Дэлхий нийтээр..
Монгол Улсын визийн журам шинэчлэгдлээ
Монгол Улсын Засгийн газраас “Монгол Улсын виз олгох журам”-ыг шинэчлэн баталж, наймдугаар сарын 16-наас шинэчилсэн журмыг мөрдөж эхлэхээр боллоо.
Тус журам шинэчлэгдсэнээр Монгол Улсын визийн ангиллууд нэмэгдэж, дипломат, албан, хөрөнгө оруулах, хөдөлмөр эрхлэх, суралцах, гэр бүл, цагаач, хувийн, шашны болон түр ирэх зорилгоор гэж төрөлжүүлж, 64 ангиллын виз олгохоор болж байна.
Тухайлбал, соёл, урлаг, спортын тэмцээн уралдаан, арга хэмжээнд оролцох, контент бүтээх, импортын ачаа болон зорчигч тээвэрлэх, хил орчмын өдрийн аялал жуулчлалаар зорчих, дамжин өнгөрөх, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах гадаадын иргэнд олгох шинэ төрлийн визийн ангиллууд нэмэгдсэн. Ийнхүү визийн ангиллыг зорилго бүрээр нь нарийвчилж, тодорхой болгосноор гадаадын иргэн Монгол Улсын виз авах хүсэлтээ үнэн, зөв мэдүүлэх, өөрийн зорилгодоо нийцсэн визээр зорчих боломж бүрдэж байна.
Түүнчлэн виз олгох байгууллагын бүрэн эрхэд зарим төрлийн өөрчлөлт орсон. Тухайлбал, Гадаад харилцааны яамнаас олгож байсан B буюу бизнес ангиллын 30 хүртэлх хоногийн виз нь K1 болон өөрчлөгдөж, тус ангиллын визийг Гадаадын иргэн, харьяатын газар олгохоор болсон бол J буюу жуулчин ангиллын виз K2 болж өөрчлөгдөн уг виз болон хил орчмын жуулчинд олгох 3 хүртэл хоногийн визийг Монгол Улсаас хилийн чанадад суугаа Дипломат төлөөлөгчийн газар олгохоор зохицуулжээ.
Үүнээс гадна Монгол Улсын визийг цахимаар олгох зохицуулалтыг шинээр тусгаж, эхний ээлжид жуулчин /K2/, соёл, урлаг, спортын тэмцээн уралдаанд оролцох, кино, контент бүтээх /K4/ болон дамжин өнгөрөх /K6/ визийн ангиллыг цахимаар авах боломжтой боллоо.
Уг цахим визийн мэдүүлгийг Гадаадын иргэн, харьяатын газар https://evisa.mn/main сайтаар хүлээн авч, гурав хүртэл хоногт багтаан шийдвэрлэх юм. Цахим виз олгох улсын жагсаалт нь Хууль зүй, дотоод хэргийн сайд, Гадаад харилцааны сайдын хамтарсан тушаалаар батлагдана.
Мөн тус журмаар визийн зөвшөөрлийн хүчинтэй хугацаа, виз, визийн зөвшөөрөл олгохоос татгалзсан тохиолдолд дахин хүсэлт гаргах хугацаанд тус тус өөрчлөлт орсон байна. Тухайлбал, Баримт бичгийг хуурамчаар бүрдүүлэн худал мэдүүлсэн тохиолдол визийн зөвшөөрөл олгохоос татгалзаж 30 хоногийн дараа дахин виз мэдүүлэх эрхтэй байсныг 180 хоног болгон өөрчилжээ.
“Монгол Улсын виз олгох журам”-ыг бүрэн эхээр нь ЭНД дарж уншина уу.
Гадаадын иргэн, харьяатын газар
Дэлхий нийтээр..
Европын хэд хэдэн улсад Палестиныг дэмжсэн жагсаал боллоо
Жагсагчид Их Британийг Израильд зэвсэг нийлүүлэхээ зогсоохыг шаардсан, Палестиныг чөлөөлөхийг уриалсан, Газын зурвас дахь цэргийн ажиллагааг зогсоохыг шаардсан олон төрлийн уриа лоозон барьсан юм. Мөн олон жагсагч эгнэн зогсож, Газын зурвас дахь мөргөлдөөний үеэр амь үрэгдсэн хүмүүсийн нэрсийг цээжиндээ зүүсэн юм. Тэд ийм аргаар дайны харгис хэрцгий байдлыг олон нийтэд илүү тодорхой ойлгуулахыг зорьж байна.
Дэлхий нийтээр..
Балбын үер, нурангийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрчээ
Балбын хойд хэсэгт өнгөрсөн сард болсон гамшгийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрснийг тус улсын цагдаагийн байгууллага мэдээлжээ. Есдүгээр сарын 20-ны 17:00 цагийн байдлаар аврах, эрэн хайх ажиллагаа үргэлжилж, 6000 орчим хүн сураггүй хэвээр байна.
Гамшиг наймдугаар сарын 26-нд Балба, Хятадын Төвөдийн хил орчмын өндөр уулын бүсэд мөсөн гол, хад чулуулгийн их хэмжээний нуранги үүссэнээс эхэлжээ. Нурангиас үүссэн лаг шавар, мөс, чулуулгийн урсгал Бхоте Коши болон Тришули голын сав дагуу бараг 100 км үргэлжилж, суурин газар, зам, гүүр, усан цахилгаан станцуудыг сүйтгэсэн байна.
АНУ-ын Геологийн албаны урьдчилсан дүгнэлтээр энэ үйл явдал нь ердийн газар хөдлөлт бус, мөсөн гол оролцсон уулын хажуугийн асар их нуралтаас эхэлсэн бөгөөд үүний дараа хүчтэй үер, хурдас чулуулгийн урсгал үүсчээ.
Олон мянган хүн сураггүй хэвээр байгаа тул эрэн хайх, цогцос таних ажиллагаа үргэлжилж байна. Эрх баригчид танигдаагүй цогцоснуудын ДНХ-ийн дээжийг авч, ар гэрийнхний сорьцтой тулган тогтоох ажлыг явуулж байгаа юм.
Дэлхий нийтээр..
Герман нисэх буудлын дроны хэрэгт Оросыг буруутгав
Германы эрх баригчид өнгөрсөн наймдугаар сард Лейпциг-Халле нисэх буудлаас тэсрэх бодис бүхий дрон илэрсэн хэрэгт Оросын тал холбоотой гэж дүгнэжээ. Харин Москва уг мэдээллийг няцааж, Германы буруутгалыг үндэслэлгүй хэмээн мэдэгдсэн байна.
Наймдугаар сарын 4-ний орой Украины “Антонов Эйрлайнс” компанийн ачааны онгоц байрлаж байсан хэсгийн ойролцоо тэсрэх бодис тээсэн дрон илэрч, нисэх буудлын үйл ажиллагааг түр хугацаанд зогсоожээ. Тэсрэх бодисыг тусгай робот ашиглан аюулгүй болгосон бол өөр нэг дрон нисэх онгоцтой мөргөлдсөний дараа устсан гэх мэдээлэл байна.
Германы Дотоод хэргийн сайд Александер Добриндтын мэдээлснээр, мөрдөн шалгалтаар дроны хийц, ашигласан эд анги нь Орос-Украины дайнд хэрэглэгдэж буй зарим төхөөрөмжтэй ижил төстэй байсныг тогтоосон байна. Тэрбээр цагдаагийн мөрдөн шалгалт болон тагнуулын байгууллагын мэдээлэл Оросын оролцоог нотолж байна гэж мэдэгджээ. Гэхдээ Германы Засгийн газар Москваг уг хэрэгтэй шууд холбосон бүх нотлох баримтаа олон нийтэд дэлгээгүй байна.
Үүний дараа Герман Бонн хот дахь Оросын консулын газрыг есдүгээр сарын 18-наас хаах, Берлин дэх Оросын соёлын төвийн үйл ажиллагааг зогсоохоор шийдвэрлэжээ. Мөн ОХУ-ын Элчин сайдыг Гадаад хэргийн яамандаа дуудан тайлбар шаардсан бөгөөд Европын холбооны хориг арга хэмжээний жагсаалтыг өргөжүүлэх санал гаргахаар болсон байна.
ОХУ-ын Берлин дэх Элчин сайдын яам Германы буруутгалыг “утгагүй” гэж няцаасан байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мөн Германы Засгийн газар дотоодын улс төрийн асуудлаасаа анхаарал сарниулахын тулд Москваг буруутгаж байна хэмээн мэдэгджээ.
Польш, Их Британи, Итали, Швед, Чех зэрэг НАТО-гийн хэд хэдэн улс Германы байр суурийг дэмжсэн бол Европын холбоо уг асуудлаар нэгдсэн хариу арга хэмжээ хэлэлцэхээр төлөвлөж байна.
-
Дэлхий нийтээр..2021/12/27
ЗГ: Шинэ сэргэлтийн бодлого батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-д өргөн мэ...
-
Дэлхий нийтээр..2021/05/21
Бямба гарагт зуслангийн ногоон бүсэд их цэвэрлэгээтэй
-
Дэлхий нийтээр..2021/04/15
Лукашенкогийн бохир мөнгөний Монгол дахь хэлхээ
-
Дэлхий нийтээр..2021/04/29
Онцгой байдлын байгууллагад нисдэг тэрэг ашиглах зааврыг хүлээлгэн өглөө
