Хэн юу хэлэв...
Бейрутийн харанхуй бидэнд юуг хэлнэ вэ?
Эдийн засагч Д.Жаргалсайхан
Монгол Улс хэзээ мөдгүй таг харанхуй, тас хөлдүү болох эрсдэлтэй тулгараад байна. Хот нь хав харанхуй, гэрлэн дохио ч асахгүй, бүх лифт, хөргөгч нь ажиллахгүй удахаар юу болдог, иргэд яаж зовдог гэдгийг Ливаны Бейрут хот энэ өдрүүдэд бодитойгоор харуулж байна. Ливанд эрчим хүчний нэгдсэн сүлжээний 80 хувийг нь хангадаг хоёр станц нь түлшгүй болсноос цахилгааны хязгаарлалт хийж явсаар сүүлдээ тэг зогсов. Цахилгааны үнийг хэт доогуур барьснаас, хөрөнгөгүй болж, хүчин чадлаа нэмж чадахгүй явсаар, дээрээс нь авлигажсан төр засгийнхаа уршгаар эдийн засаг нь тэнд бүрэн хямраад байна.
Монгол үнэхээр Ливан шиг болох гэж байна. Эрчим хүч нь эрчмээ алдсаар, энэ салбар дампуурахад бэлэн болжээ. Яг хоёр жилийн өмнө, энэ тухай би тодорхой бичсэн. Тэгвэл нөхцөл байдал эдүгээ улам дорджээ. Цар тахал энэ салбарт хүчтэй нөлөөлөв. Төрөөс тусгай хууль батлаж, иргэд, аж ахуйн нэгжүүдийн цахилгаан, дулааны төлбөрийг нь төрийн өмчит компаниар төлүүлэв. Энэ хөнгөлөлтөд зориулж 2020 оны арванхоёрдугаар сараас хойш 826 тэрбум төгрөг зарцуулж байна. Тэгээгүй бол эрчим хүчний салбар дахин сэргэхгүй байлаа.
Эрчим хүчний салбар дампуурах нь дахин сонгогдохоо л хичээдэг улс төрчдөд л ашигтай болохоос, түмэн олонд асар их хохиролтой гэдгийг баруун аймгууд харанхуй болсон саяхны тав хоног, Улаанбаатарт наймдугаар сард цахилгаан тасарсан 5 цаг сануулсаар байна.
Бодит байдал
Өнөөдөр Монгол Улсын эрчим хүчний нийлүүлэлт найдваргүй болж, эрчим хүчний дутагдалд оржээ. Гол шалтгаан нь хэрэглээ жил бүр нэмэгдсээр байхад дотоодын үйлдвэрлэлээ өсгөж чадахгүй, гадаадаас цахилгааныг өндөр үнээр худалдаж авсаар буй явдал.
Монгол Улсын цахилгаан эрчим хүчний хэрэглээ жилээс жилд өсөн нэмэгдэж байгаа. Энэ 2021 онд (хүлээгдэж буй гүйцэтгэлээр) 9.9 тэрбум кВт.ц болж өмнөх оноос 12 хувь нэмэгдэнэ. Дулааны хэрэглээ 6 хувиар өсч 11 сая Г.кал болно. Цахилгаан эрчим хүчний хэрэглээний 80 хувийг дотоодын үйлдвэрлэлээр, 20 хувийг хоёр хөршөөсөө худалдан авч нийлүүлнэ. Эрчим хүчний салбар гал алдчихгүйн тулд дотоод бүхий л нөөц бололцоогоо шавхаж, насжилт өндөртэй зуухнуудаа тултал ачааллан ажиллаж байна. Өнгөрсөн 2020 онд төвийн бүсийн эрчим хүчний системийн оргил ачаалал 1309 МВт хүрсний 831 МВт нь Улаанбаатар хотод ногджээ.
Төрөөс эрчим хүчний салбарт хөрөнгө оруулалт хийж үйлдвэрлэлийн хүчин чадлаа уг нь нэмэгдүүлж байгаа. Багануурт 400 МВт-ын хүчин чадалтай дулааны цахилгаан станц 2024 онд ашиглалтанд оруулах концессийн гэрээ байгуулжээ. Тавантолгойд 450 МВт-ын цахилгаан станц барьж, 2025 онд эхний ээлжийг ашиглалтанд оруулах гэнэ. Эрдэнэбүрэнгийн 92 МВт-ын усан цахилгаан станцыг ирэх хавараас барьж эхлэнэ. Гэвч Монголд том төслүүд үргэлж гацаж, цагтаа ашиглалтанд орох байтугай, бүр зогсоочихдог гэдгийг хорин жил ярьж, арван удаа шавыг нь тавьсан 5-р дулааны цахилгаан станцын түүх өгүүлнэ.
Эдүгээ эрчим хүчний ложистикийн компаниуд харилцан өрөндөө баригдаж, зөвхөн 2020 онд энэ салбар 88.0 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллажээ. Нүүрсний үнэ 9 хувиар, тээврийн зардал 20 хувь, валютын ханш 7 хувь, хэрэглээний үнийн индекс 9.6, үйлдвэрлэгчийн үнийн индекс 10.1, гадаад орны үйлдвэрлэгчийн үнийн индекс 3.4, үйлдвэрийн ус, ашиглалтын цахилгаан, дулаан, нийгмийн даатгалын шимтгэл, үндсэн хөрөнгийн элэгдлийн зардал, зээлийн хүүгийн төлбөр гэх мэт зардал 14.5 хувиар тус тус өссөнтэй холбоотой гэж салбарын эрдэмтэд хэлжээ. Мөн ОХУ-аас авсан цахилгааны хэмжээ 21.8 хувиар, үнэ нь 15.9 хувиар тус тус өсч, импортын цахилгааны зардал 41.2 хувиар нэмэгджээ.
Манай эрчим хүчний эх үүсвэрүүд, дамжуулах, түгээх сүлжээ 30-62 жилийн насжилттай, шугам сүлжээний 40 хувийнх нь ашиглалтын хугацаа дууссан байна. Улаанбаатар хотын долоон дүүрэгт гэр хорооллын 13681 өрх стандартын цахилгаан авч чадахгүй байна. Өвлийн оргил ачааллын үед цахилгаан эрчим хүчээ хязгаарлаж, бүх хүчин чадлаа бүрэн ажиллуулж байгаа нь системийн хэмжээнд осол гарах, эрчим хүч орон даяар тасрахад хүргэж байна.
Одоо яах вэ?
Зөвхөн Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй хэрэглээг хангах цахилгаан, дулааны өргөтгөл, шинэчлэл хийхэд 3.5 их наяд төгрөг шаардлагатай болсон гэж хотын дарга Д.Сумьяабазар мэдэгджээ. Гэтэл ийм хөрөнгө энэ салбараас гаргах байтугай, одоо байгаа өрөө ч төлж чадахгүй болжээ. Дотоодын эрчим хүчний 60 хувийг үйлдвэрлэдэг ДЦС-4 ТӨХК гэхэд л Хөгжлийн Банкнаас авсан 90 тэрбум төгрөгийн зээлээ төлж чадахгүйд хүрчээ. Монгол Улс нь бусад олон орны адил эрчим хүчний үнийг төрөөс хязгаарлаж, зохицуулдаг. Гэхдээ яаж зохицуулахаараа эрчим хүч тасалдахад бэлэн болж, энэ салбар нь дампуурахад тулчихаад байгаа юм бэ?
Энэ өвөл гэхэд алдагдалтай ажилладаг тул нүүрсний уурхайнууд үнээ өсгөж буй учир
Эрчим хүчний зардал 25.6 тэрбум төгрөгөөр өснө. Мөн монополь “Улаанбаатар төмөр зам” нүүрс тээврийн тарифыг 23.4 хувиар нэмж байгаагаас шалтгаалан нэмээд 5.6 тэрбум төгрөг шаардагдана. Дээрээс нь эрчим хүч үйлдвэрлэх, дамжуулах, түгээх, хангах тусгай зөвшөөрөл эзэмшигч 100 компанид өвөлжилтийн бэлтгэл хангах, засвар, шинэчлэл хийхэд 128.8 тэрбум төгрөгийн хөрөнгө шаардлагатай байгаа ажээ. Бас сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүд 28.9 тэрбум төгрөг, ОХУ-аас худалдаж авах цахилгаан эрчим хүчний үнийн өсөлтөд 4.7 тэрбум төгрөгийн эх үүсвэр шаардлагатай гэнэ. Ийнхүү нүүрсний уурхай, төмөр зам, эрчим хүч үйлдвэрлэх, дамжуулах, түгээх, хангах компаниудад нийт 159.6 тэрбум төгрөг яаралтай шаардлагатай байна.
Энэ хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлэхийн тулд эрчим хүчний үнийг арай илүү бодитой болгож зардлаа бүрэн нөхөхгүй юм гэхэд 20-30 хувиар өсгөхөөс өөр сонголтгүй болов. Үнийг хянаж зохицуулах үүрэгтэй байгууллагын мэргэжилтнүүдийн тооцоогоор одоо 1 кВт.ц цахилгаан эрчим хүчний тарифыг 36, дулааны эрчим хүчний тарифыг 20 хувиар тус тус нэмэгдүүлэх аж. Гэхдээ хүн амын хэрэглээний түвшинг харгалзан сард 150 кВт.цагаас бага хэрэглээтэй өрхийн үнийг энэ өвөл дуустал нэмэхгүй ажээ.
Манай айл өрхийн нэг сарын эрчим хүчний төлбөр нь өрхийн нийт зардлын 5.5 хувийг эзэлдэг. ҮСХ-ны судалгаагаар 4 ам бүлтэй өрх сард дунджаар 220 кВт.ц цахилгаан хэрэглэж 36,220 төгрөг буюу өдөрт дунджаар 1200 төгрөг, 1 хүн 300 төгрөгийг цахилгаанд төлдөг. Тэгвэл автобусны билетийн үнэ 500 төгрөг, гар утасны төлбөрт өдөрт 820 төгрөг зарцуулж байна. Манайд 1 кВт.ц цахилгааны үнэ 6.2-6.3 ам.цент байгаа бол хоёр хөршийнхөөс 2 дахин, хөгжилтэй орнуудаас 3-5 дахин хямд байна. Үүнээс үзэхэд манай оронд цахилгаан эрчим хүч хамгийн хэрэгцээтэй атлаа үнэ цэнэгүй бүтээгдэхүүн болжээ.
Эхний ээлжинд дулаан цахилгааны үнээ бага багаар нэмж, аажмаар ядаж зардлаа нөхдөг болгохоос гадна зэрэгцээд эрчим хүч хэмнэх, дулаан алдагдлыг багасгах, эрчим хүчний алтернатив эх үүсвэр ашиглах зэргийг дэмжиж, урамшуулсан бодлого хэрэгжүүлэх цаг болжээ.
Харин урт хугацаандаа цөмийн эрчим хүчний станц барих, ус төрөгчийн задралыг ашиглах зэргээр нүүрс хүчлийн хийг багасгасан эх үүсвэр ашиглахыг дэлхийн цаг агаарын дулаарал, манай улсын хүлээсэн үүрэг шаардах боллоо.
Ямар ч гэсэн төр засаг улс орноо гал алдуулчихгүй, Улаанбаатараа Бейрут шиг харанхуй болгочихгүй байх гэж иргэд найдсаар байна.
2021.10.18
Хэн юу хэлэв...
Өглөөний нарыг унтаж алдаж, оройн харанхуйд тог цахилгаан худалдаж авсаар байх уу?
Зуны улиралд Улаанбаатарт нар өглөө 04:59 цагт мандаж, орой 20:40 цагт жаргаж байна. Өөрөөр хэлбэл байгалийн гэрэл өглөө эрт аль хэдийнэ хотыг гэрэлтүүлж эхэлдэг. Гэвч энэ үед олонх хүн унтаж байдаг. Харин орой 20:00 цагаас хойш айл өрх, үйлчилгээний байгууллага, хотын орчин даяараа гэрэл чийдэнгээ асааж эхэлдэг.
Эндээс маш энгийн атлаа бодлогын түвшинд ярих ёстой асуулт гарч ирнэ.
Бид өглөө 05:00-07:00 цагийн хооронд үнэгүй тусаж буй нарны гэрлийг бодитоор ашиглаж чадаж байна уу? Эсвэл оройн 20:00-22:00 цагийн харанхуйг улс даяараа цахилгаанаар нөхөж, байгалийн үнэгүй эрчим хүчийг унтаж өнгөрөөж байна уу?

Эрчим хүчний хэмнэлтийн тухай ярихдаа бид ихэвчлэн цахилгаан станц, импорт, оргил ачаалал, дамжуулах сүлжээ зэрэг том ойлголтыг ярьдаг. Гэвч бодит амьдрал дээр хамгийн өргөн хэрэглээ айл өрх бүрт, байгууллага бүрт, өрөө тасалгаа бүрт зэрэг үүсдэг жижиг жижиг асаалтаас бүрддэг.
Гал тогооны гэрэл, зочны өрөөний гэрэл, хүүхдийн өрөө, ариун цэврийн өрөө, орц, лифт, дэлгүүрийн хаяг, үйлчилгээний газрын гадна дотор гэрэлтүүлэг, гудамж талбайн гэрэл гээд анзаарагдахгүй хэрэглээ нийлээд маш том ачаалал болдог.
Хэрэв нар 20:00 цагийн орчимд жаргаж, хүмүүс шөнө дунд хүртэл сэрүүн байвал айл өрхүүд ойролцоогоор дөрвөн цагийн турш гэрэл асааж хэрэглэнэ. Харин цагийн зохицуулалт хийж, оройн нарны гэрлийг 22:00 цагийн орчим хүртэл ашиглах боломжтой болбол энэ хугацаа хоёр цаг болж багасна. Энэ нь зөвхөн нэг айлын нэг чийдэнгийн тухай асуудал биш. Хот даяар, айл өрх бүрт, байгууллага үйлчилгээ бүрт зэрэг үүсдэг хэрэглээний тухай асуудал юм.
Өөрөөр хэлбэл өглөөний нар унтаж өнгөрөх гэрэл болж, оройн харанхуй цахилгаанаар худалдаж авдаг цаг болж байна. Энэ бол эрчим хүчний бодлогын хувьд зайлшгүй тооцож үзэх ёстой өнцөг.
Гэхдээ энэ асуудал зөвхөн цахилгааны хэмнэлтээр хязгаарлагдахгүй. Оройн нар гэдэг бол гэр бүлийн цаг юм.
Харанхуй эрт болохоор айлын амьдрал өрөө өрөөндөө салдаг. Хүүхэд нэг өрөөнд, эцэг эх өөр өрөөнд, нэг нь утсаа оролдож, нөгөө нь зурагт үзэж, гэр бүлийн хамтын цаг багасдаг. Харин 22:00 цаг хүртэл гэгээтэй байвал гэр бүл хамт алхах, хүүхэдтэйгээ тоглох, ахмад настнаа салхилуулах, хөршүүд уулзах, иргэд гадаа идэвхтэй байх боломж нэмэгдэнэ.
Оройн гэрэл бол зөвхөн нарны тусгал биш. Энэ бол гэр бүлийн харилцаа, хүүхдийн хөдөлгөөн, иргэдийн аюулгүй байдал, хотын амьдралын чанар, сэтгэл санааны тав тухтай шууд холбоотой нийгмийн үнэт цаг юм.
Мөн энэ зохицуулалт бизнесийн байгууллагуудад ч бодит үр ашигтай. Дэлгүүр, кафе, ресторан, үйлчилгээний газруудын хамгийн идэвхтэй цаг ихэвчлэн орой байдаг. Хүмүүс ажлаа тараад худалдан авалт хийх, хооллох, гэр бүлээрээ гадуур гарах, алхах, үйлчилгээ авах нь нэмэгддэг.
Гэтэл харанхуй эрт болохоор үйлчилгээний байгууллагууд гадна хаяг, заал, үүд, шат, агуулах, хамгаалалтын гэрэлтүүлэг, гаднах талбайн гэрлээ зэрэг асаана. Энэ нь тухайн байгууллагын тог ашиглалт, гэрэлтүүлгийн зардлыг нэмэгдүүлдэг. Харин оройн гэгээ урт байвал гэрэлтүүлгийн хэрэглээ тодорхой хэмжээгээр багасч, үйлчлүүлэгчийн урсгал хадгалагдах хугацаа уртасна.
Өөрөөр хэлбэл оройн нар бол айл өрхийн хэмнэлт төдийгүй жижиг дунд бизнес, үйлчилгээний байгууллагын ашигт ажиллагааг дэмжих байгалийн үнэгүй нөөц юм. Хүмүүс харанхуй болохоор гэр рүүгээ яарах нь нэмэгддэг бол гэгээтэй орой үйлчилгээ авах, дэлгүүр хэсэх, хүүхэдтэйгээ гадуур алхах, гэр бүлээрээ цаг өнгөрүүлэх боломж илүү уртасдаг.
Ингээд харахад цагийн зохицуулалт гэдэг нь зүгээр нэг цагийн зүү урагшлуулах тухай асуудал биш юм. Энэ бол өглөө ашиглагдахгүй өнгөрч буй нарны гэрлийг оройн хамгийн идэвхтэй, хамгийн хэрэгтэй цагт шилжүүлэн ашиглах тухай асуудал юм.
Үүний үр дүн нь олон талтай байж болно. Айл өрхийн гэрэлтүүлгийн хэрэглээ буурна. Хотын оройн цахилгааны ачаалал багасна. Бизнесийн байгууллагуудын гэрэлд зарцуулах зардал тодорхой хэмжээгээр хэмнэгдэнэ. Үйлчилгээний байгууллагуудын ажиллах, ашиг олох боломжтой идэвхтэй цаг уртасна. Гэр бүл хамт байх, хүүхэд гадаа тоглох, иргэд алхах, хот амьдрах цаг нэмэгдэнэ.
Мэдээж цагийн хөдөлгөөн хийх эсэх асуудалд шууд шийдвэр гаргахын өмнө бодит тооцоо хэрэгтэй. 05:00-07:00 цагийн хооронд ашиглагдахгүй өнгөрч буй байгалийн гэрэл, 20:00-22:00 цагийн хооронд үүсэж буй цахилгаан хэрэглээ, айл өрхийн гэрэлтүүлэг, бизнесийн байгууллагуудын зардал, хотын гэрэлтүүлэг, оргил ачаалалд үзүүлэх нөлөөг нарийвчлан судлах шаардлагатай.
Гэхдээ нэг зүйл тодорхой. Эрчим хүчний хэмнэлт ярьдаг улс байгалийн үнэгүй гэрлийг хэрхэн зөв ашиглаж байгаагаа заавал эргэн харах ёстой.
Нар өглөө эрт мандаж, хүмүүс унтаж байх хооронд гэрэл дэмий урсаж, харин оройн идэвхтэй цагт айл өрх, бизнесийн байгууллага, хот даяараа цахилгаан гэрэл рүү шилжиж байгаа бол энэ нь бодлогын түвшинд ярих асуудал мөн.
Бид өглөөний нарыг унтаж алдаад, оройн харанхуйг цахилгаанаар худалдаж авсаар байх уу? Эсвэл байгалийн гэрлийг хүний амьдралын хамгийн хэрэгтэй цагтай нь уялдуулж ашиглах уу?
Энэ бол зөвхөн цагийн зүүний тухай маргаан биш. Энэ бол эрчим хүч, гэр бүл, бизнес, хотын амьдралын чанарын тухай асуудал юм.
Хэн юу хэлэв...
Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийн сонсголыг энэ сарын 22-нд зохион байгуулна
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны 2026 оны зургаадугаар сарын 02-ны өдрийн хуралдаанаар Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийг сонгон шалгаруулах үүрэг бүхий ажлын хэсгийн санал, дүгнэлтийг хэлэлцлээ.
УИХ-аас Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр нэр дэвшүүлэн томилогдож ажиллаж байсан С.Алтанцэцэг, В.Бат-Эрдэнэ, Д.Батсүх нарын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсонтой холбогдуулан нэр дэвшигчийг сонгон шалгаруулах ажлын хэсэг ажилласан юм.
Ажлын хэсгийн санал, дүгнэлтийг ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Б.Баярбаатар танилцууллаа. Тэрбээр, сонгон шалгаруулалтын зарыг Parliament.mn болон олон нийтийн цахим хуудсаар нийтэлсний дагуу 19 төрийн бус байгууллагаас нэр дэвшигчийн материалыг ирүүлсэн талаар мэдээлэв.
Төрийн байгуулалтын байнгын хороо нэр дэвшигчдийн материалтай холбогдуулан Төрийн албаны зөвлөл, Авлигатай тэмцэх газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газраас шаардлагатай лавлагаа, мэдээллийг авчээ.
Ажлын хэсэг нийт гурван удаа хуралдаж, “Ажлын хэсгийн ажиллах түр журам”-ыг батлан мөрдсөн бөгөөд нэр дэвшигчдийн мэргэжил, нэр дэвшүүлсэн төрийн бус байгууллагын үйл ажиллагааны чиглэл, хуульд заасан шаардлагыг хангаж буй эсэхийг харгалзан үзсэн байна.
Сонгон шалгаруулалтын дүнд нийт 19 нэр дэвшигчээс 10 нэр дэвшигчийг Олон нийтийн радио, телевизийн тухай хууль болон холбогдох хууль, журмын шаардлагыг хангаагүй үндэслэлээр хасаж, үлдсэн 9 нэр дэвшигчийг шаардлага хангасан гэж дүгнэжээ.
Хуралдаанаар мөн нэр дэвшигчийн сонсголын тов тогтоох, сонсгол даргалагчийг сонгох тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэв. Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигч Э.Адъяасүрэн, Ж.Билэгсайхан, Д.Наранцэцэг, Д.Мягмарсүрэн, С.Од-Эрдэнэ, Б.Энэрэлт, Л.Энхжин, Г.Энхбаяр, М.Төрманлай, Д.Гүн-Үйлс, Ч.Батцэнгэл нартай хийх нэр дэвшигчийн сонсголыг 2026 оны зургаадугаар сарын 22-ны өдөр зохион байгуулахаар тогтлоо.
Мөн нэр дэвшигчийн сонсгол даргалагчаар Улсын Их Хурлын гишүүн С.Зулпхарыг сонгох тухай тогтоолын төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, эцэслэн баталсан байна.
Хэн юу хэлэв...
Л.Чинбат: Хүн сонирхож, сэтгэл зүрхээ зориулсан зүйлдээ л амжилт гаргадаг
Эх сурвалж: "Онцгой мэдээ" сонин
