Үйл явдал
Замын хөдөлгөөний зохицуулалт үр дүн сайтай байна
Хичээлийн шинэ жил эхэлж буйтай холбогдуулан нийслэлийн тодорхой бүсэд автомашинуудыг улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулж байгаа. Нийслэлийн Засаг дарга захирамж гаргасны дагуу наймдугаар сарын 27-ны өдрөөс найм хоногийн турш дугаарын хязгаарлалт хийж буй бөгөөд энэхүү хязгаарлалтын талаарх бодит мэдээллийг Замын хөдөлгөөний удирдлагын төв ОНӨТҮГ-тай хамтран хүргэж байна. Энэ жилийн хувьд Монгол Улсын Засгийн газар, БШУЯ, НЗДТГ, Нийслэлийн Боловсролын газраас сургууль, цэцэрлэг, боловсролын байгууллагуудын хүртээмжийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч байгаатай холбоотойгоор авто замын ачаалал урьд өмнөх жилүүдээс нэмэгдсэнээрээ онцлог юм.Замын хөдөлгөөний удирдлагын төв ОНӨТҮГ-ын Хөдөлгөөн зохицуулалт, хяналтын хэлтсийн дарга Н.Намуу дараах тайлбарыг өглөө.

-Манай төвийн бүртгэлийн камерт бүртгэгдсэнээр 2021 онд дугаарын хязгаарлалтын үед 340 мянган тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож байсан. Өнгөрсөн онд хичээл эхлэхийн өмнөх хагас, бүтэн сайн хоёр өдөр л хязгаарлалт хийсэн. Харин энэ жилийн хувьд дугаарын хязгаарлалт найм хоног үргэлжилнэ. Бүртгэлээс харахад энэ жилийн дугаарын хязгаарлалтын үед хөдөлгөөний эрчим өмнөх жилээс 16 хувиар буурсан дүн гарч, энэ ажил үр дүнтэй үргэлжилж байна. Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу иргэд, жолооч нар үүрэг хариуцлагаа ухамсарлан хөдөлгөөнд оролцож байна.
Дугаарын хязгаарлалт хийгээгүй байх үеийн хөдөлгөөний ачаалалтай харьцуулбал 45-50 хувиар буурсан мэдээ гарч байна. 2021 оны наймдугаар сарын 30-ны даваа гарагт 462,672 тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож байсан бол энэ оны наймдугаар сарын 29-ний даваа гарагт 249,541 тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцсон. Үүнийгээ дагаад тээврийн хэрэгслийн хурд нэмэгдэж байгаа. Дугаарын хязгаарлалтгүй үед 7-8 км цагийн хурдтай зорчдог бол дугаарын хязгаарлалтын үед 17-18 км цаг болж нэмэгдэж байгаа нь хяналтын камераас харагдаж байна гэлээ.

Нийслэл Улаанбаатар хотын гол зам болох Энхтайваны өргөн чөлөө, Энхтайваны өргөн чөлөөнөөс урагш салаалсан дөрвөн гүүр, Нарны зам зэрэг газрууд замын хөдөлгөөний ачаалал өндөртэй. Мөн зах, худалдааны төвүүдийг чиглэсэн авто зам ачаалалтай байдгийг мэргэжилтэн тодотгож байлаа. Дугаарын хязгаарлалт хийгээгүй үед өглөөний 07:00 цагаас эхлээд дээр дурдсан гүүрнүүд ачаалалтай болж эхэлдэг гэнэ. Тэгвэл өнөө өглөөний хувьд гүүр төдийгүй төв замын хөдөлгөөн сийрэг байжээ. Түүнчлэн ердийн өдрүүдэд 2700-3000 удаагийн хөдөлгөөн зохион байгуулалтыг мэргэжилтнүүд хийдэг бол дугаарын ялгамжтай зорчих үед 500-600 удаа хөдөлгөөн зохион байгуулалт хийжээ.
Дугаарын хязгаарлалт нь хойд зүгт 32-ын тойрог, урд зүгт Тэмээтэй хөшөөний уулзвар, Баруун зүгт Саппорогийн тойрог, зүүн тийш Чулуун овооны пост хүртэл үргэлжилж байгаа. Хязгаарлалтаас гадуурх бүсэд ачаалал нэмэгдсэн үү гэсэн асуултад Н.Намуу хариулахдаа “Хязгаарлалтын эхлэл цэгүүдэд хөдөлгөөн зохицуулагч нар ялгалт хийж байгаа. Тэгш тоогоор төгссөн машин явах байтал сондгой тоотой машинтай зорчихыг оролдох тохиолдол цөөнгүй гарч байна. Тиймээс ялгалт хийж буй цэгүүдэд л ачаалал үүсэж байгаа болохоос бусад замууд ачаалал багатай байна. Хамгийн их ачаалалтай Нисэх, Яармагийн зам ч хөдөлгөөн багатай байгааг хяналтын камераас харж болно” гэсэн юм.
Иргэд олон нийттэй харилцах 11-11 төвд хандсан иргэдийн 70 хувь нь дугаарын хязгаарлалтыг дэмжсэн бол 30 хувь нь хязгаарлалттай холбоотой санал, гомдол хэлсэн байна. Найм хоногийн буюу богино хугацааны замын хөдөлгөөний зохицуулалт үр дүн сайтай байгааг мэргэжилтнүүд онцолж байлаа. Дугаарын хязгаарлалт есдүгээр сарын 3-ны бямба гарагийг дуустал үргэлжилнэ.

НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР
Үйл явдал
ЦУОШГ: Ихэнх нутгаар их бороо орох тул үерийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна
Өнөөдөр (2026.08.19) Булган, Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн нутгаар их бороо орох тул голын усны түвшин нэмэгдэх, нөөлөг салхи, мөндөр, аянга цахилгаан, үерийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.
Иргэд, аялагч та бүхэн үер, усны аюулаас урьдчилан сэргийлж:
- Мэргэжлийн байгууллагаас өгч байгаа заавар, зөвлөмжийг дагаж мөрдөх
- Үерийн аюултай бүс, голын эрэг, хуурай сайр жалгаар зорчихгүй байх
- Тээврийн хэрэгслээр зорчихдоо баталгаат гүүр, гармаар зорчих
- Хүүхдийг гол, нуур, үерийн усны ойролцоо хараа хяналтгүй орхихгүй байх
- Үерийн эрсдэлтэй бүсэд буудаллах, майхан барихаас татгалзах
Цаг агаарын мэдээ, сэрэмжлүүлгийг тухай бүрт хүлээн авч, өөрийн болон гэр бүлийнхээ аюулгүй байдлыг хангахыг зөвлөж байна.
Үйл явдал
COP17-д хоол, хүнсний үйлчилгээ үзүүлж буй 30 байгууллагад зөвлөн тусалж байна
ХХААХҮЯ, НХХААГ, НМЭГ-ын улсын болон ахлах байцаагчид Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талуудын 17 дугаар Бага хурал (COP-17)-ын хүрээнд Цэнхэр, Ногоон бүсэд үйл ажиллагаа явуулж буй 30 аж ахуйн нэгж, байгууллагын хоол үйлдвэрлэл, үйлчилгээний үйл ажиллагаанд энэ сарын 17-ны өдрөөс эхлэн зөвлөн туслаж ажиллаж эхэллээ.
Тухайлбал, улсын байцаагчид хоол хүнсний чанар, аюулгүй байдал, хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний хадгалалт, хэрэглэх хугацаа, хоол үйлдвэрлэлийн технологийн үйл ажиллагаа, хадгалалтын температурын горим, тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн цэвэрлэгээ, халдваргүйтгэл, ажилтнуудын хувийн болон үйлдвэрлэлийн эрүүл ахуй нөхцөл байдал чиглэлээр зөвлөн тусалж байна.
Мөн Катерингийн үйлчилгээний хүрээнд бэлэн хоол, хүнсний бүтээгдэхүүн тээвэрлэж буй авто тээврийн хэрэгслийн эрүүл ахуй, ариун цэвэр, температурын горим, тээвэрлэлтийн нөхцөл, түүнчлэн лац ломбын бүрэн бүтэн байдлыг шалгаж, аюулгүй байдлыг хангуулах, илэрсэн зөрчил, дутагдлыг газар дээр нь арилгуулах, хүнсний аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг хангах талаар мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч, хэрэгжилтийг хангуулан ажиллаж байна.

Үйл явдал
ОБЕГ НҮБ-Хабитаттай хот суурин газрын гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр хамтарна
Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Г.Ариунбуян COP17-д оролцож буй НҮБ-ын Хүн амын нутагшил, суурьшлын хөтөлбөрийн Ази, Номхон далайн бүсийн төвийн хөтөлбөрийн ажилтан Рой Кититэй хоёр талт уулзалт хийлээ.
Уулзалтаар хот суурин газрын гамшгийн эрсдэлийг бууруулах, иргэдийн гамшгийг даван туулах чадавхыг бэхжүүлэх, болзошгүй эрсдэлээс хамгаалах чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэх талаар санал солилцжээ.
Түүнчлэн НҮБ-Хабитат хөтөлбөртэй хамтран хот суурин газрын гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр шинэ төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх боломжийг хэлэлцсэн байна.
Хошууч генерал Г.Ариунбуян Монгол Улсын Онцгой байдлын байгууллага болон НҮБ-ын хамтын ажиллагаа 2004 оноос эхлэлтэйг уулзалтын үеэр онцолжээ. Тухайн үед Монгол Улсын Засгийн газрын хүсэлтээр НҮБ-ын Гамшгийн үнэлгээ, зохицуулалтын баг Монгол Улсад ажиллаж, гамшиг, осолтой тэмцэх үндэсний чадавхад хөндлөнгийн үнэлгээ хийсэн байна.
Өдгөө Онцгой байдлын байгууллага НҮБ-ын Монгол дахь Суурин зохицуулагчийн газар болон НҮБ-ын төрөлжсөн байгууллагуудтай гамшгийн эрсдэлийг бууруулах, гамшгийн хор уршгийг арилгах, хүмүүнлэгийн тусламж үзүүлэх чиглэлээр хамтран ажиллаж байгаа юм.
Энэ удаагийн уулзалтаар талууд хамтын ажиллагааг хотын гамшигт тэсвэртэй байдлыг нэмэгдүүлэх, иргэдийн бэлэн байдлыг сайжруулах бодит төсөл, хөтөлбөрөөр өргөжүүлэх боломжийг онцлон хэлэлцжээ.
-
Дэлхий нийтээр..2024/08/01
ЗГ: Нийслэл Улаанбаатар хотод хэрэгжих төсөл, арга хэмжээний талаар хэлэлцэв
-
Тод зураг2019/10/03
“Монос”-ын уулзвараас баруун тийш зам хаана
-
Дэлхий нийтээр..2024/11/25
ТБХ: Монгол Улсын Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг хүлээн авах нь зүйтэй гэж үзлэ...
-
Дэлхий нийтээр..2023/12/05
Онцын шаардлагагүй бол Ховд-Улаангом чиглэлд зорчихгүй байхыг зөвлөж байна
