Дэлхий нийтээр..
“Хөшигийн хөндийн эдийн засгийн чөлөөт бүс байгуулах тухай” УИХ-ын тогтоолыг баталлаа
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2022.04.07/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар “Хөшигийн хөндийн эдийн засгийн чөлөөт бүс байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явууллаа.
Уг тогтоолын төсөлд Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэр дэх “Чингис хаан” Олон улсын шинэ нисэх буудлыг түшиглэн “Хөшигийн хөндийн эдийн засгийн чөлөөт бүс” байгуулах, уг бүсийн газрын талбайн хэмжээг 1000 га-аар тогтоож, газрын байршил, хилийн заагийн эргэлтийн цэгийн солбицлыг тусгасан юм.
Тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явуулсан талаарх Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг танилцуулсан.
Эдийн засгийн байнгын хорооны 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн хуралдаанаар “Хөшигийн хөндийн эдийн засгийн чөлөөт бүс байгуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед төслийн талаар зарчмын зөрүүтэй санал гараагүй тул УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.22 дахь хэсэгт заасны дагуу төслийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулах горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн гэлээ.
Анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авсан.
Тухайлбал, УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар, өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж буй Чөлөөт бүсийн тухай хууль тогтоомжоор Хөшигийн хөндийн эдийн засгийн чөлөөт бүс байгуулах боломж хомс харагдаж байна. Хууль эрх зүйн орчныг өөрчлөх асуудлыг хэрхэн тооцож байгаа вэ. Чөлөөт бүс байгуулах нэг хэрэг. Гэтэл байгуулахаар олон арван хуулийг өөрчлөх хэрэгтэй болдог. Эрхзүйн тусгай дэглэмийн асуудалд онцгой анхаарал хандуулах шаардлагатай нь харагдаж байна. Олон улсын санхүү, худалдааны механизмыг дэмжсэн зохицуулалтууд хэрэгтэй болно гэж харж байна хэмээлээ.
Эдийн засаг, хөгжлийн дэд сайд С.Наранцогтын хариулснаар, өнөөгийн хүчин төгөлдөр үйлчилж буй Чөлөөт бүсийн тухай хуулиар НӨАТ, гаалийн татвар, үл хөдлөх эд хөрөнгийн гэх мэт цөөхөн хэдэн татварын хөнгөлөлтийн зохицуулалт байгаа. Бусад улсуудын туршлагыг харахад Стратегийн тусгай бүсийн тухай хууль гаргаж эдийн засгийн чөлөөт бүс, тусгай бүсийн үйл ажиллагааг зохицуулдаг юм байна. Одоогийн Чөлөөт бүсийн тухай хуулиар бид бүхний тавьж буй урт, дунд хөгжлийн бодлогод тодорхойлсон транзит монгол буюу Монгол Улс тээвэр ложистикийн хааб /Hub/ болох, экспортлогч орон болох зорилтыг хангах бололцоо бага байна гэж үзэж байгаа. Гэхдээ Засгийн газрын түвшинд тодорхой ажлууд хийж байна. Хөшигийн хөндийн төсөл дээр “Жайка” олон улсын байгууллага судалгаа, техник туслалцааны тал дээр хамтран ажиллаж байна. Түүнчлэн Дэлхийн банк болон бусад хөгжлийн түншүүдээс энэ чиглэлээр зөвлөх үйлчилгээ авч, хуулийн шинэчлэл, стратегийн тусгай бүсийн тухай хуулийн төсөл боловсруулж хэлэлцүүлэхээр бэлтгэж байна гэлээ.
Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтын асуудал хариуцсан захиргааны дарга, Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч Д.Оюунхорол, Хөшигийн хөндийд эдийн засгийн чөлөөт бүсийг байгуулж, олон улсын санхүүгийн төвийг бий болгохын тулд бие даасан хууль боловсруулж батлуулах шаардлагатай гэж Засгийн газар үзэж байгаа. Олон улсын жишиг, стандартын шаардлагад нийцүүлсэн хуулийн төслийг боловсруулан батлуулж чадвал стратегийн байрлалын хувьд Монгол Улс дэлхийн олон улсыг холбох санхүүгийн гүүр нь болох бүрэн боломж байгаа гэж Ерөнхий сайд онцолсон. Дэлхийн олон орон дахь чөлөөт бүсүүд хууль эрх зүйн таатай орчноороо өрсөлдөн, илүү боломжийг амлан дэлхийн том хөрөнгө оруулагчдыг татдаг. Тиймээс бид олон орны санхүүгийн төвүүдийн үйл ажиллагаа, хуулиудыг судлан ажиллаж байна гэсэн хариултыг өгсөн.
Эцэст нь Эдийн засгийн байнгын хороо дэмжсэн төслийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулах горимын саналыг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнээр тогтоолыг эцэслэн баталлаа.
Дэлхий нийтээр..
НҮБ дайн үргэлжилбэл дэлхийд өлсгөлөн нэмэгдэх эрсдэлтэйг анхааруулав
НҮБ-ын Дэлхийн хүнсний хөтөлбөр (WFP)-өөс 2026 оны дөрөвдүгээр сарын 16-ны өдөр гаргасан мэдэгдэлд дурдсанаар, Ойрхи Дорнодын бүс нутагт үүсээд буй хурцадмал байдал, ялангуяа Ирантай холбоотой зөрчил үргэлжилбэл дэлхийн хэмжээнд нэмэлт 45 сая хүн хурц өлсгөлөнд нэрвэгдэх эрсдэлтэй байгааг анхааруулжээ.
Энэ талаар НҮБ-ын Дэлхийн хүнсний хөтөлбөрийн Гүйцэтгэх захирал Синди Маккейн анхааруулахдаа, геополитикийн хурцадмал байдал нь дэлхийн хүнсний аюулгүй байдалд ноцтой дарамт учруулж байгааг онцолсон байна.
Тус байгууллагын мэдээлснээр, дайн, зөрчил нь зөвхөн тухайн бүс нутагт төдийгүй дэлхийн хүнсний хангамж, тээвэр логистик, эрчим хүчний зах зээлд шууд болон дам нөлөө үзүүлж байгаа аж. Үүний улмаас хүнсний бүтээгдэхүүний үнэ өсөх, нийлүүлэлт тасалдах, эмзэг эдийн засагтай орнуудын худалдан авах чадвар буурах зэрэг сөрөг үр дагавар нэмэгдэх төлөвтэй байна.
Одоогийн байдлаар дэлхий даяар хэдийнэ олон сая хүн хүнсний хомсдолд өртөөд байгаа бөгөөд дээрх нөхцөл байдал үргэлжилбэл энэ тоо цаашид огцом нэмэгдэх эрсдэлтэйг НҮБ онцолсон байна. Иймд олон улсын хамтын нийгэмлэгийг зөрчлийг намжаах, хүмүүнлэгийн тусламжийг нэмэгдүүлэх, хүнсний хангамжийг тогтвортой байлгахад анхаарахыг уриалжээ.
Шинжээчдийн үзэж буйгаар, геополитикийн тогтворгүй байдал нь дэлхийн эдийн засаг, ялангуяа хүнсний аюулгүй байдалд мэдэгдэхүйц нөлөө үзүүлж байгаа бөгөөд ойрын хугацаанд энэ чиг хандлага үргэлжлэх төлөвтэй байна.
Дэлхий нийтээр..
Хиймэл оюунд суурилсан технологийн хөгжил хурдасч, дэлхийн өрсөлдөөн шинэ шатанд хүрэв
Сүүлийн жилүүдэд хиймэл оюунд суурилсан технологийн хөгжил эрчимжиж, дэлхийн томоохон компаниудын өрсөлдөөн шинэ шатанд хүрлээ. Үйлдвэрлэл, тээвэр, мэдээллийн технологийн салбарт автоматжуулалт, ухаалаг системийн хэрэглээ эрс нэмэгдэж, хүний оролцоог багасгах чиг хандлага давамгайлж байна.
Хиймэл оюуны шинэ үеийн загварууд илүү нарийвчлалтай, хурдтай ажиллах чадвартай болж, их хэмжээний өгөгдлийг богино хугацаанд боловсруулах боломжийг өргөжүүлэв. Энэ нь бизнесийн шийдвэр гаргалтад шууд нөлөөлөх хэмжээнд хүрчээ. Жолоочгүй тээврийн хэрэгсэл, роботжуулсан үйлдвэрлэл бодит хэрэглээнд улам ойртож, туршилтаас хэрэглээ рүү шилжих үе шат идэвхжив.
Нөгөө талаас дата төвүүдийн хүчин чадал нэмэгдэхийн хэрээр эрчим хүчний хэрэглээ өсөж, байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн асуудал олон улсын анхаарлын төвд орж байна.
Мөн технологийн энэ хурдац хөдөлмөрийн зах зээлд өөрчлөлт авчирч, зарим ажлын байр буурч, шинэ ур чадварын эрэлт нэмэгдэх нөхцөл бүрдэв.
Иймээс улс орнууд технологийн бодлогоо шинэчилж, инновац, хүний нөөцийн бэлтгэлийг чухалчлах шаардлага улам тодорч байна.
