Дэлхий нийтээр..
Ирэх оны эхнээс 21208 иргэний тэтгэвэр 50 мянган төгрөгөөр нэмэгдэнэ
УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын 2020 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хөнгөлөлттэй нөхцөлөөр эрт тэтгэвэр тогтоолгосон зарим эхчүүд, эмэгтэйчүүдийн тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай хуулийн төсөл -ийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Хуулийн төслүүдийн талаарх танилцуулгыг Засгийн газрны гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг хийсэн юм. Засгийн газраас 2020 онд хэрэгжүүлэх төсвийн бодлогын хүрээнд төсвийн зарлагын шинэчлэлийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Энэ хүрээнд Малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчид 1995-2019 оны хооронд төлж чадаагүй шимтгэлээ 2020 онд нэг удаа нөхөн төлж, тэтгэвэр авах боломж бүрдүүлэх юм. Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийг Улсын Их Хурал 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдөр баталж, 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр шийдвэрлэсэн. Хуулийн өөрчлөлтийг хэрэгжүүлснээр иргэн нэг сарын 42 000 төгрөг, жилийн 504 000 төгрөгийн шимтгэлийг нөхөн төлнө. Хуульд нэмэлт, өөрчлөлт орсноор 2020 онд 88 мянган малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгч тэтгэврийн даатгалын санд 133.1 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлж, 42 мянган хүний тэтгэвэрт 65.1 тэрбум төгрөг зарцуулна. Малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчид шимтгэл нөхөн төлсөн жилээсээ эхлэн тэтгэвэр тогтоолгох боломжийг хамтад нь олгож байгаатай холбогдуулан тэтгэврийн сангийн эх үүсвэрийг тогтвортой байлгахад чиглэсэн зарим өөрчлөлтүүдийг холбогдох хуульд өөрчлөлт оруулах замаар зохицуулж байгааг сайд онцоллоо.
Мөн эхчүүдийн нийгмийн хамгааллыг сайжруулах бодлогын хүрээнд Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөлт хийгдсэн дараах зардлуудыг 2020 оны 01 дүгээр сарын 01-ээс эхлэн Нийгмийн даатгалын тэтгэвэр, тэтгэмжийн сангаас санхүүжүүлэхээр тусгасан. Үүнд:
- Төрүүлсэн болон гурав хүртэл настайд нь үрчлэн авч зургаан нас хүртэл хүүхдээ өсгөсөн эхийн НДШ төлсөн нийт хугацаан дээр төрүүлсэн болон үрчлэн авсан хүүхэд бүрийн тоогоор нэг жил зургаан сарыг нэмж тооцох;
- Нийгмийн даатгалд сайн дураар даатгуулсан эхийн жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг цалин хөлснийх нь 70 хувиар тооцож байсныг 100 хувиар тооцож олгох;
- Нийгмийн даатгалд даатгуулаагүй эх хүүхдээ асрах хугацаанд төлбөл зохих шимтгэлийн 50 хувийг өөрөө, үлдэх 50 хувийг төрөөс;
- Сайн дураар даатгуулсан эхийн хүүхдээ асрах хугацаанд төлбөл зохих шимтгэлийг өөрөө хариуцаж байсныг холбогдох хуульд өөрчлөлт оруулж 50 хувийг өөрөө, үлдэх 50 хувийг тэтгэмжийн даатгалын сангаас тус тус олгох юм.
Түүнчлэн Хөнгөлөлттэй нөхцөлөөр эрт тэтгэвэр тогтоолгосон зарим эхчүүд, эмэгтэйчүүдийн тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлнэ. Үүнд, Улсын Бага Хурлаас 1990 оны 11 дүгээр сард “Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Тэтгэврийн хууль”-ийг шинэчлэн баталсан бөгөөд энэхүү шинэчлэлийн нэг өөрчлөлт нь олон хүүхэд төрүүлсэн эхчүүд болон улсанд олон жил ажилласан хүмүүсийг онцгойлон үзэж хөнгөлөлттэй нөхцөлөөр эрт тэтгэвэр тогтоолгох эрхийг хуульчилсан явдал байв. Гэвч хөнгөлөлттэй нөхцөлөөр залуу насандаа тэтгэвэр тогтоолгосон, олон хүүхэд төрүүлсэн эхчүүдийн ажилласан жил цөөн, тэтгэвэр тогтоолгосон цалингийн хэмжээ бага байгааг харгалзан тэтгэврийн хэмжээг нь нэг удаа тусгайлан нэмэгдүүлэх арга хэмжээ авахаар болсон гэдгийг сайд танилцуулав.
Танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Д.Оюунхорол нар үг хэлж, Засгийн газраас малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчдэд нийгмийн даатгалын шимтгэлээ нөхөн төлөх боломж олгож байгаа, мөн эхчүүдийн нийгмийн хамгааллыг сайжруулахад чиглэсэн хуулийн зохицуулалтыг хэрэгжүүлэхээр болж байгаа, түүнчлэн хөдөлмөрлөх ид насандаа явсан олон ээжийг олон хүүхэдтэй, мөн эрчүүдийг ажилласан жил нь хүрсэн гэсэн шалтгаар ажлын байр чөлөөлөх нэрийн дор хөнгөлөлттэй нөхцөл гэдгээр эрт тэтгэвэрт гаргаснаас бусдаас харьцангуй бага тэтгэвэр авч байгаа тэдгээр иргэдийг тусгайлан анхаарч тэтгэврийг нь нэмэгдүүлэх арга хэмжээ авч байгаад Засгийн газар, салбарын сайдал талархаж буйгаа хэлж байв.
Ингээд хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалгахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжсэн юм. Тухайлбал, Засгийн газраас өргөн мэдүүлсэн “Хөнгөлөлттэй нөхцөлөөр эрт тэтгэвэр тогтоолгосон зарим эхчүүд, эмэгтэйчүүдийн тэтгэврийн хэмжээг нэмэглдүүлэх тухай” хуулийн төслийг УИХ-ын гишүүн Ц.Гарамжав, Ц.Цогзолмаа нарын 12 гишүүний өргөн мэдүүлсэн “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай” хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл, УИХ-ын гишүүн Ц.Гарамжаваас өргөн мэдүүлсэн “Зарим иргэдийн тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай” хуулийн төслүүдтэй нэгтгэн, Засгийн газраас өргөн мэдүүлсэн төслийг суурилж, төслийн нэрийг “Зарим иргэдийн тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай” гэж өөрчлөх нь зүйтэй гэж үзэв. Мөн хуулийн төслийн 1 дүгээр зүйлийн “эхчүүд, эмэгтэйчүүдийн” гэснийг “зарим иргэдийн” гэж өөрчлөх, төслийн 1 дүгээр зүйлд “1.4.Нийтдээ 32-оос дээш жил ажилласан, 55 насанд хүрсэн нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгосон эрэгтэй” гэсэн агуулгатай 1.4 дэх хэсгийг нэмэх зарчмын зөрүүтэй саналыг дэмжлээ.
Дээрх гурван хуулийн төслийн агуулга нь ижил бөгөөд 1990 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр баталсан БНМАУ-ын Тэтгэврийн тухай хуульд заасан хөнгөлөлттэй нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгосон иргэдийн тэтгэврийн хэмжээг 50 мянган төгрөгөөр нэмэгдүүлэх зорилготой юм.
Хуулийн төсөл батлагдсанаар 1997 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс хөнгөлөлттэй нөхцөлөөр тэтгэвэрт гарсан 21208 иргэний суурь тэтгэврийн хэмжээ ирэх оноос 50 мянган төгрөгөөр нэмэгдэх юм байна. Энэ арга хэмжээнд зориулж 2020 оны улсын төсөвт 12.7 тэрбум төгрөг тусгажээ.
Дэлхий нийтээр..
Кушнер: Газын зурвасыг цэрэггүйжүүлэх үйл явц 30 хоногийн дотор эхэлж магадгүй
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын тусгай элч Жаред Кушнер Газын зурвасыг цэрэггүйжүүлэх үйл явцад ойрын 30 хоногт бодит ахиц гарч магадгүй гэж мэдэгдлээ.
Кушнер наймдугаар сарын 17-нд Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяхутай Иерусалимд уулзсаныхаа дараа Fox News-т ярилцлага өгөхдөө эхний ээлжид зэвсгийг ашиглалтаас гаргах ажиллагаа эхэлж, дараагийн 60-90 хоногт газар доорх хонгилуудыг хаах ажил урагшилна гэж найдаж байгаагаа илэрхийлжээ.
Кушнер Израильд очихоосоо өмнө Египетэд ХАМАС-ын удирдлагын төлөөлөлтэй уулзсан байна. Тэрбээр ХАМАС зэвсгээ хураалгахтай холбоотой амлалтаа бодит үйлдлээр харуулах шаардлагатайг мэдэгдсэн бөгөөд эс биелүүлбэл Израиль цэргийн ажиллагаагаа үргэлжлүүлэхэд АНУ болон бусад түншээс илүү хүчтэй дэмжлэг авах болно гэж анхааруулжээ.
АНУ-ын дэвшүүлсэн төлөвлөгөөнд Газын зурвасыг цэрэггүйжүүлэх, ХАМАС-ын зэвсгийг хураах, цэргийн зориулалттай дэд бүтэц болон хонгилуудыг устгах асуудал багтаж байгаа юм. Гэвч уг төлөвлөгөөг хэрэгжүүлэх дарааллын талаар талуудын байр суурь зөрүүтэй хэвээр байна.
Израилийн тал ХАМАС бүрэн зэвсгээ хураахаас өмнө Газын зурвасаас цэргээ гаргахгүй гэсэн байр суурьтай байгаа бол ХАМАС Израилийн цэргийн ажиллагааг зогсоож, цэргээ татах асуудлыг эн тэргүүнд тавьж байна. Кушнерийн хоёр өдрийн уулзалтуудын дараа ч энэ үндсэн зөрүүг арилгасан тохиролцоонд хүрээгүй гэж Reuters мэдээлжээ.
Кушнер мөн Газын зурвасыг цэрэггүйжүүлэхээс өмнө өргөн хүрээний сэргээн босголтыг эхлүүлэхгүй гэсэн АНУ-ын байр суурийг илэрхийлсэн байна. Үүний зэрэгцээ Израильд бодит аюул тулгарсан нөхцөлд өөрийгөө хамгаалах эрхийг нь АНУ хязгаарлахгүй гэж мэдэгджээ.
Уулзалтын үр дүнд Газын зурвасын аюулгүй байдал, зэвсэг хураах асуудал, мөн дэд бүтэц, нийгмийн эрүүл мэндийн асуудал хариуцах хоёр ажлын хэсэг байгуулахаар тохирсон ч энхийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх талаар талууд эцсийн тохиролцоонд хүрээгүй байна.
Дэлхий нийтээр..
Иран АНУ-ын цэргийг Ормузын хоолой, Персийн буланд нэвтрүүлэхгүй гэв
Ираны Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Амир Хатами АНУ-ын цэргийн хүчнийг Персийн булан, Оманы булан болон Ормузын хоолойн бүсэд эргэн байршихыг Иран зөвшөөрөхгүй гэж мэдэгджээ.
Хатами наймдугаар сарын 16-нд Тегеранд болсон арга хэмжээний үеэр сэтгүүлчидтэй уулзахдаа АНУ-ын цэргийн хүчийг бүс нутгаас шахан гаргах нь нэгэнт бодит болсон гэж мэдэгдсэн байна. Тэрбээр АНУ-ын цэргийн бааз, хүчний байрлал өмнөх байдалдаа эргэн орох боломжгүй бөгөөд Иран үүнийг зөвшөөрөхгүй гэсэн байр суурь илэрхийлжээ.
Энэ мэдэгдэл АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ормузын хоолойн хяналтын талаар удаа дараа хатуу байр суурь илэрхийлж буй үед гарч байна. Трамп наймдугаар сарын 12-нд АНУ Ормузын хоолойг “бүрэн хянаж байгаа” гэж мэдэгдсэн бол наймдугаар сарын 14-нд Ираныг ялсны дараа тус хоолойг АНУ-ын нутаг дэвсгэр болгон зарлах тухай ярьсан юм.
Хатами Трампын мэдэгдлийг няцааж, Ормузын хоолой дахь Ираны байр суурийг хамгаална гэдгээ илэрхийлжээ. Түүний мэдэгдэлд АНУ-ын цэргийн хүч бүс нутагт эргэн байрших аливаа оролдлогод Иран хатуу хариу үзүүлнэ гэсэн агуулга багтсан байна.
Түүнчлэн Хатами АНУ-ын цэргийн алба хаагчийг байлдааны нөхцөлд хөнөөсөн эсвэл олзолсон тохиолдолд 30 мянган ам.долларын шагнал олгохоо мэдэгдсэн байна. Ираны төрийн мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр шагналын хөрөнгийг иргэдийн хандиваар бүрдүүлэх бөгөөд эмэгтэй хүн ийм үйлдэл хийсэн тохиолдолд шагналыг хоёр дахин нэмэгдүүлж, 60 мянган ам.доллар болгоно гэжээ.
Ормузын хоолойн хяналт АНУ, Ираны хоорондын сөргөлдөөний гол асуудлын нэг хэвээр байна. Трампын засаг захиргаа АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчин хоолойг хянаж байгаа гэж мэдэгдэж байгаа бол Ираны тал стратегийн усан зам дахь өөрийн байр суурийг хадгалсаар байна. Наймдугаар сарын 18-ны байдлаар ч талуудын байр суурь зөрүүтэй хэвээр бөгөөд Ормузын хоолойн хөдөлгөөн бүрэн хэвийн болоогүй байна.
Дэлхий нийтээр..
Путин гадаадад гарч, ял шийтгэлээс зайлсхийсэн иргэдийн хөрөнгийг битүүмжлэх хуульд гарын үсэг зуржээ
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин гадаадад байгаа бөгөөд Оросын шүүхээс оноосон ял шийтгэлээс зайлсхийж буй иргэдэд тодорхой хязгаарлалт тогтоох тухай хуульд 2026 оны зургаадугаар сарын 10-нд гарын үсэг зуржээ. Шинэ хууль 2026 оны есдүгээр сарын 1-нээс хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлнэ.
Шинэ зохицуулалтаар гадаадад байгаа ОХУ-ын иргэн хуульд заасан тодорхой гэмт хэрэгт холбогдож, шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс зайлсхийсэн тохиолдолд түүний ОХУ дахь хөрөнгө, эд хөрөнгийг битүүмжлэх болон бусад хязгаарлалт хэрэглэх эрх зүйн боломж бүрдэж байна.
Хууль нь ОХУ-аас гадаадад гарсан бүх иргэнийг хамруулахгүй. Мөн Украины дайн эхэлснээс хойш эх орноосоо явсан хүмүүсийг нийтээр нь иргэншлээс хасах зохицуулалт биш юм.
Харин гадаадад байгаа бөгөөд ОХУ-ын хууль тогтоомжид заасан тодорхой гэмт хэрэгт холбогдсон, шүүхийн ажиллагаа болон оноосон шийтгэлээс зайлсхийж буй иргэдэд дотоодод байгаа хөрөнгө, эд хөрөнгөөр нь дамжуулан хязгаарлалт тавих боломжийг өргөжүүлжээ.
Уг хуулийг ОХУ-ын Төрийн Дум тавдугаар сарын 26-нд баталж, Холбооны зөвлөл зургаадугаар сарын 3-нд дэмжсэн бөгөөд Ерөнхийлөгч Владимир Путин зургаадугаар сарын 10-нд гарын үсэг зурсан юм. Хуулийн үндсэн зохицуулалтууд есдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэхээр тусгажээ.
ОХУ 2022 онд Украинд цэргийн ажиллагаа эхлүүлснээс хойш олон тооны иргэн гадаадад гарсан бөгөөд Москва гадаадад байгаа Оросын иргэдийн хууль зүйн хариуцлагатай холбоотой зохицуулалтаа үе шаттайгаар чангатгаж ирсэн юм.
Гэхдээ гадаадад амьдарч байгаа явдал өөрөө хариуцлага хүлээлгэх үндэслэл болохгүй бөгөөд хуульд заасан гэмт хэрэг, шүүхийн ажиллагаанаас зайлсхийсэн зэрэг тодорхой нөхцөл бүрдсэн тохиолдолд шинэ зохицуулалтыг хэрэглэхээр байна.
-
Дэлхий нийтээр..2019/12/02
ЕБС-ийн сурагчдын ээлжит амралт энэ сарын 23-наас эхэлнэ
-
Дэлхий нийтээр..2020/07/12
Сэрэмжлүүлэг: Иргэд, олон нийтийн анхааралд...
-
Дэлхий нийтээр..2024/05/08
ГЕГ: Он гарснаас хойш нийт 3426.2 сая ам.долларын бараа, түүхий эд импортолжээ
-
Дэлхий нийтээр..2023/08/04
Сяньбигийн үеийн бунхант булшны малтлага судалгаа хийв
