Хэн юу хэлэв...
Н.Учрал: Цахим баримт бичгийг цаасан баримттай адилтган үзэх хууль эрхзүйн орчин бүрдлээ
УИХ-ын гишүүн Н.Учралын хувьд цахим засаглалын суурь болсон багц хуулиуд болон Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль, Хүний хувийн мэдээллийн тухай хууль, Цахим гарын үсгийн тухай хууль, Кибер аюулгүй байдлын тухай хууль, Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэх тухай хуулийн талаар тайлбар өглөө. Тэрбээр дээрх таван хуулийн ажлын хэсгийн ахлагчаар ажилласан юм.
Тэрбээр “Технологийг хэдийгээр хуульчилж болохгүй ч гэсэн эрхзүйн орчныг нь бүрдүүлэх зайлшгүй шаардлага үүссэн учраас төрийн нэгдсэн систем гэж юуг хэлэх үү, төрийн дагнасан систем гэж юуг ойлгох уу, үндсэн систем гэж юу гэж ойлгох вэ зэрэг тодорхой системүүд буюу дэд бүтцийгээ хуульчилж өгсөн хуультай боллоо. Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулиар бид нийт 67 багц мэдээллийг олон нийтэд нээлттэй болгоно. Мөн хязгаартай мэдээлэл, хаалттай мэдээлэл гэдэгт ямар мэдээллийг хамруулах вэ гэдгийг тодорхой болгосон. Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль батлагдан гарснаараа өнгөрсөн хугацаанд цахимаар үйлчилгээ авахад давхар цаасан баримт шаарддаг байсан үйлчилгээ зогсож байна. Цахим баримт бичгийг цаасан баримт бичгийн адил үзэх эрхзүйн орчин бүрдлээ.
Харин хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуульд ард иргэдийн зүгээс нэлээд гомдол санал гаргадаг, нийгэмд иргэдийн ялгаварлах байдлыг бий болгодог дуу дүрсний бичлэгийн төхөөрөмжүүдийг байршуулах стандартуудыг тодорхой болгох, энэхүү дуу, дүрсний бичлэгийн төхөөрөмжийг хүний эрхийн үндэсний комиссын саналыг үндэслэн Засгийн газраас холбогдох төрийн захиргааны байгууллага журам гаргаж, тэр журмын дагуу байгууллагууд хэрэглэх, хаана дууны төхөөрөмжийг нийтийн зориулалттай байршуулах зэрэг зохицуулалтыг хуульчилж өгсөн. Гол үзэл баримтал нь өмнө нь хүн өөрөө хувийн мэдээллээ хамгаалдаг байсан бол шинэчлэгдсэн хуулиар мэдээллийг цуглуулж, боловсруулж, ашиглаж байгаа бол мэдээлэл хариуцагч тал мэдээллийн аюулгүй байдлын бүрэн бүтэн байдлыг хариуцана. Мөн хүний эмзэг мэдээлэл болон хувийн мэдээллийг ангилж, эмзэг мэдээллийг нууцад хамруулсан. Сэтгүүлчид болон иргэдийн зүгээс байгууллагууд нууц гэдэг тамга дараад иргэдэд нээлттэй байх мэдээллийг нууцалж байна гэдэг гомдол нэлээн ирүүлдэг. Дээрх хуулиудаар нууцлаад буй 67 мэдээллийг ил тод болгож байна. Ажил олгогч, төрийн байгууллага болон бусад байгууллагын зүгээс аливаа хуулийн этгээд түүний мэдээллийг цуглуулж, боловсруулж, ашиглаж байгаа бол тухай мэдээллийг цуглуулж, боловсруулж, ашиглаж буй мэдээлэл хариуцагч хариуцлага хүлээнэ.
Цахим гарын үсгийн хуулиар “e-Mongolia” дээр нэвтэрсэн төрийн 600 гаруй үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай хүргэх, өөрийгөө цахим орчинд таниулах, батлах том шийдэл болсон. Өнгөрсөн хугацаанд бид цахим гарын үсгийн тухай хуулийг хэрэгжүүлж байсан ч хувийн байгууллагаар дамжуулан цахим гарын үсгийг олгосон бөгөөд нийт 30 мянган хүн цахим гарын үсэгтэй болсон нь л маш хангалтгүй тоо гэж үзсэн. Тиймээс иргэн бүрт цахим гарын үсэг нэвтрүүлж өгөх нь маш чухал. Цахим гарын үсгийн хууль батлагдан гарснаар 16 нас хүрсэн иргэн бүрт иргэний үнэмлэх дээр нь цахим гарын үсэг суулгаж өгнө. Мөн хувийн байгууллагууд болох үүрэн холбооны оператор компани, сим карт, клауд орчинд бусад USB хэрэгслээр дамжуулж, цахим гарын үсгийг хэрэглэх боломж бүрдэж байна. Цахим гарын үсэг дээр нэг зүйлийг онцлон хэлэхэд энэ хууль зөв хэрэгжээд амьдрал дээр биеллээ олох юм бол өнөөдрийн Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулахад хамгийн чухал ач холбогдолтой гэж үзэж байна. Түгжрэл бол төрийн үйлчилгээг авах гэж нэг цонхноос нөгөө цонхонд дараалалд зогсдог, төрийн байгууллага хооронд мэдээллээ зөөж гүйдэг иргэдийн бухимдал зэргээс үүдэлтэй. Тиймээс цахим гарын үсгийн хууль хэрэгжсэнээр гэрээсээ, гар утаснаасаа интернэт орчноос цалингийн зээлээ авдаг, нийгмийн даатгалын тайлангаа мэдүүлдэг, төрийн 600 гаруй үйлчилгээг цахимаар хүлээн аваад, дээрээс нь өөрийгөө цахим гарын үсгээр баталгаажуулах боломж бүрдэж байгаа. Эдгээр хуулиудыг хэрэгжүүлэхийн тулд аюулгүй байдлыг хангах ёстой. Энэ утгаараа бид Кибер аюулгүй байдлын тухай хуулийг энэ цагт баталлаа. Тус хууль нь Монгол Улсад анх удаа батлагдаж буй. Монгол улс кибер аюулгүй байдлын тухай хуультай боллоо. Ингэснээр олон улсын түвшинд эрсдэлийн үнэлгээгээ үнэлэх, мэдээллийн аюулгүй байдлын аудит хийлгэх бүрэн боломжтой болж байна. Хувийн байгууллагууд ч гэсэн мэдээллийн аюулгүй байдалдаа аудит хийлгэж, иргэдийнхээ болон хуулийн этгээд, төрийн байгууллагууд онц чухал мэдээллийн дэд бүтэцтэй байгууллагуудын аюулгүй байдлыг хангах боломжтой болж байна. Энэ хуулийн тусламжтайгаар бид олон улсын түвшинд харилцах Үндэсний төвтэй, хувийн байгууллагууд ААН, иргэдийнхээ аюулгүй байдлыг хангадаг олон нийтийн төвтэй болж байна. Цаашдаа гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэх, эдийн засгийн таатай орчин бүрдэх, ийм нөхцөл бүрдэнэ.
Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэх хуулийн хувьд биржүүдийн үйл ажиллагаанд тавигдах шаардлагыг тодорхой болгосон, стандартыг нь өндөр түвшинд барьсан, төрийн байгууллагуудын хяналтыг тодорхой болгосон хууль. Бид олон улсын ФАТФ-ын зөвлөмжийн дагуу бүртгэх, зөвшөөрөх, хориглох гэсэн сонголтоос Монгол Улс бүртгээд хянах гэдэг сонголтыг нь хийсэн. Тиймээс Монгол Улс виртуал хөрөнгийг хуулиар зөвшөөрч байгаа. Гэхдээ тавигдах шаардлагуудыг тодорхой болгож, мэргэжлийн холбоодын дүгнэлтийг гаргах эрхзүйн орчныг бүрдүүлж өгсөн гэж Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас мэдээллээ.
Хэн юу хэлэв...
Г.Дамдинням: Үүргээ биелүүлэхгүй байгаа шатахуун импортлогчдын тусгай зөвшөөрлийг цуцална
Хэн юу хэлэв...
COP17-ийн үеэр зарим замаар аюултай ачаа тээвэрлэлтийг хязгаарлана
Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал буюу COP17 арга хэмжээ энэ сарын 17-28-ны өдрүүдэд болно. Энэ үеэр аюултай ачаа тээвэрлэлтийн талаар Ачаа тээврийн төлөвлөлт, логистик хариуцсан, ахлах мэргэжилтэн Ц.Бямбасүрэн мэдээлэл өглөө.
Уг арга хэмжээ Улаанбаатар хотод зохион байгуулагдах гэж байгаатай холбоотой Нийслэлийн Засаг даргын А/1067 дугаар захирамжаар бэлтгэл ажлын төлөвлөгөөг баталсан. Энэхүү төлөвлөгөөнд хэд хэдэн байршил зорчих хөдөлгөөнийг хязгаарласан.
Үүнд:
Нарны зам Өгөөмөр захын зүүн урд уулзвараас Нарантуул ОУХТөвийн баруун урд уулзвар, Нарантуул ОУХТөвийн баруун урд уулзвараас Дүнжингарав худалдааны төвийн баруун урд уулзвар, Дүнжингаравын гудамж Дүнжингарав худалдааны төвийн баруун урд уулзвараас Зүүн жанжингийн уулзвар хүртэлх авто замын зорчих хэсгийн хөдөлгөөнийг 07:00–21:00 цаг хүртэл хязгаарлана.
Уулзалтад оролцож байгаа зочид төлөөлөгчдийн аюулгүй байдлыг хангах үүднээс хүний амь нас, эргүүл мэндэд хор хохирол учруулж болзошгүй аюултай ачаа тээвэрлэж байгаа тээврийн хэрэгслийг наймдугаар сарын 15-ны өдрөөс хориглосон замуудаар 24 цагаар хөдөлгөөнд оролцуулахгүй тул бусад зам талбайг сонгон зорчихыг зөвлөж байна.
COP17 олон улсын хуралд оролцогсдын аюулгүй байдлыг хангах үүднээс аюултай ачаа тээвэрлэгч 19 аж ахуйн нэгжид мэдээлэл хүргүүлж хамтран ажиллаж байна.
Хэн юу хэлэв...
Багахангай–Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн төмөр замд есдүгээр сард туршилтын галт тэрэг явуулна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал өнөөдөр стратегийн ач холбогдолтой Багахангай–Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн 127.1 км төмөр замын бүтээн байгуулалтын явцтай танилцаж, холбогдох албаныханд үүрэг даалгавар өглөө.
Өнөөдрийн байдлаар төслийн эхний 87.2 км-ийн үндсэн бүтээн байгуулалт дууссан бөгөөд Шувуун фабрик, Туул гол, Эмээлтийн чиглэлд далан, гүүр, хоолой болон төмөр замын дээд бүтцийн ажил үргэлжилж байна.
Төслийн хүрээнд Туул гол дээгүүр 476 метр урт төмөр замын гүүр барьж байгаа нь Монголын хамгийн урт төмөр замын гүүр болох аж. Бүтээн байгуулалтад үндэсний 95 аж ахуйн нэгж, 4000 гаруй монгол инженер, техникийн ажилтан, ажилчин оролцож байгаа бөгөөд төмөр зам ашиглалтад орсны дараа 1000 орчим байнгын ажлын байр шинээр бий болно гэж тооцжээ.
Шинэ төмөр замыг Богд уулын урдуур чиглүүлж, нийслэлийн төвөөр нэвтрэх шаардлагатай шатахуун, тэсэрч дэлбэрэх болон химийн аюултай ачаа, мөн станцуудын нүүрсийг хотоос гадуур тээвэрлэхээр төлөвлөсөн байна.
Төслийн эхний шатанд жилд 3.5 сая тонн, цаашид 20 сая тонн хүртэлх ачааг Улаанбаатар хотын төвөөр нэвтрүүлэхгүй тээвэрлэх боломж бүрдэх аж. Ингэснээр өдөрт 316-1800 том оврын автомашиныг нийслэлийн замын хөдөлгөөнөөс гаргах тооцоо гарчээ.
Мөн төмөр замын гармуудаар галт тэрэг нэвтрүүлэхийн тулд авто замын хөдөлгөөнийг хоногт дунджаар хоёр цаг хаадаг хугацааг 90 хүртэл хувиар бууруулах боломжтой гэж үзэж байна. Үүний зэрэгцээ хүнд даацын тээврийн хэрэгслийн хөдөлгөөн багассанаар нийслэлийн замын ачаалал, агаар орчны бохирдлыг бууруулахад тодорхой нөлөө үзүүлэхээр тооцжээ.
Ерөнхий сайд Н.Учрал шинэ төмөр замыг зөвхөн тээврийн дэд бүтэц бус, нийслэлийн аюултай ачаа тээврийг хотын төвөөс гаргах чухал шийдэл гэж онцлов. Тэрбээр 2024 онд газ тээвэрлэж явсан автомашин дэлбэрсэн ослыг дурдан, цаашид шатахуун, тэсэрч дэлбэрэх болон химийн аюултай ачааг энэхүү төмөр замаар нийслэлийн гадуур тээвэрлэх боломж бүрдэнэ гэдгийг тэмдэглэжээ.
Төслийн нийт хөрөнгө оруулалт 1.2 их наяд төгрөг бөгөөд урт хугацаанд 294.8 тэрбум төгрөгийн татвар төвлөрүүлж, 1.3 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллана гэсэн тооцоо гарсан байна.
Шинэ төмөр зам ашиглалтад орсноор Хөшигийн хөндий зөвхөн нисэх буудлын бүс бус, Монгол Улсын тээвэр, логистикийн шинэ зангилаа болон хөгжих нөхцөл бүрдэхээр байна. Мөн Зуунмод, Хүннү хот зэрэг дагуул хотын хөгжлийг дэмжиж, Улаанбаатар хотын хүн амын төвлөрлийг сааруулах суурь дэд бүтцийн нэг болно гэж Засгийн газар үзэж байгаа юм.
Төслийн цаашдын санхүүжилтийг шийдвэрлэх хүрээнд Олон улсын санхүүгийн корпорац болон Монгол Улсын Хөгжлийн банктай хамтран ажиллахаар төлөвлөжээ.
Ерөнхий сайд төмөр замын бүтээн байгуулалтыг товлосон хугацаанд дуусгах хүрээнд төмөр замын зурваст давхцаж буй газар, цахилгаан дамжуулах болон түгээх шугам, дэд станцыг нүүлгэн шилжүүлэх ажлыг шуурхай зохион байгуулах үүрэг өгсөн байна.
Мөн бүтээн байгуулалтын ажлыг чанарын шаардлагад нийцүүлэн гүйцэтгэж, 2026 оны есдүгээр сард туршилтын галт тэрэгний хөдөлгөөн эхлүүлэх, Хөшигийн хөндийд тээвэр, логистикийн төв байгуулах ажлыг эрчимжүүлэхийг холбогдох албаныханд даалгалаа.
-
Дэлхий нийтээр..2023/02/10
Нийслэлээс 11.539 толгой мал гаргалаа
-
Дэлхий нийтээр..2022/01/12
Ачаа, бараатай чингэлгийг хилээр оруулж эхэллээ
-
Дэлхий нийтээр..2024/06/11
Монголбанкны Зээлийн мэдээллийн сангийн тохируулгыг хийж дуусав
-
Үйл явдал2023/06/21
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд малтай баялаг төгс болно
