Үйл явдал
Наадмаар үйлчилгээ эрхлэх хүсэлтийг өнөөдрөөс эхлэн цахимаар хүлээн авна
-Наадмаар худалдаа, үйлчилгээ эрхлэх хүсэлтийг цахимаар хүлээн авч байгаа. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юү?
-Өмнөх жилүүдийн нэгэн адил Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна талбай болон Хүй долоон худгийн хоёр тойрогт худалдаа үйлчилгээ, хоол үйлдвэрлэлийн чиглэлээр хүсэлт авна. Төв цэнгэлдэх орчимд үйлчилгээ эрхлэгчид асарт, Хүй долоон худагт гэрт үйлчилгээ үзүүлэх юм. Энэ жилийн хувьд хүсэлтийг биетээр бус цахимаар авч байгаагаараа онцлог. Www.ulaanbaatar.mn сайтын Үйлчилгээ эрхлэх бүртгэл цэс рүү нэвтэрч аж ахуйн нэгжүүд хүсэлтээ өгөх боломжтой. Хүсэлтийг өнөөдөр өглөөний 08:00 цагаас эхлүүлж, долдугаар сарын 1-ний 17:00 цаг хүртэл хүлээн авна.
-Баяр наадмын үеэр үйлчилгээ эрхлэх хүсэлт өгч буй худалдаа үйлчилгээ эрхлэгчдэд ямар шалгуур, шаардлага тавих вэ?
-Баяр наадмын үйлчилгээг зөвхөн аж ахуйн нэгжүүдэд олгодог онцлогтой. Үйлчилгээ эрхлэхийн цаана хүнсний аюулгүй байдал, эрүүл ахуй яригддаг учраас тэр. Үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүд www.ulaanbaatar.mn сайтад тавигдах шаардлагын дагуу материалаа бэлдээд, бүртгүүлэхэд болох юм. Бүртгэл баталгаажих үед QR код олгоно.
-Шалгуур, шаардлага урьд жилүүдтэй адил байх уу. Нийт хэдэн аж ахуйн нэгжид үйлчилгээ эрхлэх боломж олгох вэ?
-Хоол үйлдвэрлэлийн чиглэлээр үйлчилгээ эрхлэхэд мэргэжлийн тогоочтой байхыг шаарддаг байсан нь хэвээр үйлчилнэ. Дээр нь энэ жилээс бүтээгдэхүүний гарал үүслийн бичгийг нэмж шаардаж байгаа. Нийт 374 аж ахуйн нэгж худалдаа үйлчилгээ, хоол үйлдвэрлэл явуулах боломжтой.
-Баяр наадмын үеэр үйлчилгээ эрхлэх хүсэлтэй аж ахуйн нэгжүүдэд хандаж ямар зөвлөгөө өгөх вэ?
-Аж ахуйн нэгжүүд цахимаар хүсэлтээ өгч, тэрхүү хүсэлт нь баталгаажиж QR код авсны дараа УБЗАА-ны Хүнс, хөдөө аж ахуй, худалдаа, үйлдвэр, үйлчилгээний хэлтэс болон Нийслэлийн Мэргэжлийн газар, Онцгой байдлын газар, Цагдаагийн газар зэрэг байгууллага хамтран сургалт явуулж, зөвлөгөө, мэдээлэл өгөх юм.
-Наадмын өдрүүдэд хяналт шалгалтыг хэрхэн зохион байгуулах вэ?
-Мэргэжлийн байгууллагууд баяр наадмын өдрүүдэд бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллана. Хяналтыг чиг үүргийн дагуу тогтмол зохион байгуулна. Хог тээвэрлэлтийг ТҮК-ууд хариуцна. Хатуу болон шингэн хог хаягдлыг байршуулах цэгүүд бий. Аж ахуйн нэгжүүд тухайн цэгт хог хаягдлаа байршуулах учиртай гэлээ.
Үйл явдал
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Монголын дугуйн холбооны төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Улаанбаатар хотод дугуйн спортыг хөгжүүлэх, дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэх, иргэдийн идэвхтэй, эрүүл амьдралын хэв маягийг дэмжих чиглэлээр санал солилцлоо.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Нийслэлийн дугуйн замыг нэмэгдүүлж, дугуй унаж буй хүмүүст ээлтэй хотыг бий болгох зорилгоор энэ жил 76 км дугуйн зам барьж байгууллаа. Ирэх жил 115 км дугуйн замыг нэмж, Улаанбаатар хотын нийт дугуйн замын сүлжээг 450 км хүргэнэ. Ингэснээр Өнөр хорооллоос Амгалан хүртэл дугуйгаар зорчих нөхцөлийг бүрдүүлэх юм. Олон улсын хотуудын жишгээр Туул голыг дагасан экосистем цэцэрлэгт хүрээлэн, дугуйн зам, явган хүний зам, гүйлтийн замтайгаар хийгдэнэ. Зайсангаас төв талбай хүрэх гүүрэн байгууламжтай дугуйн замыг 2027 онд барихаар М-Си-Эс групптэй зөвшилцсөн. Нийслэл дугуй унах, дугуйн спортыг дэмжинэ” гэлээ.

Монголын дугуйн холбооны ерөнхийлөгч Б.Гүрсоронзон “Нийслэл олон км дугуйн замыг бодлогоор барьж байгаад нийт дугуйчид болон дугуй сонирхогч залуусын өмнөөс талархал илэрхийлье. Монголын дугуйн холбоо нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сурталчлах чиглэлээр гол ажлуудаа хийж байна. Олон улсын жишгийг хангасан дугуйн спортын тэмцээн, уралдаан зохион байгуулна. Өнгөрсөн наймдугаар сард Цонжинболдогт “Gravel Gran Fondo Ulaanbaatar 2026 & Yam Trail Run” олон улсын дугуйн тэмцээнийг зохион байгуулсан. Энэ тэмцээнийг 2027 оны наймдугаар сард мөн хийнэ. Одоогийн байдлаар 20 орчим гадаадын тамирчин оролцох хүсэлтээ илэрхийлсэн” гэв.

Үйл явдал
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
Өвөлжилтийн бэлтгэл ажлын нэгдсэн төлөвлөгөөнд 573 ажил тусгаснаас хэрэгжилт 90 хувьтай байна. Давс 10016 тонн, бодис 6140 тонныг нөөцөлсөн. Нэмэлтээр 1000 тонн давс, 1500 тонн бодис худалдан авахаар тендер зарлаад байна.
Мөн давс, бодис цацагч 96, зам цэвэрлэгээний 432 тусгай зориулалтын машин, техникийн бэлэн байдлыг хангаад байна. Нийслэлийн хэмжээнд тохижилт үйлчилгээний чиглэлээр 48 байгууллага үйл ажиллагаа явуулдаг. Үүнээс зам, талбайн цэвэрлэгээ үйлчилгээ явуулдаг орон нутгийн төсөвт 17, хувийн хэвшлийн 20 байгууллага байна. Захирагчийн ажлын албанаас “Өвөлд бэлэн үү” үзлэг, шалгалтыг эхлүүлсэн байна.
Үйл явдал
Нийслэлийн инженерийн шугам, сүлжээний өвөлжилтийн бэлтгэл 94 хувьтай байна
Нийслэлийн 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэлийг хангах хүрээнд инженерийн хангамжийн байгууллага, харьяа газар, дүүргүүд нийт 573 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлж байна. Өнөөдрийн байдлаар инженерийн шугам, сүлжээний бэлтгэл 94 хувьтай байна.
Инженерийн шугам сүлжээний засвар, шинэчлэл, өргөтгөл бүрэн дууссан. Орон сууцны хороолол доторх салбар шугамын гэмтэл засварлах, бараа материал худалдан авах ажил дуусах шатандаа явж байна.

УБЗАА-ны Хотын инженерийн дэд бүтцийн газрын дарга Л.Алтангэрэл “2025-2026 онд Улаанбаатар хотын хэмжээнд нийт 57.3 км инженерийн шугам сүлжээг өргөтгөн шинэчилсэн. Тухайлбал, 16 байршилд 18.7 км дулааны гол шугам сүлжээ болон орон сууцны хороолол доторх 16.1 км шугамд өргөтгөл, шинэчлэлийн ажил хийсэн. Мөн бохир усны “Туул-1” коллекторын 6 км шугам, борооны ус зайлуулах 17.1 км шугамыг шинээр угсраад байна” гэв.


-
Дэлхий нийтээр..2021/12/23
Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо
-
Үйл явдал2025/10/17
Дэлхийн банкны мэргэжлийн баг Цөлжилтийн эсрэг талуудын 17 дугаар бага хурлын бэ...
-
Дэлхий нийтээр..2025/08/29
Австралийн Холбооны Улсын Амбан захирагч төрийн айлчлал хийнэ
-
Үйл явдал2026/06/29
Уул уурхайн салбарт хийж буй хамтарсан хяналт шалгалт улсын хэмжээнд үргэлжилж б...
