Бидэнтэй нэгдэх

Дэлхий нийтээр..

Боловсролын шинэчлэл ба Хүмүүнлэгийн боловсрол” хэлэлцүүлэг боллоо

Огноо:

,

Сэтгүүлч:

Улсын Их Хурлын Тамгын газар, Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-тай хамтран “Боловсролын шинэчлэл ба Хүмүүнлэг боловсрол” хэлэлцүүлгийг өнөөдөр (2021.09.30.) Төрийн ордонд зохион байгууллаа.  Энэ нь “Япон лугаа адил хөгжье-Японтой хамт суралцахуй хөгжлийн үйл явц” таван удаагийн цуврал хэлэлцүүлгийн эхнийх нь билээ. 

Хэлэлцүүлэгт Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Улсын Их Хурлын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Г.Дамдинням, Ёс зүйн байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ, Улсын Их Хурлын гишүүн Ч.Ундрам, Г.Мөнхцэцэг, Ж.Сүхбаатар, Ц.Мөнхцэцэг, Х.Булгантуяа, Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Хироюки Кобаяаши, Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-ын  Монгол дахь Төлөөлөгчийн газрын дарга Эрико Тамүра болон Боловсрол, шинжлэх ухааны яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны холбогдох албан тушаалтан, эрдэмтэн судлаачид, боловсролын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон хувийн хэвшлийн байгууллагын төлөөлөл оролцов. 

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хэлэлцүүлгийг нээж үг хэлэв. Тэрбээр хэлсэн үгэндээ, Технологийн IY хувьсгалын эрин үеэс гадна насан туршийн боловсролын шинэ чиг хандлага болон өнгөрсөн 30 жилийн хугацаанд боловсролын салбарт гарсан ололт амжилт, алдаа дутагдлаа засаж залруулж, боловсролын салбараа цогцоор нь эргэн харах шаардлага гарсныг онцлон тэмдэглээд даяаршлын эрин үед өөрсдийнхөө өв уламжлалыг хадгалж, шинэ инноваци, олон улсын жишигт боловсролын стандартаа нийцүүлж чадсан Япон улсын туршлага бидний анхаарлыг татсан. Иймд “Япон лугаа адил хөгжье-Японтой хамт суралцья" гэсэн уриаг дэвшүүлснийг онцлов.

Мөн Улсын Их Хурлаар хэлэлцэх боловсролын багц хуулийн төсөлд Боловсролын ерөнхий хуулийн төсөл, Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуулийн төсөл, Дээд боловсролын тухай хуулийн төсөл, Судалгааны их сургуулийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл, Хүмүүнлэг боловсролыг дэмжих тухай хуулийн төсөл, Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн төсөл гэсэн зургаан хуулийн төсөл багтаж байгааг дурдаад хүмүүнлэгийн боловсролыг хуульчлах нь чухал гэж Улсын Их Хурал үзэж, энэ хүрээнд Хүмүүнлэг боловсролыг дэмжих тухай хуулийн төслийн ажлын хэсгийг тусад нь байгуулсныг тодотголоо.

Түүнчлэн УИХ-ын дарга  хэлсэн үгэндээ, энэ хэлэлцүүлгээр Та бид боловсролын багц хуулийн төслүүд болон Хүмүүнлэг боловсролыг дэмжих тухай хуулийн төслийн танилцуулгыг сонсохын зэрэгцээ бидэнд үлгэр дуурайл болж буй Япон Улсын боловсролын тогтолцоо, боловсролын реформ, Монгол, Японы боловсролын шинэчлэлийн харьцуулалт, хүүхэд багачуудад ёс зүйн боловсрол, хичээлээс гадуурх хүн төлөвшлийн боловсролыг хэрхэн олгодог талаарх туршлагатай танилцах юм. Тиймээс энэхүү хэлэлцүүлгийн үр дүнд хуулийн төслүүд улам чамбайрч, хэлэлцүүлэгт оролцож буй Та бүхэн ч  туршлага, мэдлэгтээ санаа авч, манай боловсролын шинэтгэлд чухал ахиц өөрчлөлт гарах эхлэл болно гэдэгт итгэж байгаагаа онцлон тэмдэглэв. 

Дараа нь хэлэлцүүлэгт цахимаар оролцож байгаа Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Хироюки Кобаяаши үг хэллээ. Тэрбээр юуны өмнө, Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын санаачилгаар улсаа мандуулан хөгжүүлэхийг зорьж хууль эрх зүйн орчинг бүрдүүлж, Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогыг боловсруулж, шинэчлэх үйл ажиллагааг эрчимтэй эхлүүлж, энэ үйл ажиллагааны хүрээнд Япон улсын хөгжлийн туршлагыг судалж байгаад талархаж байгаагаа илэрхийлэв. Мөн тэрбээр, улс орон бүр өөрийн орныг хөгжүүлэхийн тулд үргэлж хичээл зүтгэл гаргаж, бусдын хөгжлийн туршлагыг судлах нь  ач холбогдолтой байдгийг дурдаад Япон улс ч хөгжлийнхөө шатанд бусад улс орны хууль, дэг журмаас суралцаж, тулгарсан асуудлыг даван туулж, өөрийн орны онцлогт тохируулан нутагшуулж, өдийг хүртэл хөгжиж ирсэн. Япон улсын хөгжлийн туршлагыг судлах нь  Монгол Улсын хөгжил дэвшилд  бага ч болов  хувь нэмэр орвол баяртай байх болно гэдгээ онцлон тэмдэглэсэн. 

Үргэлжлүүлэн Японы Олон улсын хамтын ажиллагааны  байгууллага (ЖАЙКА)-ын Монгол дахь Төлөөлөгчийн газрын дарга Эрико Тамүра үг хэлэв. Тэрбээр хэлсэн үгэндээ, УИХ-ын дарга болон Улсын Их Хурлын Тамгын газар, Парламентын судалгааны хүрээлэнтэй бид хэлэлцэн ярилцаж, өнөөдрийн “Боловсролын шинэчлэл ба Хүмүүнлэгийн боловсрол” хэлэлцүүлгээс эхлэн цаашид эдийн засаг, аж үйлдвэрийн бодлого, Засгийн газрын үүрэг, оролцоо, үр дүнтэй хөгжлийн төлөвлөгөө, улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөр, төрийн албаны тогтолцооны шинэчлэл зэрэг чухал сэдвүүдээр цуврал хэлэлцүүлэг хийхээр төлөвлөсөн. Энэхүү цуврал хэлэлцүүлгээр Япон улсын туршлагыг хуваалцаж, Улсын Их Хурал дээр хэлэлцэх бодлого боловсруулах эрх зүйн тогтолцоог бэхжүүлэхэд хувь нэмэр болох зорилготойг онцолсон. Мөн энэ хэлэлцүүлэгт Японы боловсролын шинэчлэл, боловсон хүчний боловсролын салбарт тэргүүний хүн гэгддэг Цүкүбагийн Их Сургуулийн профессор Тэрүюки Фүжита багш болон Японы боловсролын засаглалын гол ноён нуруу болон ажиллаж байгаа Япон Улсын Боловсрол, шинжлэх ухааны яамны харьяа Үндэсний боловсрол бодлого судалгааны хүрээлэнгийн Сургалтын хөтөлбөрийн судалгааны төвийн Ийзүко Хидэхико судлаачид оролцож, мэргэжлийн гүнзгий мэдлэг болон Япон улсын туршлагаас хуваалцах болсонд  талархаж байгаагаа илэрхийлсэн. 

Хэлэлцүүлгийн эхэнд Улсын Их Хурлын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Г.Дамдинням боловсролын багц хуулийн төслийн талаар танилцуулга хийлээ. Тэрбээр, Монгол Улс 1963 онд Сургууль, амьдралын боловсролыг бэхжүүлж, ардын боловсролын системийг цаашид хэрэгжүүлэх тухай хуулийг анх баталснаас хойш Боловсролын ерөнхий хуульд 26, Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуульд 13, Дээд боловсролын тухай хуульд 10, Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуульд 7, Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хуульд 6 удаа тус тус нэмэлт, өөрчлөлт оруулсан байдгийг дурдаад Боловсролын ерөнхий хуулийн төслийн хүрээнд боловсролын салбарт тулгарч байгаа асуудал, сургахаас суралцахуйд шилжихэд юу хийхээр төлөвлөсөн, олон улсын хөтөлбөрүүдэд үндэсний ерөнхий боловсролын хөтөлбөрийг уялдуулах, дүйцэх, тооцох, дэлхийн нийтийн чиг хандлага- боловсрол дахь цахим шилжилт, зайны сургалтыг хэрхэн хийх, сурлагын чанар, үр дүнд чиглэсэн санхүүжилтийг хэрхэн олгох, хөндлөнгийн үнэлгээний талаар дэлгэрэнгүй танилцуулсан.  

Дараа нь Цүкүбагийн Их Сургуулийн профессор Тэрүюки Фүжита “Япон улсын боловсролын тогтолцоо” сэдвээр илтгэл тавьсан. Тэрбээр илтгэлдээ дайны дараах үеийн тус орны боловсролын гол шинэчлэл, эдийн засгийн хөгжлийн бодлого ба боловсролын бодлогоо хэрхэн уялдуулж, “Япон маягийн хөдөлмөр эрхлэлт"-ийн тогтолцоог хэрхэн бүрэлдүүлсэн талаараа болон боловсролын үндэсний хөтөлбөрийн хэрэгжилт, улмаар ахлах сургуулийн элсэлтийн шалгалтад ямар систем нэвтрүүлж, тэр нь сургалтын хөтөлбөрт үзүүлсэн нөлөө болон дэлхий нийтэд тус улсын боловсролыг өндрөөр үнэлсэн талаар танилцуулахын зэрэгцээ  энэ салбарт өнөөдөр шийдвэрлэх шаардлагатай  байгаа тулгамдсан асуудлуудынхаа талаар ч тодорхой мэдээлсэн. 

 

   

 Харин Монгол Улсын Их Сургуулийн профессор, доктор Д.Дашдулам “Монгол ба Япон Улсын боловсролын салбарын шинэчлэл” илтгэлдээ, орчин үеийн боловсролын үзэл баримтлал, Япон, Монголын боловсролын салбарын шинэчлэл болон боловсролын салбарын шинэчлэлд хийсэн Японы туршлагын талаар хөндлөө. 

 
 
Тэрбээр итгэлийнхээ төгсгөлд боловсролын шинэчлэлийг хийхдээ өөрийн орны түүх, хэл, соёл, зан заншил боловсролын суурьт тулгуурлах, Монгол хүн хүмүүжүүлж сургана гэдгийг тэргүүнд тавих, Япон улсын боловсролын шинэчлэлийг шууд хуулбарлах бус өөрийн орны онцлогт тохируулан нутагшуулах, боловсролыг улс төр, бизнесийн аливаа ашиг сонирхлоос ангид байлгах, Япон улсаас авах зээл, тусламжийг үр ашигтай байлгах, боловсролын талаарх бодлого тогтвортой, урт удаан хугацаанд үргэлжлэх шаардлагатайг онцолж байлаа.
    
 
Хэлэлцүүлгийн хоёр дахь хэсэгт Хүмүүнлэгийн боловсролыг дэмжих тухай хуулийн төслийн талаар хууль санаачлагч гишүүн Улсын Их Хурлын Ёс зүйн байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ танилцуулсны дараа  Япон Улсын Боловсрол, шинжлэх ухааны яамны харьяа Үндэсний боловсрол бодлого судалгааны хүрээлэнгийн Сургалтын хөтөлбөрийн судалгааны төвийн шинжээч Ийзүко Хидэхико  “Японы ёс суртахууны боловсролын онцлог”, Чюүо-гакүин Их Сургуулийн дэд профессор Б.Оюунцэцэг “Монгол Улс дахь ёс суртахууны боловсролын шинэчлэлийн (2009-2019) талаарх эргэцүүлэл ба Япон улсын зарим туршлагаас ” гэсэн сэдвээр тус тус илтгэл тавьсан. Тухайлбал, Ийзүко Хидэхикоги “Ёс суртахууны боловсрол ба  Ёс суртахуун"  гэсэн тусгай хичээлийн зорилго нь сайн сайхан амьдралын үндэс болсон ёс суртахууныг төлөвшүүлэхийн тулд ёс суртахууны үнэт зүйлсийн талаар ойлгуулж, уг ойлголт дээр тулгуурлан өөрийгөө харж, аливаа зүйлийг олон тал, өнцгөөс нь бодож, амьдралын арга барилын талаар сайтар бодуулж эргэцүүлүүлэх замаар ёс суртахууны шийдвэр гаргах чадвар, хэрэгжүүлэх хандлагыг хөгжүүлэхэд чиглэсэн байдгийг онцолж байлаа.

Харин дэд профессор Б.Оюунцэцэг “Япон лугаа адил хөгжье” цуврал хэлэлцүүлгийн хүрээнд боловсролын шинэчлэл сэдвээр тус хурал зохион байгуулагдаж буйтай уялдаад Монголын ерөнхий боловсролын сургуулийн багш нараас авсан судалгааны дүнд үндэслэн, ёс суртахууны боловсролын хөтөлбөр боловсруулалт, багшлах боловсон хүчин, ёс суртахууны боловсролд уламжлал, ёс заншлын талаарх сэдвийг хэрхэн авч үзэх вэ гэсэн гурван сэдвийг хөндөж, Японы зарим туршлагаас хэлэлцүүлэх зорилгоор уг илтгэлийг бэлтгэсэн гэдгийг тодотгосон. 


Тухайлбал, 2009, 2014, 2021 оны судалгаагаар багш бэлтгэх их сургуульд ёс суртахууны боловсролын онол, арга зүйн талаар хичээл үзэж байгаагүй гэж дийлэнх багш нар хариулсныг онцлоод одоогийн байдлаар МУБИС-ийн Нийгэм, хүмүүнлэгийн ухааны сургуулийн хөтөлбөрт ёс суртахууны боловсрол гэсэн хичээл бакалаврын хөтөлбөрт тусдаа байдаггүй. Нийгмийн ухааны багш, түүхийн багш болохоор сурч буй оюутнуудад хоёр мэргэжилд л “Ёс зүй” хичээл  хоёр кредит цагаар орж байна гэж байлаа.

Мөн тэрбээр, 2021 оны судалгаагаар багшийн ном, сургалтын хэрэглэгдэхүүн хомс, хичээлийн агуулга нь заахад хүндрэлтэй, багш нарт үе шаттай сургалт шаардлагатай талаар шүүмжлэлтэй хандсан багш цөөнгүй байсныг дурдаад  “Иргэний ёс зүйн боловсрол” хичээлийг 1-12 ангид орж байгаа тул энэ мэргэжлээр багш бэлтгэх асуудлыг судлах шаардлагатай нь харагддаг гэдгийг тодотгосон. Японд  ерөнхий боловсролын сургуульд багшлах эрх авахын тулд “Ёс суртахууны онол, заах арга зүй” хичээл заавал үзсэн байх шаардлагатай байдгийг онцлоод уг хичээлээр ёс суртахууны мөн чанар, хөгжлийн онол, ёс суртахууны боловсролын түүх, үндэсний боловсролын хөтөлбөрийн зорилго, агуулга, заах арга зүй, ёс суртахууны боловсролын төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлэх арга, сургалтын материал, хичээл төлөвлөлт, үнэлгээ зэрэг сэдвийг судалдаг гэдгийг тодотгож байлаа.

 Хэлэлцүүлэгт оролцогчид илтгэлтэй холбогдуулан асуулт асууж, хариулт авахын зэрэгцээ боловсролын багц хуулийн төсөл, салбарын шинэчлэлийн асуудалд зайлшгүй тусгах шаардлагатай асуудлаар санал хэлсэн. Энэ үеэр Улсын Их Хурлын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Г.Дамдинням хариултдаа, Боловсролын багц хуулийн төслөөр боловсролын шинэчлэлийг орчин үеийн хэрэгцээ шаардлагад уялдуулахын зэрэгцээ сургахаас суралцахуй руу шилжихэд буюу мэдлэгийг хуримтлуулах бус олж авсан мэдлэгээ амьдралд хэрэгжүүлж чаддаг болоход чиглүүлнэ гэдгийг онцолсон бол Улсын Их Хурлын гишүүн, Дээд боловсролын тухай хуулийн төслийн ажлын хэсгийн ахлагч Ч.Ундрам, их, дээд сургуулийн чанарыг сайжруулахад тавигдах шаардлагыг өндөрсгөх, элсэлтийн бодлогыг тодорхойлж, элсэлтийн ерөнхий шалгалтын агуулгыг сайжруулах, боловсролын магадлан итгэмжлэлийн үйл ажиллагаанд хөндлөнгийн хяналт тавихад мэргэжлийн холбоодыг оролцуулах зэргээр дээд боловсролын салбарын асуудалд хуримтлагдсан асуудлыг зохицуулахаар холбогдох хуулийн төсөлд тусган ажиллаж байгаа  талаараа дурдаж байлаа. 

Хэлэлцүүлгийг төгсгөлд Улсын Их Хурлын Ёс зүйн байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ үг хэлсэн. Тэрбээр хэлсэн үгэндээ, боловсролын асуудлыг зөвхөн багшийн үүрэг хариуцлага, эцэг эхчүүдийн оролцооноос шалтгаалах мэтээр хэн нэгэнд хамаатуулах учиргүй юм. Энэ бол бүх нийтийн үйл хэрэг. Хүн эхийн хэвлийд бүрэлдэхээс эхлэн амьдралынх нь бүхий л хугацаанд боловсрол, мэдлэг, ёс зүйн хүмүүжил, төлөвшлийн асуудлууд байнга хамт байх учиртай. Тиймээс боловсролын салбарыг цогцоор нь харж, асуудлыг ул суурьтайгаар судалж, бүх нийтийн ухамсар, сэтгэлгээний өөрчлөлтийн түвшинд хандаж, үүнийг нь багш сурган хүмүүжүүлэгчид маань манлайлан хэрэгжүүлснээр нийгэмд бодит өөрчлөлт, шинэчлэл хийнэ гэдгийг тодотгов. Энэ үндсэн дээр өнгөрсөн сургамж, алдаа оноондоо дүгнэлт хийж, алс хэтийн харж, зөв оновчтой шийдлийг эрэлхийлэх үүднээс Улсын Их Хурал боловсролын багц хуулийн төслүүд, Хүмүүнлэг боловсролыг дэмжих тухай хуулийн төсөлд нухацтай хандаж, япончуудын бэлэн туршлага, арга барил, өөрийн улс орны онцлог, эрдэмтэн судлаачид, салбарын хамт олны санал бодлыг шингээн тусгах замаар тал бүрээс нягталж байж эцэслэн батлах болно гэдгийг онцолж байлаа. 

 Мөн бид шинэ зам зохиох бус, хөгжлөөрөө дэлхийд үлгэр жишээ болж буй япончуудын туулсан замыг судлах нь хамгийн чухал гэж үзэж байгаа. Япон Улс нь тухайн үедээ дэлхийн гайхамшиг гэж нэрлэгдэж байсан үсрэнгүй хөгжлийн загварыг бий болгосон онцлогтой. Тиймээс Япон маягийн хөгжлийн загвар, туршлага бидний сонирхлыг ихээхэн татаж байгааг дурдаад геополитик болон эдийн засгийн нөхцөл байдлын хувьд хоёр том хөршийн дунд оршдог, цөөн хүн амтай, асар уудам газар нутагтай манай орны хувьд Япон маягийн зохицуулалт, төлөвлөлт, хөгжлийн бодлого илүү тохиромжтой гэдгийг онцлон тэмдэглэв.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Дэлхий нийтээр..

Кушнер: Газын зурвасыг цэрэггүйжүүлэх үйл явц 30 хоногийн дотор эхэлж магадгүй

Огноо:

,

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын тусгай элч Жаред Кушнер Газын зурвасыг цэрэггүйжүүлэх үйл явцад ойрын 30 хоногт бодит ахиц гарч магадгүй гэж мэдэгдлээ.

Кушнер наймдугаар сарын 17-нд Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяхутай Иерусалимд уулзсаныхаа дараа Fox News-т ярилцлага өгөхдөө эхний ээлжид зэвсгийг ашиглалтаас гаргах ажиллагаа эхэлж, дараагийн 60-90 хоногт газар доорх хонгилуудыг хаах ажил урагшилна гэж найдаж байгаагаа илэрхийлжээ.

Кушнер Израильд очихоосоо өмнө Египетэд ХАМАС-ын удирдлагын төлөөлөлтэй уулзсан байна. Тэрбээр ХАМАС зэвсгээ хураалгахтай холбоотой амлалтаа бодит үйлдлээр харуулах шаардлагатайг мэдэгдсэн бөгөөд эс биелүүлбэл Израиль цэргийн ажиллагаагаа үргэлжлүүлэхэд АНУ болон бусад түншээс илүү хүчтэй дэмжлэг авах болно гэж анхааруулжээ.

АНУ-ын дэвшүүлсэн төлөвлөгөөнд Газын зурвасыг цэрэггүйжүүлэх, ХАМАС-ын зэвсгийг хураах, цэргийн зориулалттай дэд бүтэц болон хонгилуудыг устгах асуудал багтаж байгаа юм. Гэвч уг төлөвлөгөөг хэрэгжүүлэх дарааллын талаар талуудын байр суурь зөрүүтэй хэвээр байна.

Израилийн тал ХАМАС бүрэн зэвсгээ хураахаас өмнө Газын зурвасаас цэргээ гаргахгүй гэсэн байр суурьтай байгаа бол ХАМАС Израилийн цэргийн ажиллагааг зогсоож, цэргээ татах асуудлыг эн тэргүүнд тавьж байна. Кушнерийн хоёр өдрийн уулзалтуудын дараа ч энэ үндсэн зөрүүг арилгасан тохиролцоонд хүрээгүй гэж Reuters мэдээлжээ.

Кушнер мөн Газын зурвасыг цэрэггүйжүүлэхээс өмнө өргөн хүрээний сэргээн босголтыг эхлүүлэхгүй гэсэн АНУ-ын байр суурийг илэрхийлсэн байна. Үүний зэрэгцээ Израильд бодит аюул тулгарсан нөхцөлд өөрийгөө хамгаалах эрхийг нь АНУ хязгаарлахгүй гэж мэдэгджээ.

Уулзалтын үр дүнд Газын зурвасын аюулгүй байдал, зэвсэг хураах асуудал, мөн дэд бүтэц, нийгмийн эрүүл мэндийн асуудал хариуцах хоёр ажлын хэсэг байгуулахаар тохирсон ч энхийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх талаар талууд эцсийн тохиролцоонд хүрээгүй байна.

Дэлгэрэнгүй унших

Дэлхий нийтээр..

Иран АНУ-ын цэргийг Ормузын хоолой, Персийн буланд нэвтрүүлэхгүй гэв

Огноо:

,

Ираны Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Амир Хатами АНУ-ын цэргийн хүчнийг Персийн булан, Оманы булан болон Ормузын хоолойн бүсэд эргэн байршихыг Иран зөвшөөрөхгүй гэж мэдэгджээ.

Хатами наймдугаар сарын 16-нд Тегеранд болсон арга хэмжээний үеэр сэтгүүлчидтэй уулзахдаа АНУ-ын цэргийн хүчийг бүс нутгаас шахан гаргах нь нэгэнт бодит болсон гэж мэдэгдсэн байна. Тэрбээр АНУ-ын цэргийн бааз, хүчний байрлал өмнөх байдалдаа эргэн орох боломжгүй бөгөөд Иран үүнийг зөвшөөрөхгүй гэсэн байр суурь илэрхийлжээ.

Энэ мэдэгдэл АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ормузын хоолойн хяналтын талаар удаа дараа хатуу байр суурь илэрхийлж буй үед гарч байна. Трамп наймдугаар сарын 12-нд АНУ Ормузын хоолойг “бүрэн хянаж байгаа” гэж мэдэгдсэн бол наймдугаар сарын 14-нд Ираныг ялсны дараа тус хоолойг АНУ-ын нутаг дэвсгэр болгон зарлах тухай ярьсан юм.

Хатами Трампын мэдэгдлийг няцааж, Ормузын хоолой дахь Ираны байр суурийг хамгаална гэдгээ илэрхийлжээ. Түүний мэдэгдэлд АНУ-ын цэргийн хүч бүс нутагт эргэн байрших аливаа оролдлогод Иран хатуу хариу үзүүлнэ гэсэн агуулга багтсан байна.

Түүнчлэн Хатами АНУ-ын цэргийн алба хаагчийг байлдааны нөхцөлд хөнөөсөн эсвэл олзолсон тохиолдолд 30 мянган ам.долларын шагнал олгохоо мэдэгдсэн байна. Ираны төрийн мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр шагналын хөрөнгийг иргэдийн хандиваар бүрдүүлэх бөгөөд эмэгтэй хүн ийм үйлдэл хийсэн тохиолдолд шагналыг хоёр дахин нэмэгдүүлж, 60 мянган ам.доллар болгоно гэжээ.

Ормузын хоолойн хяналт АНУ, Ираны хоорондын сөргөлдөөний гол асуудлын нэг хэвээр байна. Трампын засаг захиргаа АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчин хоолойг хянаж байгаа гэж мэдэгдэж байгаа бол Ираны тал стратегийн усан зам дахь өөрийн байр суурийг хадгалсаар байна. Наймдугаар сарын 18-ны байдлаар ч талуудын байр суурь зөрүүтэй хэвээр бөгөөд Ормузын хоолойн хөдөлгөөн бүрэн хэвийн болоогүй байна.

Дэлгэрэнгүй унших

Дэлхий нийтээр..

Путин гадаадад гарч, ял шийтгэлээс зайлсхийсэн иргэдийн хөрөнгийг битүүмжлэх хуульд гарын үсэг зуржээ

Огноо:

,

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин гадаадад байгаа бөгөөд Оросын шүүхээс оноосон ял шийтгэлээс зайлсхийж буй иргэдэд тодорхой хязгаарлалт тогтоох тухай хуульд 2026 оны зургаадугаар сарын 10-нд гарын үсэг зуржээ. Шинэ хууль 2026 оны есдүгээр сарын 1-нээс хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлнэ.

Шинэ зохицуулалтаар гадаадад байгаа ОХУ-ын иргэн хуульд заасан тодорхой гэмт хэрэгт холбогдож, шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс зайлсхийсэн тохиолдолд түүний ОХУ дахь хөрөнгө, эд хөрөнгийг битүүмжлэх болон бусад хязгаарлалт хэрэглэх эрх зүйн боломж бүрдэж байна.

Хууль нь ОХУ-аас гадаадад гарсан бүх иргэнийг хамруулахгүй. Мөн Украины дайн эхэлснээс хойш эх орноосоо явсан хүмүүсийг нийтээр нь иргэншлээс хасах зохицуулалт биш юм.

Харин гадаадад байгаа бөгөөд ОХУ-ын хууль тогтоомжид заасан тодорхой гэмт хэрэгт холбогдсон, шүүхийн ажиллагаа болон оноосон шийтгэлээс зайлсхийж буй иргэдэд дотоодод байгаа хөрөнгө, эд хөрөнгөөр нь дамжуулан хязгаарлалт тавих боломжийг өргөжүүлжээ.

Уг хуулийг ОХУ-ын Төрийн Дум тавдугаар сарын 26-нд баталж, Холбооны зөвлөл зургаадугаар сарын 3-нд дэмжсэн бөгөөд Ерөнхийлөгч Владимир Путин зургаадугаар сарын 10-нд гарын үсэг зурсан юм. Хуулийн үндсэн зохицуулалтууд есдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэхээр тусгажээ.

ОХУ 2022 онд Украинд цэргийн ажиллагаа эхлүүлснээс хойш олон тооны иргэн гадаадад гарсан бөгөөд Москва гадаадад байгаа Оросын иргэдийн хууль зүйн хариуцлагатай холбоотой зохицуулалтаа үе шаттайгаар чангатгаж ирсэн юм.

Гэхдээ гадаадад амьдарч байгаа явдал өөрөө хариуцлага хүлээлгэх үндэслэл болохгүй бөгөөд хуульд заасан гэмт хэрэг, шүүхийн ажиллагаанаас зайлсхийсэн зэрэг тодорхой нөхцөл бүрдсэн тохиолдолд шинэ зохицуулалтыг хэрэглэхээр байна.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Үйл явдал20 цаг 45 минут

ЦУОШГ: Ихэнх нутгаар их бороо орох тул үерийн аюулаас сэрэмжтэй байх...

Үйл явдал20 цаг 52 минут

COP17-д хоол, хүнсний үйлчилгээ үзүүлж буй 30 байгууллагад зөвлөн ту...

Дэлхий нийтээр..21 цаг 5 минут

Кушнер: Газын зурвасыг цэрэггүйжүүлэх үйл явц 30 хоногийн дотор эхэл...

Дэлхий нийтээр..21 цаг 9 минут

Иран АНУ-ын цэргийг Ормузын хоолой, Персийн буланд нэвтрүүлэхгүй гэв...

Үйл явдал21 цаг 13 минут

ОБЕГ НҮБ-Хабитаттай хот суурин газрын гамшгийн эрсдэлийг бууруулах ч...

Үйл явдал21 цаг 18 минут

Нийслэл COP17-ын Ногоон бүсэд хотын хөгжлийн төслүүдээ танилцуулж ба...

Үйл явдал21 цаг 21 минут

Монгол Улс шүлхийн вакцины хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр БНХАУ-т...

Үйл явдал21 цаг 27 минут

Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан

Үйл явдал2026/08/18

“Интермед” эмнэлэгт тэсрэх бөмбөг байрлуулсан гэх мэдээлэл ирж, ...

Хэн юу хэлэв...2026/08/18

Г.Дамдинням: Үүргээ биелүүлэхгүй байгаа шатахуун импортлогчдын тусга...

Үйл явдал2026/08/18

Монгол Улс ус, намгархаг газрын хамгааллыг цөлжилттэй тэмцэх бодлого...

Үйл явдал2026/08/18

COP17: Гэр хорооллын 10 мянга гаруй өрхийг цэвэр халаалтын шийдэлд ш...

Үйл явдал2026/08/18

Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан

Үйл явдал2026/08/18

COP17-ын Ногоон бүс олон нийтэд нээлттэй ажиллана

Үйл явдал2026/08/14

Туул гол дээгүүрх 476 метр төмөр замын гүүрийн угсралт үргэлжилж бай...

Хэн юу хэлэв...2026/08/14

COP17-ийн үеэр зарим замаар аюултай ачаа тээвэрлэлтийг хязгаарлана

Үйл явдал2026/08/14

“Туул усан цогцолбор” төслийг хэрэгжүүлснээр жилд 50-100 сая м.к...

Үйл явдал2026/08/14

АҮЭБЯ: Шатахууны түгээлт ирэх даваа гарагаас хэвийн болно

Дэлхий нийтээр..2026/08/14

Путин гадаадад гарч, ял шийтгэлээс зайлсхийсэн иргэдийн хөрөнгийг би...

Дэлхий нийтээр..2026/08/14

Өмнөд Солонгост Хятадын хоёр иргэнийг тагнуулын хэрэгт сэжиглэн бари...

Дэлхий нийтээр..2026/08/14

Дэлхийн хүн дүрст роботын спортын наадамд 2056 робот өрсөлдөнө

Үйл явдал2026/08/14

“Шатахуун зарна” гэх хуурамч зараар иргэдийг залилж байгааг анха...

Хэн юу хэлэв...2026/08/14

Багахангай–Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн төмөр замд есдүгээр ...

Үйл явдал2026/08/14

Улаанбаатарт өдөртөө 21 хэм дулаан

Үйл явдал2026/08/13

“СОР 17”-үеэр 600 сайн дурын идэвхтэн ажиллуулахаар бэлтгэжээ

Үйл явдал2026/08/13

ЗГ: Замын хөдөлгөөний хохирлыг бууруулах Үндэсний зөвлөлийг дахин сэ...

Үйл явдал2026/08/13

БНХАУ COP17 бага хурлын зохион байгуулалтад нэг сая ам.долларын дэмж...

Үйл явдал2026/08/13

"KHARKHORUM 360°" фестиваль шинэ жишгийг бий болгож байна

Үйл явдал2026/08/13

ЗГ: Цөлжилтийн үндэсний тайланг шинэчлэн гаргалаа

Үйл явдал2026/08/13

УИХ-ын дарга С.Бямбацогт СОР17 хурлын бэлтгэл ажилтай танилцав

Санал болгох