Дэлхий нийтээр..
Л.Оюун-Эрдэнэ: Богдхан төмөр зам бол дагуул хотууд бий болох, авто замын түгжрэл буурах үндсэн шийдлүүдийн нэг юм
Богдхан төмөр замын бүтээн байгуулалтын ажлын нээлт энэ сарын 23-ны өдөр боллоо. Монгол Улсын Засгийн газар Богдхан төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг яаралтай горимоор эхлүүлж, гурван жилийн хугацаанд ашиглалтад оруулж дуусгахаар төлөвлөж байгаа юм.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тус төслийг нээж хэлсэн үгэндээ, Богдхан төмөр зам” нь Монгол Улсын дэд бүтцийн болон тээвэр логистикийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлээд зогсохгүй нийслэл Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, Төв аймгийн нутаг дэвсгэрт шинэ дагуул хотууд бий болох, автозамын түгжрэл буурах үндсэн шийдлүүдийн нэг юм гэдгийг онцлоод бүтээн байгуулалтын ажилд амжилт хүслээ.

Ерөнхий сайд:
-1954 оны Сайд нарын зөвлөлийн 435 дугаар тогтоолоор Улаанбаатар хотын анхны ерөнхий төлөвлөгөөг батлаж, нийслэл Улаанбаатар хотод 500 мянган хүн оршин суухаар тооцсон ч өнөөдөр энэ ачаалал төлөвлөснөөс гурав дахин нэмэгдээд байна.
Нийслэл Улаанбаатар хотын замын даац 300 мянган автомашиныг 25 км цагийн хурдтай нэвтрүүлэх хүчин чадалтай ч өнөөдөр 500 гаруй мянган автомашин зорчиж байна. Энэ байдлаас улбаалж өнөөдөр нийслэлийн автозамын нэвтрүүлэх хүчин чадал 13 км цаг, оргил ачааллын үед найман км цагийн хурдтай болжээ. Нэг үгээр хэлбэл, оргил ачаалалтай үеийн дундаж хурд явган хүнийхтэй бараг адил түвшинд очсон байна.
Манай улс жил бүр 80-90 мянган автомашин шинээр худалдан авч байна. Цаашид ингэж үргэлжилбэл 1-2 жилийн дотор нийслэл Улаанбаатар хот ТЭГ зогсолт хийх нөхцөл байдал бодитоор үүсчээ.
Тиймээс ч Ерөнхий сайдаар томилогдоод УИХ-ын чуулганд “Хүн амын дийлэнх хэсэг амьдран суугаа их хотын асуудлыг Засгийн газар зөвхөн нийслэлийн удирлагад даатган орхихгүй ээ. Нийслэлчүүдтэйгээ сэтгэл гарган бүх талаар дэмжлэг үзүүлж хамтран ажиллах болно. Улаанбаатар хотын төвлөрлийг багасгана. Нийслэлийн тээвэр болон дагуул хотуудыг холбосон дэд бүтцийн асуудлыг үе шаттай шийдвэрлэнэ” гэж хэлсэн. Хэлсэн үг, дэвшүүлсэн зорилтоо бодитой ажил болгохын тулд Ерөнхий сайд өөрөө биечлэн удирдах Үндэсний таван хороо байгуулсны нэг нь Хот хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангах, нийслэлийн түгжрэлийг бууруулах цогц төлөвлөгөө багтаж байгаа юм.

Автозамын түгжрэлтэй холбоотой давс мэт шийдвэрүүд гаргах зайлшгүй шаардлагатай нүүр тулж байгаа нь үнэн. Зарим амаргүй шийдлүүдийг ард нийтийн санал асуулгаар шийдвэрлэх шууд ардчиллын аргыг ч хэрэглэхийг үгүйсгэхгүй.
Богдхан төмөр замын төсөл бол хот хөдөөгийн зохист тэнцвэрийг шийдвэрлэх томоохон үндсэн шийдлүүдийн нэг юм. Богдхан төмөр зам нь Рашаант өртөөнөөс Богдхан уулын урдуур тойрч, Мааньт өртөөтэй холбогдох бөгөөд Төв аймгийн Алтанбулаг, Сэргэлэн сум, Улаанбаатар хотын Баганхангай, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн газар нутгийг дамжин нийт 135.8 км үргэлжлэх зургаан зөрлөг, гурван өртөө бүхий бүтээн байгуулалт юм. Мөн 16.6 км урттай хоёр туннелийг Монгол Улсад анх удаа бүтээн байгуулна. Энэ нь цаашдын олон томоохон шийдлийн суурь болох юм” гэж хэллээ.
Мөн цар тахлын нөхцөл байдлаас үүдэж, 100 жилд тохиолдоогүй нийгэм, эдийн засгийн огцом хямрал үүссэн нэн хүнд үеийг бид туулж байна. Цаг үе хүнд байгаа ч бид нэгдэн нягтарч, хамтран ажиллаж, энэ сорилтыг даван туулахын төлөө энгийн үеэс илүү хичээх шаардлагатай байна. Нийслэл Улаанбаатар хотын шийдэл ч зөвхөн Нийслэлийн Засаг даргаас шалтгаалахгүй, иргэн, аж ахуйн нэгж бүхний идэвхитэй оролцооноос хамаарна гэлээ.

Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн хуралдаанаар Богдхан төмөр замын төслийн суурь бүтэц барих тусгай зөвшөөрлийг “Тавантолгой төмөр зам” ХХК-д олгосон юм. Богдхан төмөрзам баригдсанаар,
· Улаанбаатар хотын төмөр зам, авто замын огтлолцолд дунджаар 144 минутыг зарцуулж байгаа нөхцөл байдал 57 хувиар буурна. тооцоо бий. Улаанбаатар төмөр замын дагуух дуу чимээ тоосжилт, бохирдол эрс багасч цаашид бензин, шатах тослох материалын агуулах, нүүрс тээвэрлэлт, хүнсний болон барааны агуулахыг хүн ам төвлөрөн суурьшдаг газраас үе шаттай холдуулах боломж нээгдэх юм.
· Энэхүү төмөрзам баригдсанаар Хөшигийн хөндийн их бүтээн байгуулалт эхлэж, Хөшигийн хөндийд тээвэр логистикийн гурван шинэ терминал байгуулагдаж, экспорт нэмэгдэж, цаашид эдийн засгийн чөлөөт бүс байгуулагдах суурь нөхцөл бүрдэж, Төв аймаг цаашид улсын зэрэглэлтэй хот болон тэлэн боломж бүрдэх учиртай.
· Төмөр зам ашиглалтад орсноор Дагуул хаяа хотууд хөгжиж, төр хувийн хэвшил, аж ахуйн нэгжүүд, гадаадын хөрөнгө оруулагчдын түншлэл идэвхижиж, цаашид Өмнөговь, Орхон, Дархан-Уул, Дорнод, Дорноговь аймаг хотжих үйл явцыг хурдасгасан загвар, сэтгэлгээний болон соёлын өөрчлөлт болж чадах юм.
· Богдхан төмөр зам ашиглалтад орсноор Монгол Улсын нутаг дэвсгэрийг дамжин хөрш орнууд болон Ази, Европын бүс нутагтай холбох “Эдийн засгийн коридор”-ын хөгжил, түүн дотроо Улаанбаатар төмөр замын тээврийн оролцоо, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд томоохон хувь нэмэр оруулна.


Дэлхий нийтээр..
Кушнер: Газын зурвасыг цэрэггүйжүүлэх үйл явц 30 хоногийн дотор эхэлж магадгүй
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын тусгай элч Жаред Кушнер Газын зурвасыг цэрэггүйжүүлэх үйл явцад ойрын 30 хоногт бодит ахиц гарч магадгүй гэж мэдэгдлээ.
Кушнер наймдугаар сарын 17-нд Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяхутай Иерусалимд уулзсаныхаа дараа Fox News-т ярилцлага өгөхдөө эхний ээлжид зэвсгийг ашиглалтаас гаргах ажиллагаа эхэлж, дараагийн 60-90 хоногт газар доорх хонгилуудыг хаах ажил урагшилна гэж найдаж байгаагаа илэрхийлжээ.
Кушнер Израильд очихоосоо өмнө Египетэд ХАМАС-ын удирдлагын төлөөлөлтэй уулзсан байна. Тэрбээр ХАМАС зэвсгээ хураалгахтай холбоотой амлалтаа бодит үйлдлээр харуулах шаардлагатайг мэдэгдсэн бөгөөд эс биелүүлбэл Израиль цэргийн ажиллагаагаа үргэлжлүүлэхэд АНУ болон бусад түншээс илүү хүчтэй дэмжлэг авах болно гэж анхааруулжээ.
АНУ-ын дэвшүүлсэн төлөвлөгөөнд Газын зурвасыг цэрэггүйжүүлэх, ХАМАС-ын зэвсгийг хураах, цэргийн зориулалттай дэд бүтэц болон хонгилуудыг устгах асуудал багтаж байгаа юм. Гэвч уг төлөвлөгөөг хэрэгжүүлэх дарааллын талаар талуудын байр суурь зөрүүтэй хэвээр байна.
Израилийн тал ХАМАС бүрэн зэвсгээ хураахаас өмнө Газын зурвасаас цэргээ гаргахгүй гэсэн байр суурьтай байгаа бол ХАМАС Израилийн цэргийн ажиллагааг зогсоож, цэргээ татах асуудлыг эн тэргүүнд тавьж байна. Кушнерийн хоёр өдрийн уулзалтуудын дараа ч энэ үндсэн зөрүүг арилгасан тохиролцоонд хүрээгүй гэж Reuters мэдээлжээ.
Кушнер мөн Газын зурвасыг цэрэггүйжүүлэхээс өмнө өргөн хүрээний сэргээн босголтыг эхлүүлэхгүй гэсэн АНУ-ын байр суурийг илэрхийлсэн байна. Үүний зэрэгцээ Израильд бодит аюул тулгарсан нөхцөлд өөрийгөө хамгаалах эрхийг нь АНУ хязгаарлахгүй гэж мэдэгджээ.
Уулзалтын үр дүнд Газын зурвасын аюулгүй байдал, зэвсэг хураах асуудал, мөн дэд бүтэц, нийгмийн эрүүл мэндийн асуудал хариуцах хоёр ажлын хэсэг байгуулахаар тохирсон ч энхийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх талаар талууд эцсийн тохиролцоонд хүрээгүй байна.
Дэлхий нийтээр..
Иран АНУ-ын цэргийг Ормузын хоолой, Персийн буланд нэвтрүүлэхгүй гэв
Ираны Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Амир Хатами АНУ-ын цэргийн хүчнийг Персийн булан, Оманы булан болон Ормузын хоолойн бүсэд эргэн байршихыг Иран зөвшөөрөхгүй гэж мэдэгджээ.
Хатами наймдугаар сарын 16-нд Тегеранд болсон арга хэмжээний үеэр сэтгүүлчидтэй уулзахдаа АНУ-ын цэргийн хүчийг бүс нутгаас шахан гаргах нь нэгэнт бодит болсон гэж мэдэгдсэн байна. Тэрбээр АНУ-ын цэргийн бааз, хүчний байрлал өмнөх байдалдаа эргэн орох боломжгүй бөгөөд Иран үүнийг зөвшөөрөхгүй гэсэн байр суурь илэрхийлжээ.
Энэ мэдэгдэл АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ормузын хоолойн хяналтын талаар удаа дараа хатуу байр суурь илэрхийлж буй үед гарч байна. Трамп наймдугаар сарын 12-нд АНУ Ормузын хоолойг “бүрэн хянаж байгаа” гэж мэдэгдсэн бол наймдугаар сарын 14-нд Ираныг ялсны дараа тус хоолойг АНУ-ын нутаг дэвсгэр болгон зарлах тухай ярьсан юм.
Хатами Трампын мэдэгдлийг няцааж, Ормузын хоолой дахь Ираны байр суурийг хамгаална гэдгээ илэрхийлжээ. Түүний мэдэгдэлд АНУ-ын цэргийн хүч бүс нутагт эргэн байрших аливаа оролдлогод Иран хатуу хариу үзүүлнэ гэсэн агуулга багтсан байна.
Түүнчлэн Хатами АНУ-ын цэргийн алба хаагчийг байлдааны нөхцөлд хөнөөсөн эсвэл олзолсон тохиолдолд 30 мянган ам.долларын шагнал олгохоо мэдэгдсэн байна. Ираны төрийн мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр шагналын хөрөнгийг иргэдийн хандиваар бүрдүүлэх бөгөөд эмэгтэй хүн ийм үйлдэл хийсэн тохиолдолд шагналыг хоёр дахин нэмэгдүүлж, 60 мянган ам.доллар болгоно гэжээ.
Ормузын хоолойн хяналт АНУ, Ираны хоорондын сөргөлдөөний гол асуудлын нэг хэвээр байна. Трампын засаг захиргаа АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчин хоолойг хянаж байгаа гэж мэдэгдэж байгаа бол Ираны тал стратегийн усан зам дахь өөрийн байр суурийг хадгалсаар байна. Наймдугаар сарын 18-ны байдлаар ч талуудын байр суурь зөрүүтэй хэвээр бөгөөд Ормузын хоолойн хөдөлгөөн бүрэн хэвийн болоогүй байна.
Дэлхий нийтээр..
Путин гадаадад гарч, ял шийтгэлээс зайлсхийсэн иргэдийн хөрөнгийг битүүмжлэх хуульд гарын үсэг зуржээ
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин гадаадад байгаа бөгөөд Оросын шүүхээс оноосон ял шийтгэлээс зайлсхийж буй иргэдэд тодорхой хязгаарлалт тогтоох тухай хуульд 2026 оны зургаадугаар сарын 10-нд гарын үсэг зуржээ. Шинэ хууль 2026 оны есдүгээр сарын 1-нээс хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлнэ.
Шинэ зохицуулалтаар гадаадад байгаа ОХУ-ын иргэн хуульд заасан тодорхой гэмт хэрэгт холбогдож, шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс зайлсхийсэн тохиолдолд түүний ОХУ дахь хөрөнгө, эд хөрөнгийг битүүмжлэх болон бусад хязгаарлалт хэрэглэх эрх зүйн боломж бүрдэж байна.
Хууль нь ОХУ-аас гадаадад гарсан бүх иргэнийг хамруулахгүй. Мөн Украины дайн эхэлснээс хойш эх орноосоо явсан хүмүүсийг нийтээр нь иргэншлээс хасах зохицуулалт биш юм.
Харин гадаадад байгаа бөгөөд ОХУ-ын хууль тогтоомжид заасан тодорхой гэмт хэрэгт холбогдсон, шүүхийн ажиллагаа болон оноосон шийтгэлээс зайлсхийж буй иргэдэд дотоодод байгаа хөрөнгө, эд хөрөнгөөр нь дамжуулан хязгаарлалт тавих боломжийг өргөжүүлжээ.
Уг хуулийг ОХУ-ын Төрийн Дум тавдугаар сарын 26-нд баталж, Холбооны зөвлөл зургаадугаар сарын 3-нд дэмжсэн бөгөөд Ерөнхийлөгч Владимир Путин зургаадугаар сарын 10-нд гарын үсэг зурсан юм. Хуулийн үндсэн зохицуулалтууд есдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэхээр тусгажээ.
ОХУ 2022 онд Украинд цэргийн ажиллагаа эхлүүлснээс хойш олон тооны иргэн гадаадад гарсан бөгөөд Москва гадаадад байгаа Оросын иргэдийн хууль зүйн хариуцлагатай холбоотой зохицуулалтаа үе шаттайгаар чангатгаж ирсэн юм.
Гэхдээ гадаадад амьдарч байгаа явдал өөрөө хариуцлага хүлээлгэх үндэслэл болохгүй бөгөөд хуульд заасан гэмт хэрэг, шүүхийн ажиллагаанаас зайлсхийсэн зэрэг тодорхой нөхцөл бүрдсэн тохиолдолд шинэ зохицуулалтыг хэрэглэхээр байна.
