Хэн юу хэлэв...
Д.Сумъяабазар: Өглөөний жишиг гудамжийг дүүрэг бүрд үе шаттай байгуулна
Нийслэл Улаанбаатар хотод, тодруулбал Жуулчны гудамж буюу Гутлын 22-т “Өглөөний Улаанбаатар” жишиг гудамж байгуулагдаж, өнөөдрөөс иргэдэд үйлчилж эхэллээ. Тус гудамжийг иргэдийн идэвхтэй амьдралыг бий болгох, ажил хэрэгч хүмүүсийн өглөө цуглах газрын нэг болгох зорилготойгоор “Эртэч Монгол” хөтөлбөрөөс улбаалан НЗДТГ-аас байгуулж байгаа юм. “Өглөөний Улаанбаатар” гудамжинд ном, цэцгийн худалдаа, ресторан, кофе шоп, үсчин зэрэг 12 аж ахуйн нэгж өдөр бүр үйл ажиллагаагаа явуулж, өөрсдийн гэсэн онцлогтой цэсээр иргэдэд үйлчилнэ. Мөн долоо хоногийн гурван өдөр 06:00-09:00 цагийн хооронд олон нийтэд зориулсан үзэсгэлэн, худалдаа, сургалт, бизнес уулзалтууд зэрэг хөтөлбөрт арга хэмжээг зохион байгуулах юм. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазартай энэ талаар ярилцлаа.
-Өглөөний жишиг гудамж өнөөдрөөс иргэдэд үйлчилж эхэллээ. Энэ гудамжийг яагаад байгуулах болсон бэ?
-Улаанбаатар хотын өглөөний нөхцөл байдлыг олон улсын хотуудын жишигт хүрээсэй гэж бодож энэ ажлыг эхлүүлсэн. Иргэд үүнд ам сайтай байна. Цаашид ийм гудамж, газруудыг дүүрэг бүрд үе шаттай байгуулна. Дэлхийн олон хотод ийм үйлчилгээний газрууд байдаг. Улаанбаатар хотын нүүр царай болсон газар байгаасай гэж бодож, “Өглөөний Улаанбаатар” гудамжийг байгуулсан. Ковидын нөхцөл байдал, хил гааль дээр ачаа бараа саатсанаас шалтгаалж ажил удааширсан тал бий. Иргэд хүлээлттэй, найрсаг хандаж байгаад Хотын даргын хувьд баяртай байна. Өнөөдөр гэрэл зураг, уран зургийн үзэсгэлэн, гар урлалын бүтээлүүд дэлгэгдсэн. Энэ мэтчилэн хувийн хэвшлээ дэмжиж ажиллана. Цаашид гаднын жуулчид ирэх үеэр үйлчилгээ үзүүлж, гар урлал, үндэсний онцлогийг харуулсан бүтээлүүдийг Монголд зочилж байгаа жуулчдад зарж, борлуулна. Хот бол бизнес гээд байгаагийн учир энэ. Жижиг, дунд үйлдвэрлэлээ дэмжих чиглэлээр ажиллана. Тэрнээс Хотын дарга бизнес хийх гээд байгаа юм биш. 150 мянган аж ахуйн нэгж, 1.5 сая иргэн бүгд орлоготой болж, орлогоо нэмэгдүүлэх хэрэгтэй. Энэ суурийг л бий болгох гээд байгаа юм.

-Хотын төвийн зургаан дүүргийн удирдлагад өглөөний жишиг гудамж байгуулах үүрэг, чиглэл өгсөн гэсэн?
-Өглөөний гудамжийг Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ж.Сандагсүрэн хариуцаж байгаа. Цаашид Жамъян гүний гудамж, Амарын гудамж зэрэг гурван байршилд ийм гудамж байгуулахаар төлөвлөж байна. Хүмүүсийн хэлээд байгаа шиг нэг байршилд 1.8 тэрбум төгрөг зарцуулаагүй. Энэ бол худал мэдээлэл. Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд тохижилтод 300 сая орчим төгрөг зарцуулсан. Гүйцэтгэлээрээ тайлан, тооцоо нь гараад ирнэ. Зургаан дүүрэгт өөр өөрийн онцлогт тохирсон, эртэч “Өглөөний Улаанбаатар” гудамжийг нээх чиглэл өгч, судалгаа хийж байгаа. Хамгийн боломжтой байршил хаана байх вэ гэдгийг дүүргийн удирдлагууд судалж, төлөвлөгөө гаргаж танилцуулна.
-Энэ гудамж иргэдийг эртэч болгоход тодорхой хэмжээгээр хувь нэмрээ оруулах болов уу?
-Өглөө эрт ажил амжуулах гэхээр Улаанбаатар хотод онгорхой газар байдаггүй. Улаанбаатарчууд эртэч байх хэрэгтэй. Үйлчилгээний газрууд нь эрт нээгддэг, иргэд өглөөний цайгаа уунгаа ажлаа амжуулдаг нөхцөлийг бүрдүүлж өгөх ёстой. Дэлхийн хотуудын жишиг ч ийм байдаг. Энэ жишигт хүргэхийн тулд өглөөний гудамжийг үе шаттай бий болгоно.

-Хотын стандарт байхгүй болсон талаар иргэд шүүмжилдэг шүү дээ. Энэ чиглэлд ямар ажлууд хийхээр төлөвлөж байна вэ?
-Хот нэг стандарттай байх ёстой. Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль батлагдсан. Энэ хуульд Улаанбаатар хот өөрийн дүрэмтэй, стандарттай байна гэж заасан. Тиймээс хотын ойлгомжгүй, тодорхойгүй байдлуудыг стандартаар нь, дүрмээр нь зохицуулж, хотынхоо тулгамдсан асуудлыг шийднэ. Улаанбаатар хотын санхүү, эдийн засгийн нөхцөл байдал эрс сайжрах, эрх зүйн чадамж нэмэгдэх, ажлын байр, хөдөлмөрийн нөхцөлүүдийг сайжруулах сууриа энэ хуулиар тавьсан. Үйлчилгээ үзүүлж, үүнээсээ ашиг, орлогоо олдог хот байгаасай гэж хүсэж байна. Ийм хот байхын төлөө хуулийг оруулж, дутаж, үгүйлэгдэж байгаа зүйлүүдийг нөхөх, олон улсын жишигт хүрсэн хот байх суурийг тавилаа. Цаашдаа Улаанбаатар хот өргөжин тэлж, хотын өнгө үзэмж сайжирна. Түгжрэлийн асуудлыг шийдвэрлэх, нийтийн тээврийг сайжруулах, гэр хорооллын төлөвлөлтийг дэмжих бодлогыг хүчтэй явуулахаар бэлдэж байгаа. Хот эдийн засгаа сайжруулж, хуримтлал бий болгоод эхэлбэл тулгамдаж байгаа асуудлаа шийдэх боломжтой. Ер нь санхүү, эдийн засгийн эх үүсвэр дээр очоод ажил гацдаг. Үүнээс болж мөнгөндөө тааруулж ажил хийдэг, тэр нь чанар, стандартын шаардлага хангадаггүй, иргэдийн шүүмжлэл хүртдэг. Үүнийг засах ёстой.
-Залуучуудын хөдөлмөр эрхлэлт, тэднийг дэмжих чиглэлээр олон ажил хийхээр төлөвлөсний нэг нь өнөөдрийн энэ гудамж болов уу гэж харж байна. Цаашид залуучуудад чиглэсэн ямар бодлого баримталж ажиллах вэ?
-Манай Улаанбаатар бол залуусын хот. Тиймээс бид ажил хийж байгаа, хөдөлмөр эрхэлж байгаа залуусаа дэмжинэ. Залуучууд зөв, хөдөлмөрч, боловсролтой, хотоо гэсэн элэгтэй байвал хотын өнгө үзэмж сайжирч, хот маань өргөжин тэлнэ. Тиймээс хотынхоо залуучуудыг хөдөлмөр эрхлэлт, өөрийн сонирхлоор нь дэмжих тийм нөхцөлийг бодитоор бий болгож өгөх ёстой. Хотын даргын хувьд залууст үргэлж нээлттэй ажиллана. Улаанбаатар хотод аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаагаа улам тэлж, ажлын байр бий болгож, орлогоо нэмэгдүүлэх ёстой. Хотын иргэд мөнгөтэй, орлоготой, баян болох хэрэгтэй. Үүнийг бий болгохын тулд бидний зүгээс гол зохицуулалтыг хийж өгөх ёстой. Боломжийг нээж өгч, нөхцөлөөр нь хангаж өгөхийн төлөө Хотын дарга ажиллана. Хөдөлмөрч залуус олноор бий болоосой гэж хүсэж байна. Өөрсдийн сонирхож байгаа зүйлээ хийж, түүгээрээ орлого олдог залуусын хотыг бий болгохын төлөө бид хүч, оюунаа дайчлан ажиллана. Нийгэм хэдий бухимдалтай байгаа хэдий ч залуучууд маань ухамсартай, хүлээцтэй, аливаа болохгүй, бүтэхгүйг зөв шүүмжилдэг болсон. Эрүүл шүүмжлэлийг ямар ч удирдлага хүлээж авах ёстой. Болохгүй, бүтэхгүй байгаа зүйл хотод олон бий. Нэг өдөр, нэг сарын дотор бүгдийг засах боломжгүй. Заавал тодорхой хугацаа, хүн хүчний бодлого, хөрөнгө санхүү шаардлагатай. Бид тэдгээрийг үе шаттай засаж, янзалж, сайжруулж явах төлөвлөгөөтэй ажиллаж, тэр ч дагуу үүрэг, чиглэл өгч байгаа. Хот тэр тусмаа хэрэгжилтэд онцгой анхаарч ажиллана.

Хэн юу хэлэв...
БНХАУ-ын Элчин сайд Шэнь Миньжуань харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэхийг уриалав
Монгол дахь БНХАУ-ын Элчин сайд Шэнь Миньжуань өөрийн албан X (хуучнаар Twitter) цахим хуудсандаа Монгол, Хятадын хамтын ажиллагааны талаар байр сууриа илэрхийлжээ.
Тэрбэр, " Монголчуудын дунд “айл хүний амь нэг, саахалт айлын санаа нэг” гэж зүйр үг байдаг бол, Хятадын тал “элэгсэг дотно, үнэнч шударга, үр ашигтай, хүртээмжтэй” үзэл баримтлалыг баримталж, хувь заяаны хамтын нийгэмлэгийг цогцлоохыг зорьдог бөгөөд үндсэн агуулгаараа нийцдэг билээ. Энэхүү хэлэлцээр нь давуу талуудаа нөхөлцөж, харилцан ашигтай хамтын ажиллагаанд хүрэхэд чиглэсэн бөгөөд талуудын чин шударга хамтын ажиллагааны илэрхийлэл буюу нэг нь хожиж нөгөө нь хохирох тухай агуулаагүй болно. Хятад улс саяхан XV дахь таван жилийн төлөвлөгөөгөө баталж, гадаад улс оронд нээлттэй байх бодлогоо улам гүнзгийрүүлж, хөрш орнуудтай аж үйлдвэрийн хамтын ажиллагаа, гадаад худалдаа болон уялдаа холбоогоо улам нягтруулахаар зорьж байна.
Монголын хувьд Хятад хэмээх том зах зээл хаяа залган оршиж байна. Энэ оны эхний улиралд Монголын экспорт 60 хувиар өссөн нь Хятад руу чиглэсэн экспорт голлон нэмэгдсэнтэй холбоотой. Харилцан итгэлцлээ улам бэхжүүлж, хамтын ажиллагааны “бялууг” улам томруулж, хамтын хөгжлийг илүү хурднаар, илүү үр дүнтэйгээр бүтээцгээе." гэжээ.
Хэн юу хэлэв...
Санхүүгийн зах зээлүүд Ираны дайны нөлөө буурч эхэлсэнд итгэж эхлэв
Сүүлийн 24 цагийн байдлаар дэлхийн санхүүгийн зах зээлүүд Ирантай холбоотой мөргөлдөөний нөлөө буурч эхэлсэнд итгэх хандлага ажиглагдаж байна. Олон улсын хөрөнгө оруулагчид зах зээлийн гол үзүүлэлтүүдийг ажиглахад дайны эхэн үеийн огцом савлагаа намжиж, ихэнх активууд өмнөх түвшиндээ дөхөж очсон нь анхаарал татаж байна.
Тухайлбал, дэлхийн томоохон индексүүд сэргэлт үзүүлж, зарим нь бараг дайны өмнөх түвшинд хүрээд байгаа бол хөрөнгө оруулагчид АНУ болон хөгжиж буй зах зээлүүдэд дахин анхаарал хандуулж эхэлжээ.
АНУ-ын хөрөнгийн зах зээл ч эерэг дохио үзүүлж, S&P 500 индекс түүхэн дээд түвшинд хүрч, өмнөх алдагдлаа нөхсөн байна. Зах зээл ийнхүү тайвширч эхэлсэн нь Ираны мөргөлдөөн намжих магадлал нэмэгдэж, дипломат яриа хэлэлцээ дахин эхэлж болзошгүй гэсэн хүлээлттэй холбоотой гэж шинжээчид үзэж байна.
Гэсэн ч эрчим хүчний зах зээлд болгоомжлол хэвээр байна. Газрын тос, байгалийн хийн үнэ өндөр түвшинд хадгалагдаж байгаа бөгөөд Ормузын хоолойн нөхцөл байдал бүрэн тогтворжоогүй хэвээр байгаа нь эрсдэлийг хадгалж буйг анхааруулж байна.
Мөн хүүгийн түвшин, инфляцын дарамт бүрэн буураагүй, бондын зах зээлд тодорхойгүй байдал үргэлжилж байгаа нь хөрөнгө оруулагчдыг болгоомжтой хэвээр байлгаж байна.
Хэн юу хэлэв...
БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд
Манай улсын иргэд БНХАУ-д зорчихдоо анхаарал болгоомжгүй байдлаас болж гадаад паспорт, мөнгө зэрэг зүйлсээ гээгдүүлэх, олон нийтийн унаанд мартаж буух тохиолдлууд гарч байна.
Гадаад паспортаа гээгдүүлснээр зочид буудалд захиалга хийх боломжгүй болох, нислэгээ цуцлах зэрэг хүндрэлтэй асуудлууд үүсдэг. Энэ тохиолдолд холбогдох дүүргийн Цагдаагийн газарт бүртгүүлж бичиг баримтаа гээгдүүлсэн тухай бичиг авч, БНХАУ-ын НАХЯ-ны Хилээр орох, гарах газраас тус улсын хилээр гарах зөвшөөрөл хүсэж 5-7 хоног хүлээх зэргээр цаг хугацаа алдаж, санхүүгийн хохирол амсдаг.
Элчин сайдын яамны зүгээс паспорт гээгдүүлсэн иргэдэд буцах үнэмлэх олгох, тухайн иргэнд Хятад улсын хилээр гарах зөвшөөрөл гаргуулах зэргээр иргэний асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэн ажилладаг.
Иймд БНХАУ-аар зорчих Монгол Улсын иргэн Та хувийн хариуцлагаа нэмэгдүүлж, сонор сэрэмжтэй байж, гадаад паспорт болон мөнгө, эд зүйлсээ биеэсээ салгахгүй, анхааралтай аялахыг Элчин сайдын яамны зүгээс анхааруулж байна.
Иргэн Та БНХАУ-д зорчих үедээ бичиг баримтаа гээгдүүлсэн тохиолдолд Элчин сайдын яамны шуурхай утас болон цахим хуудсаар холбогдоно уу.
ЭСЯ-ны шуурхай утас: +8617600787323, +86(10)65321203,
Цахим хаяг: beijing@mfa.gov.mn, beijing.consul@mfa.gov.mn
-
Дэлхий нийтээр..2019/12/23
Автозамын постуудад 54 албан хаагч ажиллаж байна
-
Үйл явдал2020/07/23
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд малтай баялаг төгс болно
-
Дэлхий нийтээр..2023/07/17
Физикийн олон улсын 53 дугаар олимпиадаас Монгол Улсын баг нэг мөнгө, хоёр хүрэл...
-
Үйл явдал2023/08/08
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал идээ ундаа элбэг олдоно
