Үйл явдал
Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр баруун аймгуудын нутгийн өмнөд, говийн аймгуудын баруун хэсгээр цас орж, явган шуурга шуурахыг анхааруулж байна.
2023 оны хоёрдугаар сарын 17-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн өмнөд, төвийн аймгуудын нутгийн баруун өмнөд, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 3-8 метр, говь, тал хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр 22-27 хэм, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул голын хөндийгөөр 13-18 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 1-6 хэм, бусад нутгаар 7-12 хэм хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. 10-12 хэм хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. 14-16 хэм хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. 10-12 хэм хүйтэн байна.
2023 оны хоёрдугаар сарын 18-наас хоёрдугаар сарын 22-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
18-нд говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас, 19-нд Хэнтийн уулархаг нутаг, Халх голын хөндийгөөр, 20-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар ялимгүй цас орно. Салхи 18,19-нд тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. 18, 19-нд нутгийн зүүн хагаст жавартай хүйтэн байх боловч бусад хугацаанд Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 31-36 хэм, өдөртөө 17-22 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 25-30 хэм, өдөртөө 8-13 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 0-5 хэм дулаан, Их нууруудын хотгор болон Хангайн нурууны өвөр бэл орчим болон говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 4-9 хэм хүйтэн байна.
Үйл явдал
ЦУОШГ: Ихэнх нутгаар их бороо орох тул үерийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна
Өнөөдөр (2026.08.19) Булган, Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн нутгаар их бороо орох тул голын усны түвшин нэмэгдэх, нөөлөг салхи, мөндөр, аянга цахилгаан, үерийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.
Иргэд, аялагч та бүхэн үер, усны аюулаас урьдчилан сэргийлж:
- Мэргэжлийн байгууллагаас өгч байгаа заавар, зөвлөмжийг дагаж мөрдөх
- Үерийн аюултай бүс, голын эрэг, хуурай сайр жалгаар зорчихгүй байх
- Тээврийн хэрэгслээр зорчихдоо баталгаат гүүр, гармаар зорчих
- Хүүхдийг гол, нуур, үерийн усны ойролцоо хараа хяналтгүй орхихгүй байх
- Үерийн эрсдэлтэй бүсэд буудаллах, майхан барихаас татгалзах
Цаг агаарын мэдээ, сэрэмжлүүлгийг тухай бүрт хүлээн авч, өөрийн болон гэр бүлийнхээ аюулгүй байдлыг хангахыг зөвлөж байна.
Үйл явдал
COP17-д хоол, хүнсний үйлчилгээ үзүүлж буй 30 байгууллагад зөвлөн тусалж байна
ХХААХҮЯ, НХХААГ, НМЭГ-ын улсын болон ахлах байцаагчид Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талуудын 17 дугаар Бага хурал (COP-17)-ын хүрээнд Цэнхэр, Ногоон бүсэд үйл ажиллагаа явуулж буй 30 аж ахуйн нэгж, байгууллагын хоол үйлдвэрлэл, үйлчилгээний үйл ажиллагаанд энэ сарын 17-ны өдрөөс эхлэн зөвлөн туслаж ажиллаж эхэллээ.
Тухайлбал, улсын байцаагчид хоол хүнсний чанар, аюулгүй байдал, хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний хадгалалт, хэрэглэх хугацаа, хоол үйлдвэрлэлийн технологийн үйл ажиллагаа, хадгалалтын температурын горим, тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн цэвэрлэгээ, халдваргүйтгэл, ажилтнуудын хувийн болон үйлдвэрлэлийн эрүүл ахуй нөхцөл байдал чиглэлээр зөвлөн тусалж байна.
Мөн Катерингийн үйлчилгээний хүрээнд бэлэн хоол, хүнсний бүтээгдэхүүн тээвэрлэж буй авто тээврийн хэрэгслийн эрүүл ахуй, ариун цэвэр, температурын горим, тээвэрлэлтийн нөхцөл, түүнчлэн лац ломбын бүрэн бүтэн байдлыг шалгаж, аюулгүй байдлыг хангуулах, илэрсэн зөрчил, дутагдлыг газар дээр нь арилгуулах, хүнсний аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг хангах талаар мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч, хэрэгжилтийг хангуулан ажиллаж байна.

Үйл явдал
ОБЕГ НҮБ-Хабитаттай хот суурин газрын гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр хамтарна
Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Г.Ариунбуян COP17-д оролцож буй НҮБ-ын Хүн амын нутагшил, суурьшлын хөтөлбөрийн Ази, Номхон далайн бүсийн төвийн хөтөлбөрийн ажилтан Рой Кититэй хоёр талт уулзалт хийлээ.
Уулзалтаар хот суурин газрын гамшгийн эрсдэлийг бууруулах, иргэдийн гамшгийг даван туулах чадавхыг бэхжүүлэх, болзошгүй эрсдэлээс хамгаалах чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэх талаар санал солилцжээ.
Түүнчлэн НҮБ-Хабитат хөтөлбөртэй хамтран хот суурин газрын гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр шинэ төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх боломжийг хэлэлцсэн байна.
Хошууч генерал Г.Ариунбуян Монгол Улсын Онцгой байдлын байгууллага болон НҮБ-ын хамтын ажиллагаа 2004 оноос эхлэлтэйг уулзалтын үеэр онцолжээ. Тухайн үед Монгол Улсын Засгийн газрын хүсэлтээр НҮБ-ын Гамшгийн үнэлгээ, зохицуулалтын баг Монгол Улсад ажиллаж, гамшиг, осолтой тэмцэх үндэсний чадавхад хөндлөнгийн үнэлгээ хийсэн байна.
Өдгөө Онцгой байдлын байгууллага НҮБ-ын Монгол дахь Суурин зохицуулагчийн газар болон НҮБ-ын төрөлжсөн байгууллагуудтай гамшгийн эрсдэлийг бууруулах, гамшгийн хор уршгийг арилгах, хүмүүнлэгийн тусламж үзүүлэх чиглэлээр хамтран ажиллаж байгаа юм.
Энэ удаагийн уулзалтаар талууд хамтын ажиллагааг хотын гамшигт тэсвэртэй байдлыг нэмэгдүүлэх, иргэдийн бэлэн байдлыг сайжруулах бодит төсөл, хөтөлбөрөөр өргөжүүлэх боломжийг онцлон хэлэлцжээ.
-
Дэлхий нийтээр..2021/02/19
Гамшгийн эрсдэлийн түвшинг анхан шатанд тодорхойлов
-
Тод зураг2019/10/25
“XXI зуун-Хавдаргүй Монгол 1000 гэр бүлийн зөвлөгөөн” Төрийн ордонд ...
-
Тод зураг2021/04/06
Богд уул болон Туул гол дагуух тохижилт
-
Үйл явдал2023/09/13
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь
