа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Бизнесийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу яаралтай горимоор хэлэлцүүлэхээр УИХ-ын дарга С.Бямбацогтод өргөн барилаа.
Ерөнхий сайд “Бизнесийн эрх чөлөөний тухай анхдагч хууль бол Засгийн газрын “Эрх чөлөөний дөрвөн зам, дөрвөн чөлөөлөлт”, “Чөлөөлье” бодлогыг амилуулж биежүүлэх хууль” гэдгийг онцлов.
Засгийн газраас Бизнесийн эрх чөлөөний тухай анхдагч хуулийн төсөл, түүнийг дагалдуулан Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон бусад холбогдох хуулийн төслийг боловсрууллаа.

Монгол Улсад бизнес эрхлэхтэй холбоотой харилцааг шууд болон шууд бус хэлбэрээр зохицуулсан 360 гаруй хууль хүчин төгөлдөр үйлчилж байгаа ч бизнесийн үйл ажиллагааны явцад төр болон бизнес эрхлэгчдийн хооронд баримтлах зарчмууд тухайлбал, хуулиар хориглосноос бусад тохиолдолд бизнесийн үйл ажиллагааг чөлөөтэй эрхлэх, бизнесийн тогтвортой байдлыг хангах, төр, хувийн аж ахуй нэгжүүдтэй өрсөлдөхгүй байх, төрийн оролцоог бууруулах зэрэг суурь зарчмуудыг тусгасан нэгдсэн хууль байхгүй байна.
Энэ төсөл нь хууль зүйн тодорхой байдал, төрийн хариуцлагыг нэмэгдүүлж, захиргааны дарамт багасах, төрийн үйлчилгээний чанар сайжрах нөхцөлийг бүрдүүлж, бизнесийн үйл ажиллагааг чөлөөтэй эрхлэх, хөрөнгө оруулалт нэмэгдэх, эдийн засгийн өсөлт, ажлын байр нэмэгдэхэд дэмжлэг үзүүлнэ.

Хөрөнгө оруулалтын тухай хуульд оруулж буй гол өөрчлөлтүүд нь хөрөнгө оруулагчдаас төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан гомдлыг хүлээн авч, судалж, гомдлыг барагдуулах талаар нэгдсэн тогтолцоог бий болгосон байна.
Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон түүнтэй холбогдуулан боловсруулсан бусад салбарын хуулиудад оруулсан гол өөрчлөлт нь зөвшөөрлийн тогтолцоог цахим хэлбэрт шилжүүлэх, эрсдэл багатай зарим үйл ажиллагааг зөвшөөрөл авах бус мэдэгдлийн үндсэн дээр эрхлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх, зөвшөөрөл олгох, сунгах ажиллагааг хялбаршуулах, бизнес эрхлэгчид тавигдах зарим давхардсан болон хүндрэлтэй шаардлагыг бууруулах чиглэлээр зохицуулалт тусгагджээ.

Үйл явдал
Эрхтэн шилжүүлэн суулгах салбарын олон улсын тэргүүлэх мэргэжилтнүүдийг хүлээн авч уулзав
Эрүүл мэндийн сайд Э.Батшугар Монгол Улсад зохион байгуулагдаж буй “ICOT V-2026” Олон улсын эрхтэн шилжүүлэн суулгах чуулганд оролцохоор хүрэлцэн ирсэн олон улсын эрдэмтэн, профессоруудын төлөөллийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтад Туркийн Эрхтэн шилжүүлэн суулгах сангийн ерөнхийлөгч, профессор Эюп Кахвежи, Испанийн Донор ба шилжүүлэн суулгалтын институтийн ерөнхийлөгч, профессор Марти Маньялич Видал, Туркийн Эрхтэн шилжүүлэн суулгах сангийн ерөнхий зохицуулагч Гамзе Илдирим, БНСУ-ын Сөүлийн Үндэсний Анагаах Ухааны Төвийн профессор, Азийн Эрхтэн шилжүүлэн суулгах нийгэмлэгийн ерөнхий нарийн бичгийн дарга, “Vitalink” байгууллагын захирал профессор Гюри Ан нар оролцлоо.
Талууд Монгол Улсад эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тусламж үйлчилгээний өнөөгийн байдал, тархины үхэлтэй донорын тогтолцоог бэхжүүлэх боломж, хүний нөөцийн чадавхыг дээшлүүлэх, эмч мэргэжилтнүүдийг олон улсын сургалт, судалгаанд хамруулах, эрхтэн хадгалалт болон шилжүүлэн суулгах дэвшилтэт технологийг нэвтрүүлэх чиглэлээр санал солилцлоо.
Эрүүл мэндийн сайд Э.Батшугар Монгол Улсад эрхтэн шилжүүлэн суулгах салбар сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж байгааг онцолж, олон улсын байгууллага, тэргүүлэх мэргэжилтнүүдтэй хамтын ажиллагаагаа өргөжүүлэн, иргэдэд үзүүлэх тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллахаа илэрхийллээ.
Мөн уулзалтын үеэр “ICOT V-2026” конгрессын хүрээнд хэрэгжүүлэх хамтарсан сургалт, эрдэм шинжилгээний хамтын ажиллагаа, туршлага солилцооны талаар хэлэлцэж, цаашдын хамтын ажиллагааны чиглэлүүдийг тодорхойлов.

Үйл явдал
Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод өнөөдөр Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа, Д.Батлут, Л.Мөнхбаясгалан, С.Эрдэнэбат, Л.Энхнасан нараас Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв.
Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулагдсан Ахмадуудад тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, хөдөлмөр эрхлэлт, эрүүл мэнд бусад асуудлын талаарх хуулийн хэрэгжилт, цаашид анхаарах асуудалд санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгээс тэдний хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд чиглэсэн агуулгатай уг хуулийн төслийг өргөн мэдүүлж буйг Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа энэ үеэр онцолсон.
Тэрбээр 2024 онд батлагдсан Ахмад настны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, тэдний хөдөлмөр эрхлэх нөхцөл бололцоог бүрдүүлсэн. Өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулиудад аж ахуйн нэгж, байгууллага 50-аас дээш ажилтантай бол тэдний хоёр хувьд ахмадуудыг ажиллуулах, улмаар ахмадууд хөдөлмөрийн гэрээ, ажил гүйцэтгэх, хөлсөөр ажиллах бол ажилтны хүсэлтээр ажил олгогч аль аль нь тэтгэврийн шимтгэл төлөхгүй байж болно гэсэн зохицуулалт үйлчилж байгааг дурдлаа.
Гэсэн хэдий ч Нийгмийн даатгалын ерөнхий хууль энэ заалтыг зөвхөн өндөр насны тэтгэврийг 20-оос доошгүй жил шимтгэл төлсөн 65 нас хүрсэн ахмадыг хэлнэ гээд өндөр насны тэтгэвэр тогтоолгож байгаа долоон төрлийн асуудал байхад зөвхөн нэгийг нь авч үзэн зохицуулсан байдаг. Иймд хүчин төгөлдөр үйлчилж буй хуулийн зохицуулалтыг өөрчилж, цэргийн алба хаагчийн тэтгэвэр авч буй иргэд, дөрвөн хүүхэд төрүүлээд 50 насандаа тэтгэвэрт гарсан эхчүүд, малчин, хүнд хортой нөхцөлд ажилласан гээд өндөр насны тэтгэвэр тогтоолгосон бүх хүмүүсийг хамруулах уг хуулийн төслийг боловсруулсан гэж байлаа.
Монгол Улсад 2025 оны жилийн эцсийн байдлаар өндөр насны тэтгэвэр тогтоолгосон, ажил хөдөлмөр эрхэлж байгаа 62.2 мянган тэтгэвэр авагчаас 33.1 мянга нь одоогийн Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 7.6 дахь хэсэгт заасны дагуу тэтгэврийн даатгалын шимтгэлээс чөлөөлөгдсөн байна. Энэ нь нийт ажиллаж буй өндөр насны тэтгэвэр авагчдын 53.2 хувийг, харин үлдсэн 29.1 мянга нь уг заалтын болзол хангаагүй тул шимтгэл төлсөн, ялгавартай нөхцөл байдалд өртсөн иргэд нь 46.8 хувийг эзэлж байгаа аж.
Ахмад настны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд тэтгэврийн даатгалын шимтгэл төлөхгүй байх сайн дурын сонголтыг бүх насны тэтгэвэр авагч иргэнд хамааруулах улмаар ажил олгогчийн төлөх тэтгэврийн даатгалын шимтгэлийн ачаалал буурах ахмад настны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих заалтуудыг төсөлд тусгасан байна.
Хуулийн төсөл батлагдсанаар Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 7 дугаар зүйлийн 7.6 дахь хэсэгт өндөр насны тэтгэвэр тогтоолгосон бүх тэтгэвэр авагчдыг хамааруулна. Ингэснээр тэтгэврийн даатгалын сангийн орлого 95.8 тэрбум төгрөгөөр буурч энэ хэмжээгээр тэтгэврийн даатгалын санд олгох улсын төсвийн санхүүгийн дэмжлэгийн хэмжээ нэмэгдэнэ гэж төсөл санаачлагчид үзжээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.
-
Үйл явдал2021/04/06
Улаанбаатарт өдөртөө 13 хэм дулаан
-
Дэлхий нийтээр..2021/08/06
У.Хүрэлсүх: Хэрэглэгчдийг хохироосон өндөр хүүтэй зээл олголтын эсрэг хууль эрх ...
-
Дэлхий нийтээр..2021/01/07
“Нийгмийн даатгалын шимтгэл төлөгчийг торгох шийтгэл, алдангиас чөлөөлөх т...
-
Чөлөөт бүс2022/01/28
Бээжингийн Өвлийн олимпын наадмын аялал №2
