Хэн юу хэлэв...
Л.Оюун-Эрдэнэ: Дельта вирус тархаж байгаа энэ үед гадаадын нислэгт онцгой анхаарах ёстой
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2021 оны долдугаар сарын 12 -нд Улсын Онцгой комиссын Шуурхай штабт ажиллалаа. Цар тахлын нөхцөл байдлыг УОК-ын дарга, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан танилцууллаа. Тэрбээр,
-Сүүлийн 24 цагт /2021.07.12/ 1496 халдвар бүртгэгдэж, халдварын байдал сүүлийн гурав хоногт харьцангуй тогтворжиж байна. Улсын хэмжээнд эрчимт эмчилгээний 50, энгийн 1200 ор сул буюу нийт орны 18,1 хувь нь сул байна. Дүүргийн эмнэлгүүдийг хүчилтөрөгчийн бэсрэг үйлдвэрээр хангах ажил эрчимтэй хийгдэж байна. Тухайлбал, Баянгол, Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэг, Яармагийн 300 ортой эмнэлэг, Хотын захиргааны шинэ байранд дэлгэсэн эмнэлэгт хүчилтөрөгчийн бэсрэг үйлдвэрийг нийлүүлж байна. Мөн хүчилтөрөгчийн 2000 баллон, хүчилтөрөгчийн өтгөрүүлэгч 1000 ширхэг, амьсгалын аппарат 50 ширхгийг эмнэлгүүдэд нийлүүлэх ажил хийгдэж байна гэлээ.

Мөн наадмын амралтын өдрүүдээр орон нутгийг зорих хөдөлгөөн эрчимтэй нэмэгдэж, сүүлийн гурван өдөрт л гэхэд 30 мянга гаруй иргэд хотоос орж гарсан гэж Шадар сайд хэллээ. Үүнтэй холбоотойгоор Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ орон нутаг дахь нөхцөл байдалд онцгой анхаарахыг аймгийн удирдлагуудад үүрэг болголоо. Түүнчлэн олон улсад дельта вирусын тархалт нэмэгдэж буй учир гадаад улсаас иргэдээ татан авч байгаа асуудалд онцгой анхаарах ёстой гээд энэ асуудлаар энэ баасан гарагт болох Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлэхийг үүрэг болгов. Цар тахлын эмчилгээнд анхаарах, вакцинд хамруулах ажил, татан авалтыг үргэлжүүлэх, шаардлагатай эм тариаг нөөцлөх үүргийг Эрүүл мэндийн сайд болоод холбогдох албан тушаалтнуудад өглөө. Дэлхий дахинд цар тахлын эсрэг вакцинд нийт хүн амынхаа 60-аас дээш хувийг хамруулсан таван улс байгаагийн нэг нь Монгол Улс болжээ. Тиймээс иргэдийг халдварын дэглэм сахиулахад онцгой анхаарах хэрэгтэй байгааг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ онцоллоо. Орон нутагт вакцины үйлчлэл нийслэлээс 14-21 хоногийн хоцрогдолтой явж байгаа учраас орон нутаг руу зорчиж байгаа нийслэлийн иргэн бүр хариуцлагатай байхыг тэрбээр уриаллаа.

Засгийн газар Авлигын эсрэг комисс байгуулна
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УОК-ын Шуурхай штабт ажиллах үеэрээ Засгийн газар Авлигын индексийг бууруулах комисс байгуулахаар болсныг хэллээ. Засгийн газар баяр наадмын өдрүүдэд ажиллаж байгаа бөгөөд ирэх баасан гарагт ээлжит бусаар хуралдах юм. Хуралдаанаар тус комиссыг байгуулахаар болжээ.
Засгийн газраас гарч байгаа шийдвэр анхан болон дунд шатанд хэрэгжихгүй байгаагаас иргэдэд төрийн үйлчилгээ хүрэхдээ хүнд суртал, авлига дагуулж байна. Энэ нь саяхан Замын-Үүдийн асуудлаас харагдсан гэдгийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэлсэн юм. Замын-Үүдэд Засгийн газар бүрэн эрхэт төлөөлөгчөө томилсон бөгөөд төрийн алба хаагчдаас шалтгаалсан ачаа барааны бөөгнөрөл үүссэн байдал цэгцэрч байна. Харин БНХАУ-ын талаас хилээр гаргах автомашины хязгаарлалтай холбоотой асуудал байна. Засгийн газар БНХАУ-ын талтай яриа хэлэлцээ хийж байгааг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ онцоллоо.
Хэн юу хэлэв...
Г.Дамдинням: Үүргээ биелүүлэхгүй байгаа шатахуун импортлогчдын тусгай зөвшөөрлийг цуцална
Хэн юу хэлэв...
COP17-ийн үеэр зарим замаар аюултай ачаа тээвэрлэлтийг хязгаарлана
Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал буюу COP17 арга хэмжээ энэ сарын 17-28-ны өдрүүдэд болно. Энэ үеэр аюултай ачаа тээвэрлэлтийн талаар Ачаа тээврийн төлөвлөлт, логистик хариуцсан, ахлах мэргэжилтэн Ц.Бямбасүрэн мэдээлэл өглөө.
Уг арга хэмжээ Улаанбаатар хотод зохион байгуулагдах гэж байгаатай холбоотой Нийслэлийн Засаг даргын А/1067 дугаар захирамжаар бэлтгэл ажлын төлөвлөгөөг баталсан. Энэхүү төлөвлөгөөнд хэд хэдэн байршил зорчих хөдөлгөөнийг хязгаарласан.
Үүнд:
Нарны зам Өгөөмөр захын зүүн урд уулзвараас Нарантуул ОУХТөвийн баруун урд уулзвар, Нарантуул ОУХТөвийн баруун урд уулзвараас Дүнжингарав худалдааны төвийн баруун урд уулзвар, Дүнжингаравын гудамж Дүнжингарав худалдааны төвийн баруун урд уулзвараас Зүүн жанжингийн уулзвар хүртэлх авто замын зорчих хэсгийн хөдөлгөөнийг 07:00–21:00 цаг хүртэл хязгаарлана.
Уулзалтад оролцож байгаа зочид төлөөлөгчдийн аюулгүй байдлыг хангах үүднээс хүний амь нас, эргүүл мэндэд хор хохирол учруулж болзошгүй аюултай ачаа тээвэрлэж байгаа тээврийн хэрэгслийг наймдугаар сарын 15-ны өдрөөс хориглосон замуудаар 24 цагаар хөдөлгөөнд оролцуулахгүй тул бусад зам талбайг сонгон зорчихыг зөвлөж байна.
COP17 олон улсын хуралд оролцогсдын аюулгүй байдлыг хангах үүднээс аюултай ачаа тээвэрлэгч 19 аж ахуйн нэгжид мэдээлэл хүргүүлж хамтран ажиллаж байна.
Хэн юу хэлэв...
Багахангай–Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн төмөр замд есдүгээр сард туршилтын галт тэрэг явуулна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал өнөөдөр стратегийн ач холбогдолтой Багахангай–Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн 127.1 км төмөр замын бүтээн байгуулалтын явцтай танилцаж, холбогдох албаныханд үүрэг даалгавар өглөө.
Өнөөдрийн байдлаар төслийн эхний 87.2 км-ийн үндсэн бүтээн байгуулалт дууссан бөгөөд Шувуун фабрик, Туул гол, Эмээлтийн чиглэлд далан, гүүр, хоолой болон төмөр замын дээд бүтцийн ажил үргэлжилж байна.
Төслийн хүрээнд Туул гол дээгүүр 476 метр урт төмөр замын гүүр барьж байгаа нь Монголын хамгийн урт төмөр замын гүүр болох аж. Бүтээн байгуулалтад үндэсний 95 аж ахуйн нэгж, 4000 гаруй монгол инженер, техникийн ажилтан, ажилчин оролцож байгаа бөгөөд төмөр зам ашиглалтад орсны дараа 1000 орчим байнгын ажлын байр шинээр бий болно гэж тооцжээ.
Шинэ төмөр замыг Богд уулын урдуур чиглүүлж, нийслэлийн төвөөр нэвтрэх шаардлагатай шатахуун, тэсэрч дэлбэрэх болон химийн аюултай ачаа, мөн станцуудын нүүрсийг хотоос гадуур тээвэрлэхээр төлөвлөсөн байна.
Төслийн эхний шатанд жилд 3.5 сая тонн, цаашид 20 сая тонн хүртэлх ачааг Улаанбаатар хотын төвөөр нэвтрүүлэхгүй тээвэрлэх боломж бүрдэх аж. Ингэснээр өдөрт 316-1800 том оврын автомашиныг нийслэлийн замын хөдөлгөөнөөс гаргах тооцоо гарчээ.
Мөн төмөр замын гармуудаар галт тэрэг нэвтрүүлэхийн тулд авто замын хөдөлгөөнийг хоногт дунджаар хоёр цаг хаадаг хугацааг 90 хүртэл хувиар бууруулах боломжтой гэж үзэж байна. Үүний зэрэгцээ хүнд даацын тээврийн хэрэгслийн хөдөлгөөн багассанаар нийслэлийн замын ачаалал, агаар орчны бохирдлыг бууруулахад тодорхой нөлөө үзүүлэхээр тооцжээ.
Ерөнхий сайд Н.Учрал шинэ төмөр замыг зөвхөн тээврийн дэд бүтэц бус, нийслэлийн аюултай ачаа тээврийг хотын төвөөс гаргах чухал шийдэл гэж онцлов. Тэрбээр 2024 онд газ тээвэрлэж явсан автомашин дэлбэрсэн ослыг дурдан, цаашид шатахуун, тэсэрч дэлбэрэх болон химийн аюултай ачааг энэхүү төмөр замаар нийслэлийн гадуур тээвэрлэх боломж бүрдэнэ гэдгийг тэмдэглэжээ.
Төслийн нийт хөрөнгө оруулалт 1.2 их наяд төгрөг бөгөөд урт хугацаанд 294.8 тэрбум төгрөгийн татвар төвлөрүүлж, 1.3 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллана гэсэн тооцоо гарсан байна.
Шинэ төмөр зам ашиглалтад орсноор Хөшигийн хөндий зөвхөн нисэх буудлын бүс бус, Монгол Улсын тээвэр, логистикийн шинэ зангилаа болон хөгжих нөхцөл бүрдэхээр байна. Мөн Зуунмод, Хүннү хот зэрэг дагуул хотын хөгжлийг дэмжиж, Улаанбаатар хотын хүн амын төвлөрлийг сааруулах суурь дэд бүтцийн нэг болно гэж Засгийн газар үзэж байгаа юм.
Төслийн цаашдын санхүүжилтийг шийдвэрлэх хүрээнд Олон улсын санхүүгийн корпорац болон Монгол Улсын Хөгжлийн банктай хамтран ажиллахаар төлөвлөжээ.
Ерөнхий сайд төмөр замын бүтээн байгуулалтыг товлосон хугацаанд дуусгах хүрээнд төмөр замын зурваст давхцаж буй газар, цахилгаан дамжуулах болон түгээх шугам, дэд станцыг нүүлгэн шилжүүлэх ажлыг шуурхай зохион байгуулах үүрэг өгсөн байна.
Мөн бүтээн байгуулалтын ажлыг чанарын шаардлагад нийцүүлэн гүйцэтгэж, 2026 оны есдүгээр сард туршилтын галт тэрэгний хөдөлгөөн эхлүүлэх, Хөшигийн хөндийд тээвэр, логистикийн төв байгуулах ажлыг эрчимжүүлэхийг холбогдох албаныханд даалгалаа.
