Үйл явдал
Байнгын хороодын хуралдаан болно
Өнөөдөр буюу 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдөр УИХ-ын байнгын, дэд хороодын хуралдаанаар хэлэлцэх асуудлуудыг танилцуулж байна.
- Монгол Улсын нэгдсэн төсвийн 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2021-2022 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2019.09.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
- Монгол Улсын 2020 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн Газрын төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Газрын төлбөрийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай, Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ирээдүйн өв сангийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Жолоочийн даатгалын тухай хуулийн зарим хэсэг заалт хүчингүй болсонд тооцох тухай, Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хөнгөлөлттэй нөхцөлөөр эрт тэтгэвэр тогтоолгосон зарим эхчүүд, эмэгтэйчүүдийн тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2019.09.26 -ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
- Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Засгийн газрын тусгай сангийн тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай, Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хуулийн хүчингүй болсонд тооцох тухай, Өрийн удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үйлдвэрлэлийг дэмжих тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай, Агаарын бохирдлын төлбөрийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Агаарын тухай хуулийн зүйлийг хүчингүй болсонд тооцох тухай, Тариалангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Усны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Байгаль орчныг хамгаалах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Тамхины хяналтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ыг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2019.09.26 -ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
- Гаалийн албан татварыг хөнгөлж, буцаан олгох тухай /Засгийн газар 2019.08.13-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
- Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл /Засгийн газар 2019.08.13-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
- Онцгой албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл /Биологийн олон янз байдлыг хамгаалах ба уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох нь III төслийн санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн, Засгийн газар 2019.10.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
- Төсвийн албаны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн нарын 15 гишүүн 2013.09.02-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
- Европын хөгжлийн сан болон Европын Холбооны нэгдсэн төсвөөс санхүүжиж буй төслүүдэд үйлчлэх Монгол Улсын татварын болон гаалийн зохицуулалтын тухай ерөнхий хэлэлцээрийн төсөл /Засгийн газар 2019.10.11-ний өдөр ирүүлсэн, зөвшилцөх, санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлнэ/.
- Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн З.Нарантуяа нарын 4 гишүүн 2019.10.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
- Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Х.Болорчулуун нарын 25 гишүүн 2019.10.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
- Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2019.10.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
- Монгол Улсын Иргэн гадаадад зорчих, цагаачлах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төсөл /Засгийн газар 2019.10.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
- Архив албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2019.10.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
- Улсын Их Хурлын даргын 2019 оны 177 дугаар захирамжаар байгуулсан ажлын хэсгийн санал, дүгнэлтийг танилцуулах.
- Шинжлэх ухааны академийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр нарын 6 гишүүн 2019.10.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
- Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн болон Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2018 оны тайланг Байнгын хороо хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх, санал, дүгнэлт, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн тайланг хэлэлцэнэ.
- Ажлын хэсэг байгуулах тухай /Зарим иргэдийн тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай хуулийн төсөл/.
- Байгууллагын саналын тухай.
Үйл явдал
Газрын тос боловсруулах үйлдвэрийг үйлдвэрлэл, технологийн паркийн хэлбэрээр хөгжүүлнэ
Засгийн газрын ээлжит хуралдаан 2026 оны наймдугаар сарын 19-ний өдөр болж, Дорноговь аймгийн Алтанширээ суманд баригдаж буй “Газрын тос боловсруулах үйлдвэр”-ийг дотоодын цэргийн хамгаалалтад авах шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаар албажуулж, Хуульзүй, дотоод хэргийн сайд С.Амарсайханд үүрэг өглөө. Дотоодын цэргүүд үйлдвэрийн бүсээс гадна ус хангамжийн эх үүсвэрийн барилга байгууламж, газрын тос дамжуулах хоолойн цогцолбор зэргийг хамгаалах юм.
Мөн энэ өдрийн хуралдаанаар “Газрын тос боловсруулах үйлдвэр”-ийг үйлдвэрлэл, технологийн паркийн хэлбэрт шилжүүлэх шийдвэр гарч, хэрэгжилтийг хангаж ажиллах үүргийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням болон бусад албан тушаалтанд өглөө. Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралыг “Газрын тосны үйлдвэр”-ийн бүтээн байгуулалтын талбайд ажиллах үеэр үйлдвэрийн удирдлагын зүгээс үл хөдлөхийн болон газрын татвар зэргээс шалтгаалан төсөл гацаанд орох, санхүүжилт зогсох, татварын өр төлбөр өдөр тутам нэмэгдэж байгаа зэрэг тулгамдсан асуудлаа танилцуулсан билээ. Тэгвэл үйлдвэрлэл, технологийн паркийн хэлбэрт шилжүүлэн хөгжүүлснээр эхний 10 жилд газрын төлбөр, эхний 5 жилд үл хөдлөх хөрөнгийн татвараас чөлөөлөгдөхөөс гадна дотоодын үйлдвэрлэлээс хангах боломжгүй импортын бараа материал, тоног төхөөрөмжийн гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татварыг 4 хүртэлх жилээр сунгуулах, гадаад ажилтны ажлын байрны төлбөрөөс чөлөөлөгдөх боломж бүрдэх юм.
Үйлдвэрлэл, технологийн паркийн нэгжийн техник, технологийн түвшний үнэлгээг Хүнд аж үйлдвэрийн технологийн түвшний үнэлгээний салбар зөвлөлөөр шуурхай хэлэлцсэний дараа хөгжлийн төлөвлөгөө, ТЭЗҮ-д үнэлэлт өгөх, газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, паркийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох ажлыг мөн үе шаттай, шуурхай шийдвэрлэнэ.
Үйл явдал
Өгөгдлийг эдийн засгийн эргэлтэд оруулж, шинэ эдийн засгийг бий болгоно
Засгийн газрын ээлжит хуралдаан 2026 оны наймдугаар сарын 19-ний өдөр болж, өгөгдлийг эдийн засгийн эргэлтэд оруулах зорилготой “Өгөгдлийн тухай анхдагч хууль”-ийн төсөл болон дагалдан өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг Засгийн газраар хэлэлцэн дэмжиж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтлоо.
Дэлхийн их өгөгдлийн зах зээл 2023 онд 327.26 тэрбум ам.доллароор үнэлэгдсэн бол 2024-2030 онд жилд дунджаар 14.9 хувиар өсөх тооцоолол гарсан нь өгөгдлийн хэрэглээ, хиймэл оюуны дэвшил нь өгөгдлийн дэд бүтцийн хөгжлийг шинэ шатанд гаргажээ. Улсын Их Хурлаас 2021 онд цахим хөгжлийг дэмжих багц хуулийг баталж, эрх зүйн орчныг бүрдүүлсэн ч өгөгдлийг байгууллага, салбар мэдээллийн систем хооронд солилцох, нэгтгэх, чанаржуулах, дахин ашиглах, эдийн засгийн эргэлтэд оруулах, дэд бүтцэд хөрөнгө оруулалт татах харилцааг бүрэн хамруулж чадаагүй аж. Өөрөөр хэлбэл, анхны зорилгоос өөрөөр дахин ашиглах нөхцлийг бүрдүүлээгүйгээс эдийн засгийн эргэлтэд оруулах боломжгүй байгаа нь анхдагч хуулийн төслийг боловсруулах үндэслэл, шаардлагыг бий болгосон байна.
Монгол Улсын давуу тал, алсын хараа, боломж, ирээдүй хэмээн тодорхойлж буй өгөгдлийг эдийн засгийн эргэлтэд оруулах анхдагч хуулийн талаар Ерөнхий сайд Н.Учрал хэлэхдээ “Дэлхий дахин хөрөнгө оруулалтыг хоёрхон салбарт хийж байгаа. Энэ нь сэргээгдэх эрчим хүч, дата төв. Эрчим хүчгүй дата төв байгуулагдахгүй. Бүх төрлийн эрчим хүчний арвин их нөөцийг ашиглаж л дата төв ажилладаг. Өргөн уудам газар нутаг, урт үргэлжилдэг хүйтэн сэрүүний улиралтай, 360 өдрийн 280 нь нартай, салхитай арвин их нөөцтэй оронд дата төвүүдийг барьж байгуулж, хөрөнгө оруулалт татах боломжтой. Энэ боломжийг дэлхий нийт харчихаад өөрсдөө сонирхлоо илэрхийлж байгаа. Бид шинэ эдийн засаг руу явахгүй бол уул уурхай, нүүрснээс хамааралтай эдийн засагтайгаар хөгжлийн тухай цаашдаа ярихгүй. Цаг үеэ олсон асуудал учраас манай Засгийн газрын үнэтэй өв болж үлдэх ажил” хэмээлээ.
Үйл явдал
Уул уурхайн хяналтад хиймэл оюун, дрон, зайнаас тандан судлалыг хослуулна
COP17-ын хүрээнд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Байгаль орчны улсын хяналтын газрын дарга Б.Мөнхтогтох “Уламжлалт газар дээрх хяналтыг зайнаас тандан судлал, газарзүйн мэдээллийн систем, хиймэл оюун ухаан, нисгэгчгүй нисэх төхөөрөмж болон нэгдсэн мэдээллийн сантай хослуулах боломж” сэдвээр илтгэл хэлэлцүүллээ.
Монгол Улсад уул уурхайн үйл ажиллагаа өргөн уудам, алслагдсан нутагт тархсан тул газрын эвдрэл, доройтол, нөхөн сэргээлтийн явцыг зөвхөн газар дээрх уламжлалт шалгалтаар тогтмол хянахад хүндрэлтэй байдаг.
Уул уурхайн хяналт шалгалтаар түгээмэл илэрдэг зөрчилд эвдэрсэн газрын техникийн болон биологийн нөхөн сэргээлтийг хугацаанд нь хийхгүй байх, байгаль орчны менежментийн төлөвлөгөөг бүрэн хэрэгжүүлэхгүй байх, ус ашиглах зөвшөөрөл, гэрээний шаардлага зөрчих, усны нөөц болон усан орчны хамгаалалтын дэглэмийг хангахгүй байх зэрэг асуудал багтдаг.
Мөн уурхайн үйл ажиллагаанаас үүдсэн газрын өөрчлөлтийг зохих ёсоор нөхөн сэргээгээгүй тохиолдол гардаг нь хөрс, усны нөөцөд дарамт учруулж, газрын доройтол, цөлжилтийг нэмэгдүүлэх эрсдэлтэйг онцолжээ.
Иймээс уул уурхайн хяналтад зайнаас тандан судлал, газарзүйн мэдээллийн систем, хиймэл оюун ухаан, дрон болон нэгдсэн мэдээллийн санг хослуулан ашиглах боломжийг өргөжүүлэхээр зорьж байна.
Технологид суурилсан хяналтаар газрын гадаргын өөрчлөлт, уурхайн талбайн тэлэлт, усны сан бүхий газрын өөрчлөлт, нөхөн сэргээлтийн явцыг тогтмол ажиглах боломжтой. Ингэснээр эрсдэл өндөртэй талбайг эрт илрүүлж, улсын байцаагчийн газар дээрх шалгалтыг илүү зорилтот, шуурхай, нотолгоонд суурилсан хэлбэрээр зохион байгуулах нөхцөл бүрдэх юм.
