Хэн юу хэлэв...
Б.Нямдаваа: Тоглосон дүрүүдийнхээ нэрээр дуудуулна гэдэг аз жаргал
“ND film-ийн үүсгэн байгуулагч, “Азтай бондгор инээдмийн киноны найруулагч Б.Нямдаваа буюу ND-тэй ярилцлаа.
– Хүмүүс таныг “Байрны ах;, “Шилжилт; 1,2 киноны найруулагч гэдгээр чинь мэднэ. Харин энэ удаад “Азтай бондгор; УСК- ийн найруулагчаар ажилласан. Анх удаа инээдмийн кино найруулахад ямар санагдсан бэ?
– Инээдмийн кинон дээр ажиллахад давхар өөрөө нэг дүрд нь орж тоглон ажиллахад хүндрэлтэй байсан. Жүжигчний хувьд гэхэд тэр тоглолтын нарийн мэдрэмжүүдийг их зөв гаргахгүй бол хүчилж болдоггүй юм байна лээ. Ер нь л хүн инээлгэнэ гэдэг их хэцүү санагдсан. Сайн инээдмийн кино хийдэг найруулагч, жүжигчдийн зовлонг өөрийн биеэр мэдэрч туршлага их хуримтлууллаа. Энэ киног хийхэд надад найруулга тал дээр бас тоглолт дээр МУГЖ Б.Базаррагчаа ах маань зөвлөгөө өгч их тус болсон. Тэгээгүй бол ард нь гарахад хэцүү л байлаа… /инээв/
– Монголдоо анх удаа #SFX буюу таргалуулах тусгай effect ашигласан кино гэсэн. Хэвийн жинтэй хүн маск зүүж, хоёр давхар сентифон материалтай хувцас өмсөөд зураг авалтад орох хүндрэлтэй байсан байх даа?
– Үнэхээр хэцүү байсан ядаж байхад зуны +30 дээш халсан өдөр амьдаараа шатаж байсан. Кино багийнхан маань миний дэргэд сэнс, кондишн, сэвүүр гээд сэрүүцүүлж болох бүх зүйлсийг л ашигласан гэсэн ч хөлс гарсаар л байсан. Зураг авалтын талбай бэлэн болох хүртэл тэдгээр зүйлсийн хажууд сууна. Бүх юм болсны дараа объект дээрээ очиж зураг авалтад орчхоод шууд өнөөх өрөө рүүгээ явна. Бас SFX маск маань хүйтэн сэрүүн нөхцөлд байхгүй бол хөлс их ялгарснаас болоод цавуу нь салчихна. Тэгээд дахиад л 2-3 цаг сууж шинийг хийлгэх болно доо.
– Нүүрний маскаа гадаадаас захиалахад хүндрэл гарсан уу? Зөвшөөрөл гэх мэт зүйлээс авахуулаад олон газраар явсан байх?
– Энэ маскны материалаа бид USA-с захиалж 20 орчим хоног хүлээсний эцэст маскаа хийлгээд зураг авалтад орсон доо… Гэхдээ хилээр оруулж ирэхэд л хэцүү байсан татварт нэлээдгүй их мөнгө төлсөн. Учир нь тэд ямар ч мэдлэггүй байсан гэх юм уу эсвэл … химийн бодис ихтэй тул устгалд оруулна гэж бөөн юм болсон шүү. Бурхан минь.
– Хүмүүс ямар их таргалчихсан юм бэ? гэсэн гайхсан сэтгэгдэл их харагдсан. Үзэгчид таныг тарган дүрээр хараад яаж хүлээж авсан бэ?
– Тэгсэн анх бол ямар аймаар таргалчихсан юм гээд гайхаад л байсан. Өмнө нь Шилжилт киноны Нямбаяр байна гэж дууддаг байсан бол одоо Азтай бондгор ах гэж дуудах хүүхдүүд нэлээдгүй болсон байна лээ. /Инээв/ Тоглосон дүрүүдийнхээ нэрээр дуудуулна гэдэг бол энэ мэргэжлийг үхэн хатан гэр бүлтэйгээ зөрөлдөн байн сонгосон, миний хувьд ёл санагддаг.

– Зохиолынхоо санааг удаан хугацааны туршид бодсон уу? Зураг авалт хэчнээн хугацаанд үргэлжилсэн бэ?
– Жилийн өмнө энэ киноны санааг бодоод хийх гэж байгаад болиод Шилжилт-2 киногоо хийсэн. Харин энэ жил яагаад ч юм А.Миеэгомбо ахтай холбогдоод санаагаа хэлсэн чинь таалагдсан хамтарч бичих саналыг минь уриалагхан хүлээж авсан шүү. Учир нь Миеэ ах маань Миний хөрш чөтгөр, Single lady’s 1,2,3 гэх мэт олон киноны зохиол бичсэн болохоор инээдмийн кино зохиол тал дээр их арвин туршлагатай хүн. Хамтарч ажиллахад их сайхан байсан. Олон ч зүйл сурч мэдсэн. Ер нь Б.Базаррагчаа ах, А.Миеэ ах нар шиг залуустаа зөвлөж, дэмжиж ажилладаг ийм уран бүтээлчид олон байгаасай гэж боддог.

– Найруулсан киногоороо хүмүүст юуг хүргэхийг зорьсон бэ?
– Би хүүхэд байхдаа хурдхан оюутан болоод, дараа нь амьдрал дээр гараад хүссэн ажлаа хийгээд эрх дураараа явах юмсан гэж боддог байлаа. Гэвч хүссэнээр тийм сайхан байгаагүй. Эргэж олдохгүй хүүхэд нас гэж ямар сайхан үнэ цэнэтэй цаг мөч байсан юм бэ буцаад 10 жилдээ очих юмсан гэж их боддог. Тиймээс энэ киног үзсэн хүүхдүүд одоо байгаа хүүхэд насны үнэ цэнийг илүү их ойлгож том болох гэж яарахгүй байхаа гэж бодож байна. Мөн томчууд маань ч үзээд хүүхэд насандаа эргээд очих юмсан гэж хүсэх байх. Гэхдээ Азтай бондгорын дүр бол миний хамгийн сүүлчийн хүүхдийн киноны дүр. Учир нь жил ирэх тусам хөгширч байна. Гэхдээ хүүхдийн дөрвөн киноны гол дүрд тоглож чадсан би азтай бондгор… /инээв/
– “Азтай бондгор” киноны дараа дараачийн ангиудыг хэзээ хийж эхлэхээр төлөвлөж байна?
– Энэ кино нь гурван ангиас бүрдсэн контент. Одоогоор нэгдүгээр ангиа Univision, Skymedia, Ddish, Looktv, Skygo-ын видео санд орсон байгаа. Дараа жилийн хавар 2 анги нь гарна. Үзэгчдээ нэгдүгээр ангийг үзээсэй гэж хичээнгүйлэн хүсэж байна.

– Цаашдаа хийхээр төлөвлөсөн зүйл байгаа юу? Ойрын зорилгоосоо хуваалцаач?
– Хийхээр төлөвлөсөн зүйлс их байна. Одоогоор буцаад оюутан болчихсон төгсөх курс болохоор зав тааруухан байна. Ирэх хавар төгсөөд мэргэжлийн уран бүтээлч гэх нэр хүндийг албан ёсоор хүртэх гээд л… /инээв/ Бас сүүлийн гурван жил ямар ч амралтгүйгээр ажилласан болохоор бие маань жаахан тааруу байгаа. Гэхдээ эрүүл мэнд, сургууль, ажил гээд аль алийг нь амжуулах төлөвтэй байгаа… Хайр дурлалтай болон, аймшгийн кино төрөлд хүчээ сорихоор төлөвлөөд байна. Дан ганц ирэх жил биш ойрын дөрвөн жилийн уран бүтээлийн төлөвлөгөөгөө гаргасан байгаа. Харин үүн дээр залуу уран бүтээлчдээ дэмжих зоригтой байгууллага хамт олон эсвэл чадварлаг сайн продюсерын л хувь нэмэр их хэрэгтэй байна .
Сэтгүүлч:А.Гэрэлтуяа

Хэн юу хэлэв...
Г.Дамдинням: Үүргээ биелүүлэхгүй байгаа шатахуун импортлогчдын тусгай зөвшөөрлийг цуцална
Хэн юу хэлэв...
COP17-ийн үеэр зарим замаар аюултай ачаа тээвэрлэлтийг хязгаарлана
Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал буюу COP17 арга хэмжээ энэ сарын 17-28-ны өдрүүдэд болно. Энэ үеэр аюултай ачаа тээвэрлэлтийн талаар Ачаа тээврийн төлөвлөлт, логистик хариуцсан, ахлах мэргэжилтэн Ц.Бямбасүрэн мэдээлэл өглөө.
Уг арга хэмжээ Улаанбаатар хотод зохион байгуулагдах гэж байгаатай холбоотой Нийслэлийн Засаг даргын А/1067 дугаар захирамжаар бэлтгэл ажлын төлөвлөгөөг баталсан. Энэхүү төлөвлөгөөнд хэд хэдэн байршил зорчих хөдөлгөөнийг хязгаарласан.
Үүнд:
Нарны зам Өгөөмөр захын зүүн урд уулзвараас Нарантуул ОУХТөвийн баруун урд уулзвар, Нарантуул ОУХТөвийн баруун урд уулзвараас Дүнжингарав худалдааны төвийн баруун урд уулзвар, Дүнжингаравын гудамж Дүнжингарав худалдааны төвийн баруун урд уулзвараас Зүүн жанжингийн уулзвар хүртэлх авто замын зорчих хэсгийн хөдөлгөөнийг 07:00–21:00 цаг хүртэл хязгаарлана.
Уулзалтад оролцож байгаа зочид төлөөлөгчдийн аюулгүй байдлыг хангах үүднээс хүний амь нас, эргүүл мэндэд хор хохирол учруулж болзошгүй аюултай ачаа тээвэрлэж байгаа тээврийн хэрэгслийг наймдугаар сарын 15-ны өдрөөс хориглосон замуудаар 24 цагаар хөдөлгөөнд оролцуулахгүй тул бусад зам талбайг сонгон зорчихыг зөвлөж байна.
COP17 олон улсын хуралд оролцогсдын аюулгүй байдлыг хангах үүднээс аюултай ачаа тээвэрлэгч 19 аж ахуйн нэгжид мэдээлэл хүргүүлж хамтран ажиллаж байна.
Хэн юу хэлэв...
Багахангай–Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн төмөр замд есдүгээр сард туршилтын галт тэрэг явуулна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал өнөөдөр стратегийн ач холбогдолтой Багахангай–Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн 127.1 км төмөр замын бүтээн байгуулалтын явцтай танилцаж, холбогдох албаныханд үүрэг даалгавар өглөө.
Өнөөдрийн байдлаар төслийн эхний 87.2 км-ийн үндсэн бүтээн байгуулалт дууссан бөгөөд Шувуун фабрик, Туул гол, Эмээлтийн чиглэлд далан, гүүр, хоолой болон төмөр замын дээд бүтцийн ажил үргэлжилж байна.
Төслийн хүрээнд Туул гол дээгүүр 476 метр урт төмөр замын гүүр барьж байгаа нь Монголын хамгийн урт төмөр замын гүүр болох аж. Бүтээн байгуулалтад үндэсний 95 аж ахуйн нэгж, 4000 гаруй монгол инженер, техникийн ажилтан, ажилчин оролцож байгаа бөгөөд төмөр зам ашиглалтад орсны дараа 1000 орчим байнгын ажлын байр шинээр бий болно гэж тооцжээ.
Шинэ төмөр замыг Богд уулын урдуур чиглүүлж, нийслэлийн төвөөр нэвтрэх шаардлагатай шатахуун, тэсэрч дэлбэрэх болон химийн аюултай ачаа, мөн станцуудын нүүрсийг хотоос гадуур тээвэрлэхээр төлөвлөсөн байна.
Төслийн эхний шатанд жилд 3.5 сая тонн, цаашид 20 сая тонн хүртэлх ачааг Улаанбаатар хотын төвөөр нэвтрүүлэхгүй тээвэрлэх боломж бүрдэх аж. Ингэснээр өдөрт 316-1800 том оврын автомашиныг нийслэлийн замын хөдөлгөөнөөс гаргах тооцоо гарчээ.
Мөн төмөр замын гармуудаар галт тэрэг нэвтрүүлэхийн тулд авто замын хөдөлгөөнийг хоногт дунджаар хоёр цаг хаадаг хугацааг 90 хүртэл хувиар бууруулах боломжтой гэж үзэж байна. Үүний зэрэгцээ хүнд даацын тээврийн хэрэгслийн хөдөлгөөн багассанаар нийслэлийн замын ачаалал, агаар орчны бохирдлыг бууруулахад тодорхой нөлөө үзүүлэхээр тооцжээ.
Ерөнхий сайд Н.Учрал шинэ төмөр замыг зөвхөн тээврийн дэд бүтэц бус, нийслэлийн аюултай ачаа тээврийг хотын төвөөс гаргах чухал шийдэл гэж онцлов. Тэрбээр 2024 онд газ тээвэрлэж явсан автомашин дэлбэрсэн ослыг дурдан, цаашид шатахуун, тэсэрч дэлбэрэх болон химийн аюултай ачааг энэхүү төмөр замаар нийслэлийн гадуур тээвэрлэх боломж бүрдэнэ гэдгийг тэмдэглэжээ.
Төслийн нийт хөрөнгө оруулалт 1.2 их наяд төгрөг бөгөөд урт хугацаанд 294.8 тэрбум төгрөгийн татвар төвлөрүүлж, 1.3 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллана гэсэн тооцоо гарсан байна.
Шинэ төмөр зам ашиглалтад орсноор Хөшигийн хөндий зөвхөн нисэх буудлын бүс бус, Монгол Улсын тээвэр, логистикийн шинэ зангилаа болон хөгжих нөхцөл бүрдэхээр байна. Мөн Зуунмод, Хүннү хот зэрэг дагуул хотын хөгжлийг дэмжиж, Улаанбаатар хотын хүн амын төвлөрлийг сааруулах суурь дэд бүтцийн нэг болно гэж Засгийн газар үзэж байгаа юм.
Төслийн цаашдын санхүүжилтийг шийдвэрлэх хүрээнд Олон улсын санхүүгийн корпорац болон Монгол Улсын Хөгжлийн банктай хамтран ажиллахаар төлөвлөжээ.
Ерөнхий сайд төмөр замын бүтээн байгуулалтыг товлосон хугацаанд дуусгах хүрээнд төмөр замын зурваст давхцаж буй газар, цахилгаан дамжуулах болон түгээх шугам, дэд станцыг нүүлгэн шилжүүлэх ажлыг шуурхай зохион байгуулах үүрэг өгсөн байна.
Мөн бүтээн байгуулалтын ажлыг чанарын шаардлагад нийцүүлэн гүйцэтгэж, 2026 оны есдүгээр сард туршилтын галт тэрэгний хөдөлгөөн эхлүүлэх, Хөшигийн хөндийд тээвэр, логистикийн төв байгуулах ажлыг эрчимжүүлэхийг холбогдох албаныханд даалгалаа.
-
Дэлхий нийтээр..2022/10/21
Томуу, томуу төст өвчний үед уламжлалт анагаах ухаанаар хийх гэрийн асаргаа, сув...
-
Дэлхий нийтээр..2023/01/26
Шадар сайд С.Амарсайхан ИБУИНХУ-ын Шадар сайд бөгөөд Хууль зүйн сайд Доминик Раа...
-
Хэн юу хэлэв...2021/09/28
Ж.Отгонболд: Гурав дахь тун хийлгэснээр өмнөх хоёр тунгийн нөлөөлөл улам сайжирн...
-
Үйл явдал2024/11/15
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн
