Дэлхий нийтээр..
Алтан намар-2022: 17 байршилд хүнсний ногооны үзэсгэлэн худалдааг гаргалаа
Намрын улирал дөхөж, хичээлийн шинэ жил ойртож байна. Үүнтэй холбогдуулан "Алтан намар-2022" төмс, хүнсний ногооны худалдаа болон хичээлийн хэрэгслийн үзэсгэлэн худалдааны зохион байгуулалтын талаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба /УБЗАА/, Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар /НХХААГ/-аас мэдээлэл өглөө.
НОГООЧДООС ТҮРЭЭСИЙН ТӨЛБӨР, НЭМЭЛТ ХУРААМЖ АВАХГҮЙ
Нийслэлийн хүн амыг эх орны хөрсөнд ургасан шинэ ургацын төмс, хүнсний ногоогоор хангах, дархлааг дэмжих, нөөцлөх, нөөшлөх, даршлах боломжийг бий болгох, хангамж нийлүүлэлтийг нэмэгдүүлэх зорилгоор “Алтан намар-2022” үзэсгэлэн худалдааг зохион байгуулдаг. Хөдөө орон нутгийн газар тариалан эрхлэгчдийн бүтээгдэхүүнийг дундын зуучлалгүйгээр, зах зээлийн ханшаас хямд үнээр хэрэглэгчдэд хүргэхэд анхаарч байгааг УБЗАА-наас онцолсон юм.

УБЗАА-ны Хүнс, хөдөө аж ахуй, худалдаа, үйлдвэр, үйлчилгээний хэлтсийн дарга Т.Золжаргал:
-Нийслэлийн зүгээс нийт 31 байршилд төмс, хүнсний ногооны үзэсгэлэн худалдаа зохион байгуулахаар төлөвлөсөн. Өнөөдрийн байдлаар нийслэлийн долоон дүүргийн 17 байршилд 186 цэгт хүнсний ногооны худалдаа гараад байна. Хөдөө орон нутгаас ирж буй газар тариалан эрхлэгчдийн тооноос хамааран батлагдсан байршлуудыг нэмэгдүүлэх боломжтой. Мөн үзэсгэлэн худалдаанд оролцох ногоочдоос түрээсийн төлбөр, нэмэлт хураамж авахгүй.
ХҮНСНИЙ НОГООНЫ ТОНН ТУТАМД 100 МЯНГАН ТӨГРӨГИЙН УРАМШУУЛАЛ ОЛГОНО

НХХААГ-ын Газар тариалан, мал аж ахуйн хэлтсийн дарга Х.Сүхбаатар:
-“Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого”, “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөн өрнөж байгаа. Үүнтэй холбоотойгоор ХХААХҮЯ болон Сангийн яамны сайд нарын хамтарсан тушаалаар хүнсний ногооны тариалалтыг нэмэгдүүлэх, тариаланчдаа дэмжих зорилгоор зах зээлд худалдан борлуулсан, стандартын шаардлага хангасан 10 нэр төрлийн хүнсний ногооны тонн тутамд 100 мянган төгрөгийн мөнгөн урамшууллыг энэ жилээс эхлэн олгохоор болсон.
Энэ хүрээнд ХХААХҮЯ, НХХААГ, дүүргүүдийн Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтсүүд хамтран 23 хоногийн сургалтыг зохион байгуулж, тариалан эрхлэгч иргэдэд мэдээлэл өгсөн. Мөнгөн урамшуулалд хамрагдах иргэн, аж ахуй нэгж нь https://plant.mofa.gov.mn/ цахим сайтад бүртгүүлсэн байх шаардлагатай. Бүртгүүлэхдээ газар тариалан эрхэлж буй газрын хэмжээ, тариалангийн төрөл, халдваргүйтгэл хийж, пестицид ашигласан эсэх мэдээллээ илгээх шаардлагатай. Мөн хөрс, усны лабораторийн шинжилгээнд орж, баталгаажсан бүтээгдэхүүнд урамшуулал олгох журмын зохицуулалттай байгаа.
Дээрх зохицуулалтыг хийснээр өргөтгөсөн худалдаанд борлуулж буй хүнсний ногоо нь дундын зуучлалгүй буюу олны хэлдгээр ченжийн гар дамжихгүйгээр шууд тариаланчаас иргэдийн гарт хүрэх боломжтой юм. Мөн өнгөрсөн хавар Засгийн газрын тогтоолоор тариалан эрхлэлтийг дэмжиж тариаланчдад 80 хувийн хөнгөлөлттэй үнээр хүнсний ногооны үр олгосон. Харин долоодугаар сарын 27-ны Засгийн газрын тогтоолоор ургац хураалт, уринш боловсруулахад шаардлагатай дизель түлшний үнийг тогтвортой байлгаж, шаардлагатай шатахууны үнийн зөрүүг олгохоор шийдвэрлэсэн. Энэ хүрээнд есөн дүүргийн 71 аж ахуй нэгж, 261 иргэний материалыг холбогдох яамны харьяа хэлтэс, нэгж рүү илгээсэн байгаа.

Өнөөдрийн байдлаар УБЗАА-наас тогтоосон дээрх 17 байршлын 15 байршилд 176 тариалан эрхлэгч хүнсний ногоо борлуулж байна. Ургац хураалт дөнгөж эхэлж байгаа тул цаашид байршлуудын тоог нэмэх боломжтойг албаныхан хэлж байлаа. Ногоочдоос ямар нэг түрээсийн төлбөр, хураамж авахгүй бөгөөд худалдаа эрхлэлтээс гарсан хог хаягдалтай холбоотой цэвэрлэгээ, үйлчилгээг нийслэлийн зүгээс үзүүлэх юм. Тиймээс тариалан эрхлэгч, худалдаачдыг орчин тойрноо цэвэрхэн байлгаж, цэвэр орчинд худалдаа эрхлэхийг хүслээ.
|
№ |
Дүүрэг |
Байршил |
|
1 |
Баянгол |
4 дүгээр хороо, төмөр зам 1000 машины зогсоол |
|
2 |
Баянзүрх |
4 дүгээр хороо, Жуковын талбай |
|
3 |
9 дүгээр хороо, Шар хадны эцэс хүнсний ногооны контейнер |
|
|
4 |
3 дугаар хороо, Сансарын үйлчилгээний төвийн баруун талд хүнсний ногооны контейнер |
|
|
5 |
6 дугаар хороо, Бөхийн өргөө |
|
|
6 |
Чингэлтэй |
20 дугаар хороо, Зунжин бүсэд |
|
7 |
2 дугаар хороо, Содон бөмбөгөр худалдааны төвийн гадна талбайд |
|
|
8 |
Сонгинохайрхан |
9 дүгээр хороо, Баянхошуу шинэ эцсийн буудал, хүнсний ногооны контейнер |
|
9 |
19 дүгээр хороо, Миний захын хажууд хүнсний ногооны контейнер |
|
|
10 |
17 дугаар хороо, KFC-ын баруун тал |
|
|
11 |
29 дүгээр хороо, Москва хорооллын хажууд |
|
|
12 |
Сүхбаатар |
6 дугаар хороо, ХУБТ-ийн хойд тал, Өлзий төвийн эсрэг талын хүнсний ногооны худалдааны контейнер |
|
13 |
7 дугаар хороо, Эрхүүгийн гудамж 4 байрны ард, хүнсний ногооны худалдааны контейнер |
|
|
14 |
12 дугаар хороо, 32-ын тойргийн зам дагуу нийтийн эзэмшлийн талбай |
|
|
15 |
16 дугаар хороо, Бэлхийн 33-н автобусны буудал дахь хүнсний ногооны худалдааны контейнер |
|
|
16 |
Хан-Уул |
2 дугаар хороо, Ажилчны алдар талбай |
|
17 |
Багануур |
1 дүгээр хороо, Эрүүл мэндийн төвийн урд талбай |

Дэлхий нийтээр..
Оросын довтолгоонд хоёр хүн амиа алдаж, Украин хариу цохилт өглөө
2026 оны дөрөвдүгээр сарын 19-ний шөнө Украинд Оросын дрон довтолгооны улмаас наад зах нь хоёр хүн амиа алдаж, хэд хэдэн хүн шархадсан талаар албаны эх сурвалжууд мэдээллээ.
Украины Чернигов хотод болсон шөнийн довтолгооны үеэр 16 настай хүү амиа алдаж, дөрвөн хүн шархадсан бол орон сууцны барилгууд галд өртсөнийг орон нутгийн захиргаа онцоллоо. Мөн Херсон хотод дрон тээврийн хэрэгсэлд цохилт өгсний улмаас нэг хүн нас барж, өөр нэг хүн шархадсан байна.
Украины Агаарын цэргийн хүчний мэдээлснээр Оросын тал нэг шөнийн дотор нийт 236 дрон харваснаас 203-ыг нь устгасан ч үлдсэн хэсэг нь хэд хэдэн байршилд онож, хохирол учруулжээ.
Үүний зэрэгцээ Украин хариу цохилт өгч, ОХУ-ын Таганрог хот дахь дрон үйлдвэрлэлийн үйлдвэрийг онилон цохилт өгсөн талаар цэргийн удирдлага мэдэгдэв. Уг ажиллагааны үеэр гал гарч, аж үйлдвэрийн дэд бүтцэд хохирол учирсныг албаныхан дурдлаа.
Шинжээчдийн үзэж буйгаар хоёр тал харилцан дрон ашигласан довтолгоог эрчимжүүлж буй нь дайны шинэ шатанд шилжиж буйн илрэл бөгөөд иргэний дэд бүтэц, энгийн иргэдэд учрах эрсдэл нэмэгдэж байгааг анхааруулж байна.
Дэлхий нийтээр..
АНУ Ормузын хоолойд Ираны хөлгийг саатуулж, хяналтдаа авлаа
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өөрийн сошиал хуудсанд нийтлэхдээ АНУ-ын тэнгисийн явган цэргүүд 2026 оны дөрөвдүгээр сарын 19-ний өдөр Ираны далбаатай ачааны хөлгийг саатуулж, хяналтдаа авсан талаар мэдэгдэв.
Түүний мэдээлснээр уг хөлөг Ормузын хоолойд хэрэгжиж буй АНУ-ын тэнгисийн хоригийг зөрчин нэвтрэхийг оролдсон бөгөөд анхааруулгыг үл тоомсорлосны дараа АНУ-ын Тэнгисийн цэргийн хүч хөлгийг саатуулжээ.
АНУ-ын талын мэдээлснээр тус хөлгийг саатуулах явцад тэнгисийн цэргийн хөлөг онгоц хөдөлгүүрийн хэсэгт нь чиглэсэн гал нээсний дараа ажиллагааг зогсоож, улмаар тэнгисийн явган цэргүүд хөлөгт нэвтэрч хяналт тогтоосон байна.
Одоогийн байдлаар Ираны талаас уг үйл явдалд шууд тайлбар өгөөгүй байгаа ч зарим эх сурвалжид уг ажиллагааг буруушааж, хариу арга хэмжээ авах боломжтойг илэрхийлсэн талаар мэдээлжээ.
Энэхүү үйл явдал нь дөрөвдүгээр сарын 13-наас хэрэгжиж эхэлсэн АНУ-ын тэнгисийн хоригийн хүрээнд хүч хэрэглэсэн анхны тохиолдол болж байгаа бөгөөд бүс нутгийн хурцадмал байдлыг нэмэгдүүлэх эрсдэлтэй гэж ажиглагчид үзэж байна.
Одоогоор Ираны талаас уг үйл явдалд албан ёсны тайлбар хийгээгүй байна.
Дэлхий нийтээр..
НҮБ дайн үргэлжилбэл дэлхийд өлсгөлөн нэмэгдэх эрсдэлтэйг анхааруулав
НҮБ-ын Дэлхийн хүнсний хөтөлбөр (WFP)-өөс 2026 оны дөрөвдүгээр сарын 16-ны өдөр гаргасан мэдэгдэлд дурдсанаар, Ойрхи Дорнодын бүс нутагт үүсээд буй хурцадмал байдал, ялангуяа Ирантай холбоотой зөрчил үргэлжилбэл дэлхийн хэмжээнд нэмэлт 45 сая хүн хурц өлсгөлөнд нэрвэгдэх эрсдэлтэй байгааг анхааруулжээ.
Энэ талаар НҮБ-ын Дэлхийн хүнсний хөтөлбөрийн Гүйцэтгэх захирал Синди Маккейн анхааруулахдаа, геополитикийн хурцадмал байдал нь дэлхийн хүнсний аюулгүй байдалд ноцтой дарамт учруулж байгааг онцолсон байна.
Тус байгууллагын мэдээлснээр, дайн, зөрчил нь зөвхөн тухайн бүс нутагт төдийгүй дэлхийн хүнсний хангамж, тээвэр логистик, эрчим хүчний зах зээлд шууд болон дам нөлөө үзүүлж байгаа аж. Үүний улмаас хүнсний бүтээгдэхүүний үнэ өсөх, нийлүүлэлт тасалдах, эмзэг эдийн засагтай орнуудын худалдан авах чадвар буурах зэрэг сөрөг үр дагавар нэмэгдэх төлөвтэй байна.
Одоогийн байдлаар дэлхий даяар хэдийнэ олон сая хүн хүнсний хомсдолд өртөөд байгаа бөгөөд дээрх нөхцөл байдал үргэлжилбэл энэ тоо цаашид огцом нэмэгдэх эрсдэлтэйг НҮБ онцолсон байна. Иймд олон улсын хамтын нийгэмлэгийг зөрчлийг намжаах, хүмүүнлэгийн тусламжийг нэмэгдүүлэх, хүнсний хангамжийг тогтвортой байлгахад анхаарахыг уриалжээ.
Шинжээчдийн үзэж буйгаар, геополитикийн тогтворгүй байдал нь дэлхийн эдийн засаг, ялангуяа хүнсний аюулгүй байдалд мэдэгдэхүйц нөлөө үзүүлж байгаа бөгөөд ойрын хугацаанд энэ чиг хандлага үргэлжлэх төлөвтэй байна.
-
Дэлхий нийтээр..2025/11/05
Б.Батбаатар: Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг авч хэрэгжүүлэх үүрэг, а...
-
Дэлхий нийтээр..2021/12/17
Шадар сайд С.Амарсайхан ОХУ-ын "Газпром” НХН-ийн удирдлагуудтай уулзл...
-
Үйл явдал2021/05/18
Улаанбаатарт өдөртөө 19 хэм дулаан
-
Үйл явдал2025/12/24
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, жавартай хүйтэн байна
