Дэлхий нийтээр..
БСШУСБХ: Хаврын чуулганы хугацаанд эрхлэх асуудлын хүрээний 16 хуулийн төслийг хэлэлцүүлж батлуулжээ
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Байнгын хороо 8 удаа хуралдаж, давхардсан тоогоор 56 асуудлыг хэлэлцэж шийдвэрлүүлэв.
Тайлант хугацаанд Улсын Их Хурлын даргын захирамжаар болон Байнгын хорооны тогтоолоор хуулийн төсөл болон Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх, хуулийн хэрэгжилтэд хяналт тавих үүрэг бүхий 4 ажлын хэсэг байгуулж ажиллууллаа. Ажлын хэсгүүд 15, ажлын дэд хэсэг 16 удаа хуралдаж, ажлын хэсгийн танилцуулга 3-ыг бэлтгэн Байнгын хорооны хуралдаанд танилцуулсан. Мөн Байнгын хорооны тогтоолын төсөл 4-ийг хуралдаанаараа хэлэлцэж баталлаа.
Хэлэлцүүлж батлуулсан хууль тогтоомжийн талаар:
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төсөл 43, анхны хэлэлцүүлгийн санал дүгнэлт 4, эцсийн хэлэлцүүлгийн танилцуулга 2, зарчмын зөрүүтэй 129 саналын томьёоллыг бэлтгэж, Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж шийдвэрлүүлэв.
Тайлант хугацаанд Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээний хууль 16, Улсын Их Хурлын тогтоол 5-ыг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж батлуулсан байна. Тухайлбал, Кино урлагийг дэмжих тухай бие даасан хуулийн төслийг хамт өргөн мэдүүлсэн бусад хуулиудад нэмэлт оруулах тухай төслүүд болон Кино урлагийг дэмжих тухай хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан “Хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлж батлуулав. Ингэснээр төрөөс кино урлагийг дэмжихэд чиглэсэн эрх зүйн шинэ зохицуулалтыг бүрдүүллээ.
Мөн Соёлын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хамт өргөн мэдүүлсэн бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төслүүдийн болон Соёлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй холбогдуулан боловсруулсан “Хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хамтад нь батлуулж, соёлын салбарын эрх зүйн шинэ зохицуулалтыг бий болгов.

Түүнчлэн боловсролын салбарын эрх зүйн зохицуулалтыг шинэчлэхэд чиглэсэн Боловсролын ерөнхий хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд; Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл; Дээд боловсролын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл; Судалгааны их сургуулийн эрх зүйн байдлын тухай болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг Байнгын хороо, нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлсэн бөгөөд одоо хэлэлцүүлгийн шатанд байгаа болно.
Ээлжит чуулганы хугацаанд Монгол Улсын 2020 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлангийн 2 дахь хэлэлцүүлгийг явуулж санал, дүгнэлтээ Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд, Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн 2 дахь хэлэлцүүлгийг явуулж, санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд тус тус хүргүүлэв.
Харьяа байгууллагын тайлан, мэдээллийн талаар:
Хаврын чуулганы хугацаанд Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хамаарах байгууллагуудын үйл ажиллагаа, хуулийн хэрэгжилтийн талаарх мэдээллийг 4 удаа хуралдаанаараа сонсож, холбогдох үүрэг чиглэлийг өгч ажиллалаа.
Үүнд, боловсрол, шинжлэх ухааны салбарт Монгол Улсын 2021 оны улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэх ажлын явц, дэлхий нийтээр тархаад байгаа цар тахлын энэ цаг үед тулгамдаж байгаа асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх Боловсрол, шинжлэх ухааны сайдын мэдээлэл; Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хамаарах 2021 онд төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэх төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааны явцын талаарх Төрийн худалдан авах ажиллагааны газрын даргын мэдээлэл; Биеийн тамир, спортын тухай хуулийн хэрэгжилт, салбарын хөрөнгө оруулалт, санхүүжилт, 2021 онд төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа худалдан авах ажиллагааны явц болон цаашид тус салбарт шаардагдаж байгаа хөрөнгө оруулалтын талаарх Спортын төв хорооны даргын мэдээлэл; соёлын салбарын эрх зүйн орчин, ажилчдын ажиллах нөхцөл байдал, 2021 оны төсвийн жилд төсвийн хөрөнгөөр санхүүжигдэх хөрөнгө оруулалтын ажлын явц, цаашид соёлын салбарт шаардагдаж байгаа хөрөнгө оруулалтын талаар, цар тахлын үед хүүхэд, залуучуудад соёлыг түгээн дэлгэрүүлэх чиглэлийн үйл ажиллагааг хэрхэн явуулж байгаа болон цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх Соёлын сайдын мэдээллийг тус тус сонсож танилцав.

Хяналт, шалгалтын ажлын талаар:
Байнгын хорооны тогтоолоор Биеийн тамир, спортын тухай хуулийн хэрэгжилт, салбарын хөрөнгө оруулалт, санхүүжилтийн талаар шалгаж санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг, 2021 онд төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа худалдан авах ажиллагааны явцыг эрчимжүүлэх болон цаашид тус салбарт шаардагдаж байгаа хөрөнгө оруулалтын талаар санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулан ажиллуулж байна.
Ажлын хэсэг Биеийн тамир, спортын тухай хуулийн хэрэгжилтийн тайланг хэлэлцэж, хуулийн хэрэгжилтэд тулгамдаж байгаа асуудал болон Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр боловсруулж буй Биеийн тамир, спортын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд санал хүргүүлэх, Биеийн тамир, спортын улсын хороо, түүний харьяа нийслэлийн зарим дүүргийн Биеийн тамир, спортын байгууллагын үйл ажиллагаатай танилцаж, салбарын хэмжээнд тулгамдсан асуудлыг шийдвэрлэх цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх шийдвэрийн төсөл боловсруулж, Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэхээр бэлтгэж байна.
Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай 39 дугаар тогтоолын 1.5 дэх дэд заалт “төрийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, дотуур байрны нүхэн жорлонг орчин үеийн стандарт, шаардлагад нийцсэн ариун цэврийн байгууламжаар солих ажлын санхүүжилтийг “Эрдэнэт” ТӨҮГ-аар нийгмийн хариуцлагын хүрээнд шийдвэрлүүлэн 2021-2022 онд багтаан хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах” гэж заасны дагуу хэрэгжилтийг хангах санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдан 6 удаа хуралдаж, нүхэн жорлонг орчин үеийн ариун цэврийн байгууламжаар солих үйлдвэрлэгчидтэй уулзалт хийсэн бөгөөд цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх шийдвэрийн төсөл боловсруулж, Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэхээр бэлтгэж байгаа болно.
Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн хэрэгжилтийг шалгаж санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдаж, тус ажлын хэсгийн хүрээнд Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хууль, Улсын Их Хурлын 2019 оны “Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” 53 дугаар тогтоолын хэрэгжилтийн тайланг сонсож, сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд тулгамдаж байгаа асуудал, нийслэлийн зарим ерөнхий боловсролын болон тусгай хэрэгцээт сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний үйл ажиллагаатай газар дээр нь танилцан, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх шийдвэрийн төсөл боловсруулж, Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүллээ.
Бусад ажлын талаар:
"Хүмүүнлэг боловсрол" сэдэвт нээлттэй хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороод, хуулийн төслийг санаачлагчид, Боловсрол, шинжлэх ухааны яамтай хамтарч нийслэлийн дүүргүүдийн болон орон нутгийн сургуулийн багш, захирлууд, эрдэмтэн судлаачид, иргэдийн төлөөллийг оролцуулан 2021 оны 5 дугаар сарын 26-ны өдөр Төрийн ордонд зохион байгуулав.


Тус нээлттэй хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын болон Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороодын дарга нар, Боловсрол, шинжлэх ухааны яам, нийслэлийн Боловсролын газрын төлөөлөл, ерөнхий боловсролын сургуулиуд, цэцэрлэгүүдийн удирдлага, багш нар танхимаар болон цахим хэлбэрээр оролцож санал бодлоо хуваалцан өргөн хүрээтэй хэлэлцүүлэг өрнүүлэв.
Дэлхий нийтээр..
Кушнер: Газын зурвасыг цэрэггүйжүүлэх үйл явц 30 хоногийн дотор эхэлж магадгүй
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын тусгай элч Жаред Кушнер Газын зурвасыг цэрэггүйжүүлэх үйл явцад ойрын 30 хоногт бодит ахиц гарч магадгүй гэж мэдэгдлээ.
Кушнер наймдугаар сарын 17-нд Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяхутай Иерусалимд уулзсаныхаа дараа Fox News-т ярилцлага өгөхдөө эхний ээлжид зэвсгийг ашиглалтаас гаргах ажиллагаа эхэлж, дараагийн 60-90 хоногт газар доорх хонгилуудыг хаах ажил урагшилна гэж найдаж байгаагаа илэрхийлжээ.
Кушнер Израильд очихоосоо өмнө Египетэд ХАМАС-ын удирдлагын төлөөлөлтэй уулзсан байна. Тэрбээр ХАМАС зэвсгээ хураалгахтай холбоотой амлалтаа бодит үйлдлээр харуулах шаардлагатайг мэдэгдсэн бөгөөд эс биелүүлбэл Израиль цэргийн ажиллагаагаа үргэлжлүүлэхэд АНУ болон бусад түншээс илүү хүчтэй дэмжлэг авах болно гэж анхааруулжээ.
АНУ-ын дэвшүүлсэн төлөвлөгөөнд Газын зурвасыг цэрэггүйжүүлэх, ХАМАС-ын зэвсгийг хураах, цэргийн зориулалттай дэд бүтэц болон хонгилуудыг устгах асуудал багтаж байгаа юм. Гэвч уг төлөвлөгөөг хэрэгжүүлэх дарааллын талаар талуудын байр суурь зөрүүтэй хэвээр байна.
Израилийн тал ХАМАС бүрэн зэвсгээ хураахаас өмнө Газын зурвасаас цэргээ гаргахгүй гэсэн байр суурьтай байгаа бол ХАМАС Израилийн цэргийн ажиллагааг зогсоож, цэргээ татах асуудлыг эн тэргүүнд тавьж байна. Кушнерийн хоёр өдрийн уулзалтуудын дараа ч энэ үндсэн зөрүүг арилгасан тохиролцоонд хүрээгүй гэж Reuters мэдээлжээ.
Кушнер мөн Газын зурвасыг цэрэггүйжүүлэхээс өмнө өргөн хүрээний сэргээн босголтыг эхлүүлэхгүй гэсэн АНУ-ын байр суурийг илэрхийлсэн байна. Үүний зэрэгцээ Израильд бодит аюул тулгарсан нөхцөлд өөрийгөө хамгаалах эрхийг нь АНУ хязгаарлахгүй гэж мэдэгджээ.
Уулзалтын үр дүнд Газын зурвасын аюулгүй байдал, зэвсэг хураах асуудал, мөн дэд бүтэц, нийгмийн эрүүл мэндийн асуудал хариуцах хоёр ажлын хэсэг байгуулахаар тохирсон ч энхийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх талаар талууд эцсийн тохиролцоонд хүрээгүй байна.
Дэлхий нийтээр..
Иран АНУ-ын цэргийг Ормузын хоолой, Персийн буланд нэвтрүүлэхгүй гэв
Ираны Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Амир Хатами АНУ-ын цэргийн хүчнийг Персийн булан, Оманы булан болон Ормузын хоолойн бүсэд эргэн байршихыг Иран зөвшөөрөхгүй гэж мэдэгджээ.
Хатами наймдугаар сарын 16-нд Тегеранд болсон арга хэмжээний үеэр сэтгүүлчидтэй уулзахдаа АНУ-ын цэргийн хүчийг бүс нутгаас шахан гаргах нь нэгэнт бодит болсон гэж мэдэгдсэн байна. Тэрбээр АНУ-ын цэргийн бааз, хүчний байрлал өмнөх байдалдаа эргэн орох боломжгүй бөгөөд Иран үүнийг зөвшөөрөхгүй гэсэн байр суурь илэрхийлжээ.
Энэ мэдэгдэл АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ормузын хоолойн хяналтын талаар удаа дараа хатуу байр суурь илэрхийлж буй үед гарч байна. Трамп наймдугаар сарын 12-нд АНУ Ормузын хоолойг “бүрэн хянаж байгаа” гэж мэдэгдсэн бол наймдугаар сарын 14-нд Ираныг ялсны дараа тус хоолойг АНУ-ын нутаг дэвсгэр болгон зарлах тухай ярьсан юм.
Хатами Трампын мэдэгдлийг няцааж, Ормузын хоолой дахь Ираны байр суурийг хамгаална гэдгээ илэрхийлжээ. Түүний мэдэгдэлд АНУ-ын цэргийн хүч бүс нутагт эргэн байрших аливаа оролдлогод Иран хатуу хариу үзүүлнэ гэсэн агуулга багтсан байна.
Түүнчлэн Хатами АНУ-ын цэргийн алба хаагчийг байлдааны нөхцөлд хөнөөсөн эсвэл олзолсон тохиолдолд 30 мянган ам.долларын шагнал олгохоо мэдэгдсэн байна. Ираны төрийн мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр шагналын хөрөнгийг иргэдийн хандиваар бүрдүүлэх бөгөөд эмэгтэй хүн ийм үйлдэл хийсэн тохиолдолд шагналыг хоёр дахин нэмэгдүүлж, 60 мянган ам.доллар болгоно гэжээ.
Ормузын хоолойн хяналт АНУ, Ираны хоорондын сөргөлдөөний гол асуудлын нэг хэвээр байна. Трампын засаг захиргаа АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчин хоолойг хянаж байгаа гэж мэдэгдэж байгаа бол Ираны тал стратегийн усан зам дахь өөрийн байр суурийг хадгалсаар байна. Наймдугаар сарын 18-ны байдлаар ч талуудын байр суурь зөрүүтэй хэвээр бөгөөд Ормузын хоолойн хөдөлгөөн бүрэн хэвийн болоогүй байна.
Дэлхий нийтээр..
Путин гадаадад гарч, ял шийтгэлээс зайлсхийсэн иргэдийн хөрөнгийг битүүмжлэх хуульд гарын үсэг зуржээ
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин гадаадад байгаа бөгөөд Оросын шүүхээс оноосон ял шийтгэлээс зайлсхийж буй иргэдэд тодорхой хязгаарлалт тогтоох тухай хуульд 2026 оны зургаадугаар сарын 10-нд гарын үсэг зуржээ. Шинэ хууль 2026 оны есдүгээр сарын 1-нээс хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлнэ.
Шинэ зохицуулалтаар гадаадад байгаа ОХУ-ын иргэн хуульд заасан тодорхой гэмт хэрэгт холбогдож, шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс зайлсхийсэн тохиолдолд түүний ОХУ дахь хөрөнгө, эд хөрөнгийг битүүмжлэх болон бусад хязгаарлалт хэрэглэх эрх зүйн боломж бүрдэж байна.
Хууль нь ОХУ-аас гадаадад гарсан бүх иргэнийг хамруулахгүй. Мөн Украины дайн эхэлснээс хойш эх орноосоо явсан хүмүүсийг нийтээр нь иргэншлээс хасах зохицуулалт биш юм.
Харин гадаадад байгаа бөгөөд ОХУ-ын хууль тогтоомжид заасан тодорхой гэмт хэрэгт холбогдсон, шүүхийн ажиллагаа болон оноосон шийтгэлээс зайлсхийж буй иргэдэд дотоодод байгаа хөрөнгө, эд хөрөнгөөр нь дамжуулан хязгаарлалт тавих боломжийг өргөжүүлжээ.
Уг хуулийг ОХУ-ын Төрийн Дум тавдугаар сарын 26-нд баталж, Холбооны зөвлөл зургаадугаар сарын 3-нд дэмжсэн бөгөөд Ерөнхийлөгч Владимир Путин зургаадугаар сарын 10-нд гарын үсэг зурсан юм. Хуулийн үндсэн зохицуулалтууд есдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэхээр тусгажээ.
ОХУ 2022 онд Украинд цэргийн ажиллагаа эхлүүлснээс хойш олон тооны иргэн гадаадад гарсан бөгөөд Москва гадаадад байгаа Оросын иргэдийн хууль зүйн хариуцлагатай холбоотой зохицуулалтаа үе шаттайгаар чангатгаж ирсэн юм.
Гэхдээ гадаадад амьдарч байгаа явдал өөрөө хариуцлага хүлээлгэх үндэслэл болохгүй бөгөөд хуульд заасан гэмт хэрэг, шүүхийн ажиллагаанаас зайлсхийсэн зэрэг тодорхой нөхцөл бүрдсэн тохиолдолд шинэ зохицуулалтыг хэрэглэхээр байна.
-
Дэлхий нийтээр..2023/05/01
Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа
-
Дэлхий нийтээр..2024/09/19
“Өдөр бүр өчигдрөөс илүү байя” аяны нээлт боллоо
-
Үйл явдал2026/01/19
ХӨСҮТ: Риновирусийн халдвар хатгаа болж хүндрэх эрсдэлтэй байна
-
Үйл явдал2025/02/26
Хуулийн этгээдийн тамга, тэмдгийг хүлээлгэн өгөхгүй авч зугтдаг явдлыг таслан зо...
