Хэн юу хэлэв...
Б.Бат-Оргил: Энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэхийн тулд гадаад хэл, буудлага, жолоодлогын ур чадвар эзэмшсэн байх ёстой
ЦЕГ-ын Гадаад харилцаа хамтын ажиллагааны хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Б.Бат-Оргилтой ярилцлаа.
-Манай улс энхийг дэмжих ажиллагаанд оролцож эхлээд багагүй хугацаа өнгөрсөн. Цагдаагийн байгууллага анх хэдэн оноос эхэлж энэхүү ажиллагаанд оролцож эхэлсэн бэ?
-Монгол Улсын цагдаагийн байгууллагаас НҮБ-ын Энхийг дэмжих цэргийн ажиллагаанд 2006 оноос Сьерра Леоне, Ирак, Чад, Афганистан, 2012 оноос Бүгд Найрамдах Өмнөд Судан Улс дахь НҮБ-ын Энхийг дэмжих ажиллагааны 9 удаагийн ээлжид Монгол Улсын Зэвсэгт хүчний мотобуудлагын батальоны бүрэлдэхүүнд цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас нийт 400 гаруй алба хаагч Зэвсэгт хүчний цэргийн багт үүрэг гүйцэтгэсэн.
Монгол Улсын Цагдаагийн байгууллага НҮБ-ын Энхийг дэмжих ажиллагааны Цагдаагийн албанд ажиллах эрх авахаар НҮБ-ын Цагдаагийн албаны Сонгон шалгаруулалтын багийг 2016 оны 04 дүгээр сар, 2018 оны 10 дугаар саруудад тус тус хүлээн авч, нийт 120 гаруй цагдаагийн алба хаагчийг хамруулснаас 35 нь шалгалтад тэнцэж, энхийг дэмжих ажиллагаанд оролцох эрхээ авсан. НҮБ-ын Энхийг дэмжих ажиллагааны газрын Цагдаагийн албанаас 2016 оны 07 дугаар сард анхны алба хаагчдыг Африк тивийн Бүгд Найрамдах Өмнөд Судан Улс/БНӨСУ/ болон Бүгд Найрамдах Судан Улс/БНСудУ/-уудад тус тус Бие даасан цагдаагийн ажилтнаар томилж байснаас хойш нийт 20 алба хаагч Африкийн БНӨСУ/UNMISS/, БНСудУ/UNAMID/ болон тус хоёр улсын Дундын бүс/Абей/ дэх НҮБ-ын Энхийг дэмжих ажиллагаа /UNISFA/-нд тус тус хүлээсэн үүргээ амжилттай гүйцэтгээд байна.
-Энэ жил цагдаагийн хэдэн алба хаагч энхийг дэмжих ажиллагаанд явж байгаа вэ?
-Шалгалтад тэнцэж, эрхээ авсан алба хаагчдаас үлдсэн долоог нь НҮБ-ын Бүгд Найрамдах Өмнөд Судан Улс дахь Энхийг дэмжих ажиллагаа/UNMISS/-нд оролцуулахаар /2021.07.26/-ний өдөр Цагдаагийн ерөнхий газраас үдэн гаргаж, хүндэтгэл үзүүлсэн. Урьд урьдын үүрэг гүйцэтгэсэн алба хаагчид маань үүргээ амжилттай гүйцэтгэж, тус ажиллагаан дахь манай улсын Цагдаагийн байгууллагын орон тоог нэмэгдүүлж чадсанаар энэ удаад өргөн бүрэлдэхүүнтэйгээр энхийг сахиулах нэр хүндтэй үйлсэд хувь нэмрээ оруулах боломж олдож байна.
-Энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэхийг хүсдэг олон алба хаагч бий. Тэдгээр алба хаагчдад ямар шалгуур болзол тавьж сонгодог талаар мэдээлэл өгнө үү?
-НҮБ-ын Энхийн ажиллагааны газрын Цагдаагийн албаны Сонгон шалгаруулалт, үнэлгээний баг ирж, Энхийг дэмжих цагдаагийн ажиллагаанд оролцох алба хаагчдаас НҮБ-аас тогтоосон стандартын дагуу Англи, Франц хэлний 4 чадвар, гар буу эмзэмших, ашиглах чадвар, 4х4 автомашинаар жолоодлого хийх чадварыг тус тус үнэлэх замаар сонгон шалгаруулалт явуулдаг. Нийт шалгалтыг 100% гэж үзвэл, Хэлний шалгалт 80%, буудлага 10%, жолоодлого 10%-ийн харьцаатай байдаг. Эдгээр чадварыг эзэмшсэн цагдаагийн байгууллагын аль ч албан тушаалын офицер, ахлагч нарт НҮБ-ын энхийг дэмжих цагдаагийн ажиллагаанд Бие даасан цагдаагийн ажилтнаар оролцох үүд хаалга нээлттэй байгаа юм.
-Ажиллагаанд явсан алба хаагчидтай Цагдаагийн ерөнхий газраас хэрхэн эргэх холбоотой ажилладаг вэ?
-Ажиллагааны хугацаанд үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчдын цол, албан тушаал, ажлын туршлагыг харгалзан багийн ахлагч, орлогчоор ажиллуулдаг. Багийг ахалж буй алба хаагч ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй нийт алба хаагчдын ажлын тайланг сар бүр авч, нэгтгэн, улирал тутам Цагдаагийн ерөнхий газрын удирдлагад ажлын тайлангаа танилцуулдаг. НҮБ-ын Энхийг дэмжих цагдаагийн ажиллагааны томилгоо, бэлтгэл ажил, үүрэг гүйцэтгэлт, хугацаа сунгалт, хугацаа дуусгавар болохтой холбоотой бүхий л үйл ажиллагааг Цагдаагийн ерөнхий газрын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтэс хариуцан явуулж, холбогдох албадад уламжилдаг.
-Ажиллагааны газар, оронд манай цагдаагийн алба хаагчид ямар үүрэг гүйцэтгэдэг вэ?
-НҮБ-ын Цагдаагийн албаны үндсэн үүрэг нь гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, нийтийн хэв журмыг сахиулах, ажиллагааны газар орны цагдаагийн байгууллагатай хамтран ажиллаж, тэдний алба хаагчдыг сургаж, дадлагажуулах, НҮБ-ын бие бүрэлдэхүүн, өмч хөрөнгийг хамгаалах болон бусад цагдаагийн нийтлэг үүргийг хэрэгжүүлэх юм. Одоогоор дэлхий дээр 12 энхийг дэмжих ажиллагаа явагдаж байгаа бөгөөд НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс олгосон мандатын дагуу ажиллагаа бүрд цагдаагийн албаны гүйцэтгэх үүрэг өөр өөр байдаг. Жишээ нь манай алба хаагчдын томилогдож буй БНӨСУ-дахь энхийг дэмжих ажиллагаанд бол цагдаагийн алба хаагчид эхэлж очоод Дотоодын дүрвэгсдийн хуаранд 3 сарын хугацаагаар ажиллаж, ажилдаа туршлагажсаны дараагаар дараагийн албан тушаалд дэвшин ажиллах эрх нь нээгдэж, зарлагдсан ажлын байруудад шалгалт өгдөг. Тус ажиллагаан дахь цагдаагийн албаны бүтэц нь манай цагдаагийн байгууллагын бүтцийн нэгэн адил урьдчилан сэргийлэх, олон нийттэй харилцах, санхүү, төлөвлөлт, хүний нөөц, дотоод хяналт шалгалт, сургалтын зэрэг хэлтэс, нэгжүүдтэй байдаг. Тийм учраас алба хаагч ямар ч ажлын дадлага, туршлагатай байсан тэнд очоод тэр ажлын байрандаа дэвшин ажиллах боломжтой гэсэн үг.
-Энхийг дэмжих ажиллагаанд алба хаагчид маань оролцсоноороо ямар ач холбогдолтой вэ?
-Цагдаагийн ажил өөрөө иргэдийн амь нас, аюулгүй байдал, өмч хөрөнгө, эрх ашгийг хамгаалахад чиглэсэн байдаг тул энэ ажлыг дэлхийн хэмжээнд бусад улс орны цагдаа, цэргийн алба хаагчдын хамтаар хийнэ гэдэг нь их том ач холбогдол гэж бодож байна. Нөгөөтээгүүр НҮБ-ын энхийг дэмжих ажиллагаанд алба хаагчдыг оролцуулснаар Монгол цагдаагийн мэргэжлийн мэдлэг, ур чадвар, арга туршлага, танин мэдэхүй, гадаад хэлний мэдлэгийн чадвар дээшлэхээс гадна олон улсын ажиллагаанд оролцох мэдлэг чадварыг хуримтлуулдаг гээд тоочоод байвал их зүйл бий. Аливаа байгууллагын амжилтын үндэс нь мэдлэг, чадвар, туршлагатай боловсон хүчин байдаг. Тийм учраас Цагдаагийн байгууллага энэ чиглэлээр явуулах үйл ажиллагаагаа илүү өргөжүүлж, мэдлэг чадвар, хүсэл эрмэлзэлтэй хүний нөөцийг бүрдүүлж чадвал биднийг магадгүй үүнээс ч илүү үр дүн хүлээж байхыг үгүйсгэхгүй.
-Энхийг дэмжих ажиллагаанд эмэгтэй алба хаагч хэзээнээс оролцож эхэлсэн бэ?
-НҮБ-ын Энхийг дэмжих цагдаагийн ажиллагаанд анх оролцож эхэлсэн цагаас буюу 2016 оноос эмэгтэй алба хаагчид үүрэг гүйцэтгэж эхэлсэн. Энэхүү 5 жилийн хугацаанд үүрэг гүйцэтгэсэн 27 алба хаагчийн 8 нь эмэгтэй алба хаагч байгаа нь НҮБ-аас энхийг дэмжих ажиллагаанд оролцож буй цэрэг, цагдаагийн алба хаагчдын жендерийн тэгш байдлыг хангах бодлогын стандарт хувийн үзүүлэлтийг давуулан биелүүлсэн гэхэд болно. НҮБ-ын Цагдаагийн албаны зүгээс энхийг дэмжих ажиллагаанд хохирч буй хүүхэд, эмэгтэйчүүд, эмзэг бүлгийн иргэдийн эрх ашгийг хамгаалах ажилд цагдаагийн эмэгтэй алба хаагчдыг түлхүү оролцуулах бодлого баримталж, 2028 он гэхэд нийт ажиллагаанд оролцож буй эмэгтэй алба хаагчдын тоог 30% хүргэх зорилт тавьсан. Тиймээс манай эмэгтэй алба хаагчдын хувьд боломж нэмэгдэж байгаа юм.
-Цаашид энхийг дэмжих ажиллагааны чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл хүргэнэ үү?
-НҮБ-ын Цагдаагийн алба нь Цагдаагийн зөвлөх (Individual Police Officer), Цагдаагийн баг (Formed Police Unit), Мэргэжлийн баг (Specialized police team) үндсэн 3 чиглэлээр үүрэг гүйцэтгэдэг. Манай улсын цагдаагийн байгууллага 2016 оноос Цагдаагийн зөвлөх(Individual Police Officer)-өөр 27 алба хаагчийг томилон ажиллуулсан бөгөөд энхийг дэмжих ажиллагаанд оролцох дараагийн алба хаагчдыг НҮБ-ын Цагдаагийн албаны Сонгон шалгаруулалт, үнэлгээний багийн шалгалтад холбогдох стандартын дагуу бэлтгэж, тус багийг 3 дахь удаагаа Монгол Улсын Цагдаагийн байгууллагад урьж ирүүлэн шалгалтыг зохион байгуулахаар төлөвлөж байна. Мөн түүнчлэн 160 хүнтэй бие даасан Цагдаагийн баг(Formed Police Unit)-ийг НҮБ-ын энхийг дэмжих ажиллагаанд оролцуулах нөхцөл боломжийг судлан, холбогдох эрх бүхий байгууллагад хүсэлтийг хүргүүлэн ажиллаж байна.
-Ярилцсанд баярлалаа.
Хэн юу хэлэв...
Г.Дамдинням: Үүргээ биелүүлэхгүй байгаа шатахуун импортлогчдын тусгай зөвшөөрлийг цуцална
Хэн юу хэлэв...
COP17-ийн үеэр зарим замаар аюултай ачаа тээвэрлэлтийг хязгаарлана
Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал буюу COP17 арга хэмжээ энэ сарын 17-28-ны өдрүүдэд болно. Энэ үеэр аюултай ачаа тээвэрлэлтийн талаар Ачаа тээврийн төлөвлөлт, логистик хариуцсан, ахлах мэргэжилтэн Ц.Бямбасүрэн мэдээлэл өглөө.
Уг арга хэмжээ Улаанбаатар хотод зохион байгуулагдах гэж байгаатай холбоотой Нийслэлийн Засаг даргын А/1067 дугаар захирамжаар бэлтгэл ажлын төлөвлөгөөг баталсан. Энэхүү төлөвлөгөөнд хэд хэдэн байршил зорчих хөдөлгөөнийг хязгаарласан.
Үүнд:
Нарны зам Өгөөмөр захын зүүн урд уулзвараас Нарантуул ОУХТөвийн баруун урд уулзвар, Нарантуул ОУХТөвийн баруун урд уулзвараас Дүнжингарав худалдааны төвийн баруун урд уулзвар, Дүнжингаравын гудамж Дүнжингарав худалдааны төвийн баруун урд уулзвараас Зүүн жанжингийн уулзвар хүртэлх авто замын зорчих хэсгийн хөдөлгөөнийг 07:00–21:00 цаг хүртэл хязгаарлана.
Уулзалтад оролцож байгаа зочид төлөөлөгчдийн аюулгүй байдлыг хангах үүднээс хүний амь нас, эргүүл мэндэд хор хохирол учруулж болзошгүй аюултай ачаа тээвэрлэж байгаа тээврийн хэрэгслийг наймдугаар сарын 15-ны өдрөөс хориглосон замуудаар 24 цагаар хөдөлгөөнд оролцуулахгүй тул бусад зам талбайг сонгон зорчихыг зөвлөж байна.
COP17 олон улсын хуралд оролцогсдын аюулгүй байдлыг хангах үүднээс аюултай ачаа тээвэрлэгч 19 аж ахуйн нэгжид мэдээлэл хүргүүлж хамтран ажиллаж байна.
Хэн юу хэлэв...
Багахангай–Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн төмөр замд есдүгээр сард туршилтын галт тэрэг явуулна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал өнөөдөр стратегийн ач холбогдолтой Багахангай–Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн 127.1 км төмөр замын бүтээн байгуулалтын явцтай танилцаж, холбогдох албаныханд үүрэг даалгавар өглөө.
Өнөөдрийн байдлаар төслийн эхний 87.2 км-ийн үндсэн бүтээн байгуулалт дууссан бөгөөд Шувуун фабрик, Туул гол, Эмээлтийн чиглэлд далан, гүүр, хоолой болон төмөр замын дээд бүтцийн ажил үргэлжилж байна.
Төслийн хүрээнд Туул гол дээгүүр 476 метр урт төмөр замын гүүр барьж байгаа нь Монголын хамгийн урт төмөр замын гүүр болох аж. Бүтээн байгуулалтад үндэсний 95 аж ахуйн нэгж, 4000 гаруй монгол инженер, техникийн ажилтан, ажилчин оролцож байгаа бөгөөд төмөр зам ашиглалтад орсны дараа 1000 орчим байнгын ажлын байр шинээр бий болно гэж тооцжээ.
Шинэ төмөр замыг Богд уулын урдуур чиглүүлж, нийслэлийн төвөөр нэвтрэх шаардлагатай шатахуун, тэсэрч дэлбэрэх болон химийн аюултай ачаа, мөн станцуудын нүүрсийг хотоос гадуур тээвэрлэхээр төлөвлөсөн байна.
Төслийн эхний шатанд жилд 3.5 сая тонн, цаашид 20 сая тонн хүртэлх ачааг Улаанбаатар хотын төвөөр нэвтрүүлэхгүй тээвэрлэх боломж бүрдэх аж. Ингэснээр өдөрт 316-1800 том оврын автомашиныг нийслэлийн замын хөдөлгөөнөөс гаргах тооцоо гарчээ.
Мөн төмөр замын гармуудаар галт тэрэг нэвтрүүлэхийн тулд авто замын хөдөлгөөнийг хоногт дунджаар хоёр цаг хаадаг хугацааг 90 хүртэл хувиар бууруулах боломжтой гэж үзэж байна. Үүний зэрэгцээ хүнд даацын тээврийн хэрэгслийн хөдөлгөөн багассанаар нийслэлийн замын ачаалал, агаар орчны бохирдлыг бууруулахад тодорхой нөлөө үзүүлэхээр тооцжээ.
Ерөнхий сайд Н.Учрал шинэ төмөр замыг зөвхөн тээврийн дэд бүтэц бус, нийслэлийн аюултай ачаа тээврийг хотын төвөөс гаргах чухал шийдэл гэж онцлов. Тэрбээр 2024 онд газ тээвэрлэж явсан автомашин дэлбэрсэн ослыг дурдан, цаашид шатахуун, тэсэрч дэлбэрэх болон химийн аюултай ачааг энэхүү төмөр замаар нийслэлийн гадуур тээвэрлэх боломж бүрдэнэ гэдгийг тэмдэглэжээ.
Төслийн нийт хөрөнгө оруулалт 1.2 их наяд төгрөг бөгөөд урт хугацаанд 294.8 тэрбум төгрөгийн татвар төвлөрүүлж, 1.3 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллана гэсэн тооцоо гарсан байна.
Шинэ төмөр зам ашиглалтад орсноор Хөшигийн хөндий зөвхөн нисэх буудлын бүс бус, Монгол Улсын тээвэр, логистикийн шинэ зангилаа болон хөгжих нөхцөл бүрдэхээр байна. Мөн Зуунмод, Хүннү хот зэрэг дагуул хотын хөгжлийг дэмжиж, Улаанбаатар хотын хүн амын төвлөрлийг сааруулах суурь дэд бүтцийн нэг болно гэж Засгийн газар үзэж байгаа юм.
Төслийн цаашдын санхүүжилтийг шийдвэрлэх хүрээнд Олон улсын санхүүгийн корпорац болон Монгол Улсын Хөгжлийн банктай хамтран ажиллахаар төлөвлөжээ.
Ерөнхий сайд төмөр замын бүтээн байгуулалтыг товлосон хугацаанд дуусгах хүрээнд төмөр замын зурваст давхцаж буй газар, цахилгаан дамжуулах болон түгээх шугам, дэд станцыг нүүлгэн шилжүүлэх ажлыг шуурхай зохион байгуулах үүрэг өгсөн байна.
Мөн бүтээн байгуулалтын ажлыг чанарын шаардлагад нийцүүлэн гүйцэтгэж, 2026 оны есдүгээр сард туршилтын галт тэрэгний хөдөлгөөн эхлүүлэх, Хөшигийн хөндийд тээвэр, логистикийн төв байгуулах ажлыг эрчимжүүлэхийг холбогдох албаныханд даалгалаа.
