Дэлхий нийтээр..
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Азийн хөгжлийн банкны төлөөлөгчид бараалхав
Азийн хөгжлийн банк (AХБ)-ны Суурин төлөөлөгч Павит Рамачандран тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд бараалхлаа. Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсонд нь Суурин төлөөлөгч баяр хүргээд, төрийн бодлогын залгамж чанар үргэлжлэхийн зэрэгцээ Монгол Улсын хөгжлийн ирээдүйг өөдрөгөөр харж байгаагаа илэрхийлэв.
Монгол Улс болон АХБ хамтарч ажилласны 30 жилийн ой энэ онд тохиож байгаа бөгөөд энэ хугацаанд АХБ санхүү, дэд бүтэц, хот төлөвлөлт гээд олон салбарт нийт гурван тэрбум гаруй ам.долларын төсөл, хөтөлбөр хэрэгжүүлсэнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх талархал илэрхийллээ. Зөвхөн цар тахалтай тэмцэхэд зориулж 360 сая ам.долларын санхүүгийн дэмжлэг үзүүлж байгаа нь энэ амаргүй үед чухал дэмжлэг болж байгааг тэмдэглэв.

Цаашид ногоон, хүртээмжтэй нийгэм, эдийн засгийн хөгжлийг цогцлоох, түүн дотроо дэд бүтэц, хөрөнгө оруулалт, байгаль орчны доройтол, уур амьсгалын өөрчлөлт зэрэг олон чиглэлээр хамтран ажиллахад бэлэн байгаагаа талууд харилцан илэрхийллээ.
Монгол Улс ирэх жилүүдэд халамжаас хөдөлмөрт, олборлолтоос боловсруулалтад, импортоос экспортод шилжих зэрэг нийгэм, эдийн засгийн суурь шинэчлэлүүдийг хэрэгжүүлэхэд АХБ дэмжлэг үзүүлж, хамтран ажиллана. АХБ-ны Захирлуудын зөвлөлөөр хэлэлцэн батлах 2021-2024 онд Монгол Улстай хамтран ажиллах бодлогын тэргүүлэх чиглэлүүд (Түншлэлийн стратеги)-тэй Ерөнхийлөгчийн дурдсан шинэчлэлүүд уялдаж байгааг онцоллоо.
Уулзалтын үеэр бүс нутгийн хамтын ажиллагаа, төмөр зам, газрын тос боловсруулах үйлдвэр, усан цахилгаан станц, байгалийн хийн хоолой гээд улс орны тэргүүлэх төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, эрүүл мэнд, боловсрол зэрэг салбарын чанар, хүртээмжийг сайжруулах, үндэстэн дамнасан компаниудыг Монгол Улсад татах, хөрөнгө оруулалтыг эрс нэмэгдүүлэх, мэдлэг, чадвартай ажиллах хүчнээ бүрэн дүүрэн ашиглах, ажлын байр олноор бий болгох, гадаадад суугаа чадварлаг боловсон хүчнийг эх орондоо ажиллах нөхцөл, боломжийг бүрдүүлэх талаар санал солилцов.

АХБ Монгол Улсын Ерөнхийлөгчтэй санал нэг байгаагаа Суурин төлөөлөгч Павит Рамачандран илэрхийлж, ногоон хөгжил, байгаль орчноо хамгаалах, дэд бүтцийн томоохон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах боломжтойгоо хэллээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа түүхий нүүрс хэрэглэхгүй байх шийдвэр гаргасан нь байгаль орчныг хамгаалах ажилд эрс өөрчлөлт авчирсныг АХБ-ны Суурин төлөөлөгч тэмдэглэлээ.
Дэлхий нийтээр..
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Холбооны Канцлер Фридрих Мерц бараалхлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд ХБНГУ-ын Холбооны Канцлер Фридрих Мерц бараалхлаа.
Уулзалтын үеэр талууд Монгол, Германы “Стратегийн түншлэл”-ийг өргөжүүлэн бэхжүүлэх, хоёр улсын төрийн тэргүүний харилцан хэрэгжүүлсэн төрийн айлчлалаар тохирсон хамтын ажиллагааны асуудлуудыг бодитоор хэрэгжүүлэх, шинэ боломжийг эрэлхийлэх талаар санал солилцлоо.
Мөн 2011 онд байгуулсан “Ашигт малтмал, аж үйлдвэр болон технологийн салбарт хамтран ажиллах тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн хэрэгжилтийг хангаж, хоёр орны харилцааны бэлгэ тэмдэг болохуйц хөрөнгө оруулалтын томоохон төслийг хэрэгжүүлэх талаар ярилцав.
Айлчлалын хүрээнд зохион байгуулагдаж буй Монгол-Германы бизнес форумд 250 орчим аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцож байгаа нь хоёр талын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх өргөн боломж, бизнесийн сонирхол байгааг илтгэж байгааг талууд онцоллоо.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоёр улсын хөгжлийн хамтын ажиллагаа идэвхтэй өрнөж буйд сэтгэл хангалуун байгаа илэрхийлж, цаашид хиймэл оюун, кибер аюулгүй байдал, цахим засаглалын чиглэлээр хамтран ажиллах сонирхлоо илэрхийлэв.
Монгол Улсын нар, салхины арвин нөөцөд түшиглэсэн сэргээгдэх эрчим хүч, эрчим хүчний хуримтлуурын системд Германы компаниудын технологи, хөрөнгө оруулалтыг татах боломжтойг дурдлаа.
Түүнчлэн хоёр улсын харилцааны бат бэх гүүр болсон иргэд хоорондын харилцаа, хэлхээ холбоог дэмжих, тэтгэвэр, нийгмийн хамгааллын хэлэлцээр байгуулах асуудлаар хамтарч ажиллахаар тохирлоо.
Дэлхий нийтээр..
Европын хэд хэдэн улсад Палестиныг дэмжсэн жагсаал боллоо
Жагсагчид Их Британийг Израильд зэвсэг нийлүүлэхээ зогсоохыг шаардсан, Палестиныг чөлөөлөхийг уриалсан, Газын зурвас дахь цэргийн ажиллагааг зогсоохыг шаардсан олон төрлийн уриа лоозон барьсан юм. Мөн олон жагсагч эгнэн зогсож, Газын зурвас дахь мөргөлдөөний үеэр амь үрэгдсэн хүмүүсийн нэрсийг цээжиндээ зүүсэн юм. Тэд ийм аргаар дайны харгис хэрцгий байдлыг олон нийтэд илүү тодорхой ойлгуулахыг зорьж байна.
Дэлхий нийтээр..
Балбын үер, нурангийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрчээ
Балбын хойд хэсэгт өнгөрсөн сард болсон гамшгийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрснийг тус улсын цагдаагийн байгууллага мэдээлжээ. Есдүгээр сарын 20-ны 17:00 цагийн байдлаар аврах, эрэн хайх ажиллагаа үргэлжилж, 6000 орчим хүн сураггүй хэвээр байна.
Гамшиг наймдугаар сарын 26-нд Балба, Хятадын Төвөдийн хил орчмын өндөр уулын бүсэд мөсөн гол, хад чулуулгийн их хэмжээний нуранги үүссэнээс эхэлжээ. Нурангиас үүссэн лаг шавар, мөс, чулуулгийн урсгал Бхоте Коши болон Тришули голын сав дагуу бараг 100 км үргэлжилж, суурин газар, зам, гүүр, усан цахилгаан станцуудыг сүйтгэсэн байна.
АНУ-ын Геологийн албаны урьдчилсан дүгнэлтээр энэ үйл явдал нь ердийн газар хөдлөлт бус, мөсөн гол оролцсон уулын хажуугийн асар их нуралтаас эхэлсэн бөгөөд үүний дараа хүчтэй үер, хурдас чулуулгийн урсгал үүсчээ.
Олон мянган хүн сураггүй хэвээр байгаа тул эрэн хайх, цогцос таних ажиллагаа үргэлжилж байна. Эрх баригчид танигдаагүй цогцоснуудын ДНХ-ийн дээжийг авч, ар гэрийнхний сорьцтой тулган тогтоох ажлыг явуулж байгаа юм.
-
Дэлхий нийтээр..2021/02/09
Нийслэлийн ЕБС-иудад “Багшийн ёс зүйн дүрэм” самбар байршуулав
-
Дэлхий нийтээр..2024/06/06
Өгий нуурыг хамгаалах цогц ажил эхэллээ
-
Үйл явдал2019/07/26
Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойд бэлтгэх Зохион байгуулах хорооны ху...
-
Үйл явдал2026/08/05
Ард Аюушийн өргөн чөлөөнд өнгө хучилтын ажил гүйцэтгэнэ
