Үйл явдал
“Барилга, орон сууц 2022” үзэсгэлэн яармаг нээгдэнэ
Шинэ үеийн барилгын салбар үүсэж хөгжсөний түүхт 96 жилийн ой "Барилгачдын баяр" болон “Барилга МН” - ийн 15 жилийн ойн хүрээнд “Барилга, орон сууц 2022” үзэсгэлэн яармаг "Тогтвортой хөгжилд хамтдаа" уриан дор 9 дүгээр сарын 9-11-ний өдрүүдэд “Мишээл экспо төв”-д зохион байгуулагдана.
Намрын эхэн сард буюу орон сууцны борлуулалт эрс нэмэгддэг цаг үед зохион байгуулагддагаараа онцлог энэхүү үзэсгэлэнд шинэ орон сууц, амины орон сууц, хаусны төсөл хөтөлбөр хэрэгжүүлэгчид, барилгын материал үйлдвэрлэгч, ханган нийлүүлэгчид, дэвшилтэт техник технологи нэвтрүүлэгчид гэх мэт 120 гаруй ААНБ-ууд оролцож, бараа материал, бүтээгдэхүүн үйлчилгээ, орон сууцны төслүүдээ олон нийтэд дэлгэн танилцуулна.
Үзэсгэлэнгийн үеэр ипотек, компанийн болон хувь лизинд хамрагдах боломжтой Улаанбаатар хотод захиалга авч буй хаус болон шинэ орон сууцны шилдэг төслүүдээс гадна амины орон сууцны хамгийн сүүлийн үеийн загвар дизайн, оновчтой шийдлүүдийг үзэж, шилдэг реалторуудаас зөвлөгөө аван үр хойчдоо өвлөгдөх үнэт хөрөнгөө сонгох боломжтой юм.
Мөн үзэсгэлэн, яармагт хүрэлцэн ирсэн иргэдэд мэдээлэл хүргэх зорилгоор салбарын мэргэжилтнүүдийг урин тодорхой сэдвийн хүрээн дэх илтгэлүүдийг үнэ төлбөргүйгээр үзэсгэлэнгийн тайзнаас цагийн хуваарийн дагуу хүргэдэг билээ.
Үүнээс гадна үзэсгэлэнд хүрэлцэн ирсэн худалдан авагчдад олгодог бас нэгэн боломж бол худалдан авалтын хямдрал, урамшуулал байдаг бөгөөд оролцогч байгууллагуудын зүгээс орон сууц, хаусны төслүүд, барилгын материал, тавилгын худалдаандаа тодорхой хувийн урамшууллыг зарладаг уламжлалтай.
Уг үзэсгэлэн яармаг давхар barilgaexpo.mn дээр цахим хэлбэрээр зохион байгуулагдаж байгаа бөгөөд оролцогч байгууллагуудын цахим талбай руу зочилсноор үзэсгэлэнд танилцуулагдаж байгаа материал, техник технологи, шинэ орон сууцны төслүүдтэй танилцах боломжтой аж.
Үйл явдал
ЦУОШГ: Ихэнх нутгаар их бороо орох тул үерийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна
Өнөөдөр (2026.08.19) Булган, Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн нутгаар их бороо орох тул голын усны түвшин нэмэгдэх, нөөлөг салхи, мөндөр, аянга цахилгаан, үерийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.
Иргэд, аялагч та бүхэн үер, усны аюулаас урьдчилан сэргийлж:
- Мэргэжлийн байгууллагаас өгч байгаа заавар, зөвлөмжийг дагаж мөрдөх
- Үерийн аюултай бүс, голын эрэг, хуурай сайр жалгаар зорчихгүй байх
- Тээврийн хэрэгслээр зорчихдоо баталгаат гүүр, гармаар зорчих
- Хүүхдийг гол, нуур, үерийн усны ойролцоо хараа хяналтгүй орхихгүй байх
- Үерийн эрсдэлтэй бүсэд буудаллах, майхан барихаас татгалзах
Цаг агаарын мэдээ, сэрэмжлүүлгийг тухай бүрт хүлээн авч, өөрийн болон гэр бүлийнхээ аюулгүй байдлыг хангахыг зөвлөж байна.
Үйл явдал
COP17-д хоол, хүнсний үйлчилгээ үзүүлж буй 30 байгууллагад зөвлөн тусалж байна
ХХААХҮЯ, НХХААГ, НМЭГ-ын улсын болон ахлах байцаагчид Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талуудын 17 дугаар Бага хурал (COP-17)-ын хүрээнд Цэнхэр, Ногоон бүсэд үйл ажиллагаа явуулж буй 30 аж ахуйн нэгж, байгууллагын хоол үйлдвэрлэл, үйлчилгээний үйл ажиллагаанд энэ сарын 17-ны өдрөөс эхлэн зөвлөн туслаж ажиллаж эхэллээ.
Тухайлбал, улсын байцаагчид хоол хүнсний чанар, аюулгүй байдал, хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний хадгалалт, хэрэглэх хугацаа, хоол үйлдвэрлэлийн технологийн үйл ажиллагаа, хадгалалтын температурын горим, тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн цэвэрлэгээ, халдваргүйтгэл, ажилтнуудын хувийн болон үйлдвэрлэлийн эрүүл ахуй нөхцөл байдал чиглэлээр зөвлөн тусалж байна.
Мөн Катерингийн үйлчилгээний хүрээнд бэлэн хоол, хүнсний бүтээгдэхүүн тээвэрлэж буй авто тээврийн хэрэгслийн эрүүл ахуй, ариун цэвэр, температурын горим, тээвэрлэлтийн нөхцөл, түүнчлэн лац ломбын бүрэн бүтэн байдлыг шалгаж, аюулгүй байдлыг хангуулах, илэрсэн зөрчил, дутагдлыг газар дээр нь арилгуулах, хүнсний аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг хангах талаар мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч, хэрэгжилтийг хангуулан ажиллаж байна.

Үйл явдал
ОБЕГ НҮБ-Хабитаттай хот суурин газрын гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр хамтарна
Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Г.Ариунбуян COP17-д оролцож буй НҮБ-ын Хүн амын нутагшил, суурьшлын хөтөлбөрийн Ази, Номхон далайн бүсийн төвийн хөтөлбөрийн ажилтан Рой Кититэй хоёр талт уулзалт хийлээ.
Уулзалтаар хот суурин газрын гамшгийн эрсдэлийг бууруулах, иргэдийн гамшгийг даван туулах чадавхыг бэхжүүлэх, болзошгүй эрсдэлээс хамгаалах чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэх талаар санал солилцжээ.
Түүнчлэн НҮБ-Хабитат хөтөлбөртэй хамтран хот суурин газрын гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр шинэ төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх боломжийг хэлэлцсэн байна.
Хошууч генерал Г.Ариунбуян Монгол Улсын Онцгой байдлын байгууллага болон НҮБ-ын хамтын ажиллагаа 2004 оноос эхлэлтэйг уулзалтын үеэр онцолжээ. Тухайн үед Монгол Улсын Засгийн газрын хүсэлтээр НҮБ-ын Гамшгийн үнэлгээ, зохицуулалтын баг Монгол Улсад ажиллаж, гамшиг, осолтой тэмцэх үндэсний чадавхад хөндлөнгийн үнэлгээ хийсэн байна.
Өдгөө Онцгой байдлын байгууллага НҮБ-ын Монгол дахь Суурин зохицуулагчийн газар болон НҮБ-ын төрөлжсөн байгууллагуудтай гамшгийн эрсдэлийг бууруулах, гамшгийн хор уршгийг арилгах, хүмүүнлэгийн тусламж үзүүлэх чиглэлээр хамтран ажиллаж байгаа юм.
Энэ удаагийн уулзалтаар талууд хамтын ажиллагааг хотын гамшигт тэсвэртэй байдлыг нэмэгдүүлэх, иргэдийн бэлэн байдлыг сайжруулах бодит төсөл, хөтөлбөрөөр өргөжүүлэх боломжийг онцлон хэлэлцжээ.
-
Тод зураг2019/08/12
“Маргааш л уухгүй байя” гэсэн үгс хорт зуршлын хамгийн энгийн хэлбэр...
-
Дэлхий нийтээр..2021/06/25
“Уул хад, техникийн аврах ажиллагаа”-ны дадлага сургууль хийж байна
-
Хэн юу хэлэв...2020/09/30
ЗГ: "Симфони найрал хөгжим", “Морин хуурын чуулга”-ын хөгж...
-
Хэн юу хэлэв...2019/09/20
Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын "Нээлттэй өдөрлөг" маргаа...
