Дэлхий нийтээр..
УИХ, Засгийн газрын гишүүд Замын-Үүд хилийн боомтод ажиллалаа
БНХАУ-ын Эрээн хотод коронавирусын халдвар тархсантай холбогдуулан Эрээн авто замын боомтын үйл ажиллагааг 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс тодорхойгүй хугацаагаар зогсоосон. Үүнтэй холбоотойгоор Замын-Үүд боомтоор орж ирдэг ачаа тээвэр тодорхойгүй хугацаагаар саатаад байна.
Үүсээд буй асуудлыг шуурхай шийдвэрлэж, хилийн нэвтрэн өнгөрүүлэх чадварыг нэмэгдүүлэхээр Хилийн боомтын үндэсний зөвлөлийн дарга Сангийн сайд Б.Жавхлан, ХБҮЗ-ийн гишүүн УУХҮ-ийн сайд Г.Ёндон, Эрчим хүчний сайд Н.Тавинбэх, Эрүүл мэндийн сайд С.Энхболд, УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин, Д.Бат-Эрдэнэ, Н.Наранбаатар, Гадаад харилцааны яамны ТНБД Ц.Анхбаяр, ХХЕГ-ын дарга Х.Лхагвасүрэн, Гаалийн Ерөнхий газрын дарга Б.Асралт, МХЕГ-ын дарга Т.Гантулга, ЗТХЯ-ны газрын дарга Ё.Жаргалсайхан нарын бүрэлдэхүүнтэй баг Замын-Үүд боомтод ажиллалаа.

Замын-Үүд боомтоор Монгол Улсын импортын бараа бүтээгдэхүүний 70% экспортын бүтээгдэхүүний 6 орчим хувь нь орж ирдэг. Өнөөдрийн байдлаар авто замын боомтоор улсын хил нэвтрэх дараалалд бүртгүүлсэн 5359 тээврийн хэрэгсэл байна. БНХАУ-ын талаас чингэлэг тээврийн терминал байгуулах, жолооч хоорондын харилцаа үүсэхгүй байхаар тээвэр ложистикийн үйлчилгээг цаашид нэвтрүүлэх саналыг ГХЯ-д тавьсан.
Хятадын талаас тавьсан саналыг хүлээн авч богино хугацаанд хилээ нээх, бараа бүтээгдэхүүний эргэлтээ хэвийн түвшинд хүргэх талаар Дорноговь аймгийн удирдлага, хилийн боомтын зөвлөл, жолооч нартай уулзалт хийлээ.
Замын-Үүдэд тээвэрлэлт хийж буй жолооч нарын хувьд аль болох богино хугацаанд тээвэрт гарах боломжоор хангаж өгөхийг хүсч буйгаа илэрхийллээ.
Цаашид хилийн нэвтрэн өнгөрүүлэх чадварыг нэмэгдүүлэх, халдвар хамгааллын дэглэм чанд баримталж, шийдвэр гаргах түвшинд жолооч нарын төлөөлөл, хяналтыг бий болгох, богино хугацаанд хэвийн ажиллах нөхцөл бүрдүүлэхийг сум орон нутгийн удирдлага, хилийн боомтын захиргаанд үүрэг болголоо.
Мөн хил нээхэд шаардлагатай чингэлэг тээвэр, тусгаарлах байр, хятадын талтай хариу зөрдөггүй PCR шинжилгээний төхөөрөмж зэргийг шуурхай шийдвэрлэхэд засгийн газар бүх талаар дэмжлэг үзүүлж ажиллана гэдгийг Сангийн сайд Б.Жавхлан уулзалтын үеэр онцоллоо.
Дэлхий нийтээр..
Польш улсын бага сургуулиудад гар утас ашиглахыг хориглохоор төлөвлөж байна
Польш улс бага сургуулийн сурагчдыг сургууль дээр гар утас ашиглахыг хориглох хуулийн төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Польшийн Ерөнхий сайд Дональд Туск энэ сарын 2-нд мэдэгдэхдээ, 2026 оны есдүгээр сарын 1-нээс эхлэн 7-15 насны сурагчдыг сургууль дээр гар утас ашиглахыг хориглохоор ажиллаж байгаагаа хэлжээ.
Засгийн газраас дэмжсэн хуулийн төсөлд бага сургуулийн сурагчдыг хичээлийн үеэр төдийгүй завсарлага, сургуулийн орчин, мөн сургуулиас зохион байгуулсан боловсролын үйл ажиллагааны үеэр гар утас ашиглахыг хориглохоор тусгасан байна. Ухаалаг цаг зэрэг мэдээлэл, харилцааны боломжтой төхөөрөмжүүд ч уг хязгаарлалтад хамрагдахаар байна.
Гэхдээ сурагчид төхөөрөмжөө сургууль дээр авчрах боломжтой бөгөөд сургуулиуд тэдгээрийг хичээлийн хугацаанд хадгалах тусгай байр, зохицуулалт хийх эрх зүйн үндэстэй болох аж.
Польшийн бага сургуулийн боловсрол найман жил үргэлжилдэг бөгөөд 7-15 насны хүүхдүүд хамрагддаг. Хуулийн төсөл цаашид Польшийн парламентын доод танхим болох Сейм, дээд танхим болох Сенатаар хэлэлцэгдэж, батлагдсаны дараа Ерөнхийлөгч гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болох юм.
Ерөнхий сайд Дональд Туск хүүхэд, өсвөр үеийнхний гар утас, цахим платформ, тоглоомд донтох асуудал ноцтой болж, хичээлдээ төвлөрөх болон зан төлөвт сөргөөр нөлөөлж байгааг онцолсон байна.
Дэлхий нийтээр..
БНХАУ Тяньаньмэний үйл явдлыг дурсах арга хэмжээг хязгаарлажээ
БНХАУ-ын эрх баригчид 1989 оны Тяньаньмэний талбайн үйл явдлын 37 жилийн ойг тэмдэглэх, дурсах оролдлогуудыг хязгаарласан байна. Эх сурвалжийн мэдээлснээр, Бээжин хотод амь үрэгдэгсдийн ар гэрийнхнийг ой тохиосон өдөр оршуулгын газарт очихыг зөвшөөрөөгүй байна. “Тяньаньмэний эхчүүд” хэмээх бүлгийн гишүүд олон жилийн турш уг өдөр төрөл төрөгсдийнхөө шарилд очиж, дурсгалын мэдэгдэл уншдаг байсан гэж “Эмнести Интернэшнл” мэдээлжээ.
1989 онд Бээжингийн Тяньаньмэний талбайд ардчилал, эрх чөлөөг шаардан жагссан оюутан, иргэдийн хөдөлгөөнийг Хятадын арми хүчээр тараасан юм. AP-ийн мэдээлснээр, тухайн үед олон зуун, магадгүй мянга гаруй хүн амь үрэгдсэн гэж үздэг.
Хонконгт мөн энэ өдрөөр аюулгүй байдлыг чангатгажээ. Урьд нь жил бүр лаа асаан дурсах томоохон арга хэмжээ болдог байсан Виктория паркийн орчимд цөөн хүн цугласан бөгөөд цагдаа нар хэд хэдэн хүнийг шалгаж, заримыг нь түр саатуулсан байна.
АНУ, Европын Холбоо, Их Британи энэ өдрийг тохиолдуулан мэдэгдэл гаргаж, өнгөрснийг цензурээр арилгах боломжгүй хэмээн онцолжээ. Харин БНХАУ-ын Гадаад хэргийн яам АНУ-ын мэдэгдлийг Хятадын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцсон үйлдэл гэж шүүмжилсэн байна.
Мөн Тайваньд Тяньаньмэний үйл явдлын ойг тохиолдуулан лаа асаах дурсгалын арга хэмжээ зохион байгуулжээ. АНУ-ын Капитолын ордонд хууль тогтоогчид болон 1989 оны хөдөлгөөний төлөөлөгчид оролцсон дурсах арга хэмжээ болсон байна.
“Тяньаньмэний эхчүүд” бүлэг энэ жилийн ойг угтан шударга ёс шаардсан мэдэгдэл гаргаж, тухайн үед болсон үйл явдлын талаар бүрэн мэдээлэл ил болгох, хохирогчдын ар гэрт нөхөн төлбөр олгох, хариуцлага тооцохыг шаарджээ.
Дэлхий нийтээр..
Индонезид авлигын хэрэгтэй холбоотойгоор өндөр албан тушаалтнуудыг баривчилжээ
Индонезид авлигын эсрэг ажиллагаа эрчимжиж, Засгийн газрын өндөр албан тушаалтнуудыг баривчилжээ. “Аль Жазира”-гийн мэдээлснээр, тус улсын Цагаачлалын асуудал эрхэлсэн дэд сайд Силми Каримыг цагаачлалын бичиг баримтын бүрдүүлэлт, удирдлагатай холбоотой зөрчил гаргасан байж болзошгүй хэргээр саатуулсан байна. Түүнийг Авлигатай тэмцэх комиссын байранд 10 орчим цаг байцаасны дараа баривчилжээ.
Авлигатай тэмцэх комиссын төлөөлөгч Будии Прасетьогийн мэдээлснээр, уг хэрэг 2023-2024 онд Силми Карим тухайн үеийн Ерөнхийлөгч Жоко Видодогийн засаг захиргаанд Цагаачлалын асуудал эрхэлсэн ерөнхий захирлаар ажиллаж байх үед гарсан байж болзошгүй аж. Мөн энэ хэрэгт холбогдуулан өөр долоон сэжигтнийг тогтоосон гэж мэдэгдэв.
Үүнээс нэг өдрийн өмнө Индонезийн Ерөнхий прокурорын газар Ерөнхийлөгч Прабово Субиантогийн хүүхдийн хоол тэжээлийн дутагдалтай тэмцэх үнэгүй хоолны хөтөлбөрийг хариуцаж байсан Үндэсний хоол тэжээлийн агентлагийн дарга асан Дадан Хиндаяанаг авлигын хэрэгт холбогдуулан баривчилжээ. Тус хэрэгт мөн хоёр хүнийг саатуулсан байна.
Мөрдөн шалгах байгууллагын мэдээлснээр, үнэгүй хоолны хөтөлбөрийг сургуулиудад үйл ажиллагаа явуулдаг сангуудаар дамжуулан хэрэгжүүлдэг бөгөөд эдгээр санг хууль бус үйл ажиллагаанд ашигласан байж болзошгүй гэж үзэж байгаа юм.
Индонезийн Төрийн нарийн бичгийн дарга Прасетьо Хади сүүлийн хоёр өдөр дараалан өндөр албан тушаалтнууд авлигын хэрэгт холбогдсонд Засгийн газар санаа зовниж буйгаа илэрхийлжээ. Тэрбээр Авлигатай тэмцэх комисс болон Ерөнхий прокурорын газрын явуулж буй хуулийн ажиллагааг Засгийн газар хүндэтгэнэ гэж мэдэгдсэн байна.
Индонезид сүүлийн саруудад авлигын эсрэг ажиллагаа идэвхжиж, өнгөрсөн дөрөвдүгээр сард тус улсын Омбудсманы ерөнхий дарга албан тушаалдаа томилогдоод зургаахан хоногийн дараа хээл хахуулийн хэрэгт холбогдон баривчлагдсан юм.
-
Дэлхий нийтээр..2023/03/03
Зөвшөөрөлгүй самбар, хаягийн байгууламж буулгах ажил эхэллээ
-
Дэлхий нийтээр..2025/06/17
ЕБС-иуд 2024-2025 оны хичээлийн жилд танхимаар бүрэн хичээллэж дуусав
-
Үйл явдал2021/03/03
Монгол ардын намын 100 жилийн ойд зориулсан хос номын нээлт боллоо
-
Тод зураг2022/05/06
Нийт нутгийн 20 орчим хувьд ургамал цухуйгаагүй байна
