Дэлхий нийтээр..
Ж.Сандагсүрэн: Улаанбаатар хотын гадаад харилцааг шинэ түвшинд гарган идэвхжүүлэх шаардлагатай байна
Монгол Улсаа хилийн чанадад төлөөлөн ажиллахаар шинээр томилогдсон 23 Элчин сайдад зориулсан уулзалт, сургалтыг Гадаад харилцааны яамнаас зохион байгуулсан.
Тус уулзалт, сургалтад Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн оролцож, Улаанбаатар хотын бусад улсын хотуудтай хэрэгжүүлж буй худалдаа, эдийн засаг, боловсрол, соёлын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар мэдээлэл өгсөн юм. Тэрбээр “Улаанбаатар хотыг олон улсын стандартад нийцүүлэн хөгжүүлэх үүднээс авто замын түгжрэлийг бууруулж, төвлөрлийг задалж, орлогод нийцсэн орон сууц, орон зайн оновчтой төлөвлөлт, ногоон хөгжлийг түүчээлсэн, бизнест таатай, эдийн засгийн хувьд бие даасан чадамжтай хот болгон хөгжүүлэх бодлогыг баримталж байгаа” хэмээв.

Цаашид гадаадын хөрөнгө оруулалтыг татах, харилцан ашигтай төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх, хотуудад Улаанбаатар хотын төлөөлөгчийг томилох, олон улсын шилдэг техник, технологийг нутагшуулах, туршлага судлах, чадварлаг боловсон хүчин бэлтгэх, улмаар Улаанбаатар хотын гадаад харилцааг шинэ түвшинд гарган идэвхжүүлэх шаардлагатай байгааг онцоллоо. Тухайлбал, шинэчлэн баталсан Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын хүрээнд нийслэл хот нь өөрийн дүрэм, стандарттай байхаар тогтсон. Үүнтэй холбогдуулан Сингапурт хэрэгжиж буй дүрэм, эрх зүйн зохицуулалтууд, түүний хэрэгжилтийг хангаж буй төрийн байгууллагуудын бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагааны чиглэл, чиг үүргийн талаар нарийвчлан судлах, хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв. Мөн Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улстай нийтийн тээврийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах чиглэлээр авч хэрэгжүүлж буй бодлого, нийтийн тээврийн зохицуулалттай холбоотой дүрэм, стандартыг Улаанбаатар хотод хэрэгжүүлэх боломжийг судлах, Австралийн Холбооны Улстай хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ажиллах, амьдрах орчныг бүрдүүлэх чиглэлээр баримталж буй бодлого, хотуудад хэрэгжиж буй стандартын талаар туршлага судалж төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх саналтай байгаа гэлээ. Тиймээс эдгээр саналыг судлан үзэж, холбогдох байгууллагуудад уламжилж, улмаар шинэ хамтын ажиллагааг эхлүүлэх харилцаа холбоог тогтоон, уялдааг хангахад дэмжлэг үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна гэдгийг Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн тодотгосон юм.

Дэлхий нийтээр..
НҮБ дайн үргэлжилбэл дэлхийд өлсгөлөн нэмэгдэх эрсдэлтэйг анхааруулав
НҮБ-ын Дэлхийн хүнсний хөтөлбөр (WFP)-өөс 2026 оны дөрөвдүгээр сарын 16-ны өдөр гаргасан мэдэгдэлд дурдсанаар, Ойрхи Дорнодын бүс нутагт үүсээд буй хурцадмал байдал, ялангуяа Ирантай холбоотой зөрчил үргэлжилбэл дэлхийн хэмжээнд нэмэлт 45 сая хүн хурц өлсгөлөнд нэрвэгдэх эрсдэлтэй байгааг анхааруулжээ.
Энэ талаар НҮБ-ын Дэлхийн хүнсний хөтөлбөрийн Гүйцэтгэх захирал Синди Маккейн анхааруулахдаа, геополитикийн хурцадмал байдал нь дэлхийн хүнсний аюулгүй байдалд ноцтой дарамт учруулж байгааг онцолсон байна.
Тус байгууллагын мэдээлснээр, дайн, зөрчил нь зөвхөн тухайн бүс нутагт төдийгүй дэлхийн хүнсний хангамж, тээвэр логистик, эрчим хүчний зах зээлд шууд болон дам нөлөө үзүүлж байгаа аж. Үүний улмаас хүнсний бүтээгдэхүүний үнэ өсөх, нийлүүлэлт тасалдах, эмзэг эдийн засагтай орнуудын худалдан авах чадвар буурах зэрэг сөрөг үр дагавар нэмэгдэх төлөвтэй байна.
Одоогийн байдлаар дэлхий даяар хэдийнэ олон сая хүн хүнсний хомсдолд өртөөд байгаа бөгөөд дээрх нөхцөл байдал үргэлжилбэл энэ тоо цаашид огцом нэмэгдэх эрсдэлтэйг НҮБ онцолсон байна. Иймд олон улсын хамтын нийгэмлэгийг зөрчлийг намжаах, хүмүүнлэгийн тусламжийг нэмэгдүүлэх, хүнсний хангамжийг тогтвортой байлгахад анхаарахыг уриалжээ.
Шинжээчдийн үзэж буйгаар, геополитикийн тогтворгүй байдал нь дэлхийн эдийн засаг, ялангуяа хүнсний аюулгүй байдалд мэдэгдэхүйц нөлөө үзүүлж байгаа бөгөөд ойрын хугацаанд энэ чиг хандлага үргэлжлэх төлөвтэй байна.
Дэлхий нийтээр..
Хиймэл оюунд суурилсан технологийн хөгжил хурдасч, дэлхийн өрсөлдөөн шинэ шатанд хүрэв
Сүүлийн жилүүдэд хиймэл оюунд суурилсан технологийн хөгжил эрчимжиж, дэлхийн томоохон компаниудын өрсөлдөөн шинэ шатанд хүрлээ. Үйлдвэрлэл, тээвэр, мэдээллийн технологийн салбарт автоматжуулалт, ухаалаг системийн хэрэглээ эрс нэмэгдэж, хүний оролцоог багасгах чиг хандлага давамгайлж байна.
Хиймэл оюуны шинэ үеийн загварууд илүү нарийвчлалтай, хурдтай ажиллах чадвартай болж, их хэмжээний өгөгдлийг богино хугацаанд боловсруулах боломжийг өргөжүүлэв. Энэ нь бизнесийн шийдвэр гаргалтад шууд нөлөөлөх хэмжээнд хүрчээ. Жолоочгүй тээврийн хэрэгсэл, роботжуулсан үйлдвэрлэл бодит хэрэглээнд улам ойртож, туршилтаас хэрэглээ рүү шилжих үе шат идэвхжив.
Нөгөө талаас дата төвүүдийн хүчин чадал нэмэгдэхийн хэрээр эрчим хүчний хэрэглээ өсөж, байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн асуудал олон улсын анхаарлын төвд орж байна.
Мөн технологийн энэ хурдац хөдөлмөрийн зах зээлд өөрчлөлт авчирч, зарим ажлын байр буурч, шинэ ур чадварын эрэлт нэмэгдэх нөхцөл бүрдэв.
Иймээс улс орнууд технологийн бодлогоо шинэчилж, инновац, хүний нөөцийн бэлтгэлийг чухалчлах шаардлага улам тодорч байна.
Дэлхий нийтээр..
“Al Jazeera”-гийн сэтгүүлч амь үрэгдсэнд эмгэнэл илэрхийллээ
-
Хэн юу хэлэв...2023/12/04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын ...
-
Дэлхий нийтээр..2021/02/23
Өнөөдөр Төрийн шагналт зохиолч С.Удвалын мэндэлсний 100 жилийн ой тохиож байна
-
Үйл явдал2024/08/21
Хөрсний усаа борооны ус зайлуулах хоолой руу шавхаж байгаа зөрчлийг арилгуулжээ
-
Дэлхий нийтээр..2020/07/16
Болзошгүй үерийн аюул, усны ослоос урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна
