Дэлхий нийтээр..
“Рио Тинто”, “Туркойс Хилл Ресурсэс” компаниас Засгийн газрын санал, шаардлагыг хүлээн авч буйгаа илэрхийлжээ
"Рио Тинто”, “Туркойс Хилл Ресурсэс” компаниудаас 2021 оны арванхоёрдугаар сарын 13-ны өдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хаяглан албан захидал ирүүлж, Засгийн газрын Ажлын хэсгээс гаргасан санал, шаардлагыг хүлээн авч, “Оюу толгой” ХХК дахь төрийн эзэмшлийн 34 хувьд ногдох өнөөдрийн байдлаар 2.3 тэрбум ам.долларын өрийг бүрэн тэглэх, гүний уурхайн ашиглалтад орох хүртэлх шаардлагатай нэмэлт зардлыг гадаадын хөрөнгө оруулагч тал бүрэн хариуцаж, “Эрдэнэс оюу толгой” ХХК дээр нэмж өр үүсэхгүй байхыг баталгаажуулжээ. Түүнчлэн, 2015 онд байгуулсан Оюу толгой төслийн Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө, Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн нэмэлт төлөвлөгөөг цуцлахад бэлэн буйгаа илэрхийлжээ.
Албан захидалд,
“Бид саяхан Та болон Улсын Их Хурлын дарга, Түр хорооны гишүүдтэй уулзалт хийж Оюу Толгойн үр өгөөжийг Монголын ард түмний эрх ашигт нийцүүлэн сайжруулах, 2015 оны “Дубайн гэрээ” гэгддэг “Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө” (ДУББСТ)-г цуцлах, “Эрдэнэс Оюу Толгой” ХХК-ийн талд үүссэн өрийг тэглэх, улмаар төслийн үйл ажиллагааг цаашид илүү ил тод болгох талаар санал солилцсон билээ.
Та бүхний тавьсан санал сэтгэгдлийг харгалзан хөрөнгө оруулагчдын Төлөөлөн Удирдах Зөвлөлд танилцуулсны үндсэн дээр дараах арга хэмжээг авахад бид бэлэн байна. Үүнд:
Оюу Толгой төслийн Монгол Улсын Засгийн Газрын эзэмшлийн 34 хувьд ногдох нийт 2.3 тэрбум ам.долларын өрийг 100 хувь тэглэх. Ингэснээр өмнө нь тооцоолж байсан 22 тэрбум ам.долларын өр үүсэхгүй, улмаар “Эрдэнэс Оюу Толгой” ХХК-ийн 34 хувь эзэмшлийн үнэ цэн нэмэгдэж, ногдол ашиг авах хугацаа наашлах;
ДУББСТ болон “Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн нэмэлт төлөвлөгөө”-г цуцалж дуусгавар болгох;
Оюу Толгойн далд уурхайн бүтээн байгуулалтын төслийн санхүүжилтэд хөндлөнгийн аудит оруулахыг зөвшөөрөх;
Гүний уурхай ашиглалтад орж олборлолт эхлэх хугацаа буюу 2023 оны эхний хагас хүртэлх нэмэлт зардлыг хөрөнгө оруулагч тал 100 хувь хариуцаж Эрдэнэс Оюу Толгой ХХК-д нэмэлт өр үүсгэхгүй байх;
“Оюу Толгой” ХХК-ийн засаглалыг сайжруулах байдлаар гүний уурхайн төслийн хяналтыг сайжруулах арга хэмжээ авч холбогдох зардлыг харилцан тохиролцсон нөхцөлийн дагуу “Оюу Толгой” ХХК төлөх; Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн сүлжээнээс Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ байгуулах; төслийн байгаль орчин, нийгэм, засаглалыг сайжруулах чиглэлээр хамтран ажиллах.
Энэхүү шийдвэрүүдийг гаргахад амаргүй байсан бөгөөд энэ нь манай эцсийн санал гэдгийг дурдахын дашрамд хөрөнгө оруулагчдаас Монгол Улсад шилжүүлж буй томоохон үнэ цэн бөгөөд цаашдын хамтын ажиллагааны итгэлцлийн суурь болно гэдэгт бид итгэж байна. Ингэснээр Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай УИХ-ын 2019 оны 92 дугаар тогтоол хэрэгжсэн гэж бидний зүгээс үзэж байна.
Монгол Улсын Засгийн Газар болон “Оюу Толгой” ХХК-ийн хооронд үүссэн арбитрын маргаантай холбоотой 6 сарын хугацаанд түдгэлзүүлж Ажлын хэсгийн хүрээнд зөвшилцлийн замаар шийдвэрлэхийг эрмэлзэж байна.
Гүний уурхайг ашиглалтад оруулах огтлох малтлагыг 2022 оны нэгдүгээр сард багтааж хугацаа алдалгүй хийх нь бидний хамтын зорилго билээ. Үүний тулд гүний уурхайн огтлох малтлагыг эхлүүлэх урьтал нөхцөлүүдийг Ажлын хэсгийн хүрээнд хамтран шийдвэрлэхийг хүсэж байна.
Эдгээр арга хэмжээнд үндэслэж хоёр талын ажлын хэсэг нарийвчлан ярилцаж, зөвшилцлийн замаар бичгээр 2021 онд багтаан эцэслэн шийдвэр гаргахыг хүсье” гэжээ.
Дэлхий нийтээр..
НҮБ дайн үргэлжилбэл дэлхийд өлсгөлөн нэмэгдэх эрсдэлтэйг анхааруулав
НҮБ-ын Дэлхийн хүнсний хөтөлбөр (WFP)-өөс 2026 оны дөрөвдүгээр сарын 16-ны өдөр гаргасан мэдэгдэлд дурдсанаар, Ойрхи Дорнодын бүс нутагт үүсээд буй хурцадмал байдал, ялангуяа Ирантай холбоотой зөрчил үргэлжилбэл дэлхийн хэмжээнд нэмэлт 45 сая хүн хурц өлсгөлөнд нэрвэгдэх эрсдэлтэй байгааг анхааруулжээ.
Энэ талаар НҮБ-ын Дэлхийн хүнсний хөтөлбөрийн Гүйцэтгэх захирал Синди Маккейн анхааруулахдаа, геополитикийн хурцадмал байдал нь дэлхийн хүнсний аюулгүй байдалд ноцтой дарамт учруулж байгааг онцолсон байна.
Тус байгууллагын мэдээлснээр, дайн, зөрчил нь зөвхөн тухайн бүс нутагт төдийгүй дэлхийн хүнсний хангамж, тээвэр логистик, эрчим хүчний зах зээлд шууд болон дам нөлөө үзүүлж байгаа аж. Үүний улмаас хүнсний бүтээгдэхүүний үнэ өсөх, нийлүүлэлт тасалдах, эмзэг эдийн засагтай орнуудын худалдан авах чадвар буурах зэрэг сөрөг үр дагавар нэмэгдэх төлөвтэй байна.
Одоогийн байдлаар дэлхий даяар хэдийнэ олон сая хүн хүнсний хомсдолд өртөөд байгаа бөгөөд дээрх нөхцөл байдал үргэлжилбэл энэ тоо цаашид огцом нэмэгдэх эрсдэлтэйг НҮБ онцолсон байна. Иймд олон улсын хамтын нийгэмлэгийг зөрчлийг намжаах, хүмүүнлэгийн тусламжийг нэмэгдүүлэх, хүнсний хангамжийг тогтвортой байлгахад анхаарахыг уриалжээ.
Шинжээчдийн үзэж буйгаар, геополитикийн тогтворгүй байдал нь дэлхийн эдийн засаг, ялангуяа хүнсний аюулгүй байдалд мэдэгдэхүйц нөлөө үзүүлж байгаа бөгөөд ойрын хугацаанд энэ чиг хандлага үргэлжлэх төлөвтэй байна.
Дэлхий нийтээр..
Хиймэл оюунд суурилсан технологийн хөгжил хурдасч, дэлхийн өрсөлдөөн шинэ шатанд хүрэв
Сүүлийн жилүүдэд хиймэл оюунд суурилсан технологийн хөгжил эрчимжиж, дэлхийн томоохон компаниудын өрсөлдөөн шинэ шатанд хүрлээ. Үйлдвэрлэл, тээвэр, мэдээллийн технологийн салбарт автоматжуулалт, ухаалаг системийн хэрэглээ эрс нэмэгдэж, хүний оролцоог багасгах чиг хандлага давамгайлж байна.
Хиймэл оюуны шинэ үеийн загварууд илүү нарийвчлалтай, хурдтай ажиллах чадвартай болж, их хэмжээний өгөгдлийг богино хугацаанд боловсруулах боломжийг өргөжүүлэв. Энэ нь бизнесийн шийдвэр гаргалтад шууд нөлөөлөх хэмжээнд хүрчээ. Жолоочгүй тээврийн хэрэгсэл, роботжуулсан үйлдвэрлэл бодит хэрэглээнд улам ойртож, туршилтаас хэрэглээ рүү шилжих үе шат идэвхжив.
Нөгөө талаас дата төвүүдийн хүчин чадал нэмэгдэхийн хэрээр эрчим хүчний хэрэглээ өсөж, байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн асуудал олон улсын анхаарлын төвд орж байна.
Мөн технологийн энэ хурдац хөдөлмөрийн зах зээлд өөрчлөлт авчирч, зарим ажлын байр буурч, шинэ ур чадварын эрэлт нэмэгдэх нөхцөл бүрдэв.
Иймээс улс орнууд технологийн бодлогоо шинэчилж, инновац, хүний нөөцийн бэлтгэлийг чухалчлах шаардлага улам тодорч байна.
