Дэлхий нийтээр..
Киргизийн Эрүүл мэндийн сайд Ковид-19 холбоотой авлигын хэргээр баривчлагджээ
Киргизийн тусгай хүчнийхэн тус улсын Эрүүл мэндийн сайд Алымкадыр Бейшеналиевыг 2.4 сая тун COVID-19 вакцинд төсвийн мөнгийг үр ашиггүй зарцуулсан хэргээр пүрэв гарагт баривчилжээ.
2021 онд тус улс гурван сая гаруй эмтэй байсан бөгөөд Орос, Хятад, Казахстан, Азербайжанаас нийт зургаан сая тунг хүмүүнлэгийн тусламж болгон авах гэрээ байгуулсан үед Эрүүл мэндийн яам вакцинд 1.5 тэрбум сом (18.8 сая ам. доллар) зарцуулсан байна.
Киргизийн хүн ам бараг 6.6 сая гэж тооцогддог бөгөөд вакцинд эргэлзэх хандлага түгээмэл байна. Засгийн газрын статистик мэдээгээр иргэдийн 23 хүрэхгүй хувь нь дор хаяж хоёр тун вакцин хийлгэсэн.
Илүүдэл худалдан авалтын улмаас 240,000 гаруй тунг ашиглаагүй хугацаа нь дууссан гэж прокурор хэлсэн байна.
Вакцины төлбөрийг оффшор банкны дансаар дамжуулан төлсөн байна. Ерөнхий прокурорын газраас Бейшеналиевд холбогдуулан авлигын 1, хээл хахууль авахыг оролдсон 2, мөн албан тушаалын байдлаа урвуулан үр ашиггүй гэрээ байгуулсан гэх 4, нийт 7 эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа талаар 24.kg агентлагаас мэдээллээ.
Тус улсад эрх мэдлийн огцом өөрчлөлт гарч Садыр Жапаров ерөнхийлөгч болсны дараагаар Бейшеналиев нь 2020 оны 10 дугаар сард Киргизийн Эрүүл мэндийн сайдаар томилогдсон байдаг.
Хоёр жил шахам ажиллахдаа тэрээр олон удаа маргаантай мэдэгдэл хийсэн. Хамгийн ноцтой нь тэрээр Киргизийн Иссык-Куль нуурын ойролцоо ургадаг хорт ургамал болох аконитыг COVID-19-ийг эмчлэх боломжит эмчилгээ болгон ашиглахыг зөвлөсөн. Гэвч Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын төлөөлөгчид болон орон нутгийн идэвхтнүүд эрүүл мэндийн сайдыг ийм зөвлөмж өгсөнд буруутгасан.
Бейшеналиевын ажилтнууд хүртэл сайддаа сэтгэл хангалуун бус байв. Түүнийг баривчлагдахаас хоёр долоо хоногийн өмнө түүний орлогч нар нь даргаа мэргэжлийн бус авирласан хэргээр огцруулахыг хүссэн байна.
Нэгэн төлөөлөгч "Бейшеналиев хүн бүртэй тохуурхаж харьцдаг байсан ч яамны зүгээс энэ асуудлыг нь тэвчиж ирсэн. Төрийн албан хаагч түүн шиг авирлаж хэрхэвч болохгүй” хэмээн хэвлэлийн бага хурал дээр мэдэгдсэн. Мөн тэрээр үргэлжлүүлэн “Бид сайдын зан байдал ямар байгаа эсэхэд үргэлж санаа зовинолтой байдаг. Түүнд хариулах зэрэг ямар нэг байдлаар харилцахад, биднийг гэрт чинь хариулахгүй гэх мэтээр заналхийлж, сүрдүүлдэг байсан” гэжээ.
Үүний хариуд Бейшеналиев орлогч нараа "чадваргүй" гэж хэлээд "ажлынхаа төлөө тэмцэж байна" гэж мэдэгджээ.
5-р сард Киргизийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр тус улсын Эрүүл мэндийн яамны зохицуулагчийг 1250 орчим долларын авлига авсан хэргээр саатуулсны дараа тус улсын төрийн аюулгүй байдлын агентлаг Бейшеналиевыг байцаасан гэж мэдээлсэн. Гэвч Эрүүл мэндийн сайд авлига авсан гэх мэдээллийг үгүйсгэж, сувилагч нарын мэргэжлийн баярыг тэмдэглэх гэж мөнгө цуглуулсан гэж мэдэгдлээ.
Дэлхий нийтээр..
Польш улсын бага сургуулиудад гар утас ашиглахыг хориглохоор төлөвлөж байна
Польш улс бага сургуулийн сурагчдыг сургууль дээр гар утас ашиглахыг хориглох хуулийн төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Польшийн Ерөнхий сайд Дональд Туск энэ сарын 2-нд мэдэгдэхдээ, 2026 оны есдүгээр сарын 1-нээс эхлэн 7-15 насны сурагчдыг сургууль дээр гар утас ашиглахыг хориглохоор ажиллаж байгаагаа хэлжээ.
Засгийн газраас дэмжсэн хуулийн төсөлд бага сургуулийн сурагчдыг хичээлийн үеэр төдийгүй завсарлага, сургуулийн орчин, мөн сургуулиас зохион байгуулсан боловсролын үйл ажиллагааны үеэр гар утас ашиглахыг хориглохоор тусгасан байна. Ухаалаг цаг зэрэг мэдээлэл, харилцааны боломжтой төхөөрөмжүүд ч уг хязгаарлалтад хамрагдахаар байна.
Гэхдээ сурагчид төхөөрөмжөө сургууль дээр авчрах боломжтой бөгөөд сургуулиуд тэдгээрийг хичээлийн хугацаанд хадгалах тусгай байр, зохицуулалт хийх эрх зүйн үндэстэй болох аж.
Польшийн бага сургуулийн боловсрол найман жил үргэлжилдэг бөгөөд 7-15 насны хүүхдүүд хамрагддаг. Хуулийн төсөл цаашид Польшийн парламентын доод танхим болох Сейм, дээд танхим болох Сенатаар хэлэлцэгдэж, батлагдсаны дараа Ерөнхийлөгч гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болох юм.
Ерөнхий сайд Дональд Туск хүүхэд, өсвөр үеийнхний гар утас, цахим платформ, тоглоомд донтох асуудал ноцтой болж, хичээлдээ төвлөрөх болон зан төлөвт сөргөөр нөлөөлж байгааг онцолсон байна.
Дэлхий нийтээр..
БНХАУ Тяньаньмэний үйл явдлыг дурсах арга хэмжээг хязгаарлажээ
БНХАУ-ын эрх баригчид 1989 оны Тяньаньмэний талбайн үйл явдлын 37 жилийн ойг тэмдэглэх, дурсах оролдлогуудыг хязгаарласан байна. Эх сурвалжийн мэдээлснээр, Бээжин хотод амь үрэгдэгсдийн ар гэрийнхнийг ой тохиосон өдөр оршуулгын газарт очихыг зөвшөөрөөгүй байна. “Тяньаньмэний эхчүүд” хэмээх бүлгийн гишүүд олон жилийн турш уг өдөр төрөл төрөгсдийнхөө шарилд очиж, дурсгалын мэдэгдэл уншдаг байсан гэж “Эмнести Интернэшнл” мэдээлжээ.
1989 онд Бээжингийн Тяньаньмэний талбайд ардчилал, эрх чөлөөг шаардан жагссан оюутан, иргэдийн хөдөлгөөнийг Хятадын арми хүчээр тараасан юм. AP-ийн мэдээлснээр, тухайн үед олон зуун, магадгүй мянга гаруй хүн амь үрэгдсэн гэж үздэг.
Хонконгт мөн энэ өдрөөр аюулгүй байдлыг чангатгажээ. Урьд нь жил бүр лаа асаан дурсах томоохон арга хэмжээ болдог байсан Виктория паркийн орчимд цөөн хүн цугласан бөгөөд цагдаа нар хэд хэдэн хүнийг шалгаж, заримыг нь түр саатуулсан байна.
АНУ, Европын Холбоо, Их Британи энэ өдрийг тохиолдуулан мэдэгдэл гаргаж, өнгөрснийг цензурээр арилгах боломжгүй хэмээн онцолжээ. Харин БНХАУ-ын Гадаад хэргийн яам АНУ-ын мэдэгдлийг Хятадын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцсон үйлдэл гэж шүүмжилсэн байна.
Мөн Тайваньд Тяньаньмэний үйл явдлын ойг тохиолдуулан лаа асаах дурсгалын арга хэмжээ зохион байгуулжээ. АНУ-ын Капитолын ордонд хууль тогтоогчид болон 1989 оны хөдөлгөөний төлөөлөгчид оролцсон дурсах арга хэмжээ болсон байна.
“Тяньаньмэний эхчүүд” бүлэг энэ жилийн ойг угтан шударга ёс шаардсан мэдэгдэл гаргаж, тухайн үед болсон үйл явдлын талаар бүрэн мэдээлэл ил болгох, хохирогчдын ар гэрт нөхөн төлбөр олгох, хариуцлага тооцохыг шаарджээ.
Дэлхий нийтээр..
Индонезид авлигын хэрэгтэй холбоотойгоор өндөр албан тушаалтнуудыг баривчилжээ
Индонезид авлигын эсрэг ажиллагаа эрчимжиж, Засгийн газрын өндөр албан тушаалтнуудыг баривчилжээ. “Аль Жазира”-гийн мэдээлснээр, тус улсын Цагаачлалын асуудал эрхэлсэн дэд сайд Силми Каримыг цагаачлалын бичиг баримтын бүрдүүлэлт, удирдлагатай холбоотой зөрчил гаргасан байж болзошгүй хэргээр саатуулсан байна. Түүнийг Авлигатай тэмцэх комиссын байранд 10 орчим цаг байцаасны дараа баривчилжээ.
Авлигатай тэмцэх комиссын төлөөлөгч Будии Прасетьогийн мэдээлснээр, уг хэрэг 2023-2024 онд Силми Карим тухайн үеийн Ерөнхийлөгч Жоко Видодогийн засаг захиргаанд Цагаачлалын асуудал эрхэлсэн ерөнхий захирлаар ажиллаж байх үед гарсан байж болзошгүй аж. Мөн энэ хэрэгт холбогдуулан өөр долоон сэжигтнийг тогтоосон гэж мэдэгдэв.
Үүнээс нэг өдрийн өмнө Индонезийн Ерөнхий прокурорын газар Ерөнхийлөгч Прабово Субиантогийн хүүхдийн хоол тэжээлийн дутагдалтай тэмцэх үнэгүй хоолны хөтөлбөрийг хариуцаж байсан Үндэсний хоол тэжээлийн агентлагийн дарга асан Дадан Хиндаяанаг авлигын хэрэгт холбогдуулан баривчилжээ. Тус хэрэгт мөн хоёр хүнийг саатуулсан байна.
Мөрдөн шалгах байгууллагын мэдээлснээр, үнэгүй хоолны хөтөлбөрийг сургуулиудад үйл ажиллагаа явуулдаг сангуудаар дамжуулан хэрэгжүүлдэг бөгөөд эдгээр санг хууль бус үйл ажиллагаанд ашигласан байж болзошгүй гэж үзэж байгаа юм.
Индонезийн Төрийн нарийн бичгийн дарга Прасетьо Хади сүүлийн хоёр өдөр дараалан өндөр албан тушаалтнууд авлигын хэрэгт холбогдсонд Засгийн газар санаа зовниж буйгаа илэрхийлжээ. Тэрбээр Авлигатай тэмцэх комисс болон Ерөнхий прокурорын газрын явуулж буй хуулийн ажиллагааг Засгийн газар хүндэтгэнэ гэж мэдэгдсэн байна.
Индонезид сүүлийн саруудад авлигын эсрэг ажиллагаа идэвхжиж, өнгөрсөн дөрөвдүгээр сард тус улсын Омбудсманы ерөнхий дарга албан тушаалдаа томилогдоод зургаахан хоногийн дараа хээл хахуулийн хэрэгт холбогдон баривчлагдсан юм.
-
Дэлхий нийтээр..2025/07/24
ЗГ: Хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт этгээдэд хүлээлгэх ял шийтгэ...
-
Үйл явдал2023/10/17
УИХ: Байнгын хороод, ажлын хэсгүүдийн хуралдаан болно
-
Үйл явдал2020/08/10
Улаанбаатарт өдөртөө 21 хэм дулаан
-
Дэлхий нийтээр..2020/06/23
Сонгуулийн санал авах байруудад хяналт шалгалт хийв
