Бидэнтэй нэгдэх

Хэн юу хэлэв...

У.Хүрэлсүх: Хүнс эрүүл байвал хүн эрүүл байна. Монгол хүн эрүүл байвал монгол үндэстэн хүчирхэг байна

Огноо:

,

Сэтгүүлч:

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Хүнсний хангамж, аюулгүй байдал – Хүнс үйлдвэрлэл” үндэсний зөвлөгөөн өнөөдөр Төрийн ордонд боллоо. Үндэсний зөвлөгөөнийг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.


Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх:

Эрхэм хүндэт хүнс үйлдвэрлэгчид ээ,

Эрхэм хүндэт зочид оо,

Та бүхэнд Дэлхийн хүнсний аюулгүй байдлын өдрийн мэндийг өргөн дэвшүүлье!

Эх орноо эрүүл хүнсээр хангах, цаашлаад хүнс экспортлогч орон болох их үйлсэд оюун ухаан, эрдэм чадал, хөдөлмөр зүтгэлээ дайчлан ажиллаж буй эх орныхоо өнцөг булан бүрээс хүрэлцэн ирсэн эрхэм хүндэт хүнс үйлдвэрлэгчид Та бүхэндээ чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье.

Монгол төрийн бодлогын цөмд монгол хүн, монгол өрх байсаар ирсэн, цаашид ч байх учиртай.

Хүнс эрүүл байвал хүн эрүүл байна. Монгол хүн эрүүл байвал монгол үндэстэн хүчирхэг байна.

Тиймээс Монгол Улсын хүнсний аюулгүй байдал, хүнсний хангамжийн гол асуудал нь хүн ардаа эрүүл, шим тэжээлтэй, стандартад нийцсэн хүнсний бүтээгдэхүүнээр тогтвортой, хүртээмжтэй хангах явдал юм.

Улс орныхоо нийгэм, эдийн засгийн аюулгүй байдлыг хангах зорилгоор “Халамжаас хөдөлмөрт, Олборлолтоос боловсруулалтад, Импортоос экспортод” шилжих суурь реформын хүрээнд “100 жил – 10 зорилт” хөгжлийн санаачилгыг Монгол Улсын Ерөнхийлөгч, Төрийн тэргүүн дэвшүүлсэн.

Энэхүү санаачилгын нэг зорилт нь “Хүнсний аюулгүй байдлыг хангах, хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж, мал аж ахуй, газар тариалангаа эрчимжүүлэн хөгжүүлж, бүс нутагтаа органик хүнс экспортлогч улс болох” юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч хүнсний хангамж, аюулгүй байдлыг онцгой анхаарч, өнгөрсөн тавдугаар сард Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг хуралдуулж, зөвлөмж гарган, УИХ-ын чуулганы нэгдсэн чуулганд дэлгэрэнгүй мэдээлэл хийж, улс орон даяар “ХҮНСНИЙ ХУВЬСГАЛ” эхлүүлсэн.

Үүний үр дүнд ирэх таван жилд гол нэр төрлийн 19 хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж, мал сүргээ эрүүлжүүлэхийн зэрэгцээ Монгол Улс хүнс экспортлогч улс болох эхлэл тавигдах ёстой юм. Үр дүн ч гарах ёстой.

“Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг ирэх таван жилийн бодлого, үйл ажиллагааны нарийвчилсан төлөвлөгөөтэй хамт УИХ-д өргөн барьж, одоо хэлэлцүүлж байна.

Энэ нь төрийн зүгээс хүнсний талаар баримтлах бодлогоо шинэчлэн тодорхойлж, хүнсний хангамж, аюулгүй байдлын асуудлаар шийдэмгий алхмыг эхлүүлж байна. Эх орондоо энэхүү хүнсний хувьсгалыг гардан хийх эгэл баатрууд бол хүнс үйлдвэрлэгч Та бүхэн билээ.

Дэлхий дахинд өрнөж буй нөхцөл байдал, хүнсний бүтээгдэхүүний үнэ ханшийн өсөлт, хүнсний хомсдол ч монголчууд биднийг хүнсний хувьсгал хийхийг шаардаж байна.

Энэ бол улс орны үндэсний аюулгүй байдалтай шууд холбоотой асуудал гэдгийг Та бүхэн ухааран мэдэж байгаа.

Нөгөө талаар манай улсад алдаж үл болох шинэ боломж нээгдэж байхыг үгүйсгэхгүй.

Дэлхийн долоон тэрбум хүн амын 1.6 тэрбум нь манай улсыг тойрон амьдарч байна. Цаашид ч дэлхий хүн ам хурдацтай өсөх нь тодорхой бөгөөд хүнсний асуудал ч хурцаар тавигдах нь ойлгомжтой боллоо.

Бид усан далайд гарцгүй ч, хүн далайд гарцтай ард түмэн. Энэ бол монголчууд биднийг тойрсон агуу том зах зээл юм. Монголчууд бид энэ зах зээл рүү гарах ёстой. Ингэж чадвал бид амжилт олно.

Өсөн үржиж, урган төлждөг хөдөө аж ахуйн баялгаараа энэ том зах зээл рүү монголчууд бид гарч, органик хүнс экспортлогч улс болох ёстой.

Бид зөвхөн уул уурхайн салбарыг шүтэн амьдардаг биш, хөдөө аж ахуй, газар тариалангаа хөгжүүлж, энэ салбараас асар их ашиг олох боломж байгаа. Үүнийг Та бүхэн мэдэж байгаа. Одоо харин ажил хэрэг болгох явдал чухал байна. Энэ алтан боломжийг бид бүрэн дүүрэн ашиглах ёстой.

Гэтэл манай улс хүнсний бүтээгдэхүүнийхээ 50 орчим хувийг гадаадаас авдаг бөгөөд зөвхөн өнгөрсөн 2021 онд гэхэд нэг тэрбум ам.доллартой тэнцэх хэмжээний хүнсний бүтээгдэхүүнийг гадаадаас импортолсон байна.

Өнөөдөр бид мах, гурил, төмсөөр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж байна. Энэ бол чамлахааргүй амжилт бөгөөд Та бүхний олон жилийн нөр их хөдөлмөрийн үр дүнд бий болсон гэдгийг энд цохон тэмдэглэхийг хүсэж байна.

Гэхдээ гурилан бүтээгдэхүүний 33, хүнсний ногоо болон сүү, сүүн бүтээгдэхүүний 40 орчим, өндөгний  50 орчим, загас, будаа, элсэн чихрээ 100 хувь, тахианы мах, ургамлын тос, бүр хүнсний давсаа хүртэл бараг 100 хувь гаднаас импортоор авч байна.

Олон зуун жилийн нүүдлийн мал аж ахуйн соёлтой, 70-аад сая малтай, сүү, сүүн бүтээгдэхүүний дотоодын хэрэгцээг бүрэн хангах нөөц бололцоотой манай улс өнөөдөр импортын сүүгээр боловсруулсан сүү, сүүн бүтээгдэхүүн хэрэглэж байна.

Түүн дотроо нялх нярай, бага насны хүүхдүүд эх орондоо үйлдвэрлэсэн шим тэжээлтэй сүү, сүүн бүтээгдэхүүн хэрэглэж чадахгүй байгааг бид бүгдээрээ мэдэж байгаа.

Алийн болгон бид айлаас гуйж амьдрах вэ.

Өвөг дээдсийн ахуй амьдрал, түүхэн туршлага, социализмын үеийн он жилүүдээс харахад монголчууд бид монгол хүнсээр дотоодын хэрэгцээгээ хангаж, үндэсний аюулгүй байдлаа баталгаажуулж ирснийг илтгэдэг.

Чаддаг байсан зүйлээ чадахгүй болно гэдэг хөгжил, дэвшилээс ухарсан хэрэг юм. Үүнд л бид анхаарлаа хандуулж, алдаагаа засах учиртай.

Хүнсний хангамжаас гадна хүнсний аюулгүй байдалд онцгой анхаарах шаардлагатай болжээ.

Тухайлбал, хорт хавдрын нас баралтаараа манай улс дэлхийд тэргүүлж, чанаргүй хоол хүнсээр дамжих өвчний дэгдэлт их байгаа нь манай орны хүнсний чанар, аюулгүй байдалд аюулын харанга дэлдэж байгааг харуулж байна.

Үйлдвэрлэж, импортолж, экспортолж, борлуулж байгаа бүх хүнсний бүтээгдэхүүн эрүүл, чанартай байх ёстой.  Үүнд төр, засаг, ард түмнээрээ анхаарлаа хандуулцгаая.

Итгэмжлэгдсэн лабораториудын хүчин чадал хангалтгүй, хүнсний бүтээгдэхүүний аюулгүйн үзүүлэлтийг бүрэн шинжилж чадахгүй байгаа нь манай улс хүнсний аюулгүй байдлаа бүрэн хянаж чадахгүй байгааг харуулж байна.

Хүнсний аюулгүйн үзүүлэлтийг бүрэн хангасан бүтээгдэхүүн хэрэглэдэг болохын тулд шат шатандаа хяналтаа чангатгаж, стандартаа мөрдүүлж, хүний эрүүл мэнд, амь нас, аюулгүй байдалд харшилсан аливаа үйлдэлтэй хатуу тэмцэх ёстой.

Хүнсний аюулгүй байдалтай холбоотой асуудлаар ард иргэд, хэрэглэгч, хэвлэл мэдээллийн байгууллагуудаас тавьж байгаа хүсэлт, шаардлага, гомдлыг холбогдох төрийн болон хяналт шалгалтын байгууллагууд цаг тухайд нь түргэн шуурхай хянан шалгаж, зохих арга хэмжээг авч, алдаа дутагдлыг нь засуулан, үнэн зөв, бодит мэдээллийг олон нийтэд хүргэж байх зайлшгүй шаардлагатай. Үүнд холбогдох байгууллага, албан тушаалтнууд онцгой анхаарч ажиллахыг Төрийн тэргүүн хатуу анхааруулж байна.

Хүнсний аюулгүй байдлыг хангах, стандартыг мөрдүүлэхэд төрийн байгууллагаас гадна манай ард иргэд, олон нийтийн хараа хяналт, хэвлэл мэдээллийн байгууллагуудын үнэн зөв, идэвхтэй үйл ажиллагаа нэн чухал гэдгийг цохон тэмдэглэхийг хүсэж байна.

Иргэн бүр өөрийн болон гэр бүлийнхээ эрүүл мэндийн төлөө анхаарал тавьж, хэрэглэж байгаа хүнсний чанар, аюулгүй байдалд онцгой анхаарч, мэргэжлийн хяналтын болон бусад холбогдох байгууллагуудтай нягт хамтран ажиллахыг уриалж байна.

Ардчилсан нийгмийн нэг чухал ололт бол ард түмний хяналт, ил тод байдал юм шүү.

“Хоолыг эм шиг хэрэглэхгүй бол хожим нь эмийг хоол шиг хэрэглэдэг болно” гэсэн үг бий.

Тиймээс ард иргэдийнхээ эрүүл зөв амьдралын хэв маягийг төлөвшүүлэх, хоол, хүнсний зохистой хэрэглээний талаар боловсрол олгох, сургалт, сурталчилгаа зохион байгуулах, соён гэгээрүүлэх ажлыг ч орхигдуулж үл болно.

Эрхэм хүнс үйлдвэрлэгч, баялаг бүтээгчид ээ,

“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд салбарын нөөц, чадавх, зах зээлийн эрэлт, нийлүүлэлт, бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг онцгой анхаарах ёстой.

Мөн төр, засгийн бодлого нь баялаг бүтээгч, дотоодын үйлдвэрлэгчдээ дэмжих, хамгаалах, хөгжүүлэхэд тууштай чиглэгдэх ёстой.

Ялангуяа дараах асуудлуудад төр, хувийн хэвшил тал талдаа онцгой анхаарч, шаардлагатай бодлого, үйл ажиллагааг хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзэж байна. Үүнд:

  1. Дотоодын хүнс үйлдвэрлэлийг дэмжих, баялаг бүтээгчдээ хамгаалах эрх зүйн орчныг яаралтай бүрдүүлэх, шинэчлэх;
  2. Төрийн байгууллагуудын бодлогын уялдаа холбоо, хамтын ажиллагааг сайжруулж, хүнсний хяналт, зохицуулалтын нэгдсэн тогтолцоог боловсронгуй болгох;
  3. Хөдөө аж ахуйн кластеруудыг хөгжүүлэх, хүнсний үйлдвэрлэлийн цогцолборуудыг байгуулах, түүхий эд бэлтгэн нийлүүлэлтийн тогтолцоо болон тээвэр ложистикийн оновчтой сүлжээг хөгжүүлэх;
  4. Хүнс үйлдвэрлэлийн үндэсний стандартаа шинэчлэн тогтоох, олон улсын стандартад нийцүүлэх, хүнсний сүлжээний үе шат болгонд стандартыг чанд мөрдүүлэх;
  5. Хүнсний аюулгүй байдлын хяналт, баталгаажуулалтыг боловсронгуй болгон итгэмжлэгдсэн лабораториудын хүчин чадлыг нэмэгдүүлж, хүнсний аюулгүйн үзүүлэлтийг бүрэн шинжилдэг болгох;
  6. Төсөв, санхүүгийн нөөц боломжоо бүрэн дүүрэн, үр дүнтэй ашиглаж, зах зээлийн зарчимд суурилсан татвар, даатгалын оновчтой, хүртээмжтэй тогтолцоог бий болгон, эргэлтийн хөрөнгийн болон урт хугацааны хөрөнгө оруулалтын хөнгөлөлттэй зээл, санхүүжилт, урамшууллыг олгох, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг түлхүү ашиглах;
  7. Шинэ техник технологи, инновацыг нэвтрүүлэх, бүтээмжийг дээшлүүлэх, өрсөлдөх чадварыг сайжруулах, мэргэжилтэй боловсон хүчин, мэргэшсэн ажилчдыг үе шаттайгаар бэлтгэх, тогтвор суурьшилтай ажиллах орчныг бүрдүүлэхэд Төрөөс дэмжих;
  8. Хүнсний зориулалтын тусгай тээврийн хэрэгслээр тоноглогдсон хүнсний тээврийн паркийг шинээр бий болгож, дотоодын болон экспорт, импортын хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг стандартад нийцсэн тээврийн хэрэгслээр тээвэрлэдэг болох;
  9. Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг стандартын шаардлага хангасан зориулалтын агуулах, зооринд хадгалах, бүртгэлийн нэгдсэн тогтолцоог бий болгох, хатаах, хөлдөөх, нөөшлөх бага, дунд оврын тоног төхөөрөмжийн нийлүүлэлтийг дэмжих, хүнсний сав, баглаа боодлын дотоодын үйлдвэрлэлийг хөгжүүлэх;
  10. Төрийн худалдан авалтын бодлогыг эх оронч худалдан авалтад чиглүүлж, ард иргэд, аж ахуйн нэгжүүдэд үндэсний үйлдвэрлэлээ дэмжих хандлагыг төлөвшүүлэх;
  11. Үндэсний брэнд хүнсний бүтээгдэхүүнийг хөгжүүлэх, дэлхийд танигдсан монгол брэндийг бий болгоход бүх талаар хамтран ажиллах шаардлагатай байна.

Дээрх зорилтуудыг төр, хувийн хэвшлийн үр дүнтэй түншлэлээр хэрэгжүүлснээр ард иргэдээ гарал үүсэл нь тодорхой, найдвартай, дотоодын эрүүл хүнсээр хангахын зэрэгцээ ажлын байр нэмэгдэж, иргэдийн амьдралын чанар дээшилж, улмаар манай улс хүнс экспортлогч орон болох боломж бүрдэнэ.

“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөн нь “Тэрбум мод” болон “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдтэй нягт уялдаа холбоотой хэрэгжих ёстой.

Энэ зорилтыг ханган хэрэгжүүлэхэд баялаг бүтээгч тариаланчид, ногоочид, жимсчид, малчид, хүнсчид, үйлдвэрлэгчид, бизнес эрхлэгчид, мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллагууд болон нийт ард иргэд Та бүхний хичээл зүтгэл, хүчин чармайлт онцгой чухал ач холбогдолтой. Түүнчлэн, салбарын эрдэмтэн судлаачид, баялаг бүтээгч үйлдвэрлэгчид, хүнсний технологичид, инженерүүд, түүхий эд бэлтгэн нийлүүлэгчдийн манлайлал, оролцоо хүнсний хувьсгалыг амжилттай хийж, хэрэгжүүлэхэд онцгой үүрэгтэй болохыг цохон тэмдэглэж байна.

Харин төр засаг нь ард иргэд, баялаг бүтээгчдээ бүх талаар дэмжиж, бодлого нь тодорхой, дэмжлэг нь оновчтой, санхүүжилт нь хүртээмжтэй байж, төрийн байгууллага хоорондын уялдаа холбоо, төр-хувийн хэвшлийн түншлэлийг дээд зэргээр сайжруулж, сэтгэл гарган хамтран ажиллах ёстой. Ингэснээр бид улс орон, ард түмнээрээ амжилтад хүрнэ.

Улс орныхоо тусгаар тогтнол, хөгжил дэвшил, үр хүүхдийнхээ ирээдүйн сайн сайхны төлөө Монголоо гэсэн зүрх сэтгэлтэй хүн бүр “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг дэмжиж, хамтран ажиллахын зэрэгцээ эх орондоо үйлдвэрлэсэн хоол хүнс, бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг худалдан авдаг эх оронч хэрэглэгч байхыг Төрийн тэргүүн ард түмэндээ уриалж байна.

Энэ бол эх орноо, үндэсний үйлдвэрлэлээ дэмжсэн монгол хүний сэтгэл юм шүү. Энэ бол Та бидний ярьдаг эх оронч үзлийн нэг хэсэг юм. Тийм учраас эх орноо дэмжье, үйлдвэрлэгчдээ дэмжье, улс орноо хөгжүүлье гэвэл бид дотооддоо үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг авдаг байх ёстой.  Ингэж чадвал бид баялаг бүтээгчдээ бодитоор дэмжиж байгаагийн илэрхийлэл гэж бодож байна.

Өрх бүлээрээ хүнс үйлдвэрлэгч, улс орноороо хүнс экспортлогч болох зорилгод төр, засаг, ард түмнээрээ нэгдэж, нэгэн сэтгэлээр хамтран зүтгэцгээе.

Эх орондоо “ХҮНСНИЙ ХУВЬСГАЛ” хийцгээе.

Мөнх хөх тэнгэрийн хүчин дор Монгол Улс мандан бадрах болтугай!” гэлээ.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Хэн юу хэлэв...

Г.Дамдинням: Үүргээ биелүүлэхгүй байгаа шатахуун импортлогчдын тусгай зөвшөөрлийг цуцална

Огноо:

,

Шатахууны хангамж, нийлүүлэлтийг тогтворжуулах Шуурхай штабын шийдвэрийг хэрэгжүүлэхгүй, шатахуун түгээлтэд хязгаарлалт тогтоож буй аж ахуйн нэгжүүдэд торгууль ногдуулж, шаардлагатай тохиолдолд тусгай зөвшөөрлийг нь цуцлах хүртэл арга хэмжээ авна гэж Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням мэдэгдлээ.

Сүүлийн өдрүүдэд Улаанбаатар хотод АИ-92 автобензиний нийлүүлэлт нэмэгдэж байгаа ч зарим шатахуун түгээх станц 24 цагаар ажиллахгүй, боломжтой бүх түгээгүүрээр үйлчлэхгүй, зөвхөн талон болон гэрээт байгууллагад шатахуун олгох зэргээр борлуулалтад хязгаарлалт хийж байгаа асуудал гарчээ.

Наймдугаар сарын 14-нөөс хойш нийслэлд хоногт 2000-3000 тонн АИ-92 автобензин буулгаж байгаа бөгөөд нийлүүлэлтийг хэвийн болгохын тулд импортлогч компаниуд болон шатахуун түгээх станцууд түгээлтээ нэмэгдүүлэх шаардлагатай байгааг Шуурхай штабаас анхааруулсан байна.

Иймд шатахуун түгээх станцуудыг 24 цагаар ажиллуулах, боломжтой бүх түгээгүүрээр иргэдэд үйлчлэх, талон болон гэрээт байгууллага гэсэн шалтгаанаар жижиглэнгийн борлуулалтыг дур мэдэн хязгаарлахгүй байх чиглэл өгчээ.

Шуурхай штабын өгсөн үүргийг хэрэгжүүлээгүй аж ахуйн нэгжүүдэд эхний ээлжид холбогдох хууль, журмын дагуу торгууль ногдуулж, зөрчил үргэлжилсэн тохиолдолд тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авахыг холбогдох албаныханд үүрэг болгосон байна.

Г.Дамдинням шатахууны нийлүүлэлтийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ ирсэн бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд саадгүй хүргэх нь импортлогч, борлуулагч аж ахуйн нэгжүүдийн хүлээсэн үүрэг гэдгийг онцолжээ.

 
 
 
Дэлгэрэнгүй унших

Хэн юу хэлэв...

COP17-ийн үеэр зарим замаар аюултай ачаа тээвэрлэлтийг хязгаарлана

Огноо:

,

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал буюу COP17 арга хэмжээ энэ сарын 17-28-ны өдрүүдэд болно. Энэ үеэр аюултай ачаа тээвэрлэлтийн талаар Ачаа тээврийн төлөвлөлт, логистик хариуцсан, ахлах мэргэжилтэн Ц.Бямбасүрэн мэдээлэл өглөө.

Уг арга хэмжээ Улаанбаатар хотод зохион байгуулагдах гэж байгаатай холбоотой Нийслэлийн Засаг даргын А/1067 дугаар захирамжаар бэлтгэл ажлын төлөвлөгөөг баталсан. Энэхүү төлөвлөгөөнд хэд хэдэн байршил зорчих хөдөлгөөнийг хязгаарласан.

Үүнд:

Нарны зам Өгөөмөр захын зүүн урд уулзвараас Нарантуул ОУХТөвийн баруун урд уулзвар, Нарантуул ОУХТөвийн баруун урд уулзвараас Дүнжингарав худалдааны төвийн баруун урд уулзвар, Дүнжингаравын гудамж Дүнжингарав худалдааны төвийн баруун урд уулзвараас Зүүн жанжингийн уулзвар хүртэлх авто замын зорчих хэсгийн хөдөлгөөнийг 07:00–21:00 цаг хүртэл хязгаарлана.

Уулзалтад оролцож байгаа зочид төлөөлөгчдийн аюулгүй байдлыг хангах үүднээс хүний амь нас, эргүүл мэндэд хор хохирол учруулж болзошгүй аюултай ачаа тээвэрлэж байгаа тээврийн хэрэгслийг наймдугаар сарын 15-ны өдрөөс хориглосон замуудаар 24 цагаар хөдөлгөөнд оролцуулахгүй тул бусад зам талбайг сонгон зорчихыг зөвлөж байна.

COP17 олон улсын хуралд оролцогсдын аюулгүй байдлыг хангах үүднээс аюултай ачаа тээвэрлэгч 19 аж ахуйн нэгжид мэдээлэл хүргүүлж хамтран ажиллаж байна.

Дэлгэрэнгүй унших

Хэн юу хэлэв...

Багахангай–Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн төмөр замд есдүгээр сард туршилтын галт тэрэг явуулна

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал өнөөдөр стратегийн ач холбогдолтой Багахангай–Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн 127.1 км төмөр замын бүтээн байгуулалтын явцтай танилцаж, холбогдох албаныханд үүрэг даалгавар өглөө.

Өнөөдрийн байдлаар төслийн эхний 87.2 км-ийн үндсэн бүтээн байгуулалт дууссан бөгөөд Шувуун фабрик, Туул гол, Эмээлтийн чиглэлд далан, гүүр, хоолой болон төмөр замын дээд бүтцийн ажил үргэлжилж байна.

Төслийн хүрээнд Туул гол дээгүүр 476 метр урт төмөр замын гүүр барьж байгаа нь Монголын хамгийн урт төмөр замын гүүр болох аж. Бүтээн байгуулалтад үндэсний 95 аж ахуйн нэгж, 4000 гаруй монгол инженер, техникийн ажилтан, ажилчин оролцож байгаа бөгөөд төмөр зам ашиглалтад орсны дараа 1000 орчим байнгын ажлын байр шинээр бий болно гэж тооцжээ.

Шинэ төмөр замыг Богд уулын урдуур чиглүүлж, нийслэлийн төвөөр нэвтрэх шаардлагатай шатахуун, тэсэрч дэлбэрэх болон химийн аюултай ачаа, мөн станцуудын нүүрсийг хотоос гадуур тээвэрлэхээр төлөвлөсөн байна.

Төслийн эхний шатанд жилд 3.5 сая тонн, цаашид 20 сая тонн хүртэлх ачааг Улаанбаатар хотын төвөөр нэвтрүүлэхгүй тээвэрлэх боломж бүрдэх аж. Ингэснээр өдөрт 316-1800 том оврын автомашиныг нийслэлийн замын хөдөлгөөнөөс гаргах тооцоо гарчээ.

Мөн төмөр замын гармуудаар галт тэрэг нэвтрүүлэхийн тулд авто замын хөдөлгөөнийг хоногт дунджаар хоёр цаг хаадаг хугацааг 90 хүртэл хувиар бууруулах боломжтой гэж үзэж байна. Үүний зэрэгцээ хүнд даацын тээврийн хэрэгслийн хөдөлгөөн багассанаар нийслэлийн замын ачаалал, агаар орчны бохирдлыг бууруулахад тодорхой нөлөө үзүүлэхээр тооцжээ.

Ерөнхий сайд Н.Учрал шинэ төмөр замыг зөвхөн тээврийн дэд бүтэц бус, нийслэлийн аюултай ачаа тээврийг хотын төвөөс гаргах чухал шийдэл гэж онцлов. Тэрбээр 2024 онд газ тээвэрлэж явсан автомашин дэлбэрсэн ослыг дурдан, цаашид шатахуун, тэсэрч дэлбэрэх болон химийн аюултай ачааг энэхүү төмөр замаар нийслэлийн гадуур тээвэрлэх боломж бүрдэнэ гэдгийг тэмдэглэжээ.

Төслийн нийт хөрөнгө оруулалт 1.2 их наяд төгрөг бөгөөд урт хугацаанд 294.8 тэрбум төгрөгийн татвар төвлөрүүлж, 1.3 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллана гэсэн тооцоо гарсан байна.

Шинэ төмөр зам ашиглалтад орсноор Хөшигийн хөндий зөвхөн нисэх буудлын бүс бус, Монгол Улсын тээвэр, логистикийн шинэ зангилаа болон хөгжих нөхцөл бүрдэхээр байна. Мөн Зуунмод, Хүннү хот зэрэг дагуул хотын хөгжлийг дэмжиж, Улаанбаатар хотын хүн амын төвлөрлийг сааруулах суурь дэд бүтцийн нэг болно гэж Засгийн газар үзэж байгаа юм.

Төслийн цаашдын санхүүжилтийг шийдвэрлэх хүрээнд Олон улсын санхүүгийн корпорац болон Монгол Улсын Хөгжлийн банктай хамтран ажиллахаар төлөвлөжээ.

Ерөнхий сайд төмөр замын бүтээн байгуулалтыг товлосон хугацаанд дуусгах хүрээнд төмөр замын зурваст давхцаж буй газар, цахилгаан дамжуулах болон түгээх шугам, дэд станцыг нүүлгэн шилжүүлэх ажлыг шуурхай зохион байгуулах үүрэг өгсөн байна.

Мөн бүтээн байгуулалтын ажлыг чанарын шаардлагад нийцүүлэн гүйцэтгэж, 2026 оны есдүгээр сард туршилтын галт тэрэгний хөдөлгөөн эхлүүлэх, Хөшигийн хөндийд тээвэр, логистикийн төв байгуулах ажлыг эрчимжүүлэхийг холбогдох албаныханд даалгалаа.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Үйл явдал18 цаг 28 минут

ЦУОШГ: Ихэнх нутгаар их бороо орох тул үерийн аюулаас сэрэмжтэй байх...

Үйл явдал18 цаг 35 минут

COP17-д хоол, хүнсний үйлчилгээ үзүүлж буй 30 байгууллагад зөвлөн ту...

Дэлхий нийтээр..18 цаг 48 минут

Кушнер: Газын зурвасыг цэрэггүйжүүлэх үйл явц 30 хоногийн дотор эхэл...

Дэлхий нийтээр..18 цаг 51 минут

Иран АНУ-ын цэргийг Ормузын хоолой, Персийн буланд нэвтрүүлэхгүй гэв...

Үйл явдал18 цаг 56 минут

ОБЕГ НҮБ-Хабитаттай хот суурин газрын гамшгийн эрсдэлийг бууруулах ч...

Үйл явдал19 цаг 1 минут

Нийслэл COP17-ын Ногоон бүсэд хотын хөгжлийн төслүүдээ танилцуулж ба...

Үйл явдал19 цаг 4 минут

Монгол Улс шүлхийн вакцины хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр БНХАУ-т...

Үйл явдал19 цаг 9 минут

Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан

Үйл явдал2026/08/18

“Интермед” эмнэлэгт тэсрэх бөмбөг байрлуулсан гэх мэдээлэл ирж, ...

Хэн юу хэлэв...2026/08/18

Г.Дамдинням: Үүргээ биелүүлэхгүй байгаа шатахуун импортлогчдын тусга...

Үйл явдал2026/08/18

Монгол Улс ус, намгархаг газрын хамгааллыг цөлжилттэй тэмцэх бодлого...

Үйл явдал2026/08/18

COP17: Гэр хорооллын 10 мянга гаруй өрхийг цэвэр халаалтын шийдэлд ш...

Үйл явдал2026/08/18

Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан

Үйл явдал2026/08/18

COP17-ын Ногоон бүс олон нийтэд нээлттэй ажиллана

Үйл явдал2026/08/14

Туул гол дээгүүрх 476 метр төмөр замын гүүрийн угсралт үргэлжилж бай...

Хэн юу хэлэв...2026/08/14

COP17-ийн үеэр зарим замаар аюултай ачаа тээвэрлэлтийг хязгаарлана

Үйл явдал2026/08/14

“Туул усан цогцолбор” төслийг хэрэгжүүлснээр жилд 50-100 сая м.к...

Үйл явдал2026/08/14

АҮЭБЯ: Шатахууны түгээлт ирэх даваа гарагаас хэвийн болно

Дэлхий нийтээр..2026/08/14

Путин гадаадад гарч, ял шийтгэлээс зайлсхийсэн иргэдийн хөрөнгийг би...

Дэлхий нийтээр..2026/08/14

Өмнөд Солонгост Хятадын хоёр иргэнийг тагнуулын хэрэгт сэжиглэн бари...

Дэлхий нийтээр..2026/08/14

Дэлхийн хүн дүрст роботын спортын наадамд 2056 робот өрсөлдөнө

Үйл явдал2026/08/14

“Шатахуун зарна” гэх хуурамч зараар иргэдийг залилж байгааг анха...

Хэн юу хэлэв...2026/08/14

Багахангай–Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн төмөр замд есдүгээр ...

Үйл явдал2026/08/14

Улаанбаатарт өдөртөө 21 хэм дулаан

Үйл явдал2026/08/13

“СОР 17”-үеэр 600 сайн дурын идэвхтэн ажиллуулахаар бэлтгэжээ

Үйл явдал2026/08/13

ЗГ: Замын хөдөлгөөний хохирлыг бууруулах Үндэсний зөвлөлийг дахин сэ...

Үйл явдал2026/08/13

БНХАУ COP17 бага хурлын зохион байгуулалтад нэг сая ам.долларын дэмж...

Үйл явдал2026/08/13

"KHARKHORUM 360°" фестиваль шинэ жишгийг бий болгож байна

Үйл явдал2026/08/13

ЗГ: Цөлжилтийн үндэсний тайланг шинэчлэн гаргалаа

Үйл явдал2026/08/13

УИХ-ын дарга С.Бямбацогт СОР17 хурлын бэлтгэл ажилтай танилцав

Санал болгох