Хэн юу хэлэв...
Б.Бямбадорж: Ковидын эсрэг авч хэрэгжүүлэх хариу арга хэмжээний ажилд нэгдэхийг уриалж байна
Нийслэлийн онцгой комиссоос коронавирусний тархалтын нөхцөл байдал, хэвтэн эмчлүүлэгчдийн орны хүрэлцээ, эмнэлгийн тусламж, үйлчилгээний талаар мэдээлэл өглөө. Энэ үеэр НЭМГ-ын дарга Б.Бямбадорж, "Бид хүний нөөцөө нэмэхийн тулд ЭМЯ болон Улаан загалмай нийгэмлэг, Өрхийн эмнэлгийн холбоо зэрэг байгууллагуудтай олон талт хамтын ажиллагааг хэрэгжүүлж байгаа. Өнөөдрийн байдлаар 239 резидент эмч Эрүүл мэндийн сайдын тушаалаар хуваарилагдсан. Мөн Глобал сангийн санхүүжилтээр сард 50 ам.долларын урамшуулалтай сайн дурынхныг ажиллуулж байгаа бөгөөд одоогийн байдлаар 207 хүн ирэх ёстойгоос 110 хүн ажиллаж байна. Бид эдгээр хүний цагийг өдөр бүр бүртгэж, мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч ажилладаг. Улаан загалмай нийгэмлэгээс сайн дурын 187 ажилтан ажиллах ёстойгоос өнөөдрийн байдлаар 57.2 хувь нь ажиллаж байна. Стандартын дагуу эрчимт эмчилгээний таван оронд нэг эмч, нэг сувилагч ажиллах ёстой. Түрүүн хэлсэн тоонууд энэ стандартын дагуух тоонууд. Гэтэл цар тахал гэлтгүй ердийн нөхцөлд ч эрүүл мэндийн салбар хүний нөөцийн хомсдолтой байдаг. Дэлхий нийтэд сувилагчийн хомсдолтой байна. Бид эрүүл мэндийн чиглэлээр мэргэшсэн эмч, сувилагч, сайн дурын ажилтнуудыг ковидын эсрэг авч хэрэгжүүлэх хариу арга хэмжээний ажилд нэгдэхийг уриалж байна. Бидний гаргасан судалгаагаар эрүүл мэндийн бус мэргэжилтэй 910 хүн нийслэлийн хэмжээнд ажиллах бололцоотой. Эдгээр хүнд бид сургалт хийх боломжтой юм. Хүний нөөцийн асуудлыг шийдвэрлэхэд НЗДТГ идэвх санаачилгатай ажиллаж байна. Эмнэлгийн бус мэргэжлийн 292 хүнийг ковидын эсрэг авч хэрэгжүүлэх хариу арга хэмжээний ажилд ажиллуулах шийдвэр гаргаж, бидний үйл ажиллагаанд дэмжлэг болж байна" гэв.
Сэтгүүлчдэд өгсөн түүний хариултыг хүргэж байна.
-Өрхийн эрүүл мэндийн зарим төв түргэвчилсэн тестийг 25 мянган төгрөгөөр авч байна гэсэн. Энэ талаар тайлбар өгнө үү. Нийслэлд халдвар аваад гэртээ нас барсан иргэдийн тоо хэд байна вэ?
-Ковидын халдварын шинж тэмдэг илэрсэн, түргэвчилсэн болон PCR шинжилгээгээр эерэг гарсан бүх тохиолдолд Тандалт, хариу арга хэмжээний баг ажиллаж байгаа. Хамгийн түрүүнд Тандалт, хариу арга хэмжээний шуурхай баг очиж, тухайн хүнд үнэлгээ хийж, гэрийн хяналтад байх уу, эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах шаардлагатай юу гэдгийг тогтооно. Гэрийн хяналтад байхаар бол өрхийн эмч хяналтдаа авна, эмнэлгийн тусламж авах шаардлагатай бол түрүүн хэлсэнчлэн УОК-т мэдээлэл нь очсоноор эмнэлэгт хэвтэх юм. Хүний биеийн байдал өглөө, өдөр, оройдоо өөрчлөгдөж байдаг. Тиймээс ковидын халдвар авсан, эмнэлгийн тусламж авах нэн шаардлагатай иргэд заавал УОК-т хандахгүйгээр шууд эмнэлгийн яаралтай тусламжийн үйлчилгээг авч байгаа. Эрүүл мэндийн сайдын тушаалаар Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд тест хуваарилсан.
Тандалт, хариу арга хэмжээний багийнхан ойрын хавьтал, шинж тэмдэг илэрсэн нөхцөлд очиж шинжилгээ авна. Эрүүл мэндийн сайдын баталсан журмаар жирэмсэн, архаг хууч өвчтэй, өндөр эрсдэлтэй хүмүүсээс 5-6 дахь хоногт шинжилгээг үнэ төлбөргүйгээр авч үйлчилж байна. Ковидын эсрэг авч хэрэгжүүлж байгаа ажлын нэг чухал хэсэг бол эмнэлэгт хэвтүүлэн эмчлэх. Эмнэлгийн яаралтай тусламж үйлчилгээг үзүүлэхээр Яармагт 145 ортой эмнэлэг ажиллаж байгаа. Энд биеийн байдал гэнэт муудсан хүмүүст эмнэлгийн яаралтай тусламж үзүүлж, биеийн байдлыг тогтворжуулан, дараагийн шатны эмнэлэгт шилжүүлэн ажиллаж байна. Энэ үйл ажиллагаа хэвийн явагдаж байсан. Харин сүүлийн гурван долоо хоногт эмнэлгээс гарах болон эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдийн харьцаа өөрчлөгдсөнөөс эмнэлгийн ор хоног уртассан, эмнэлэгт байгаа нэн хүнд, хүнд, хүндэвтэр хүмүүсийн тоо нэмэгдэж байгаа учир орны эргэлт удааширсан.
Үүнтэй холбоотойгоор яаралтай тусламжийн төвөөс эмнэлэгт хүргэгдэх үйл ажиллагаа удааширч байгаа учраас ор дэлгэлтийг нэмэгдүүлж байгаа юм. Ковидын эсрэг авч хэрэгжүүлэх ажиллагааг эмнэлгүүд өөрсдөө зохицуулалт хийж байсныг нэгдсэн удирдлагаар хангах шаардлага гарсан. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх шаардлагатай иргэдийн тоо өдөр өөр өөр байгаа. Дунджаар 400-500 хүн байдаг. Үүнээс улаан эрэмбийн буюу нэн шаардлагатай 150-180 хүнийг хариу арга хэмжээний багийнхан үнэлж, эмнэлгийн тусламж үзүүлж байна. Өвчлөл ихсэж байгаатай холбоотойгоор иргэд гэртээ нас барах тохиолдол гарч байгаа. Бид гэртээ нас барсан тохиолдол бүрд анализ хийдэг. Зарим тохиолдолд архаг суурь өвчний сүүлийн шатны оноштой хүмүүс халдвар авсан ч өрхийн эмнэлгийн хяналтад байя гэдэг. Бид жирэмсний хяналтыг онцгой анхаарч ажиллаж байна. Сүүлийн гурван хоногт жирэмсний батлагдсан тохиолдлыг 100 хувь эмнэлэгт хэвтүүлсэн. Ковидын тусламж, үйлчилгээг эрүүл мэндийн даатгалтай эсэхээс үл хамааран өгч байгаа. Халдвар авсан иргэнд жигд хүртээмжтэй тусламж үзүүлэх бүх бололцоог ханган ажиллаж байна.
-Цар тахлын нөхцөл байдал хүнд байхад Эрүүл мэндийн төвийн дарга нарыг өөрчилж байна гэсэн шүүмжлэл хэвлэлээр гараад байгаа. Үүнийг тайлбарлана уу?
-Цар тахлын үед мэргэшсэн багийг тогтвортой ажиллуулах, байнгын дэмжлэг, удирдлага, арга зүйгээр хангах тал дээр ЭМЯ, НЭМГ хамтран цаг наргүй ажиллаж байна. Цар тахлын үеийн хариу арга хэмжээний менежментэд ДЭМБ, олон улсын байгууллагуудаас эмчилгээний арга зүйн шинэчлэлүүдийг байнга хийдэг. Энэ дагуу сургалт явуулах, богино хугацаанд шинэчлэл хийх шаардлагууд байдаг. Бид ажлын байран дээрх архидалттай эвлэрэхгүй. Бусад асуудлыг цагдаагийн байгууллага шалгаж байна. Ажлын алдаа, дутагдал гаргасан нөхцөлд бид зайлшгүй арга хэмжээ авч байгаа. Энэ нь цаашид гарах эрсдэлүүдээс сэргийлнэ.
-Хотын захиргааг Яармаг руу нүүлгэх шийдвэрийг гаргасан. Тэнд байгаа эмнэлгийн үйл ажиллагааг хэрхэх вэ?
-Зургаадугаар сард эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэхээр тухайн төвийг нээсэн нь маш үр өгөөжтэй ажил болсон. Яармагт байрлах хотын захиргааны байранд байрлаж байгаа Түргэн тусламжийн төвийг Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлэгт шилжүүлэх бэлтгэл ажлыг хангаж байна. Яаралтай түргэн тусламжийн төвд цаашид тогтвортой ажиллах орчин шаардлагатай. Тухайн төвийг Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлэгт шилжүүлснээр ковидын дараа ч түргэн тусламжийн үйлчилгээг үзүүлэх бололцоотой болж байгаа юм.
-Вакцин хийлгэсэн хүмүүс халдвар авч байгааг хэрхэн тайлбарлах вэ?
-Дэлхий нийтэд коронавирусний эсрэг вакцинжуулалтыг өвчнөөс сэргийлэхээс илүү тухайн халдварын эрсдэлээс сэргийлэх, нас баралтыг бууруулах, өвдлөө гэхэд эмнэлэгт хэвтэхгүй байх, эмнэлэгт хэвтсэн тохиолдолд ор хоногийг багасгах зэрэг эрсдэлээс хамгаалж хийж байгаа. ЭМЯ-наас мэдээлж байгаагаар гуравдугаар тунд хамрагдсан иргэдийн 0.1 хувиас л халдвар илэрч байна. Гуравдугаар тун хийлгэсэн иргэдээс нас барсан мэдээлэл байхгүй.
-Коронавирусний альфа, дельта хувилбаруудад ижил эмчилгээ хийж байгаа юу. Эмчилгээний арга байхгүй байгаагаас нас баралт нэмэгдэж байна уу?
-Хөнгөн болон эмнэл зүйн шинж тэмдэг илэрч байгаа үед вирусийн эсрэг эмчилгээ хийх үү, дархлааны эсрэг эмчилгээ хийх үү гэдэг зөвлөмжүүдийг ЭМЯ болон мэргэжлийн байгууллагуудын салбар зөвлөлийн эрдэмтдийн удирдамж зааврууд гарсан. Эмнэлэгт хэвтсэн нөхцөлд вирусийн эмчилгээг зайлшгүй хийдэг. Вирусийн эсрэг болон бусад эмчилгээг дэмжиж байж эмчилгээний үр дүн гарч байгаа. Бусад оронтой харьцуулахад Монгол Улсын эмчилгээний үр дүн өндөр үзүүлэлттэй байгаа.
-Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд ямар зохицуулалт хийж байгаа вэ. 160 мянган төгрөгийн багц харилцан адилгүй байна. Жирэмсэн эх болон нярай хүүхдээс шинж тэмдэг илрэхэд тухайн Өрхийн эрүүл мэндийн төв нь түр оршин суугч учир үзлэг хийхгүй байна гэсэн?
-Өрхийн эрүүл мэндийн төвийн үйл ажиллагааг дэмжих, ачааллыг тэнцвэржүүлэх нь хамгийн чухал. Одоогийн байдлаар 31 мянга гаруй хүн Өрхийн эрүүл мэндийн төвд хянагдаж байна. Зарим Өрхийн эрүүл мэндийн төвд 70 гаруй, заримд нь 1000 хүн хянагдаж байгаа. Хүн амын нягтаршлаас хамааран Өрхийн эрүүл мэндийн төвүүд жигд биш ачаалалтай байгаа юм. Өрхийн эрүүл мэндийн төвд хянагдаж байгаа болон тусламж үйлчилгээ авч байгаа иргэдийг бид эрүүл мэндийн даатгалтай эсэх, Улаанбаатар хотын үндсэн болон түр оршин суугч эсэхээс үл хамааран жигд үйлчилгээ үзүүлж байна. Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд 300-гаас дээш иргэн хянагдаж байгаа 60 хороо бий. Эдгээр хороонд нэмэлт баг ажиллуулах хуваарь гарган, сургалт хийсэн. Зарим хороодод нэмэлт хүч хуваарилсан. Өөрөөр хэлбэл, хянагдаж байгаа иргэдийн тоо 300-гаас дээш хүрвэл нэмэлт баг хуваарилах зохион байгуулалтыг хийж байгаа юм.
Хэн юу хэлэв...
Өглөөний нарыг унтаж алдаж, оройн харанхуйд тог цахилгаан худалдаж авсаар байх уу?
Зуны улиралд Улаанбаатарт нар өглөө 04:59 цагт мандаж, орой 20:40 цагт жаргаж байна. Өөрөөр хэлбэл байгалийн гэрэл өглөө эрт аль хэдийнэ хотыг гэрэлтүүлж эхэлдэг. Гэвч энэ үед олонх хүн унтаж байдаг. Харин орой 20:00 цагаас хойш айл өрх, үйлчилгээний байгууллага, хотын орчин даяараа гэрэл чийдэнгээ асааж эхэлдэг.
Эндээс маш энгийн атлаа бодлогын түвшинд ярих ёстой асуулт гарч ирнэ.
Бид өглөө 05:00-07:00 цагийн хооронд үнэгүй тусаж буй нарны гэрлийг бодитоор ашиглаж чадаж байна уу? Эсвэл оройн 20:00-22:00 цагийн харанхуйг улс даяараа цахилгаанаар нөхөж, байгалийн үнэгүй эрчим хүчийг унтаж өнгөрөөж байна уу?

Эрчим хүчний хэмнэлтийн тухай ярихдаа бид ихэвчлэн цахилгаан станц, импорт, оргил ачаалал, дамжуулах сүлжээ зэрэг том ойлголтыг ярьдаг. Гэвч бодит амьдрал дээр хамгийн өргөн хэрэглээ айл өрх бүрт, байгууллага бүрт, өрөө тасалгаа бүрт зэрэг үүсдэг жижиг жижиг асаалтаас бүрддэг.
Гал тогооны гэрэл, зочны өрөөний гэрэл, хүүхдийн өрөө, ариун цэврийн өрөө, орц, лифт, дэлгүүрийн хаяг, үйлчилгээний газрын гадна дотор гэрэлтүүлэг, гудамж талбайн гэрэл гээд анзаарагдахгүй хэрэглээ нийлээд маш том ачаалал болдог.
Хэрэв нар 20:00 цагийн орчимд жаргаж, хүмүүс шөнө дунд хүртэл сэрүүн байвал айл өрхүүд ойролцоогоор дөрвөн цагийн турш гэрэл асааж хэрэглэнэ. Харин цагийн зохицуулалт хийж, оройн нарны гэрлийг 22:00 цагийн орчим хүртэл ашиглах боломжтой болбол энэ хугацаа хоёр цаг болж багасна. Энэ нь зөвхөн нэг айлын нэг чийдэнгийн тухай асуудал биш. Хот даяар, айл өрх бүрт, байгууллага үйлчилгээ бүрт зэрэг үүсдэг хэрэглээний тухай асуудал юм.
Өөрөөр хэлбэл өглөөний нар унтаж өнгөрөх гэрэл болж, оройн харанхуй цахилгаанаар худалдаж авдаг цаг болж байна. Энэ бол эрчим хүчний бодлогын хувьд зайлшгүй тооцож үзэх ёстой өнцөг.
Гэхдээ энэ асуудал зөвхөн цахилгааны хэмнэлтээр хязгаарлагдахгүй. Оройн нар гэдэг бол гэр бүлийн цаг юм.
Харанхуй эрт болохоор айлын амьдрал өрөө өрөөндөө салдаг. Хүүхэд нэг өрөөнд, эцэг эх өөр өрөөнд, нэг нь утсаа оролдож, нөгөө нь зурагт үзэж, гэр бүлийн хамтын цаг багасдаг. Харин 22:00 цаг хүртэл гэгээтэй байвал гэр бүл хамт алхах, хүүхэдтэйгээ тоглох, ахмад настнаа салхилуулах, хөршүүд уулзах, иргэд гадаа идэвхтэй байх боломж нэмэгдэнэ.
Оройн гэрэл бол зөвхөн нарны тусгал биш. Энэ бол гэр бүлийн харилцаа, хүүхдийн хөдөлгөөн, иргэдийн аюулгүй байдал, хотын амьдралын чанар, сэтгэл санааны тав тухтай шууд холбоотой нийгмийн үнэт цаг юм.
Мөн энэ зохицуулалт бизнесийн байгууллагуудад ч бодит үр ашигтай. Дэлгүүр, кафе, ресторан, үйлчилгээний газруудын хамгийн идэвхтэй цаг ихэвчлэн орой байдаг. Хүмүүс ажлаа тараад худалдан авалт хийх, хооллох, гэр бүлээрээ гадуур гарах, алхах, үйлчилгээ авах нь нэмэгддэг.
Гэтэл харанхуй эрт болохоор үйлчилгээний байгууллагууд гадна хаяг, заал, үүд, шат, агуулах, хамгаалалтын гэрэлтүүлэг, гаднах талбайн гэрлээ зэрэг асаана. Энэ нь тухайн байгууллагын тог ашиглалт, гэрэлтүүлгийн зардлыг нэмэгдүүлдэг. Харин оройн гэгээ урт байвал гэрэлтүүлгийн хэрэглээ тодорхой хэмжээгээр багасч, үйлчлүүлэгчийн урсгал хадгалагдах хугацаа уртасна.
Өөрөөр хэлбэл оройн нар бол айл өрхийн хэмнэлт төдийгүй жижиг дунд бизнес, үйлчилгээний байгууллагын ашигт ажиллагааг дэмжих байгалийн үнэгүй нөөц юм. Хүмүүс харанхуй болохоор гэр рүүгээ яарах нь нэмэгддэг бол гэгээтэй орой үйлчилгээ авах, дэлгүүр хэсэх, хүүхэдтэйгээ гадуур алхах, гэр бүлээрээ цаг өнгөрүүлэх боломж илүү уртасдаг.
Ингээд харахад цагийн зохицуулалт гэдэг нь зүгээр нэг цагийн зүү урагшлуулах тухай асуудал биш юм. Энэ бол өглөө ашиглагдахгүй өнгөрч буй нарны гэрлийг оройн хамгийн идэвхтэй, хамгийн хэрэгтэй цагт шилжүүлэн ашиглах тухай асуудал юм.
Үүний үр дүн нь олон талтай байж болно. Айл өрхийн гэрэлтүүлгийн хэрэглээ буурна. Хотын оройн цахилгааны ачаалал багасна. Бизнесийн байгууллагуудын гэрэлд зарцуулах зардал тодорхой хэмжээгээр хэмнэгдэнэ. Үйлчилгээний байгууллагуудын ажиллах, ашиг олох боломжтой идэвхтэй цаг уртасна. Гэр бүл хамт байх, хүүхэд гадаа тоглох, иргэд алхах, хот амьдрах цаг нэмэгдэнэ.
Мэдээж цагийн хөдөлгөөн хийх эсэх асуудалд шууд шийдвэр гаргахын өмнө бодит тооцоо хэрэгтэй. 05:00-07:00 цагийн хооронд ашиглагдахгүй өнгөрч буй байгалийн гэрэл, 20:00-22:00 цагийн хооронд үүсэж буй цахилгаан хэрэглээ, айл өрхийн гэрэлтүүлэг, бизнесийн байгууллагуудын зардал, хотын гэрэлтүүлэг, оргил ачаалалд үзүүлэх нөлөөг нарийвчлан судлах шаардлагатай.
Гэхдээ нэг зүйл тодорхой. Эрчим хүчний хэмнэлт ярьдаг улс байгалийн үнэгүй гэрлийг хэрхэн зөв ашиглаж байгаагаа заавал эргэн харах ёстой.
Нар өглөө эрт мандаж, хүмүүс унтаж байх хооронд гэрэл дэмий урсаж, харин оройн идэвхтэй цагт айл өрх, бизнесийн байгууллага, хот даяараа цахилгаан гэрэл рүү шилжиж байгаа бол энэ нь бодлогын түвшинд ярих асуудал мөн.
Бид өглөөний нарыг унтаж алдаад, оройн харанхуйг цахилгаанаар худалдаж авсаар байх уу? Эсвэл байгалийн гэрлийг хүний амьдралын хамгийн хэрэгтэй цагтай нь уялдуулж ашиглах уу?
Энэ бол зөвхөн цагийн зүүний тухай маргаан биш. Энэ бол эрчим хүч, гэр бүл, бизнес, хотын амьдралын чанарын тухай асуудал юм.
Хэн юу хэлэв...
Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийн сонсголыг энэ сарын 22-нд зохион байгуулна
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны 2026 оны зургаадугаар сарын 02-ны өдрийн хуралдаанаар Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийг сонгон шалгаруулах үүрэг бүхий ажлын хэсгийн санал, дүгнэлтийг хэлэлцлээ.
УИХ-аас Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр нэр дэвшүүлэн томилогдож ажиллаж байсан С.Алтанцэцэг, В.Бат-Эрдэнэ, Д.Батсүх нарын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсонтой холбогдуулан нэр дэвшигчийг сонгон шалгаруулах ажлын хэсэг ажилласан юм.
Ажлын хэсгийн санал, дүгнэлтийг ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Б.Баярбаатар танилцууллаа. Тэрбээр, сонгон шалгаруулалтын зарыг Parliament.mn болон олон нийтийн цахим хуудсаар нийтэлсний дагуу 19 төрийн бус байгууллагаас нэр дэвшигчийн материалыг ирүүлсэн талаар мэдээлэв.
Төрийн байгуулалтын байнгын хороо нэр дэвшигчдийн материалтай холбогдуулан Төрийн албаны зөвлөл, Авлигатай тэмцэх газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газраас шаардлагатай лавлагаа, мэдээллийг авчээ.
Ажлын хэсэг нийт гурван удаа хуралдаж, “Ажлын хэсгийн ажиллах түр журам”-ыг батлан мөрдсөн бөгөөд нэр дэвшигчдийн мэргэжил, нэр дэвшүүлсэн төрийн бус байгууллагын үйл ажиллагааны чиглэл, хуульд заасан шаардлагыг хангаж буй эсэхийг харгалзан үзсэн байна.
Сонгон шалгаруулалтын дүнд нийт 19 нэр дэвшигчээс 10 нэр дэвшигчийг Олон нийтийн радио, телевизийн тухай хууль болон холбогдох хууль, журмын шаардлагыг хангаагүй үндэслэлээр хасаж, үлдсэн 9 нэр дэвшигчийг шаардлага хангасан гэж дүгнэжээ.
Хуралдаанаар мөн нэр дэвшигчийн сонсголын тов тогтоох, сонсгол даргалагчийг сонгох тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэв. Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигч Э.Адъяасүрэн, Ж.Билэгсайхан, Д.Наранцэцэг, Д.Мягмарсүрэн, С.Од-Эрдэнэ, Б.Энэрэлт, Л.Энхжин, Г.Энхбаяр, М.Төрманлай, Д.Гүн-Үйлс, Ч.Батцэнгэл нартай хийх нэр дэвшигчийн сонсголыг 2026 оны зургаадугаар сарын 22-ны өдөр зохион байгуулахаар тогтлоо.
Мөн нэр дэвшигчийн сонсгол даргалагчаар Улсын Их Хурлын гишүүн С.Зулпхарыг сонгох тухай тогтоолын төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, эцэслэн баталсан байна.
Хэн юу хэлэв...
Л.Чинбат: Хүн сонирхож, сэтгэл зүрхээ зориулсан зүйлдээ л амжилт гаргадаг
Эх сурвалж: "Онцгой мэдээ" сонин
-
Дэлхий нийтээр..2020/11/11
МСНЭ-ээс хэвлэл мэдээллийнхэнд хандан зөвлөмж гаргалаа
-
Дэлхий нийтээр..2023/05/08
Улсын Их Хурлын гишүүдийг тойрогт нь ажиллуулахаар томиллоо
-
Үйл явдал2024/07/22
ТЭЦ 2-оос 19 дүгээр сургууль хүртэл дулааны шугамыг өргөтгөн шинэчилж байна
-
Дэлхий нийтээр..2021/05/21
УИХ-ын дарга Улаанбаатар-Эрхүүгийн цахим буухиад оролцож, үг хэллээ
