Дэлхий нийтээр..
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Дэлхийн банк группийн төлөөлөл бараалхлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Дэлхийн банк групп (ДБГ)-ийн Суурин төлөөлөгч Андрей Михнев тэргүүтэй төлөөлөгчид бараалхлаа.
Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсонд нь Суурин төлөөлөгч баяр хүргээд, цар тахлын энэ хүнд үед Монгол Улсын төр, засаг хүн амаа дархлаажуулах, иргэдийн эрүүл мэндийг хамгаалж, эдийн засгаа сэргээх чиглэлээр үр дүнтэй ажиллаж байгааг онцлон тэмдэглэлээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дэлхийн банк групп болон Монгол Улс хоорондын хамтын ажиллагааны 30 жилийн баярын мэнд хүргэлээ. Өнгөрсөн хугацаанд Дэлхийн банкнаас олгосон 1.3 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй санхүүжилт нийгэм, эдийн засгийн шилжилтээс эхлэн олон салбарт үнэтэй хувь нэмэр оруулж, Монгол орны хөгжлийн гол түнш байсаар ирснийг онцлов. Зөвхөн цар тахлын эсрэг тэмцэхэд Дэлхийн банк групп 120 гаруй сая ам.долларын санхүүжилт, үүний 50.7 сая ам.долларыг дархлаажуулалтад зориулж олгосонд талархал илэрхийллээ.

Талууд макро эдийн засгийн тогтвортой байдлыг хадгалах, ядуурлыг бууруулах, ногоон, хүртээмжтэй эдийн засгийн суурийг тавих, бизнес, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, хөдөө аж ахуй, газар тариалан, мал аж ахуй, байгаль орчны доройтол, уур амьсгалын өөрчлөлт түүн дотроо цөлжилт, шар шороон шуургатай тэмцэх зэрэг чиглэлээр хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв.
Мөн төр, хувийн хэвшлийн бүх шатанд засаглалын шинэчлэлийг эрчимжүүлэх, авлигыг эрс бууруулах, боловсрол, эрүүл мэнд, хот төлөвлөлт, банк, санхүү болон эрчим хүч, дэд бүтцийн томоохон бүтээн байгуулалтад хамтрах, эмэгтэй ажиллах хүчний оролцоог нэмэгдүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн тодорхой төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх боломжийн талаар ярилцав.
Үүний зэрэгцээ үндэстэн дамнасан томоохон компаниудыг Монгол Улсад татах, хөрөнгө оруулалтыг нь эрс нэмэгдүүлэх, хүний хөгжил, түүн дотроо нэн шаардлагатай мэдлэг чадвартай ажиллах хүчээ бүрэн ашиглах, тэдгээрт шаардлагатай чанартай ажлын байр олноор бий болгох, гадаадад суугаа чадварлаг боловсон хүчнийг эх орондоо ажиллах нөхцөл, боломжийг бүрдүүлэх зэрэг сэдвээр санал солилцлоо.

Монгол Улс ирэх жилүүдэд халамжаас хөдөлмөрт, олборлолтоос боловсруулалтад, импортоос экспортод шилжих зэрэг нийгэм, эдийн засгийн суурь шинэчлэлийг хэрэгжүүлэхэд Дэлхийн банк групп дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахаа илэрхийллээ. Мөн өнгөрсөн тавдугаар сард баталсан 2021-2025 онд Монгол Улстай хамтран ажиллах бодлогын тэргүүлэх чиглэлүүд (Түншлэлийн стратеги)-тэй Ерөнхийлөгчийн дурдсан бодлогын асуудлууд уялдаж байгааг онцоллоо.


Дэлхий нийтээр..
Европын хэд хэдэн улсад Палестиныг дэмжсэн жагсаал боллоо
Жагсагчид Их Британийг Израильд зэвсэг нийлүүлэхээ зогсоохыг шаардсан, Палестиныг чөлөөлөхийг уриалсан, Газын зурвас дахь цэргийн ажиллагааг зогсоохыг шаардсан олон төрлийн уриа лоозон барьсан юм. Мөн олон жагсагч эгнэн зогсож, Газын зурвас дахь мөргөлдөөний үеэр амь үрэгдсэн хүмүүсийн нэрсийг цээжиндээ зүүсэн юм. Тэд ийм аргаар дайны харгис хэрцгий байдлыг олон нийтэд илүү тодорхой ойлгуулахыг зорьж байна.
Дэлхий нийтээр..
Балбын үер, нурангийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрчээ
Балбын хойд хэсэгт өнгөрсөн сард болсон гамшгийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрснийг тус улсын цагдаагийн байгууллага мэдээлжээ. Есдүгээр сарын 20-ны 17:00 цагийн байдлаар аврах, эрэн хайх ажиллагаа үргэлжилж, 6000 орчим хүн сураггүй хэвээр байна.
Гамшиг наймдугаар сарын 26-нд Балба, Хятадын Төвөдийн хил орчмын өндөр уулын бүсэд мөсөн гол, хад чулуулгийн их хэмжээний нуранги үүссэнээс эхэлжээ. Нурангиас үүссэн лаг шавар, мөс, чулуулгийн урсгал Бхоте Коши болон Тришули голын сав дагуу бараг 100 км үргэлжилж, суурин газар, зам, гүүр, усан цахилгаан станцуудыг сүйтгэсэн байна.
АНУ-ын Геологийн албаны урьдчилсан дүгнэлтээр энэ үйл явдал нь ердийн газар хөдлөлт бус, мөсөн гол оролцсон уулын хажуугийн асар их нуралтаас эхэлсэн бөгөөд үүний дараа хүчтэй үер, хурдас чулуулгийн урсгал үүсчээ.
Олон мянган хүн сураггүй хэвээр байгаа тул эрэн хайх, цогцос таних ажиллагаа үргэлжилж байна. Эрх баригчид танигдаагүй цогцоснуудын ДНХ-ийн дээжийг авч, ар гэрийнхний сорьцтой тулган тогтоох ажлыг явуулж байгаа юм.
Дэлхий нийтээр..
Герман нисэх буудлын дроны хэрэгт Оросыг буруутгав
Германы эрх баригчид өнгөрсөн наймдугаар сард Лейпциг-Халле нисэх буудлаас тэсрэх бодис бүхий дрон илэрсэн хэрэгт Оросын тал холбоотой гэж дүгнэжээ. Харин Москва уг мэдээллийг няцааж, Германы буруутгалыг үндэслэлгүй хэмээн мэдэгдсэн байна.
Наймдугаар сарын 4-ний орой Украины “Антонов Эйрлайнс” компанийн ачааны онгоц байрлаж байсан хэсгийн ойролцоо тэсрэх бодис тээсэн дрон илэрч, нисэх буудлын үйл ажиллагааг түр хугацаанд зогсоожээ. Тэсрэх бодисыг тусгай робот ашиглан аюулгүй болгосон бол өөр нэг дрон нисэх онгоцтой мөргөлдсөний дараа устсан гэх мэдээлэл байна.
Германы Дотоод хэргийн сайд Александер Добриндтын мэдээлснээр, мөрдөн шалгалтаар дроны хийц, ашигласан эд анги нь Орос-Украины дайнд хэрэглэгдэж буй зарим төхөөрөмжтэй ижил төстэй байсныг тогтоосон байна. Тэрбээр цагдаагийн мөрдөн шалгалт болон тагнуулын байгууллагын мэдээлэл Оросын оролцоог нотолж байна гэж мэдэгджээ. Гэхдээ Германы Засгийн газар Москваг уг хэрэгтэй шууд холбосон бүх нотлох баримтаа олон нийтэд дэлгээгүй байна.
Үүний дараа Герман Бонн хот дахь Оросын консулын газрыг есдүгээр сарын 18-наас хаах, Берлин дэх Оросын соёлын төвийн үйл ажиллагааг зогсоохоор шийдвэрлэжээ. Мөн ОХУ-ын Элчин сайдыг Гадаад хэргийн яамандаа дуудан тайлбар шаардсан бөгөөд Европын холбооны хориг арга хэмжээний жагсаалтыг өргөжүүлэх санал гаргахаар болсон байна.
ОХУ-ын Берлин дэх Элчин сайдын яам Германы буруутгалыг “утгагүй” гэж няцаасан байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мөн Германы Засгийн газар дотоодын улс төрийн асуудлаасаа анхаарал сарниулахын тулд Москваг буруутгаж байна хэмээн мэдэгджээ.
Польш, Их Британи, Итали, Швед, Чех зэрэг НАТО-гийн хэд хэдэн улс Германы байр суурийг дэмжсэн бол Европын холбоо уг асуудлаар нэгдсэн хариу арга хэмжээ хэлэлцэхээр төлөвлөж байна.
-
Дэлхий нийтээр..2023/04/17
Цацрагийн бохирдолт ба өртөлт
-
Дэлхий нийтээр..2021/01/03
Бага, дунд ангийн суралцагчдад зориулсан “Теле хичээл контент” марга...
-
Дэлхий нийтээр..2023/06/15
Элсэлтийн ерөнхий шалгалт өгөхдөө бүрдүүлэх материал
-
Дэлхий нийтээр..2026/01/28
32-ын тойрог орчимд ахуйн үйлчилгээний шинэ төв байгуулах ажлын явц 80 хувьтай б...
