Хэн юу хэлэв...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх МҮХАҮТ-ыг урьдын адил дэмжин ажиллахаа илэрхийллээ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр Монголын Үндэсний Худалдаа, Аж үйлдвэрийн танхим /МҮХАҮТ/-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин тэргүүтэй Удирдах зөвлөлийн гишүүдийг хүлээн авч уулзаж, санал солилцлоо.
МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд баяр хүргэв.
Тэрбээр үргэлжлүүлэн сүүлийн хоёр жилд цар тахлын улмаас бизнесийн орчин хумигдаж, хувийн хэвшлийн үйл ажиллагаа уналтад орсон ч одоо дэлхий нийтээрээ цар тахалтай зэрэгцэн амьдрах, вакцинжуулалтыг үр дүнтэй хийж хэвийн амьдралдаа эргэн шилжих чиглэл рүү хандаж буй талаар дурдаж, танхимаас хийсэн бизнесийн орчны судалгаа, боловсруулсан хуулийн төслийн талаар товч танилцуулав.
Улмаар цар тахлын энэ үед Монгол Улс төр, хувийн хэвшлийн үр дүнтэй хамтын ажиллагааны хүчээр эдийн засгаа богино хугацаанд сэргээх, өсөлт авчрах боломжтой гэж үзэж байгаагаа хэлж, Монгол Улсын Ерөнхийлөгчтэй хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх МҮХАҮТ-ыг урьдын адил дэмжин ажиллахад бэлэн байгаагаа хэлж, гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, олон улсын болон бүс нутгийн бизнесийн санаачилгад Монгол Улсын оролцоог идэвхжүүлэх, МҮХАҮТ-ын гадаад харилцаа, олон улсад чиглэсэн үйл ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд Ерөнхийлөгчийн зүгээс анхаарал хандуулж, хамтран ажиллах бүрэн боломжтой гэдгийг тодотголоо.
Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн мөрийн хөтөлбөрт туссан халамжаас хөдөлмөрт, олборлолтоос боловсруулалтад, импортоос экспортод шилжих зорилтуудыг хэрэгжүүлэх, бизнесийн салбарт төрөөс учруулдаг хүнд суртал, дарамтыг арилгах, эдийн засгаа богино хугацаанд сэргээн босгохын тулд улстөржилтөөс ангид байх зарчмаар МҮХАҮТ-тай хамтран ажиллахаа илэрхийлэв. Ялангуяа, хувийн хэвшилд тулгардаг дарамт шахалт, бизнесийн үйл ажиллагаан дахь төрөөс хамааралтай гацаа, саадыг арилгах асуудлаар Төрийн тэргүүний хувиар онцгой анхаарал хандуулан ажиллана гэлээ.
Уулзалтын үеэр МҮХАҮТ-ын Удирдах зөвлөлийн гишүүд эдийн засгийг сэргээхийн тулд гадаадын хөрөнгө оруулагчдын итгэлийг нэмэгдүүлэх, уул уурхайн бус экспортыг өсгөх, томоохон төслүүдээ яаралтай урагшлуулах нь хамгаас чухал болоод буйг онцолж, дээрх зорилтуудыг хэрэгжүүлэхийн тулд бизнесийн салбарын хууль эрх зүйн орчныг сайжруулах, төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ санхүүгийн зөв механизмыг сонгон авах, төр, хувийн хэвшлийн тэгш оролцоог хангах, улмаар гүйцэтгэлд онцгой анхаарал хандуулж, чадварлаг баг, бүтцийг бүрдүүлэх зэргээр ажиллах саналыг хэлж байв.


Хэн юу хэлэв...
БНХАУ-ын Элчин сайд Шэнь Миньжуань харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэхийг уриалав
Монгол дахь БНХАУ-ын Элчин сайд Шэнь Миньжуань өөрийн албан X (хуучнаар Twitter) цахим хуудсандаа Монгол, Хятадын хамтын ажиллагааны талаар байр сууриа илэрхийлжээ.
Тэрбэр, " Монголчуудын дунд “айл хүний амь нэг, саахалт айлын санаа нэг” гэж зүйр үг байдаг бол, Хятадын тал “элэгсэг дотно, үнэнч шударга, үр ашигтай, хүртээмжтэй” үзэл баримтлалыг баримталж, хувь заяаны хамтын нийгэмлэгийг цогцлоохыг зорьдог бөгөөд үндсэн агуулгаараа нийцдэг билээ. Энэхүү хэлэлцээр нь давуу талуудаа нөхөлцөж, харилцан ашигтай хамтын ажиллагаанд хүрэхэд чиглэсэн бөгөөд талуудын чин шударга хамтын ажиллагааны илэрхийлэл буюу нэг нь хожиж нөгөө нь хохирох тухай агуулаагүй болно. Хятад улс саяхан XV дахь таван жилийн төлөвлөгөөгөө баталж, гадаад улс оронд нээлттэй байх бодлогоо улам гүнзгийрүүлж, хөрш орнуудтай аж үйлдвэрийн хамтын ажиллагаа, гадаад худалдаа болон уялдаа холбоогоо улам нягтруулахаар зорьж байна.
Монголын хувьд Хятад хэмээх том зах зээл хаяа залган оршиж байна. Энэ оны эхний улиралд Монголын экспорт 60 хувиар өссөн нь Хятад руу чиглэсэн экспорт голлон нэмэгдсэнтэй холбоотой. Харилцан итгэлцлээ улам бэхжүүлж, хамтын ажиллагааны “бялууг” улам томруулж, хамтын хөгжлийг илүү хурднаар, илүү үр дүнтэйгээр бүтээцгээе." гэжээ.
Хэн юу хэлэв...
Санхүүгийн зах зээлүүд Ираны дайны нөлөө буурч эхэлсэнд итгэж эхлэв
Сүүлийн 24 цагийн байдлаар дэлхийн санхүүгийн зах зээлүүд Ирантай холбоотой мөргөлдөөний нөлөө буурч эхэлсэнд итгэх хандлага ажиглагдаж байна. Олон улсын хөрөнгө оруулагчид зах зээлийн гол үзүүлэлтүүдийг ажиглахад дайны эхэн үеийн огцом савлагаа намжиж, ихэнх активууд өмнөх түвшиндээ дөхөж очсон нь анхаарал татаж байна.
Тухайлбал, дэлхийн томоохон индексүүд сэргэлт үзүүлж, зарим нь бараг дайны өмнөх түвшинд хүрээд байгаа бол хөрөнгө оруулагчид АНУ болон хөгжиж буй зах зээлүүдэд дахин анхаарал хандуулж эхэлжээ.
АНУ-ын хөрөнгийн зах зээл ч эерэг дохио үзүүлж, S&P 500 индекс түүхэн дээд түвшинд хүрч, өмнөх алдагдлаа нөхсөн байна. Зах зээл ийнхүү тайвширч эхэлсэн нь Ираны мөргөлдөөн намжих магадлал нэмэгдэж, дипломат яриа хэлэлцээ дахин эхэлж болзошгүй гэсэн хүлээлттэй холбоотой гэж шинжээчид үзэж байна.
Гэсэн ч эрчим хүчний зах зээлд болгоомжлол хэвээр байна. Газрын тос, байгалийн хийн үнэ өндөр түвшинд хадгалагдаж байгаа бөгөөд Ормузын хоолойн нөхцөл байдал бүрэн тогтворжоогүй хэвээр байгаа нь эрсдэлийг хадгалж буйг анхааруулж байна.
Мөн хүүгийн түвшин, инфляцын дарамт бүрэн буураагүй, бондын зах зээлд тодорхойгүй байдал үргэлжилж байгаа нь хөрөнгө оруулагчдыг болгоомжтой хэвээр байлгаж байна.
Хэн юу хэлэв...
БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд
Манай улсын иргэд БНХАУ-д зорчихдоо анхаарал болгоомжгүй байдлаас болж гадаад паспорт, мөнгө зэрэг зүйлсээ гээгдүүлэх, олон нийтийн унаанд мартаж буух тохиолдлууд гарч байна.
Гадаад паспортаа гээгдүүлснээр зочид буудалд захиалга хийх боломжгүй болох, нислэгээ цуцлах зэрэг хүндрэлтэй асуудлууд үүсдэг. Энэ тохиолдолд холбогдох дүүргийн Цагдаагийн газарт бүртгүүлж бичиг баримтаа гээгдүүлсэн тухай бичиг авч, БНХАУ-ын НАХЯ-ны Хилээр орох, гарах газраас тус улсын хилээр гарах зөвшөөрөл хүсэж 5-7 хоног хүлээх зэргээр цаг хугацаа алдаж, санхүүгийн хохирол амсдаг.
Элчин сайдын яамны зүгээс паспорт гээгдүүлсэн иргэдэд буцах үнэмлэх олгох, тухайн иргэнд Хятад улсын хилээр гарах зөвшөөрөл гаргуулах зэргээр иргэний асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэн ажилладаг.
Иймд БНХАУ-аар зорчих Монгол Улсын иргэн Та хувийн хариуцлагаа нэмэгдүүлж, сонор сэрэмжтэй байж, гадаад паспорт болон мөнгө, эд зүйлсээ биеэсээ салгахгүй, анхааралтай аялахыг Элчин сайдын яамны зүгээс анхааруулж байна.
Иргэн Та БНХАУ-д зорчих үедээ бичиг баримтаа гээгдүүлсэн тохиолдолд Элчин сайдын яамны шуурхай утас болон цахим хуудсаар холбогдоно уу.
ЭСЯ-ны шуурхай утас: +8617600787323, +86(10)65321203,
Цахим хаяг: beijing@mfa.gov.mn, beijing.consul@mfa.gov.mn
