Дэлхий нийтээр..
Нийслэлийн цэрэг татлага аравдугаар сарын 20-23-нд болно
Нийслэлийн хэмжээнд хугацаат цэргийн албаны 2022 оны II ээлжийн цэрэг татлагыг аравдугаар сарын 20-23-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна. Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн цэрэг татлагын товчоо өнөөдөр хуралдлаа.
2022 оны I ээлжийн цэрэг татлагыг нийслэлийн төвийн зургаан дүүргийн хэмжээнд зохион байгуулсан бол II ээлжийг есөн дүүргийн хэмжээнд зохион байгуулах юм.
Нийслэлийн хэмжээнд зарлан дуудах мэдэгдлийн тараалт 89 хувьтай байна. Мөн 1605 хүн цэргийн дүйцүүлэх албаны мөнгөн төлбөр төлжээ. Нийслэлийн цэрэг татлагын товчооны зүгээс цэрэг татлагын байрны ариутгал, халдваргүйжүүлэлтэд анхаарч, ирж буй өргөдөл, гомдлыг газар дээр нь шуурхай шийдвэрлэн ажиллаж байна. Түүнчлэн цэрэг татлагын комисс, хороод хууль, эрх зүйн дагуу ажиллаж буй эсэхэд хяналт тавьж буй юм.

Мөн хурлын үеэр өнгөрөгч цэрэг татлагуудын эрүүл мэндийн үзлэгийн үр дүнг танилцууллаа. 2021 оны II ээлж болон 2022 оны I ээлжийн цэрэг татлагын эрүүл мэндийн үзлэгт нийт 10.671 хүн хамрагджээ. Тэдгээрийн дунд
- Дотрын эмгэг
- Чих, хамар, хоолойн өвчлөл
- Мэс заслын эмгэг
- Шүд, амны хөндийн өвчлөл
- Нүдний эмгэг гэсэн өвчин эмгэгүүд өндөр хувь эзэлж байна. Харин бэлгийн замын халдварт өвчин, сэтгэцийн эмгэг харьцангуй бага хувь эзэлжээ.
Хугацаат цэргийн албанд татагдагч нь цэрэг татлагын үеэр найман төрлийн шинжилгээ хийлгэж, эрүүл мэндийн үзлэгт орох юм. Мөн цэрэг татлагын байранд ирэхдээ
- Иргэний үнэмлэх
- Цэргийн үүрэгтний үнэмлэх
- Мэргэжил эзэмшсэн бол мэргэжлийн үнэмлэх
- Сургууль төгссөн бол диплом гэсэн бичиг баримтыг биедээ авч, тогтоосон хугацаанд ирэх үүрэгтэй.
Цэрэг татлагын байрнуудын бэлтгэлийг бүрэн хангасан бөгөөд
- Багануур дүүрэг – “Гүн галуутай” цогцолбор сургууль
- Багахангай дүүрэг – “Хангай” цогцолбор сургууль
- Баянгол дүүрэг – 96 дугаар сургууль
- Баянзүрх дүүрэг – 14 дүгээр сургууль
- Налайх дүүрэг – Мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төв
- Сонгинохайрхан дүүрэг – 83 дугаар сургууль
- Сүхбаатар дүүрэг – 31 дүгээр сургууль
- Хан-Уул дүүрэг – 34 дүгээр сургууль
- Чингэлтэй дүүрэг – 5 дугаар сургууль гэсэн байршилд байрлаж байна.

НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР
Дэлхий нийтээр..
Польш улсын бага сургуулиудад гар утас ашиглахыг хориглохоор төлөвлөж байна
Польш улс бага сургуулийн сурагчдыг сургууль дээр гар утас ашиглахыг хориглох хуулийн төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Польшийн Ерөнхий сайд Дональд Туск энэ сарын 2-нд мэдэгдэхдээ, 2026 оны есдүгээр сарын 1-нээс эхлэн 7-15 насны сурагчдыг сургууль дээр гар утас ашиглахыг хориглохоор ажиллаж байгаагаа хэлжээ.
Засгийн газраас дэмжсэн хуулийн төсөлд бага сургуулийн сурагчдыг хичээлийн үеэр төдийгүй завсарлага, сургуулийн орчин, мөн сургуулиас зохион байгуулсан боловсролын үйл ажиллагааны үеэр гар утас ашиглахыг хориглохоор тусгасан байна. Ухаалаг цаг зэрэг мэдээлэл, харилцааны боломжтой төхөөрөмжүүд ч уг хязгаарлалтад хамрагдахаар байна.
Гэхдээ сурагчид төхөөрөмжөө сургууль дээр авчрах боломжтой бөгөөд сургуулиуд тэдгээрийг хичээлийн хугацаанд хадгалах тусгай байр, зохицуулалт хийх эрх зүйн үндэстэй болох аж.
Польшийн бага сургуулийн боловсрол найман жил үргэлжилдэг бөгөөд 7-15 насны хүүхдүүд хамрагддаг. Хуулийн төсөл цаашид Польшийн парламентын доод танхим болох Сейм, дээд танхим болох Сенатаар хэлэлцэгдэж, батлагдсаны дараа Ерөнхийлөгч гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болох юм.
Ерөнхий сайд Дональд Туск хүүхэд, өсвөр үеийнхний гар утас, цахим платформ, тоглоомд донтох асуудал ноцтой болж, хичээлдээ төвлөрөх болон зан төлөвт сөргөөр нөлөөлж байгааг онцолсон байна.
Дэлхий нийтээр..
БНХАУ Тяньаньмэний үйл явдлыг дурсах арга хэмжээг хязгаарлажээ
БНХАУ-ын эрх баригчид 1989 оны Тяньаньмэний талбайн үйл явдлын 37 жилийн ойг тэмдэглэх, дурсах оролдлогуудыг хязгаарласан байна. Эх сурвалжийн мэдээлснээр, Бээжин хотод амь үрэгдэгсдийн ар гэрийнхнийг ой тохиосон өдөр оршуулгын газарт очихыг зөвшөөрөөгүй байна. “Тяньаньмэний эхчүүд” хэмээх бүлгийн гишүүд олон жилийн турш уг өдөр төрөл төрөгсдийнхөө шарилд очиж, дурсгалын мэдэгдэл уншдаг байсан гэж “Эмнести Интернэшнл” мэдээлжээ.
1989 онд Бээжингийн Тяньаньмэний талбайд ардчилал, эрх чөлөөг шаардан жагссан оюутан, иргэдийн хөдөлгөөнийг Хятадын арми хүчээр тараасан юм. AP-ийн мэдээлснээр, тухайн үед олон зуун, магадгүй мянга гаруй хүн амь үрэгдсэн гэж үздэг.
Хонконгт мөн энэ өдрөөр аюулгүй байдлыг чангатгажээ. Урьд нь жил бүр лаа асаан дурсах томоохон арга хэмжээ болдог байсан Виктория паркийн орчимд цөөн хүн цугласан бөгөөд цагдаа нар хэд хэдэн хүнийг шалгаж, заримыг нь түр саатуулсан байна.
АНУ, Европын Холбоо, Их Британи энэ өдрийг тохиолдуулан мэдэгдэл гаргаж, өнгөрснийг цензурээр арилгах боломжгүй хэмээн онцолжээ. Харин БНХАУ-ын Гадаад хэргийн яам АНУ-ын мэдэгдлийг Хятадын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцсон үйлдэл гэж шүүмжилсэн байна.
Мөн Тайваньд Тяньаньмэний үйл явдлын ойг тохиолдуулан лаа асаах дурсгалын арга хэмжээ зохион байгуулжээ. АНУ-ын Капитолын ордонд хууль тогтоогчид болон 1989 оны хөдөлгөөний төлөөлөгчид оролцсон дурсах арга хэмжээ болсон байна.
“Тяньаньмэний эхчүүд” бүлэг энэ жилийн ойг угтан шударга ёс шаардсан мэдэгдэл гаргаж, тухайн үед болсон үйл явдлын талаар бүрэн мэдээлэл ил болгох, хохирогчдын ар гэрт нөхөн төлбөр олгох, хариуцлага тооцохыг шаарджээ.
Дэлхий нийтээр..
Индонезид авлигын хэрэгтэй холбоотойгоор өндөр албан тушаалтнуудыг баривчилжээ
Индонезид авлигын эсрэг ажиллагаа эрчимжиж, Засгийн газрын өндөр албан тушаалтнуудыг баривчилжээ. “Аль Жазира”-гийн мэдээлснээр, тус улсын Цагаачлалын асуудал эрхэлсэн дэд сайд Силми Каримыг цагаачлалын бичиг баримтын бүрдүүлэлт, удирдлагатай холбоотой зөрчил гаргасан байж болзошгүй хэргээр саатуулсан байна. Түүнийг Авлигатай тэмцэх комиссын байранд 10 орчим цаг байцаасны дараа баривчилжээ.
Авлигатай тэмцэх комиссын төлөөлөгч Будии Прасетьогийн мэдээлснээр, уг хэрэг 2023-2024 онд Силми Карим тухайн үеийн Ерөнхийлөгч Жоко Видодогийн засаг захиргаанд Цагаачлалын асуудал эрхэлсэн ерөнхий захирлаар ажиллаж байх үед гарсан байж болзошгүй аж. Мөн энэ хэрэгт холбогдуулан өөр долоон сэжигтнийг тогтоосон гэж мэдэгдэв.
Үүнээс нэг өдрийн өмнө Индонезийн Ерөнхий прокурорын газар Ерөнхийлөгч Прабово Субиантогийн хүүхдийн хоол тэжээлийн дутагдалтай тэмцэх үнэгүй хоолны хөтөлбөрийг хариуцаж байсан Үндэсний хоол тэжээлийн агентлагийн дарга асан Дадан Хиндаяанаг авлигын хэрэгт холбогдуулан баривчилжээ. Тус хэрэгт мөн хоёр хүнийг саатуулсан байна.
Мөрдөн шалгах байгууллагын мэдээлснээр, үнэгүй хоолны хөтөлбөрийг сургуулиудад үйл ажиллагаа явуулдаг сангуудаар дамжуулан хэрэгжүүлдэг бөгөөд эдгээр санг хууль бус үйл ажиллагаанд ашигласан байж болзошгүй гэж үзэж байгаа юм.
Индонезийн Төрийн нарийн бичгийн дарга Прасетьо Хади сүүлийн хоёр өдөр дараалан өндөр албан тушаалтнууд авлигын хэрэгт холбогдсонд Засгийн газар санаа зовниж буйгаа илэрхийлжээ. Тэрбээр Авлигатай тэмцэх комисс болон Ерөнхий прокурорын газрын явуулж буй хуулийн ажиллагааг Засгийн газар хүндэтгэнэ гэж мэдэгдсэн байна.
Индонезид сүүлийн саруудад авлигын эсрэг ажиллагаа идэвхжиж, өнгөрсөн дөрөвдүгээр сард тус улсын Омбудсманы ерөнхий дарга албан тушаалдаа томилогдоод зургаахан хоногийн дараа хээл хахуулийн хэрэгт холбогдон баривчлагдсан юм.
-
Дэлхий нийтээр..2022/04/26
Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлгийн бүртгэлийн хугацааг сунгалаа
-
Дэлхий нийтээр..2024/05/08
“Өнөр бүл”-ийн гурван хүүхэд Германд сурна
-
Дэлхий нийтээр..2022/05/20
Х.Баттулга Улсын Дээд Шүүхийн үйл ажиллагаанд хүчээр нөлөөлж байна
-
Үйл явдал2022/07/26
Энэ долоо хоногт ажиллах шинжилгээний цэгүүд
