Үйл явдал
УИХ-ын байнгын хороод хуралдана
Өнөөдөр буюу 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хуралдах УИХ-ын байнгын хороодын хуралдаанаар хэлэлцэх асуудлуудыг танилцуулж байна.
1.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 10.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:
Хэлэлцэх асуудал:
- “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2019.06.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/.
2. Төсвийн байнгын хорооны хуралдаан 11.00 цагаас “Г” танхимд:
Хэлэлцэх асуудал:
- Гаалийн албан татварыг хөнгөлж, буцаан олгох тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл /Засгийн газар 2019.08.13-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
- Онцгой албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл /Биологийн олон янз байдлыг хамгаалах ба уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох нь III төслийн санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн, Засгийн газар 2019.10.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
- Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2018.12.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
- Орон нутгийн хөгжлийн сангийн 2018 оны хөрөнгийн зарцуулалтад хийсэн нийцлийн аудитын тайлан /Үндэсний Аудитын газраас 2019.09.05-ны өдөр ирүүлсэн/;
- Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтэд хийсэн нийцлийн аудитын тайлан /Үндэсний Аудитын газраас 2019.10.01-ний өдөр ирүүлсэн/.
3. Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:
Хэлэлцэх асуудал:
- Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Д.Дамба-Очир 2018.01.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
- Зарим иргэдийн тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Ц.Гарамжав 2019.10.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
- Ажлын хэсэг байгуулах тухай /Шинжлэх ухаан технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд/;
- Ажлын хэсэг байгуулах тухай /Нөхөн үржихүйг дэмжих зохицуулалтын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд/.
4. Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан 15.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:
Хэлэлцэх асуудал:
- Таримал ургамлын үр, сортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2019.06.07-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
- Усны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн “Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2019.09.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/.
Үйл явдал
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад төрийн айлчлал хийнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Кемелевич Токаевын урилгаар 2026 оны дөрөвдүгээр сарын 20-23-ны өдрүүдэд тус улсад төрийн айлчлал хийнэ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн түвшинд тус улсад 20 жилийн дараа болох энэ айлчлалын үеэр хоёр орны төрийн тэргүүн ганцаарчилсан уулзалт, албан ёсны хэлэлцээ хийж, хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөлд мэдээлэл өгнө.
Тухайлбал өнгөрсөн 30 гаруй жилийн харилцааны ололт, амжилтыг дүгнэн, “Стратегийн түншлэл”-ийн харилцааг өргөжүүлэх, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулах, олон улс, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэх талаар хэлэлцэх юм.
Айлчлалын хүрээнд талууд харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхтэй холбоотой Засгийн газар болон байгууллага хоорондын баримт бичгүүдэд гарын үсэг зурахаар төлөвлөж байна.
Мөн хоёр улсын аж ахуйн нэгжүүд бизнес форум зохиож, Үндэсний урлагийн их театрын уран бүтээлчид Астана хотноо анх удаа “Монголын сайхан орон” хүндэтгэлийн тоглолтоо толилуулна.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн айлчлалын үеэр Астана хотноо болох Экологийн асуудлаарх бүс нутгийн дээд түвшний уулзалтад оролцоно.
Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев 2024 онд Ерөнхийлөгчийн урилгаар манай улсад төрийн айлчлал хийсэн нь харилцаа, хамтын ажиллагааг бүх салбарт гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд чухал түлхэц болсон.
Энэ айлчлалын үеэр хоёр улсын төрийн тэргүүн уламжлалт найрсаг харилцааны түвшнийг шат ахиулан “Стратегийн түншлэл”-д хүргэснээ тунхаглан зарласан юм.
Ингэснээр Казахстан нь Төв Азийн бүс нутаг дахь манай улсын анхны Стратегийн түнш орон болж байлаа.
Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улс 1992 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр дипломат харилцаа тогтоосон түүхтэй.
Манай улсаас 1998 онд Ерөнхийлөгч Н.Багабанди, 2007 онд Ерөнхийлөгч Н.Энхбаяр нар Казахстан Улсад төрийн айлчлал хийжээ.
Үйл явдал
АНУ цэргээ татсаны дараа Сири улс цэргийн баазуудыг хяналтдаа авлаа
2026 оны дөрөвдүгээр сарын 16-ны өдөр олон улсын хэвлэлүүдийн мэдээлснээр, АНУ Сири дэх цэргийн хүчнээ бүрэн татсаны дараа тус улсын нутаг дэвсгэрт байрлаж байсан бүх цэргийн баазууд Сирийн талын хяналтад шилжжээ.
Сирийн эрх баригчид мэдэгдэхдээ, өмнө нь АНУ-ын цэргүүд байрлаж байсан баазуудыг шат дараатайгаар хүлээн авч, одоогоор бүрэн хяналт тогтоосон гэж мэдээлсэн байна. Энэ үйл явц нь АНУ-ын цэргийн алба хаагчдыг үе шаттай гаргасны дараа хэрэгжсэн бөгөөд шууд мөргөлдөөн, зэвсэгт сөргөлдөөнгүйгээр явагдсан гэж эх сурвалжууд онцолжээ.
АНУ Сирид олон жилийн турш “Исламын улс” бүлэглэлтэй тэмцэх хүрээнд цэргийн ажиллагаа явуулж, хойд болон зүүн бүсийн хэд хэдэн стратегийн баазыг ашиглаж байсан юм. Харин сүүлийн үед бүс нутгийн нөхцөл байдал, стратегийн өөрчлөлттэй холбоотойгоор цэргийн оролцоогоо бууруулж, улмаар бүрэн гаргах шийдвэр гаргасан байна.
Шинжээчдийн үзэж буйгаар, АНУ-ын цэргийн оролцоо ийнхүү дуусгавар болж, баазуудыг Сирийн талд шилжүүлсэн нь бүс нутгийн геополитикийн тэнцвэрт байдалд тодорхой нөлөө үзүүлж болзошгүй юм. Цаашид Сирийн дотоод аюулгүй байдал, олон улсын оролцооны шинэ шат эхлэхийг үгүйсгэхгүй гэж ажиглагчид дүгнэж байна.
Үйл явдал
Ерөнхий сайд Н.Учрал гадаадын улсуудад томилогдсон Элчин сайд нарыг хүлээн авч уулзав
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсаас гадаадын улсуудад суух Элчин сайд нарыг 2026 оны дөрөвдүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч уулзав. Уулзалтад Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг болон Монгол Улсаа гадаад улсад төлөөлөн суух 14 Элчин сайд оролцлоо.
Шинээр томилогдсон Элчин сайд нар өнгөрсөн гурван сарын хугацаанд бэлтгэлээ хангаж Засгийн газрын гишүүдтэй уулзалт хийж, орон нутагт томилолтоор ажиллаж, үндэсний томоохон үйлдвэрлэгч компаниудын төлөөлөлтэй уулзжээ.
Олон улсын харилцаа, дэлхийн дэг журам өөрчлөгдөж буй онцгой цаг хугацаанд томилогдож буй Элчин сайд нар уламжлалт арга барилаасаа орчин үеийн чиг хандлагад хөрвөн илүү прагматик, тоо, чанарын үзүүлэлтээ сайжруулж ажиллах хэрэгтэйг Ерөнхий сайд Н.Учрал хэллээ.

Мөн Монгол Улсын Засгийн газар худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт болон ногоон эдийн засаг, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлэх, гадаадын банк оруулж ирэх зэргийг тэргүүлэх чиглэлээ болгон либерал бодлого баримтлан ажиллаж байгааг онцлов.
Олон улсын харилцаа, геополитикийн нөхцөл байдал хурцдаж, мөргөлдөөн, сөргөлдөөний голомт олширч, улс гүрэн хоорондын талцал гүнзгийрч байгааг харгалзан гадаад бодлогын үйл ажиллагааны механизм, арга барилыг боловсронгуй болгоход анхаарахыг мөн захив. Чингэхдээ суугаа орон, бүс нутаг болон дэлхийн томоохон өөрчлөлт, эрсдэлийг урьдчилан харж, Монгол Улсын ашиг сонирхолд нийцсэн байр суурийг цаг алдалгүй тодорхойлж байх нь чухал гэлээ. Ялангуяа сансрын орон зай, хиймэл оюун, газрын ховор метал зэрэг салбарын хөгжлийг соргог ажиглаж, хамтын ажиллагааны тодорхой ахиц гаргахын төлөө идэвх зүтгэл гарган ажиллахыг үүрэг болгов.
Мөн Элчин сайд бүхний хамгийн том даалгавар болох, “хүчтэй монгол паспорт”-ыг бүтээх зорилгоо амжилттай хэрэгжүүлэхийг даалгав.

