Дэлхий нийтээр..
БНЧУ-д богино хугацааны зуны сургалтад хамруулах сонгон шалгаруулалт зарлагдлаа
Бүгд Найрамдах Чех Улсад богино хугацааны зуны сургалтад хамруулах сонгон шалгаруулалт зарлагдлаа. Тус Улсын Боловсрол, Залуучууд, Биеийн тамирын яамнаас чех хэл соёлыг сонирхон судалдаг оюутан, төгсөгч, багш, ажилтныг дэмжих зорилгоор БНЧУ-д зохион байгуулагдах Слав судлалын зуны сургалтын хөтөлбөрийг зарлалаа.
Зуны сургалт нь жил бүрийн 7,8,9 дүгээр саруудад зохион байгуулагддаг ба сургалтын агуулгаас хамааран 3-4 долоо хоног үргэлжилнэ.
Тэтгэлэгт дараах зүйлс багтана. Үүнд:
- Сургалтын төлбөр
- Дотуур байр (өглөөний, өдрийн, оройн хоол багтана)
- Зуны сургалтын хүрээнд зохион байгуулагдах соёлын арга хэмжээ болон аялалд үнэгүй хамрагдах эрх
Тэтгэлэгт дараах зүйлс багтахгүй. Үүнд:
- Олон улсын тээврийн зардал
- Виз олголттой холбоотой зардлууд
- Даатгалын зардал
Тавигдах шаардлага
- Чех хэл соёлыг сонирхон судалдаг оюутан, төгсөгч, багш, ажилтан, 18-аас дээш настай Монгол Улсын иргэн;
- Чех хэлний А1 түвшний мэдлэгтэй байх: Ерөнхий суурь хөтөлбөрөөр чех хэлийг судалсан байх, эсвэл чех хэлний тодорхой мэдлэгтэй, хэлний мэдлэгээ гэрчлэх бичиг баримттай байх
Бүрдүүлэх материал
- Цахим өргөдлийн маягт /Энд дарж татаж авна уу/
- Боловсролын гэрчилгээ, дүнгийн жагсаалтын хамт
- Гадаад паспорт
- Англи хэл эсвэл Чех хэлний мэдлэгтэй болохыг батлах нотолгоо
Өргөдлийн маягтыг зөвхөн Англи эсвэл Чех хэлээр бөглөнө.
- Зуны сургалтад хамрагдах хүсэлтээ илэрхийлсэн эссэ /Англи эсвэл Чех хэл дээр 200 үгээс доошгүй байх, Монгол орчуулгыг хавсаргах/;
Тэтгэлэгт хамрагдах хүсэлтийг дээрх материалуудын хамт 2023 ОНЫ 02 САРЫН 24-НЫ ДОТОР Боловсрол, шинжлэх ухааны яамны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газарт хаяглан ирүүлнэ үү.
Зуны сургалттай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг БНЧУ-ын Боловсрол, залуучууд, биеийн тамирын яамны цахим хуудас болох https://www.msmt.cz/ -аас авах боломжтой.
Дэлхий нийтээр..
Европын хэд хэдэн улсад Палестиныг дэмжсэн жагсаал боллоо
Жагсагчид Их Британийг Израильд зэвсэг нийлүүлэхээ зогсоохыг шаардсан, Палестиныг чөлөөлөхийг уриалсан, Газын зурвас дахь цэргийн ажиллагааг зогсоохыг шаардсан олон төрлийн уриа лоозон барьсан юм. Мөн олон жагсагч эгнэн зогсож, Газын зурвас дахь мөргөлдөөний үеэр амь үрэгдсэн хүмүүсийн нэрсийг цээжиндээ зүүсэн юм. Тэд ийм аргаар дайны харгис хэрцгий байдлыг олон нийтэд илүү тодорхой ойлгуулахыг зорьж байна.
Дэлхий нийтээр..
Балбын үер, нурангийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрчээ
Балбын хойд хэсэгт өнгөрсөн сард болсон гамшгийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрснийг тус улсын цагдаагийн байгууллага мэдээлжээ. Есдүгээр сарын 20-ны 17:00 цагийн байдлаар аврах, эрэн хайх ажиллагаа үргэлжилж, 6000 орчим хүн сураггүй хэвээр байна.
Гамшиг наймдугаар сарын 26-нд Балба, Хятадын Төвөдийн хил орчмын өндөр уулын бүсэд мөсөн гол, хад чулуулгийн их хэмжээний нуранги үүссэнээс эхэлжээ. Нурангиас үүссэн лаг шавар, мөс, чулуулгийн урсгал Бхоте Коши болон Тришули голын сав дагуу бараг 100 км үргэлжилж, суурин газар, зам, гүүр, усан цахилгаан станцуудыг сүйтгэсэн байна.
АНУ-ын Геологийн албаны урьдчилсан дүгнэлтээр энэ үйл явдал нь ердийн газар хөдлөлт бус, мөсөн гол оролцсон уулын хажуугийн асар их нуралтаас эхэлсэн бөгөөд үүний дараа хүчтэй үер, хурдас чулуулгийн урсгал үүсчээ.
Олон мянган хүн сураггүй хэвээр байгаа тул эрэн хайх, цогцос таних ажиллагаа үргэлжилж байна. Эрх баригчид танигдаагүй цогцоснуудын ДНХ-ийн дээжийг авч, ар гэрийнхний сорьцтой тулган тогтоох ажлыг явуулж байгаа юм.
Дэлхий нийтээр..
Герман нисэх буудлын дроны хэрэгт Оросыг буруутгав
Германы эрх баригчид өнгөрсөн наймдугаар сард Лейпциг-Халле нисэх буудлаас тэсрэх бодис бүхий дрон илэрсэн хэрэгт Оросын тал холбоотой гэж дүгнэжээ. Харин Москва уг мэдээллийг няцааж, Германы буруутгалыг үндэслэлгүй хэмээн мэдэгдсэн байна.
Наймдугаар сарын 4-ний орой Украины “Антонов Эйрлайнс” компанийн ачааны онгоц байрлаж байсан хэсгийн ойролцоо тэсрэх бодис тээсэн дрон илэрч, нисэх буудлын үйл ажиллагааг түр хугацаанд зогсоожээ. Тэсрэх бодисыг тусгай робот ашиглан аюулгүй болгосон бол өөр нэг дрон нисэх онгоцтой мөргөлдсөний дараа устсан гэх мэдээлэл байна.
Германы Дотоод хэргийн сайд Александер Добриндтын мэдээлснээр, мөрдөн шалгалтаар дроны хийц, ашигласан эд анги нь Орос-Украины дайнд хэрэглэгдэж буй зарим төхөөрөмжтэй ижил төстэй байсныг тогтоосон байна. Тэрбээр цагдаагийн мөрдөн шалгалт болон тагнуулын байгууллагын мэдээлэл Оросын оролцоог нотолж байна гэж мэдэгджээ. Гэхдээ Германы Засгийн газар Москваг уг хэрэгтэй шууд холбосон бүх нотлох баримтаа олон нийтэд дэлгээгүй байна.
Үүний дараа Герман Бонн хот дахь Оросын консулын газрыг есдүгээр сарын 18-наас хаах, Берлин дэх Оросын соёлын төвийн үйл ажиллагааг зогсоохоор шийдвэрлэжээ. Мөн ОХУ-ын Элчин сайдыг Гадаад хэргийн яамандаа дуудан тайлбар шаардсан бөгөөд Европын холбооны хориг арга хэмжээний жагсаалтыг өргөжүүлэх санал гаргахаар болсон байна.
ОХУ-ын Берлин дэх Элчин сайдын яам Германы буруутгалыг “утгагүй” гэж няцаасан байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мөн Германы Засгийн газар дотоодын улс төрийн асуудлаасаа анхаарал сарниулахын тулд Москваг буруутгаж байна хэмээн мэдэгджээ.
Польш, Их Британи, Итали, Швед, Чех зэрэг НАТО-гийн хэд хэдэн улс Германы байр суурийг дэмжсэн бол Европын холбоо уг асуудлаар нэгдсэн хариу арга хэмжээ хэлэлцэхээр төлөвлөж байна.
-
Тод зураг2019/08/12
Улс орнуудын сонин хачин хуулиудаас...
-
Дэлхий нийтээр..2021/10/15
Хотын дарга ИБУИНХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Филип Малоунтай уулзлаа
-
Дэлхий нийтээр..2021/05/03
Нийслэлийн иргэдийн 34.4 хувь нь вакцинд бүрэн хамрагдаад байна
-
Дэлхий нийтээр..2025/10/14
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Энэтхэг Улсад төрийн айлчлал ...
