Бидэнтэй нэгдэх

Чөлөөт бүс

Монголын хилчдийн сэтгэлийн хойморт сүндэрлэсэн гэрэлт хөшөө

Огноо:

,

Сэтгүүлч:

Ахлах дэслэгч Б.АЛТАНЦЭЦЭГ

“НОГООН МАЛГАЙТ ШОНХОРУУД”-ЫН ТҮҮХ

Өчигдөргүй өнөөдөр гэж үгүй. Тиймээс 80 жилийн өмнө болсон үйл явдлыг танд нэхэн сануулья. ЗХУ-ын Дотоод хэргийн ардын комиссариатын дарга Бериягаас 1939 оны зургадугаар сард Чита, Хиагтын Хилийн цэргийн бригадын захирагч, хурандаа Власов, Зильпер нарт Тусгай шилмэл батальоныг нэн яаралтай зохион байгуулж, Монгол Улсын нутаг дэвсгэр Халхын голд шилжүүлэн байрлуулах үүрэг өгчээ. Тэд дээрх үүргийн дагуу 1939 оны долдугаар сард Хиагт, Мангут, Даурын хилийн отрядуудын бие бүрэлдэхүүнээс 502 хилчнийг сонгон авав. Захирагчаар нь Хиагтын хилийн отрядын штабын дарга, хошууч А.Е.Булыгаг томилсон байна. Тушаал аван маш богино хугацаанд зохион байгуулагдсан батальон Хиагтаас БНМАУ-ын Дорнод аймгийн Халх гол сумын нутаг Хамар даваанд байлдааны үүрэг гүйцэтгэхээр 2000 гаруй км газрыг туулан иржээ. Тэд 1939 оны долдугаар сарын 15-наас аравдугаар сарын 13-ны хооронд фронтын галын шугам дахь армийн бүлэглэлийн командын байрыг хамгаалах, Халхын голын гарамын аюулгүй байдлыг хангах, дайсны гэнэтийн довтолгооноос хамгаалах үүрэг гүйцэтгэв. Тус батальоны хилчид Монгол Ардын Хувьсгалт Цэргийн VI морин дивизийн хориглолтын баруун жигүүрийг халхалж, япончуудад нөөц хүчээ татах бололцоо олгохгүй байх, элсэн манхнуудыг япончуудаас цэвэрлэх, дайсны галын системийг илрүүлэн устгах, хүн хүчний хөдөлгөөнийг тагнан турших, амьд хэл олзлох, дайсны давшилтыг хориглон зогсоох, тэдэнд галын цохилт өгөх зэрэг үүрэг даалгаврыг нэр төртэй биелүүлсэн байна. Фронтын командлалаас тус батальоны I, II, III салааг Халхын голын гарамын хамгаалалтад хуучнаар нь үлдээж, IV, V салааг нэгтгэн 100 хилчин дайчнаар бүрдүүлж, ахлах дэслэгч Михайловоор удирдуулсан буудлагын рот болгон зохион байгуулсан юм. 1939 оны наймдугаар сарын 25-29-ний өдрийн Ремизовын өндөрлөгийн төлөөх тулалдаанд Зөвлөлтийн 100 хилчин оролцож, тэд эрэлхэг баатарлагаар тулалдан улмаар уг өндөрлөгийг бүрэн мэдэлдээ авчээ. Харанхуй шөнө сайн хардаг хилчдийн албаны ур чадварыг Г.К.Жуков жанжин санаж хамгаалалтын энэхүү батальоныг уг өндөрлөгийн төлөөх тулалдаан оролцуулсан нь мэргэн шийдвэр байж өндөрлөгийг эзлэх үндсэн нөхцлийг бүрдүүлж өгчээ. Гэвч энэхүү стратегийн чухал байрлалыг эзлэн авах тулалдаанд Оросын 30 хилчин амь үрэгдсэн байдаг юм. Хилчид дайны үед ч гэлээ тулаанд хилчин ногоон малгайгаа дээдэлж төмөр дуулга өмсөөгүй нь тэдний үхлийн шарх болсон талаар судлаачид ярьж, бичдэг. 

ЗҮРХЭНД ДУУРСАГДАХ ОРОСЫН ХИЛЧИД

Дээр өгүүлсэнчлэн Оросын хилчдийн байгуулсан гавьяа, баатарлаг үйл хэргийг мөнхжүүлэх эхлэл суурь одоогоос найман жилийн өмнө тавигдсан байдаг юм. Тухайн үед буюу 2011 оны наймдугаар сард ХХЕГ болон МҮОНТ-ийн хамтарсан “Би, бид байхын учир” төслийн багийнхан хэсэг оросуудтай Дорнод аймагт таарчээ. Ингээд тэд танилцаж. Төслийн багийн гишүүн, хурандаа Д.Баасанжаргалын хувьд энэ бол тэнгэрээс бууж ирсэн олз байсныг хожим дурсан ярьдаг юм. Тэдгээр Орос нөхөд Эрхүү, Чита хотоос ирсэн бөгөөд Халхын голд амь үрэгдсэн эх орон нэгтнүүддээ зориулан хөшөө барихаар зорин явж байгааг олж мэджээ. Тэд тус судалгааны ажлыг хоёр дахь жилдээ явуулан Хамар даваан дахь дурсгалын цогцолборт зарим шарилыг олж хүний ёсоор хөдөөлүүлсэн гэдгээ ярив. Ингэж сайн санааны үзүүрт тос гэдэгчлэн Монгол, Оросын хилчид анх учирсан билээ. “Хилчдийн хороо” олон нийтийн байгууллага, “Дорнод хязгаар” ТББ-ын нөхөд ч үйл хэргээ тасралтгүй үргэлжлүүлсэн юм. Ингэж сайн сайхны төлөөх ариун сэжмээр холбогдсон хоёр орны хилчид Дорнод аймгийн Халх гол суманд Оросын хилчдэд зориулсан хөшөөг 2011 онд босгосон түүхтэй. 

ҮЙЛС ҮРГЭЛЖЛЭХ ЦАГААР БУЮУ ХӨШӨӨ ИНГЭЖ БҮТЭВ

Халхын голын дайны ялалтын 80 жилийн ойг тохиолдуулан Оросын хилчдийн баатарлаг гавьяаг алдаршуулах, хойч үед мөнхжүүлэн үлдээх зорилгоор Хил хамгаалах байгууллагын удирдлагаас гэрэлт хөшөө бүтээн босгох санал санаачилгыг гаргав. Ийнхүү тус санаачилгын мөрөөр ХХЕГ-ын даргын дугаар тушаал гарч ажлын хэсэг томилогдлоо. Энэ ажил өнгөрсөн хавраас эхлэн гараанаас гарсан юм. Хөшөөг бүтээлгэхийн тулд мэргэжлийн байгууллагад хандлаа. Хоёр талаас санал бодлоо нийлүүлэн зөвшилцөж хөшөөний зураг төслийг ч төдөлгүй гаргав. Улмаар хөшөөг бүтээх чулууг сонгох, бичих үг, сийлэх дүрсний бэлгэдэл гээд нарийн нандин ажлууд дагалдан өрнөв. Хөшөөг бүтээхэд Сэтгэл зүй, мэдээлэл, соёл сурталчилгааны хэлтсийн хамт олон цаасан дээрээс бодит бүтээл болох хүртэлх бүхий л үйл явцад нь оролцов. Хөшөө дурсгал гэдэг мөнхийн бүтээл. Хамгийн гол нь хөшөөнд гүн хүндэтгэл шингэх учраас алдах эрх байхгүй. Тиймээс ч нарийн нягт нямбай ажиллагаа шаарддаг юм билээ. Дурсгалын гэрэлт хөшөөг "Алтайн түрүү" ХХК бүтээв. Бүтээсний дараа болгоомжтойгоор тээвэрлэн хүргэх, суурийг цутгах, орчныг тохижуулах гээд дурдвал бэлтгэл ажил олон өрнөсөн. Ийнхүү их ажлын дараа хөшөө сая бэлэн болов. Хөшөөний өндөр таван метр, 17 тонн жинтэй. Тус хөшөө нь тэнгэр өөд цойлсон илдний хэлбэр бүхий. Илд нь Оросын хилчдийн дайчин баатарлаг үйлсийг илэрхийлж байгаа болно. Цайвар өнгийн боржин чулуун хөшөөн дээр дайнд амь үрэгдсэн Оросын 30 хилчний нэрсийг хар ногоон өнгийн гантиг чулуун хавтан дээр алтан шар өнгөөр сийлсан байна. Мөн түүхэн бичвэрийг хойч үедээ таниулан сийлжээ. Хөшөөний дээд хэсэгт тухайн үеийн Оросын цэрэг, дайчдын бэлэг тэмдэг болох улаан таван хошууг, ялалт, энх тайвны бэлэг тэмдэг болсон ялалтын навчийг дүрслэн дээрх үйл явдал 1939 онд болсныг илэрхийлэн гаргасан байв.“Монгол Улсын тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдлын төлөөх тэмцэлд амь эрсэдсэн Оросын хилчдийн гэгээн дурсгалд зориулан түүхт ялалтын 80 жилийн ойг тохиолдуулан Монголын хилчдээс бүтээв” гэжээ. 

ЦЭЛМЭГ ТЭНГЭР, АМГАЛАН ХӨРСИЙГ ХОЛБОСОН АЛТАН ГАГНААС

Дорнод аймаг, Халх гол сум, Хамар даваа-“Цагаан алт” хөшөөт цогцолбор.  2019 оны наймдугаар сарын 25-ны өдөр. Халхын голын дайны ялалтын 80 жилийн ойг тохиолдуулан Халх голын байлдаанд Оросын хилчдийн байгуулсан гавьяа, гэгээн дурсгалыг мөнхжүүлэх зорилгоор Монголын хилчдээс гэрэлт хөшөөг бүтээн босгож, хүндэтгэл үзүүлэх арга хэмжээний нээлт ёслол төгөлдөр болж өнгөрлөө. Монгол орны зүүн хязгаарт халдан довтолсон Японы түрэмгийллийн эсрэг Халхын голын байлдаанд амь эрсэдсэн Оросын хилчдийн баатарлаг гавьяаг гэрэлт хөшөө босгон мөнхжүүлэх санал санаачилга үнэхээр нүдээ, цаг үеэ олжээ. Уг гэрэлт хөшөөний нээлтийн ажиллагаанд ХХЕГ-ын Захиргааны удирдлага эрхэлсэн дэд дарга, хурандаа Н.Ганболд, ОХУ-ын талаас Элчин сайдын яамны нэгдүгээр нарийн бичгийн дарга М.В.Джеваков, Хилийн аюулгүй байдлын албаны байгууллагуудын Монгол Улс дахь албан ёсны төлөөлөгч, хурандаа Е.В.Серебренников нарын албаны төлөөлөл оролцлоо. Мөн сум орон нутгийн удирдлага, ард иргэд, Хилийн 0198, 0132 дугаар ангийн удирдлага, ахмад хилчдийн төлөөлөл оролцсон юм. Өнгөрсөн түүхийг залгамжлагчид, ирээдүйг бүтээгч хүүхэд багачууд хүрэлцэн ирсэн байсныг мөн онцольё. Оросын хилчдэд зориулсан гэрэлт хөшөөний нээлтэд зориулж албаны төлөөлөл эхлээд үг хэллээ. Улмаар гэрэлт хөшөөний туузыг хайчлан, цэцэг өргөж, найрал хөгжим ОХУ-ын болон Монгол Улсын төрийн дууллыг Хамар даваанд эгшиглүүлсэн. Халхын голын байлдаанд амь үрэгдсэн Оросын хилчдийн гэгээн дурсгалыг хүндэтгэн зочид төлөөлөгчид дуугүй зогсон хүндэтгэл илэрхийлсний дараа ёслолын буудлага хийв. Улмаар хөшөөг нар зөв тойрч хүндэтгэл илэрхийлснээр албан ёсны арга хэмжээ өндөрлөлөө. Хөшөөний нээлтийн арга хэмжээ товчхон өгүүлэхэд ийм. Гэхдээ энэ үйл явдлын цаана Монголын хилчдээс Оросын хилчдэд илэрхийлж буй асар том хүндэтгэл оршиж байв. Хилийн 0198 дугаар ангийн болон ХЦДБЧ-ын уран бүтээлчдийн хүндэтгэлийн тоглолт, Халх голын хөшөө дурсгалт газрын дагуух хээрийн үзүүллэг гээд олон хөтөлбөр нээлтийн арга хэмжээний үеэр өрнөсөн билээ. 

ХҮНДЭТГЭЛИЙН ХОЙМОРТ ДАЙХ ҮГ

Мэнэнгийн уудам тал, одоо ч түүх хүүрнэх Баянтүмэнгийн хуучин туурь, Халх голын хөвөө хязгаар нутаг, элсэн манхан толгод, домог түүхт Эрс, Хулд уулс дүнхийн цэнхэртэх дэндүү үзэсгэлэнт эх орны зүүн хязгаар нутаг минь. Одоогоос 80 жилийн өмнө энэ сайхан эх орны минь төлөө алтан амиа өргөсөн Оросын хилчдийн гэгээн дурсгалыг бид нэхэн санаж, ийнхүү гүнээ хүндэтгэж байна. Тиймээс ч хилчдийн тусгай батальоны байгуулсан гавьяаг Монголын хилчид ийнхүү мөнхжүүллээ. Халх гол сумын нутаг дахь Хамар даваанд босгосон энэхүү хөшөө дурсгал нь Монгол, Оросын хилчдийн харилцаа хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэн батжуулах түүхэн үйл явдал юм. Тэнгэр, газрын гагнаас болон түүхийн хуудсанд хадгалагдан үлдсэн гэрэлт хөшөө сүр бараатай дүнхийн байна. Энэхүү хөшөөний түүх нь үр хойчдоо үүрд дуурсагдах гэж үүрнээсээ ниссэн шувуудын домог байлаа. Эх орон, элгэн түмнээ сэтгэлдээ тээсэн эр зоригийн дуулал ч гэлтэй. Эргэж ирэх нь тодорхойгүй амь сөрсөн дуудлаганд хүдэр цээжээ дэлгэн дайны тэргүүн эгнээнд Монгол, Зөвлөлтийн хилчид үүрэг гүйцэтгэснийг өнөөдөр Монголын төр засаг, ард түмэн хүндэтгэн дурсаж байна. Тэнгэрт одсон цэрэг эрсийн сүнс хэрвээ амирладаг бол цээжний энгээр, үгийн сайхнаар магтан дуулахсан. Түүхийг бид огоорох эрхгүй, залуу хойч үедээ өвлүүлэх эрхэм үүрэгтэй. Түүхэнд мөнхөрсөн “ногоон малгайтай шонхорууд”-дад, бидний төлөө буцаж нисээгүй шувуудад Монголын хилчид мэхийж байна.

Эх сурвалж: Хил хамгаалах ерөнхий газар

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Чөлөөт бүс

Өмнөд Хятадын тэнгисийг захирч асан Улаан далбаат флот

Огноо:

,

Арван есдүгээр зууны эхэн үед Өмнөд Хятадын тэнгисийг бараг бүхэлд нь хяналтдаа авч байсан Улаан далбаат флот хэмээх далайн дээрэмчдийн нэгдэл түүхэнд хамгийн хүчирхэгт тооцогддог байна. Тухайн үед энэ флотын хүч зарим улсын тэнгисийн цэргээс ч илүү байсан гэж судлаачид үздэг.

Улаан далбаат флот нь олон жижиг дээрэмчдийн бүлгүүд нэгдэн байгуулагдсан том холбоо байжээ. Тэдний мэдэлд хэдэн зуун хөлөг онгоц, хэдэн арван мянган далайн дээрэмчин байсан бөгөөд Өмнөд Хятадын тэнгисийн худалдааны замыг хянаж, худалдааны хөлөг онгоцноос татвар авч байв. Хятад, Вьетнам, Тайвань, Макао орчмын усан замыг тэдний зөвшөөрөлгүйгээр ашиглахад бэрх болсон байна.

Энэхүү флотын хамгийн онцлог нь эмэгтэй удирдагчтай байсан явдал юм. Чин Ши хэмээх эмэгтэй нөхрийнхөө нас барсны дараа флотыг удирдаж, бүх далайн дээрэмчдийн бүлгийг нэгтгэж чадсан байна. Тэрбээр маш хатуу дүрэм тогтоож, тушаал зөрчсөн, олз нууцалсан, сахилга бат алдагдуулсан тохиолдолд хатуу шийтгэл оногдуулдаг байжээ. Энэ нь флотын зохион байгуулалтыг сайжруулж, хүчийг нь улам нэмэгдүүлсэн гэж үздэг.

Хятадын эзэнт гүрэн болон бусад орны тэнгисийн хүчин Улаан далбаат флотыг дарахаар хэд хэдэн удаа оролдсон ч амжилт олоогүй байна. Эцэст нь Хятадын эрх баригчид тэдэнтэй хэлэлцээр хийж, өршөөл үзүүлэхээр тохиролцсон байдаг. Ингэснээр Улаан далбаат флотын удирдагч Чин Ши олз хөрөнгөө хадгалан тайван амьдралд шилжсэн нь түүхэнд ховор тохиолдолд тооцогддог.

Судлаачдын үзэж буйгаар Улаан далбаат флот нь далайн дээрэмчдийн түүхэнд хамгийн том, хамгийн зохион байгуулалттай хүч байсан бөгөөд тухайн үед Өмнөд Хятадын тэнгисийн худалдаа, тээврийн аюулгүй байдалд ихээхэн нөлөө үзүүлж байжээ.

Дэлгэрэнгүй унших

Чөлөөт бүс

Хүн төрөлхтөн 50 гаруй жилийн дараа дахин Сар луу нисэв

Огноо:

,

АНУ 2026 оны дөрөвдүгээр сарын 1-нд Сар руу чиглэсэн Артемис хоёр хөтөлбөрийн нислэгийг амжилттай хөөргөлөө. Энэ нь 1972 оноос хойш буюу 50 гаруй жилийн дараа хүнтэй Сарны нислэг хийж буй анхны тохиолдол боллоо.

Сансрын хөлөг Флорида муж дахь Кеннедигийн сансрын төвөөс хөөрч, дөрвөн сансрын нисэгчийг Сарны тойрог нислэгт илгээжээ. Нислэгт

  • Рейд Уайзман
  • Виктор Гловер
  • Кристина Кох
  • Канадын сансрын нисэгч Жереми Хансен

нар оролцож байна.

Энэхүү нислэг ойролцоогоор 10 хоног үргэлжлэх бөгөөд сансрын хөлөг Сарны орчимд тойрон нисээд дэлхийд буцаж ирэх төлөвтэй. Энэ удаагийн нислэг Сар дээр буухгүй ч ирээдүйн хүнтэй буултын бэлтгэл туршилтын гол шат гэж үзэж байна.

Артемис хоёр хөтөлбөрийн хүрээнд:

  • Сансрын хөлгийн системүүдийг турших
  • Амьдрах орчны төхөөрөмж шалгах
  • Сарны өмнөд туйлын бүсийг судлах
  • Ирээдүйн буултын бэлтгэл хийх

зорилго дэвшүүлжээ.

Энэ нислэг амжилттай болвол:

  • 2027 онд хүн Сар дээр буух
  • 2028 онд Сарны байнгын станц байгуулах
    төлөвлөгөө хэрэгжих боломжтой гэж АНУ мэдэгдсэн.

Шинжээчдийн үзэж буйгаар энэхүү нислэг нь:

  • шинэ сансрын өрсөлдөөн
  • Сарны нөөцийн судалгаа
  • Ангараг гариг руу чиглэх бэлтгэл

гэсэн гурван том зорилгыг давхар эхлүүлж буй үйл явдал болж байна.

Ийнхүү хүн төрөлхтөн 50 гаруй жилийн дараа дахин Сар руу нисэж, сансрын судалгааны шинэ үе эхэлж буйг дэлхий нийт анхааралтай ажиглаж байна.

Дэлгэрэнгүй унших

Чөлөөт бүс

“No Kings” жагсаал АНУ даяар өрнөв

Огноо:

,

АНУ-д “No Kings” буюу “Хаангүй улс” уриатай жагсаалууд өнгөрсөн амралтын өдрүүдэд улс даяар өрнөж, олон сая хүн оролцсон талаар олон улсын хэвлэлүүд мэдээллээ.

Мэдээллээр гуравдугаар сарын 28-нд АНУ-ын бүх 50 мужид 3,300 гаруй жагсаал зохион байгуулагдаж, нийт 8 сая орчим хүн оролцсон нь сүүлийн жилүүдийн хамгийн том эсэргүүцлийн хөдөлгөөнүүдийн нэг болсон гэж зохион байгуулагчид мэдэгджээ.

Жагсаалууд Нью-Йорк, Вашингтон, Чикаго, Миннеаполис, Лос-Анжелес зэрэг томоохон хотуудад өргөн хүрээнд болсон байна. Мөн АНУ-аас гадна Парис, Сидней зэрэг хотуудад дэмжих жагсаал зохион байгуулагдсан талаар мэдээлжээ.

Жагсагчид АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын бодлого, гадаад бодлого, Ирантай холбоотой хурцадмал байдал, цагаачлалын бодлого, амьжиргааны өртгийн өсөлтийг эсэргүүцсэн уриа барьсан байна.

Зарим хотуудад жагсаал тайван болсон бол Портланд, Лос-Анжелес, Даллас зэрэг хотод жагсагчид болон цагдаа нарын хооронд мөргөлдөөн гарсан тухай мэдээлжээ.

“No Kings” хөдөлгөөн нь 2025 онд эхэлсэн бөгөөд

  • 2025 оны зургаадугаар сар — 5 сая орчим оролцогч
  • 2025 оны аравдугаар сар — 7 сая орчим оролцогч
  • 2026 оны гуравдугаар сар — 8 сая орчим оролцогч болсноор улам өргөжиж буй улс төрийн эсэргүүцлийн хөдөлгөөн болж байна.

Шинжээчдийн үзэж буйгаар энэхүү жагсаал нь АНУ-ын дотоод улс төрийн хуваагдал нэмэгдэж буйг харуулж байгаа бөгөөд цаашдын улс төрийн нөхцөл байдалд нөлөөлж болзошгүй гэж үзэж байна.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Үйл явдал9 цаг 19 минут

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад т...

Хэн юу хэлэв...11 цаг 23 минут

БНХАУ-ын Элчин сайд Шэнь Миньжуань харилцан ашигтай хамтын ажиллагаа...

Дэлхий нийтээр..13 цаг 9 минут

НҮБ дайн үргэлжилбэл дэлхийд өлсгөлөн нэмэгдэх эрсдэлтэйг анхааруула...

Үйл явдал13 цаг 45 минут

АНУ цэргээ татсаны дараа Сири улс цэргийн баазуудыг хяналтдаа авлаа

Үйл явдал14 цаг 15 минут

Ерөнхий сайд Н.Учрал гадаадын улсуудад томилогдсон Элчин сайд нарыг ...

Үйл явдал14 цаг 31 минут

AI-ийн өгсөн мэдээлэл бодит байдалтай зөрөх тохиолдол их байна

Хэн юу хэлэв...2026/04/16

Санхүүгийн зах зээлүүд Ираны дайны нөлөө буурч эхэлсэнд итгэж эхлэв

Үйл явдал2026/04/16

Томоохон байгууллагууд руу чиглэсэн кибер халдлагын оролдлого нэмэгд...

Дэлхий нийтээр..2026/04/16

Хиймэл оюунд суурилсан технологийн хөгжил хурдасч, дэлхийн өрсөлдөөн...

Үйл явдал2026/04/13

Нийслэлийн төр, захиргааны байгууллагууд ажлын 4 өдрийн горимд шилжл...

Үйл явдал2026/04/13

“Оюу толгой” ХХК 9.9 тэрбум төгрөгийн нөхөн сэргээлтийн барьцааг...

Хэн юу хэлэв...2026/04/13

БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд

Үйл явдал2026/04/13

Элчин сайд нарт Итгэмжлэх жуух бичгийг нь гардууллаа

Дэлхий нийтээр..2026/04/10

“Al Jazeera”-гийн сэтгүүлч амь үрэгдсэнд эмгэнэл илэрхийллээ

Үйл явдал2026/04/10

“Ногоон автобус”-ны хэрэг Улсын дээд шүүхийн шатанд үргэлжилж ба...

Хэн юу хэлэв...2026/04/10

Аббас Арагчи: Хурцадмал байдлыг намжаахад олон улсын хамтын ажиллага...

Дэлхий нийтээр..2026/04/10

НҮБ-ын төлөөлөгч Тегеранд очиж хохирлын нөхцөл байдалтай танилцлаа

Үйл явдал2026/04/06

Швейцарт хадгалагдаж байсан Монголын түүх, соёлын хоёр ховор бичвэри...

Хэн юу хэлэв...2026/04/06

Ерөнхий сайд Н.Учрал эхний шийдвэрээрээ 12100 компанийн дансыг нээлэ...

Үйл явдал2026/04/03

Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын гишүүнд нэр дэвшигчдээ танилцуул...

Үйл явдал2026/04/03

Судалгаа: Америкчуудын дийлэнх нь Ираны эсрэг цэргийн ажиллагааг эсэ...

Дэлхий нийтээр..2026/04/03

Путин, Саудын Арабын хунтайж нар Ойрхи Дорнодод гал зогсоохыг уриала...

Үйл явдал2026/04/03

Казахстан Astana Hub-д 2026 онд улсын төсвөөс санхүүжилт олгоно

Үйл явдал2026/04/03

Ж.Золзаяа “THE BEST WOMEN OF THE YEAR” шагнал хүртлээ

Дэлхий нийтээр..2026/04/03

ОХУ бензиний экспортын хоригийг өргөтгөсөн нь Монголд нөлөөлж болзош...

Үйл явдал2026/04/03

Тегеранд 100 гаруй жилийн түүхтэй халдварт өвчин судлалын төв цохилт...

Хэн юу хэлэв...2026/04/03

Элон Маск сансрын бага тойрог замыг сая сая хиймэл дагуулаар дүүргэн...

Хэн юу хэлэв...2026/04/03

Трамп эмийн бүтээгдэхүүнд 100 хувийн татвар ногдуулах санал танилцуу...

Хэн юу хэлэв...2026/04/02

Турк улс Персийн булангийн орнуудыг Ираны эсрэг мөргөлдөөнд оролцохг...

Хэн юу хэлэв...2026/04/02

Шинэ геополитикийн тэнцвэр: Иран, Орос, Хятад ойртож байна

Санал болгох