Бидэнтэй нэгдэх

Хэн юу хэлэв...

Ч.Жаргалбаатар: Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэснээр ял завших явдлыг бууруулна

Огноо:

,

Сэтгүүлч:

АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн III албаны дарга, ахлах комиссар Ч.Жаргалбаатартай ярилцав.

-Сүүлийн үед хэргийг хялбаршуулсан журмаар шийдэх гэдэг талаар нэлээд яригдах боллоо. Та хялбаршуулсан журам гэдэг ойлголтыг эхлээд тайлбарлахгүй юу?

-Гэмт хэрэг үйлдэж буй хүний хувьд тухайн гэмт үйлдлээ илрэхгүй, хариуцлага хүлээхгүй гэсэн итгэл, магадлалд тулгуурлан үйлддэг болохыг олон судалгааны тайланд дурдсан байна. Нийгэмд аюултай зохион байгуулалтад орсон бүлэг, бүлэглэлийн хэргийг илрүүлэх, гэм буруутай хүмүүст хариуцлага хүлээлгэхэд бэрхшээл нэлээд тулгардаг. Хохирсон этгээд хохирлоо нөхөн төлүүлэх, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх процесс удааширч цаг хугацаа, эдийн засгийн хувьд нэмж хохирох, мөрдөн шалгах, хянан шийдвэрлэх урт хугацаа бүхий процесс нь оролцогч нарыг залхаадаг байдал илэрхий харагдаж байгаа. Суурин соёл иргэншилтэй, эрх зүйн өндөр хөгжил бүхий улс орнуудад зохион байгуулалт бүхий хэргүүдийг хялбараар шийдвэрлэх, урт удаан процессыг халах зорилгоор PLEA BARGAIN гэсэн ойлголтыг бий болгож, улс орон бүр өөрийн хууль тогтоомжид нийцүүлэн хэрэглэж байна.

Ромын эрин үед эрүүгийн хариуцлагыг зөвшилцөн шийдвэрлэж байсан практик хөгжиж, өнөө цагт эрх зүйн бүл харгалзахгүй 90 орчим улс “хэргийг хялбаршуулсан журам”-аар шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлсэн. АНУ 1920 онд нийт хэргийн 50 хувийг хялбаршуулж шийдвэрлэж байсан бол одоо 95 хувьд хүрсэн, Орос, Хятад, Англи, Итали, Франц, Хорват зэрэг орнуудад энэ журмыг түгээмэл ашиглаж байгаа талаар Роберт Странг илтгэлдээ дурджээ.

“Гэмт хэргийг илрүүлэхэд туслалцаа үзүүлсэн, мэдээлэл өгсөн, эрх бүхий байгууллагатай хамтран ажилласан бол түүнийг гэм буруугаа хүлээсэнд тооцон ял оногдуулж, хөнгөрүүлж, чөлөөлж болно”, “Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх” гэсэн зохицуулалтыг хуульчлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 13.3 дугаар зүйлд “Хамтран ажиллах этгээдээр тогтоох”, мөн хуулийн 17 дугаар зүйлд “Яллагдагч хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх” гэсэн процессууд  хуульчлагдсан.

-Манай улсын хууль тогтоомжуудад энэ талаар хэрхэн заасан байдаг вэ? Хуульд заасан бол бас тэгээд хэрэгжүүлэх нь зайлшгүй байх л даа?  

-Эхлээд Авлигын эсрэг НҮБ-ын конвенцийг авч үзэх ёстой. Учир нь улс орнуудын авлигатай тэмцэх үндэсний хууль тогтоомжийн эх суурь нь НҮБ-ын конвенц байдаг. Авлигын эсрэг НҮБ-ын конвенцийн 37 дугаар зүйлд “Гэмт хэргийг үйлдэхэд оролцсон хүмүүс мөрдөн шалгах ажиллагааны явцад баримт нотолгоо мэдээллийг гаргаж өгөх, хохирлыг нөхөн төлөх зэргээр мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлсэн бол эрх бүхий байгууллага хөхиүлэн дэмжих талаар зохих арга хэмжээ авна”, “Оролцогч улс бүр энэхүү конвенцийн дагуу тогтоосон гэмт хэргийг мөрдөн шалгах буюу яллахад идэвхтэй хамтран ажиллаж буй яллагдагч этгээдийн ялыг зохих тохиолдолд хөнгөрүүлэх боломжийг олгох асуудлыг авч үзнэ”, “Оролцогч улс бүр энэхүү конвенцийн дагуу тогтоосон гэмт хэргийг мөрдөн шалгах буюу яллахад идэвхтэй хамтран ажиллаж буй этгээдэд яллагдахаас чөлөөлөгдөх дархан эрхийг олгох боломжийг дотоодын хууль тогтоомжийнхоо тулгуур зарчимд нийцүүлэн олгох асуудлыг авч үзэхийг үүрэг болгосон” нь манай улсын Эрүүгийн хуульд хялбаршуулсан журмыг хуульчлах үндэслэл болсон.

Монгол Улсын хууль тогтоох байгууллагын хувьд хэрэг маргааныг богино хугацаанд шийдвэрлэх арга замыг эрэлхийлж байсан гэж ойлгодог. Иргэний хэрэг, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хялбаршуулсан журмыг хуульчлан өгсөн нь ач холбогдлоо өгч Шүүхийн ерөнхий зөвлөлөөс хийсэн судалгаагаар нийт шийдвэрлэж буй хэргийнхээ 30-40 хувьд хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн гэсэн судалгааны дүн бий.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн хүмүүст өршөөл, уучлал үзүүлэх, 2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлд “яллагдагч, шүүгдэгч нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан нөхцөлд хохирогч нь яллагдагч, шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн бол хэргийг хэрэгсэхгүй болгох” зохицуулалт хуульчилж, хэрэгжүүлсэн жишээнээс тодорхой харагдана.

-Хялбаршуулсан журмаар хэрэг шийдвэрлэхийн давуу тал нь юу вэ?

-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршдог. Гэмт хэрэг үйлдсэн хүн буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч бусдад учруулсан хохирлоо нөхөн төлөөд хуульд заасан хорих ялыг хөнгөрүүлж, албадлагын арга хэмжээ хэрэглэх хүсэлтийг гаргаж шүүхээс Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасан журмаар хэргийг шийдвэрлэж байгаа нь Үндсэн хууль, Эрүүгийн хуулийн үзэл санаа, зарчимд нийцнэ. 

Гэмт хэрэг үйлдсэн хүний хувьд хуульд зааснаас хөнгөн ял шийтгэл хүлээнэ, мөрдөн шалгах болон хянан шийдвэрлэх ердийн хугацаа буюу хэт урт хугацаанд бус,  богино хугацаанд хэргээ шийдвэрлүүлнэ, хохирогчийн хувьд учирсан хохирлоо богино хугацаанд нөхөн төлүүлнэ, шүүх хуралдаанд мэдүүлэг өгөх, хохирол төлөгдөөгүй бол давж заалдах ажиллагаан дахь зардлаас чөлөөлөгдөнө, шүүх хуралдааны ихээр хойшилдог, хэрэг нэмэлт ажиллагаа хийгдэхээр буцаагдах, шүүхийн шийдвэрийн дагуу хохирол нөхөн төлөгдөхгүй байх, хөөн хэлэлцэх хугацаа дуусаж хэрэг хэрэгсэхгүй болох зэрэг эрсдэлүүд үүсэхгүй.

Гэрч, шинжээч нарын хувьд мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэг өгсөн бол дахин шүүх дээр мэдүүлэг өгөх, шүүхийн дуудсан цагт ажлаасаа чөлөө авах, хоол, унааны зардал гаргах, занал хийлэл, нөлөөлөлд өртөхгүй байх давуу талтай.

Прокурор шүүх хуралдаанд бэлтгэх болон болзошгүй шүүн таслах ажиллагаанд цаг хугацаа, хөрөнгө зарцуулахаас зайлсхийж, ялыг тохиролцдог яллах ажиллагаа, шүүх хуралдааны явцад гарах зардал хэмнэгдэж төсвийн хөрөнгө  үрэгдэхгүй, урт удаан хугацааны эрүүгийн шүүх хуралдаанаас зайлсхийх боломжийг олгодог. Нөгөө талдаа шат шатны шүүхийн ачаалал  буурдаг сайн талтай.

-Хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдэг үндэслэлээр олон томоохон хэрэг хэрэгсэхгүй болж байгаа. Авлигын гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа бага байдгийг ч хэлэх үү. Гэм буруугаа өөрөө хүлээгээд, хохирлоо төлөөд, дээр нь тодорхой ял хүлээлгэдэг болохоор уг нь хэрэгтэй юм.

-Албан тушаалтнаас албан тушаалын байдлаа ашиглан үйлдсэн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа богино байгаагаас үүдэн ял завшсан олон тохиолдол  гардаг. Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргүүд буюу залилах, завших гэмт хэрэгт оногдуулж болох ял санкц өндөр учраас хөөн хэлэлцэх хугацаа урт байдаг бол хохирол хор уршиг нь ойролцоо, магадгүй их байдаг авлигын гэмт хэрэгт оногдуулах ял санкц бага, үүнээс улбаалан хөөн хэлэлцэх хугацаа богино байгаа.

Албан тушаалтнуудын хувьд нийгэмд аюултай үйлдэл хийчихээд ял шийтгэлээс зайлсхийх, тэр тусмаа хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хариуцлагаас зайлсхийх гэсэн оролдлого гаргасаар байгаа, олон хэрэг шүүхийн шатанд гэм буруутайд тооцогдож хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болж шийдвэрлэгдлээ. Энэ бүхний дараа нийтэд, нийгэмд өөрийгөө гэмт хэрэг үйлдээгүй, гэм буруугүй байсан гэж ойлгуулах, дахин төрийн албанд орох  зорилго, мөрөөдлийн доор хэргийг мөрдөн шалгасан мөрдөгч, хянасан прокурор, шийдвэр гаргасан шүүгч нарыг гүтгэх, нэр төрд нь халдсан мэдээ мэдээлэл нийтлэх үйлдэл түгээмэл болсон.  

“Би хэлмэгдлээ, би шударга байсны төлөө намайг хорьсон, ял шийтгэх гэж байна” гэсэн захидал, ярилцлага нийтийн цахим сүлжээнд нийтлүүлэх, олон нийт иргэдийг талцуулах үйл ажиллагаа явуулдаг. Зарим хүмүүс гадаад улс оронд оргон зайлж байхад зарим нэг хүмүүс УИХ-ын сонгуульд нэр дэвших, гишүүнээр сонгогдсоноор тухайн хүмүүс эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолтой танилцахгүй, яллах дүгнэлт гардан авахаас татгалзаж, худал үгээр иргэдийг төөрөгдүүлж хууль хяналтын байгууллагын үйл ажиллагааг дорд үзсээр яваа.

Хэргийг шийдвэрлэх ажиллагааг удаашруулах, оргон зайлах, шүүхээс хэргээ буцаалгаж байгаа үйлдлийн цаана хөөн хэлэлцэх хугацаа богино байгааг ашиглах гэсэн санаархал цухалзаад байдаг. Хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлэснээр ял завших бололцоо тодорхой хэмжээнд буурна.

-Гэхдээ яагаад нийгэмд энэ журмыг шүүмжлээд байгаа юм бол? Тэдэнд бодит тайлбар очихгүй байгаагаас уу? Эсвэл хялбаршуулсан гэдгийн цаана авлигачид ял завшаад байгаа нь үнэн юм болов уу?

-Аливаа факт эерэг, сөрөг гэсэн хоёр талтай байдаг. Хялбаршуулсан журам ч өөрийн гэсэн сул талтай. 2017 оны 7 дугаар сараас хойш энэ журмыг хэрэгжүүлснээр таван жил болж байна. Энэ хугацаанд хүмүүс хуулийн хийдэлтэй болон давуу талыг олж харж байгаа байх.

Хувь хүний хувьд хялбаршуулсан журмын ойлголт, үр нөлөөг таниулах ажил дутуу дулимаг хийгдсэн байна гэж хардаг.  Энгийн жишээ ярих юм бол нийтийн сүлжээнд хандалт авах гэсэн хүмүүс 100 сая төгрөг хахуульд авсан хүн 40 сая төгрөгөөр торгуулаад 60 сая төгрөгийн ашигтай гэх мэт мэдээлэл түгээдэг. Бодит байдал дээр бол хахуульд авсан 100 сая төгрөгийг улсын орлого болгоод, торгуулийн ял оноож байгаа.

Прокурор, мөрдөгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан яллагдагчид Эрүүгийн хуулийн 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг үндэслэн ял оногдуулах, ялаас чөлөөлөх, ял оногдуулахгүй тэнсэж албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай болон энэ бүлэгт заасан журмаар хэрэг хянан шийдвэрлэх үндэслэл, журмыг танилцуулах хуультай.

Хуулийн 6.7 дугаар зүйлд энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах гэсэн заалт шүүмжлэл дагуулаад байгаа. Мөн зүйлийн 4 дэх хэсэгт ...тусгай ангид хорих ялын дээд хэмжээг арван хоёр жил, эсхүл арван таван жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулахаар хуульчилсан.

Авлигын гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацаа богино, ял санкц хөнгөн байна гэж хууль тогтоогч үзсэн бол Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлгийн гэмт хэргийн ял санкцыг нэмэгдүүлснээр хөөн хэлэлцэх хугацаа, хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой хийдэл гэж үзээд байгаад асуудал бүрэн шийдэгдэх боломжтой.

Улс орнуудын шүүхийн шийдвэртэй танилцаад үзэхээр буруутай этгээдээр  учруулсан хохирлыг нөхөн төлүүлээд хорих болон торгуулийн ялыг үндсэн, эд хөрөнгө хураах ялыг нэмэгдэл ялаар хэрэглэж байна. Манай улсын хувьд (2002 он)  Эрүүгийн хуулийн 46 зүйлд Эд хөрөнгө хураах ялыг нэмэгдэл ялын чанартай хэрэглэж байсан бол 2015 оноос хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээ болгон хуульчилснаар хариуцлагын үр нөлөө нь буурсан тул эд хөрөнгө хураах албадлагын арга хэмжээг ялын төрөлд хамруулах шаардлага үүссэн.

Торгуулийн ял нэмээд эд хөрөнгө хураах ял оноож байгаа зарим жишээг хэлье. Лондон дахь “Ex-Oil” компанийн өмнөх захирал Дэвид Люфкинийг 2019 оны 2 дугаар сараас 2021 оны 1 дүгээр сарыг хүртэлх хугацаанд авлигын 11 хэрэг үйлдсэнийг тогтоож, өөрөө гэм буруугаа хүлээн зөвшөөрч, 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хэргийг шүүхэд шилжүүлсэн байна. Шүүхээс түүнд 140 мянга гаруй фунт стерлинг төлөх торгууль ногдуулсан. Люфкин 2012-2018 онд Ирак, Саудын Араб, Арабын Нэгдсэн Эмират улсад авлигын гэмт хэрэг үйлдсэн гэдгээ хүлээн зөвшөөрч, хоёр жилийн тэнсэн харгалзах ял авчээ. Люфкин 2021 оны 10 дугаар сард Онц ноцтой авлигатай тэмцэх албатай албан ёсны хамтын ажиллагааны гэрээ байгуулсан байсан тул түүнд илүү хөнгөн ял оноосон талаар дэлхий нийтэд яг одоогоор мэдээлэгдээд байна. 

-Манай улсад хялбаршуулсан журмаар хэрэг шийдсэн жишээ цөөнгүй бий. Хаянхярваагаас гадна Нямдоржийн хэрэг гэх мэт.

-Өнөөдөр мөрдөгдөж байгаа хуулийн хүрээнд хэргүүдийг шийдвэрлэсэн. Тухайн хүмүүс ч гэсэн мөрдөгч нарыг буруутгах, байгууллагын буруутгах гэсэн үйлдэл хийж байсан хэдий ч нотлох баримт, тогтоогдсон нөхцөл байдалд дүгнэлт хийгээд хуулийн боломжийг ашиглахаар шийдэж хүсэлтээ прокурорт гаргаж хэргээ шийдвэрлүүлсэн байх. Түүнээс тухайн хүмүүст давуу байдал олгох, ял завшуулсан зүйл биш. http://old.shuukh.mn/  сайтад нэвтэрч олон нийтийн анхаарал татаад байгаа хэргүүдийг шийдвэрлэсэн тогтоол, магадлалтай танилцах юм бол нотлогдсон байдал, шүүхийн шийдвэрийн талаар мэдээлэлтэй болж чадна.

-Миний харж байгаагаар, хялбаршуулсан журмаар хэрэг шийдэхийн сөрөг тал нь аливаа гэмт хэрэгт оноох ял шийтгэлийн урьдчилан сэргийлэх зорилго хангагдахгүй болж байгаа юм шиг. Дараа дараагийн авлигын гэмт хэрэг үйлдэх сэдлийг төрүүлэх вий. “Өө ингээд л авснаа буцааж өгөөд л хорих ялгүй үлдэх юм байна” гэдэг ч юм уу. Онолын хувьд ингэж харах боломжтой юу?

-Миний хувьд арай өөрөөр харж байна. Хөөн хэлэлцэх хугацаа дуустал хянан шийдвэрлэх ажиллагааг удаашруулдаг байдлыг тодорхой хэмжээнд халж чадна. Гэм буруугаа хүлээж хохирлоо нөхөн төлсөн хүний хувьд шүүх хялбаршуулсан журмаар ял шийтгэл оноодог.

Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх зарчимтай бөгөөд шүүх зарчимдаа тулгуурлан ял шийтгэл оногдуулах асуудал. Хариуцлага хүлээсэн хүний хувьд Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.3-д зааснаар төрийн жинхэнэ албан тушаалд томилогдох эрх нь хязгаарлагдана шүү дээ.

Авлигын гэмт хэргийн ял шийтгэл хөнгөн байгаа. Нийгмийн хор аюулаар ойролцоо хэргүүдтэй дүйцүүлэх, салбарын хуульд байгаа халдашгүй байдлыг халах, зарим төрлийн гэмт хэргийн шинжийг оновчтой тодорхойлох шаардлагыг гаргаж  тавьсан хэдий ч үр дүнд хүрээгүй л байна. Төрийн эрх барьж байгаа намын дарга, Засгийн газрын тэргүүн авлигатай тэмцэх хүсэл сонирхлоо илэрхийлсэн тул дээр дурдсан олон хийдлийг үгүй хийж шударга ёсны зарчимд нийцсэн өөрчлөлтүүд хуульд тусгалаа олно гэдэгт итгэж байна.

-Төрийн албанд ял шийтгэлтэй хүмүүс олноор ажиллаж байгааг иргэд ихээр шүүмжилж байна. Ял шийтгэлтэй хүмүүс төрийн албанд ажиллаад байж болдог уу?

-Зарим нэг эрх мэдэл бүхий хүмүүс хуульд заасан шаардлага хангахгүй хүнийг элдэв шалтаг, халхавч ашиглан албан тушаалд томилдог, илтэд хуулийн шаардлага хангахгүй хүнийг албан тушаалд нэр дэвшүүлж ХАСУМ хянуулахаар ирүүлдэг явдал байна. Хуулийн шаардлага хангахгүй байгааг нь тодорхойлоод өгөхөөр Авлигатай тэмцэх газар Төрийн албаны зөвлөлийн чиг үүргийг хэрэгжүүллээ гэсэн шүүмж яриад, хууль бус шийдвэрээ цуцлах бус олон нийтийн дунд өөрийгөө хамгаалах, зөвтгөх гэсэн буруу хандлага илэрхийлдэг. Хуулийн шаардлага хангахгүй хүнийг нэр дэвшүүлж, томилж байгаа үйлдэл нь өөрөө бусдад давуу байдал бий болгож буй хууль бус үйлдэл гэж үзэж болно.

Төрийн албанд ял шийтгэл хүлээсэн олон хүн ажиллаж байгаа, тэр дундаа аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрууд, хамтарсан өмч бүхий аж ахуйн нэгжүүдэд томилоод байна. Тухайн хууль бус үйлдлийг таслан зогсоож чадвал улстөрчид буюу албан тушаалд хүнийг томилох эрх бүхий этгээдүүдийн авлигатай тэмцэх хүсэл сонирхол, шударга байдал илэрхийлэгдэнэ. Хууль бус томилгоо хийж байгаа хүмүүсийн үг нь худлаа, үйлдэл нь хэлбэрийн байдаг. Энэ хүмүүс авлигатай тэмцэх хүсэлгүй, магадгүй авлигыг хаацайлдаг хүмүүс гэдгийг Монгол хүн бүрд таниулж өгнө дөө.

 Монгол улсын Үндсэн хуулийн Гучдугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “... уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно” гэснийг нэг удаа гэж ойлго гээд ярьж байсан лидер гэх хүмүүс Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнийг томилох үед “одоо ажиллаж байгаа биш, өмнө нь ажиллаж байсан нь хамаагүй, эхнэр, нөхөр, хүүхдийнхээ” холбогдсон маргааныг шийдэхгүй байхад болно гээд өөрийн төлөөний хүнийг дэмжиж байгаа нь мунхаглал. Хуулийг дээдэлдэг хэрэгжүүлдэг бус, хуулийн үг үсэг ярьж хэлбэрддэг байдлын илэрхийлэл.

Ярилцсан Т.Мөнхтунгалаг

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Хэн юу хэлэв...

Г.Дамдинням: Үүргээ биелүүлэхгүй байгаа шатахуун импортлогчдын тусгай зөвшөөрлийг цуцална

Огноо:

,

Шатахууны хангамж, нийлүүлэлтийг тогтворжуулах Шуурхай штабын шийдвэрийг хэрэгжүүлэхгүй, шатахуун түгээлтэд хязгаарлалт тогтоож буй аж ахуйн нэгжүүдэд торгууль ногдуулж, шаардлагатай тохиолдолд тусгай зөвшөөрлийг нь цуцлах хүртэл арга хэмжээ авна гэж Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням мэдэгдлээ.

Сүүлийн өдрүүдэд Улаанбаатар хотод АИ-92 автобензиний нийлүүлэлт нэмэгдэж байгаа ч зарим шатахуун түгээх станц 24 цагаар ажиллахгүй, боломжтой бүх түгээгүүрээр үйлчлэхгүй, зөвхөн талон болон гэрээт байгууллагад шатахуун олгох зэргээр борлуулалтад хязгаарлалт хийж байгаа асуудал гарчээ.

Наймдугаар сарын 14-нөөс хойш нийслэлд хоногт 2000-3000 тонн АИ-92 автобензин буулгаж байгаа бөгөөд нийлүүлэлтийг хэвийн болгохын тулд импортлогч компаниуд болон шатахуун түгээх станцууд түгээлтээ нэмэгдүүлэх шаардлагатай байгааг Шуурхай штабаас анхааруулсан байна.

Иймд шатахуун түгээх станцуудыг 24 цагаар ажиллуулах, боломжтой бүх түгээгүүрээр иргэдэд үйлчлэх, талон болон гэрээт байгууллага гэсэн шалтгаанаар жижиглэнгийн борлуулалтыг дур мэдэн хязгаарлахгүй байх чиглэл өгчээ.

Шуурхай штабын өгсөн үүргийг хэрэгжүүлээгүй аж ахуйн нэгжүүдэд эхний ээлжид холбогдох хууль, журмын дагуу торгууль ногдуулж, зөрчил үргэлжилсэн тохиолдолд тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авахыг холбогдох албаныханд үүрэг болгосон байна.

Г.Дамдинням шатахууны нийлүүлэлтийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ ирсэн бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд саадгүй хүргэх нь импортлогч, борлуулагч аж ахуйн нэгжүүдийн хүлээсэн үүрэг гэдгийг онцолжээ.

 
 
 
Дэлгэрэнгүй унших

Хэн юу хэлэв...

COP17-ийн үеэр зарим замаар аюултай ачаа тээвэрлэлтийг хязгаарлана

Огноо:

,

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал буюу COP17 арга хэмжээ энэ сарын 17-28-ны өдрүүдэд болно. Энэ үеэр аюултай ачаа тээвэрлэлтийн талаар Ачаа тээврийн төлөвлөлт, логистик хариуцсан, ахлах мэргэжилтэн Ц.Бямбасүрэн мэдээлэл өглөө.

Уг арга хэмжээ Улаанбаатар хотод зохион байгуулагдах гэж байгаатай холбоотой Нийслэлийн Засаг даргын А/1067 дугаар захирамжаар бэлтгэл ажлын төлөвлөгөөг баталсан. Энэхүү төлөвлөгөөнд хэд хэдэн байршил зорчих хөдөлгөөнийг хязгаарласан.

Үүнд:

Нарны зам Өгөөмөр захын зүүн урд уулзвараас Нарантуул ОУХТөвийн баруун урд уулзвар, Нарантуул ОУХТөвийн баруун урд уулзвараас Дүнжингарав худалдааны төвийн баруун урд уулзвар, Дүнжингаравын гудамж Дүнжингарав худалдааны төвийн баруун урд уулзвараас Зүүн жанжингийн уулзвар хүртэлх авто замын зорчих хэсгийн хөдөлгөөнийг 07:00–21:00 цаг хүртэл хязгаарлана.

Уулзалтад оролцож байгаа зочид төлөөлөгчдийн аюулгүй байдлыг хангах үүднээс хүний амь нас, эргүүл мэндэд хор хохирол учруулж болзошгүй аюултай ачаа тээвэрлэж байгаа тээврийн хэрэгслийг наймдугаар сарын 15-ны өдрөөс хориглосон замуудаар 24 цагаар хөдөлгөөнд оролцуулахгүй тул бусад зам талбайг сонгон зорчихыг зөвлөж байна.

COP17 олон улсын хуралд оролцогсдын аюулгүй байдлыг хангах үүднээс аюултай ачаа тээвэрлэгч 19 аж ахуйн нэгжид мэдээлэл хүргүүлж хамтран ажиллаж байна.

Дэлгэрэнгүй унших

Хэн юу хэлэв...

Багахангай–Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн төмөр замд есдүгээр сард туршилтын галт тэрэг явуулна

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал өнөөдөр стратегийн ач холбогдолтой Багахангай–Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн 127.1 км төмөр замын бүтээн байгуулалтын явцтай танилцаж, холбогдох албаныханд үүрэг даалгавар өглөө.

Өнөөдрийн байдлаар төслийн эхний 87.2 км-ийн үндсэн бүтээн байгуулалт дууссан бөгөөд Шувуун фабрик, Туул гол, Эмээлтийн чиглэлд далан, гүүр, хоолой болон төмөр замын дээд бүтцийн ажил үргэлжилж байна.

Төслийн хүрээнд Туул гол дээгүүр 476 метр урт төмөр замын гүүр барьж байгаа нь Монголын хамгийн урт төмөр замын гүүр болох аж. Бүтээн байгуулалтад үндэсний 95 аж ахуйн нэгж, 4000 гаруй монгол инженер, техникийн ажилтан, ажилчин оролцож байгаа бөгөөд төмөр зам ашиглалтад орсны дараа 1000 орчим байнгын ажлын байр шинээр бий болно гэж тооцжээ.

Шинэ төмөр замыг Богд уулын урдуур чиглүүлж, нийслэлийн төвөөр нэвтрэх шаардлагатай шатахуун, тэсэрч дэлбэрэх болон химийн аюултай ачаа, мөн станцуудын нүүрсийг хотоос гадуур тээвэрлэхээр төлөвлөсөн байна.

Төслийн эхний шатанд жилд 3.5 сая тонн, цаашид 20 сая тонн хүртэлх ачааг Улаанбаатар хотын төвөөр нэвтрүүлэхгүй тээвэрлэх боломж бүрдэх аж. Ингэснээр өдөрт 316-1800 том оврын автомашиныг нийслэлийн замын хөдөлгөөнөөс гаргах тооцоо гарчээ.

Мөн төмөр замын гармуудаар галт тэрэг нэвтрүүлэхийн тулд авто замын хөдөлгөөнийг хоногт дунджаар хоёр цаг хаадаг хугацааг 90 хүртэл хувиар бууруулах боломжтой гэж үзэж байна. Үүний зэрэгцээ хүнд даацын тээврийн хэрэгслийн хөдөлгөөн багассанаар нийслэлийн замын ачаалал, агаар орчны бохирдлыг бууруулахад тодорхой нөлөө үзүүлэхээр тооцжээ.

Ерөнхий сайд Н.Учрал шинэ төмөр замыг зөвхөн тээврийн дэд бүтэц бус, нийслэлийн аюултай ачаа тээврийг хотын төвөөс гаргах чухал шийдэл гэж онцлов. Тэрбээр 2024 онд газ тээвэрлэж явсан автомашин дэлбэрсэн ослыг дурдан, цаашид шатахуун, тэсэрч дэлбэрэх болон химийн аюултай ачааг энэхүү төмөр замаар нийслэлийн гадуур тээвэрлэх боломж бүрдэнэ гэдгийг тэмдэглэжээ.

Төслийн нийт хөрөнгө оруулалт 1.2 их наяд төгрөг бөгөөд урт хугацаанд 294.8 тэрбум төгрөгийн татвар төвлөрүүлж, 1.3 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллана гэсэн тооцоо гарсан байна.

Шинэ төмөр зам ашиглалтад орсноор Хөшигийн хөндий зөвхөн нисэх буудлын бүс бус, Монгол Улсын тээвэр, логистикийн шинэ зангилаа болон хөгжих нөхцөл бүрдэхээр байна. Мөн Зуунмод, Хүннү хот зэрэг дагуул хотын хөгжлийг дэмжиж, Улаанбаатар хотын хүн амын төвлөрлийг сааруулах суурь дэд бүтцийн нэг болно гэж Засгийн газар үзэж байгаа юм.

Төслийн цаашдын санхүүжилтийг шийдвэрлэх хүрээнд Олон улсын санхүүгийн корпорац болон Монгол Улсын Хөгжлийн банктай хамтран ажиллахаар төлөвлөжээ.

Ерөнхий сайд төмөр замын бүтээн байгуулалтыг товлосон хугацаанд дуусгах хүрээнд төмөр замын зурваст давхцаж буй газар, цахилгаан дамжуулах болон түгээх шугам, дэд станцыг нүүлгэн шилжүүлэх ажлыг шуурхай зохион байгуулах үүрэг өгсөн байна.

Мөн бүтээн байгуулалтын ажлыг чанарын шаардлагад нийцүүлэн гүйцэтгэж, 2026 оны есдүгээр сард туршилтын галт тэрэгний хөдөлгөөн эхлүүлэх, Хөшигийн хөндийд тээвэр, логистикийн төв байгуулах ажлыг эрчимжүүлэхийг холбогдох албаныханд даалгалаа.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Үйл явдал20 цаг 51 минут

ЦУОШГ: Ихэнх нутгаар их бороо орох тул үерийн аюулаас сэрэмжтэй байх...

Үйл явдал20 цаг 58 минут

COP17-д хоол, хүнсний үйлчилгээ үзүүлж буй 30 байгууллагад зөвлөн ту...

Дэлхий нийтээр..21 цаг 11 минут

Кушнер: Газын зурвасыг цэрэггүйжүүлэх үйл явц 30 хоногийн дотор эхэл...

Дэлхий нийтээр..21 цаг 15 минут

Иран АНУ-ын цэргийг Ормузын хоолой, Персийн буланд нэвтрүүлэхгүй гэв...

Үйл явдал21 цаг 20 минут

ОБЕГ НҮБ-Хабитаттай хот суурин газрын гамшгийн эрсдэлийг бууруулах ч...

Үйл явдал21 цаг 24 минут

Нийслэл COP17-ын Ногоон бүсэд хотын хөгжлийн төслүүдээ танилцуулж ба...

Үйл явдал21 цаг 27 минут

Монгол Улс шүлхийн вакцины хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр БНХАУ-т...

Үйл явдал21 цаг 33 минут

Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан

Үйл явдал2026/08/18

“Интермед” эмнэлэгт тэсрэх бөмбөг байрлуулсан гэх мэдээлэл ирж, ...

Хэн юу хэлэв...2026/08/18

Г.Дамдинням: Үүргээ биелүүлэхгүй байгаа шатахуун импортлогчдын тусга...

Үйл явдал2026/08/18

Монгол Улс ус, намгархаг газрын хамгааллыг цөлжилттэй тэмцэх бодлого...

Үйл явдал2026/08/18

COP17: Гэр хорооллын 10 мянга гаруй өрхийг цэвэр халаалтын шийдэлд ш...

Үйл явдал2026/08/18

Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан

Үйл явдал2026/08/18

COP17-ын Ногоон бүс олон нийтэд нээлттэй ажиллана

Үйл явдал2026/08/14

Туул гол дээгүүрх 476 метр төмөр замын гүүрийн угсралт үргэлжилж бай...

Хэн юу хэлэв...2026/08/14

COP17-ийн үеэр зарим замаар аюултай ачаа тээвэрлэлтийг хязгаарлана

Үйл явдал2026/08/14

“Туул усан цогцолбор” төслийг хэрэгжүүлснээр жилд 50-100 сая м.к...

Үйл явдал2026/08/14

АҮЭБЯ: Шатахууны түгээлт ирэх даваа гарагаас хэвийн болно

Дэлхий нийтээр..2026/08/14

Путин гадаадад гарч, ял шийтгэлээс зайлсхийсэн иргэдийн хөрөнгийг би...

Дэлхий нийтээр..2026/08/14

Өмнөд Солонгост Хятадын хоёр иргэнийг тагнуулын хэрэгт сэжиглэн бари...

Дэлхий нийтээр..2026/08/14

Дэлхийн хүн дүрст роботын спортын наадамд 2056 робот өрсөлдөнө

Үйл явдал2026/08/14

“Шатахуун зарна” гэх хуурамч зараар иргэдийг залилж байгааг анха...

Хэн юу хэлэв...2026/08/14

Багахангай–Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн төмөр замд есдүгээр ...

Үйл явдал2026/08/14

Улаанбаатарт өдөртөө 21 хэм дулаан

Үйл явдал2026/08/13

“СОР 17”-үеэр 600 сайн дурын идэвхтэн ажиллуулахаар бэлтгэжээ

Үйл явдал2026/08/13

ЗГ: Замын хөдөлгөөний хохирлыг бууруулах Үндэсний зөвлөлийг дахин сэ...

Үйл явдал2026/08/13

БНХАУ COP17 бага хурлын зохион байгуулалтад нэг сая ам.долларын дэмж...

Үйл явдал2026/08/13

"KHARKHORUM 360°" фестиваль шинэ жишгийг бий болгож байна

Үйл явдал2026/08/13

ЗГ: Цөлжилтийн үндэсний тайланг шинэчлэн гаргалаа

Үйл явдал2026/08/13

УИХ-ын дарга С.Бямбацогт СОР17 хурлын бэлтгэл ажилтай танилцав

Санал болгох