Хэн юу хэлэв...
О.Энхзаяа: Иргэд III тундаа идэвхтэй хамрагдаж байна
Вакцинжуулалтын өнөөгийн явц хийгээд нэмэлт III тунгийн ач тус, дархлаажуулалтын цэгийн байршлын талаар Нийслэлийн Эрүүл мэндийн газрын Эрүүл мэндийг дэмжих төвийн Нийтийн эрүүл мэндийг дэмжих хэлтсийн дарга О.Энхзаяатай ярилцлаа.
-Нэмэлт III тунгийн вакцинжуулалтын явц нийслэлд хэдэн хувьтай байна вэ?
-Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын нэмэлт тун буюу III тунг наймдугаар сараас хийж эхэлсэн. Эхний ээлжинд хариу арга хэмжээний баг буюу ОБЕГ, ЦЕГ-ын албан хаагчид болоод эрүүл мэндийн салбарт ажиллагсад маань нэмэлт тунд хамрагдсан. Харин иргэдийн хувьд эхэн үедээ хойрго хандаж байсан бол сүүлийн үед нэмэлт тунд хамрагдагчдын тоо нэмэгдэж байна. Өмнө нь өдөрт 2000 орчим хүн нэмэлт тун хийлгэж байсан бол одоо 4000 гаруй иргэн вакцинд хамрагдаж байгаа. Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд 293 мянга гаруй хүн нэмэлт тунд хамрагдсан. Энэ нь нийслэлийн хүн амын 27.3 хувь юм.
-Нэмэлт тунгийн вакцинжуулалтад 2-3 төрлийн вакцинаас сонгож хийлгэж байгаа. Бүрэн тундаа синофарм хийлгэсэн хүмүүс III тундаа файзер хийлгэх гэхчилэн солбиж хийлгэх нь зүгээр үү?
-Тухайн иргэн вакцины нэг, хоёрдугаар тунд ямар ч вакцин хийлгэсэн байсан III тундаа синофарм, файзер вакцины аль нэгийг сонгож хийлгэх боломжтой. Вакцин гэдэг бол хүний биед орж буй амьд зүйл гэдэг утгаараа хариу урвал илрэх нь бий. Товлолын вакцин хийлгэхэд хүүхдүүдэд хариу урвал илэрдэг. Ковид-19-ийн вакцины урвал ч яг адилхан. Эхний хоёр тунд хариу урвал илрээгүй ч III тунд илэрч болно.
-III тунгийн дархлаажуулалтад Ковид-19-өөр өвдсөн хүмүүс ч хамрагдах боломжтой. Тэдгээр хүмүүс өвдсөнөөсөө хойш хэдий хэр хугацааны дараа III тунг хийлгэвэл зохистой вэ?
-Эрүүл мэндийн сайдын тушаалд зааснаар Ковид-19-өөр өвдсөн хүмүүс эдгэрээд 21 хоногоос дээш хугацаа өнгөрсөн бол нэмэлт тунд хамрагдах боломжтой.
-Вакцины цэгүүд хаана, хаана ажиллаж байгаа вэ. Суурин болон түр цэгүүдийн цагийн хуваарийн талаар мэдээлбэл хүмүүст тустай болов уу?
-Дүүрэг бүрд 2-5 суурин цэг, нийслэлд нийтдээ 31 суурин цэг тогтмол ажиллаж байгаа. Явуулын багийн тоо 40 орчим байгаа бөгөөд 70 болон түүнээс олон ажиллагсадтай байгууллага аж ахуйн нэгжид очиж үйлчилж байгаа. 40-50 хүнтэй байсан ч захилга өгвөл очиж дархлаажуулалт хийж байгаа. Дүүргүүд дэх суурин цэгүүд 09:00-20:00 цагт байнга ажиллаж байгаа.
Түүнчлэн өнгөрсөн долоо хоногоос эхлэн томоохон зах, худалдааны төвүүд, оюутны байруудад вакцин хийж эхэлсэн. Нийтдээ 24 түр цэгийг байгуулж, нэмэлт тунгийн дархлаажуулалт хийж байна. Тэдгээр цэгүүд тухайн зах, худалдааны төвийн цагийн хуваарийн дагуу ажиллана. Мөн их, дээд сургуулиуд дээр дархлаажуулалтын цэг ажиллуулж байгаа. МУИС, МЗХ дээр цэг ажиллуулж байсан бол ШУТИС, АШУҮИС, ХААИС-д вакцинжуулалтын цэг нээж байна.
-Хороо дүүрэг хамаарахгүй вакцин хийлгэх боломжтой гэж ойлгож байгаа. Зөв үү?
-Зөв. Харьяалал хамаарахгүй өөрт ойр байршилдаа вакцинд хамрагдах бүрэн боломжтой. Оршин суугаа хаяг болон ажлын газрын хаяг хамаарахгүй хаана ойрхон газартаа очиж дархлаажуулалтад хамрагдаарай гэж хүмүүст хэлье.
-Суурин болон түр цэгүүдэд биечлэн очих боломжгүй хүмүүст хэрхэн үйлчилж байна вэ?
-Ахмад настан, хэвтрийн хүмүүс, хөгжлийн бэрхшээлтэй иргэд гэхчилэн гэрээс гарах боломжгүй хүмүүст явуулын багийнхан гэрт нь очиж үйлчилгээ үзүүлж байгаа.
-Жирэмсэн болон хөхүүл эхчүүд дархлаажуулалтад хэрхэн хамрагдах вэ?
-13-33 долоо хоногтой жирэмсэн эхчүүдийг дархлаажуулалтад хамруулж байгаа. Тэр хооронд эхний хоёр тунг хийлгэх боломжтой. Харин амаржсан эхчүүдийн хувьд төрснөөс хойш 32 долоо хоносны дараа нэмэлт тунд хамрагдах боломжтой. Нэг тун аваад дахин нэмэлт тун аваагүй бол дахин бүрэн тун хийлгэнэ гэсэн үг.
-Эрүүл мэндийн салбарын ажилтнуудын хүрэлцээ хангамж хэр байна вэ?
-Эрүүл мэндийн сайд, Шадар сайдаас чиглэл өгсний дагуу вакцинаторын тоог нэмэгдүүлэн ажиллаж байна.
-Нэмэлт тунг хийлгэхийн ач холбогдол юу вэ?
-Коронавируст халдвар бол дэлхийн нийтийн хэмжээнд шинэ тутам тулгамдсан асуудал вирусийн халдвар байгаа. Тиймээс ч хөгжингүй орнуудад байнгын судалгаа шинжилгээ хийж байгаа. Эрдэмтэн судлаачид хамгийн түрүүнд вакциныг гаргаж ирсэн. Вакцинаа бүтээл болгоод орхилгүй, нэгдүгээр тунг хийхэд ямар нөлөө үзүүлэх нь үү, хоёрдугаар тун хийлгэсэн хүмүүст хэдий хэр хугацаанд дархлал тогтож байна гэхчилэн судалсаар байгаа. Бүрэн тун буюу нэг, хоёрдугаар тунг хийлгэсний дараа 6-8 сарын хугацаанд дархлаа сайн байгаа ч түүнээс их хугацаанд дархлаа буурч байгааг тогтоосон. Тиймээс нэмэлт тун зайлшгүй шаардлагатай.
Сүүлийн өдрүүдэд коронавируст халдварын тохиолдол буурч байгаа. Энэ бол вакцинжуулалтад хамрагдсаны үр нөлөө юм. Тиймээс аль болох түргэн хугацаанд халдварыг бууруулахыг зорьж байгаа учир иргэд маань вакцины нэмэлт тундаа идэвхтэй хамрагдаарай. Нөгөөтэйгүүр тухайн иргэн нэгдүгээр тун хийлгэсэн ч хоёрдугаар тунд хамрагдахгүй гурван сар болчихсон бол огт вакцин хийлгээгүйтэй адил гэж үзэж байгаа. Эрүүл мэндийн сайдын тушаалд ч ийм тохиолдолд бүрэн тунд дахин хамруулахаар заасан байдаг. Тэгэхээр иргэд вакциндаа цаг хугацаанд нь идэвхтэй хамрагдаарай.
Хэн юу хэлэв...
Г.Дамдинням: Үүргээ биелүүлэхгүй байгаа шатахуун импортлогчдын тусгай зөвшөөрлийг цуцална
Хэн юу хэлэв...
COP17-ийн үеэр зарим замаар аюултай ачаа тээвэрлэлтийг хязгаарлана
Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал буюу COP17 арга хэмжээ энэ сарын 17-28-ны өдрүүдэд болно. Энэ үеэр аюултай ачаа тээвэрлэлтийн талаар Ачаа тээврийн төлөвлөлт, логистик хариуцсан, ахлах мэргэжилтэн Ц.Бямбасүрэн мэдээлэл өглөө.
Уг арга хэмжээ Улаанбаатар хотод зохион байгуулагдах гэж байгаатай холбоотой Нийслэлийн Засаг даргын А/1067 дугаар захирамжаар бэлтгэл ажлын төлөвлөгөөг баталсан. Энэхүү төлөвлөгөөнд хэд хэдэн байршил зорчих хөдөлгөөнийг хязгаарласан.
Үүнд:
Нарны зам Өгөөмөр захын зүүн урд уулзвараас Нарантуул ОУХТөвийн баруун урд уулзвар, Нарантуул ОУХТөвийн баруун урд уулзвараас Дүнжингарав худалдааны төвийн баруун урд уулзвар, Дүнжингаравын гудамж Дүнжингарав худалдааны төвийн баруун урд уулзвараас Зүүн жанжингийн уулзвар хүртэлх авто замын зорчих хэсгийн хөдөлгөөнийг 07:00–21:00 цаг хүртэл хязгаарлана.
Уулзалтад оролцож байгаа зочид төлөөлөгчдийн аюулгүй байдлыг хангах үүднээс хүний амь нас, эргүүл мэндэд хор хохирол учруулж болзошгүй аюултай ачаа тээвэрлэж байгаа тээврийн хэрэгслийг наймдугаар сарын 15-ны өдрөөс хориглосон замуудаар 24 цагаар хөдөлгөөнд оролцуулахгүй тул бусад зам талбайг сонгон зорчихыг зөвлөж байна.
COP17 олон улсын хуралд оролцогсдын аюулгүй байдлыг хангах үүднээс аюултай ачаа тээвэрлэгч 19 аж ахуйн нэгжид мэдээлэл хүргүүлж хамтран ажиллаж байна.
Хэн юу хэлэв...
Багахангай–Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн төмөр замд есдүгээр сард туршилтын галт тэрэг явуулна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал өнөөдөр стратегийн ач холбогдолтой Багахангай–Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн 127.1 км төмөр замын бүтээн байгуулалтын явцтай танилцаж, холбогдох албаныханд үүрэг даалгавар өглөө.
Өнөөдрийн байдлаар төслийн эхний 87.2 км-ийн үндсэн бүтээн байгуулалт дууссан бөгөөд Шувуун фабрик, Туул гол, Эмээлтийн чиглэлд далан, гүүр, хоолой болон төмөр замын дээд бүтцийн ажил үргэлжилж байна.
Төслийн хүрээнд Туул гол дээгүүр 476 метр урт төмөр замын гүүр барьж байгаа нь Монголын хамгийн урт төмөр замын гүүр болох аж. Бүтээн байгуулалтад үндэсний 95 аж ахуйн нэгж, 4000 гаруй монгол инженер, техникийн ажилтан, ажилчин оролцож байгаа бөгөөд төмөр зам ашиглалтад орсны дараа 1000 орчим байнгын ажлын байр шинээр бий болно гэж тооцжээ.
Шинэ төмөр замыг Богд уулын урдуур чиглүүлж, нийслэлийн төвөөр нэвтрэх шаардлагатай шатахуун, тэсэрч дэлбэрэх болон химийн аюултай ачаа, мөн станцуудын нүүрсийг хотоос гадуур тээвэрлэхээр төлөвлөсөн байна.
Төслийн эхний шатанд жилд 3.5 сая тонн, цаашид 20 сая тонн хүртэлх ачааг Улаанбаатар хотын төвөөр нэвтрүүлэхгүй тээвэрлэх боломж бүрдэх аж. Ингэснээр өдөрт 316-1800 том оврын автомашиныг нийслэлийн замын хөдөлгөөнөөс гаргах тооцоо гарчээ.
Мөн төмөр замын гармуудаар галт тэрэг нэвтрүүлэхийн тулд авто замын хөдөлгөөнийг хоногт дунджаар хоёр цаг хаадаг хугацааг 90 хүртэл хувиар бууруулах боломжтой гэж үзэж байна. Үүний зэрэгцээ хүнд даацын тээврийн хэрэгслийн хөдөлгөөн багассанаар нийслэлийн замын ачаалал, агаар орчны бохирдлыг бууруулахад тодорхой нөлөө үзүүлэхээр тооцжээ.
Ерөнхий сайд Н.Учрал шинэ төмөр замыг зөвхөн тээврийн дэд бүтэц бус, нийслэлийн аюултай ачаа тээврийг хотын төвөөс гаргах чухал шийдэл гэж онцлов. Тэрбээр 2024 онд газ тээвэрлэж явсан автомашин дэлбэрсэн ослыг дурдан, цаашид шатахуун, тэсэрч дэлбэрэх болон химийн аюултай ачааг энэхүү төмөр замаар нийслэлийн гадуур тээвэрлэх боломж бүрдэнэ гэдгийг тэмдэглэжээ.
Төслийн нийт хөрөнгө оруулалт 1.2 их наяд төгрөг бөгөөд урт хугацаанд 294.8 тэрбум төгрөгийн татвар төвлөрүүлж, 1.3 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллана гэсэн тооцоо гарсан байна.
Шинэ төмөр зам ашиглалтад орсноор Хөшигийн хөндий зөвхөн нисэх буудлын бүс бус, Монгол Улсын тээвэр, логистикийн шинэ зангилаа болон хөгжих нөхцөл бүрдэхээр байна. Мөн Зуунмод, Хүннү хот зэрэг дагуул хотын хөгжлийг дэмжиж, Улаанбаатар хотын хүн амын төвлөрлийг сааруулах суурь дэд бүтцийн нэг болно гэж Засгийн газар үзэж байгаа юм.
Төслийн цаашдын санхүүжилтийг шийдвэрлэх хүрээнд Олон улсын санхүүгийн корпорац болон Монгол Улсын Хөгжлийн банктай хамтран ажиллахаар төлөвлөжээ.
Ерөнхий сайд төмөр замын бүтээн байгуулалтыг товлосон хугацаанд дуусгах хүрээнд төмөр замын зурваст давхцаж буй газар, цахилгаан дамжуулах болон түгээх шугам, дэд станцыг нүүлгэн шилжүүлэх ажлыг шуурхай зохион байгуулах үүрэг өгсөн байна.
Мөн бүтээн байгуулалтын ажлыг чанарын шаардлагад нийцүүлэн гүйцэтгэж, 2026 оны есдүгээр сард туршилтын галт тэрэгний хөдөлгөөн эхлүүлэх, Хөшигийн хөндийд тээвэр, логистикийн төв байгуулах ажлыг эрчимжүүлэхийг холбогдох албаныханд даалгалаа.
-
Дэлхий нийтээр..2021/04/02
“Нэг тархи нэгдсэн систем” төслийг боловсруулан, 2021-2024 онд хэрэ...
-
Дэлхий нийтээр..2024/04/30
УБЦТС-ын баруун талын авто замыг хааж, засвар, шинэчлэлт хийнэ
-
Хэн юу хэлэв...2026/08/18
Г.Дамдинням: Үүргээ биелүүлэхгүй байгаа шатахуун импортлогчдын тусгай зөвшөөрлий...
-
Үйл явдал2023/01/03
УИХ: Боловсролын ерөнхий хуулийн төслийн талаарх хэлэлцүүлэг болно
