Дэлхий нийтээр..
Засгийн газар Хөшигийн хөндийд "Эдийн засгийн хөгжлийн чөлөөт бүс" байгуулах шийдвэрийг гаргана
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, Барилга Хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар, Төв аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Ж.Батжаргал, Төв аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар нар энэ сарын 10-ны өдөр Төв аймгийн Сэргэлэн суманд ажиллав.
Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт Хөшигийн хөндийд баригдсан “Чингис хаан” Олон Улсын нисэх буудалд нүүлгэн шилжүүлэлт зохион байгуулж буй шуурхай удирдлагын баг, ажлын хэсгийн гишүүдийн ажлын явцын мэдээлэл, гүйцэтгэлийн ажлын төлөвлөгөөг сонсож, үйл ажиллагааны бэлтгэл хангаж буй явц, Богдхан төмөр замын трасс тогтох, автозамын сүлжээ үүсгэх төлөвлөгөөний зураг төсөлтэй газар дээр нь танилцлаа.
Чингис хаан ОУНБ-ын үйл ажиллагааг 2021 оны 07 дугаар сарын 04-ний өдрөөс хоцроохгүй, гаргасан төлөвлөгөөнийхөө дагуу тогтсон хугацаандаа нээж, хэвийн горимд шилжүүлэхийг Ерөнхий сайд анхаарууллаа.

Нисэх буудлын үйл ажиллагааг эхлүүлэх бэлтгэл ажлын хүрээнд дөрвөн бүлэг, 141 ажил төлөвлөсөн бөгөөд 85.2 хувийн гүйцэтгэлтэй байна. Буянт-Ухаа нисэх буудлаас техник, хэрэгсэл, тоног төхөөрөмж болон бусад зүйлсийг нүүлгэх ажлыг энэ сарын 15-наас 07 дугаар сарын 01-ний дотор хийж дуусган, Токио-Улаанбаатар чиглэлийн анхны нислэгээ 07 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авснаар Чингис хаан ОУНБ-ын үйл ажиллагаа албан ёсоор эхлэх юм.

Чингис хаан ОУНБ ашиглалтад орсноор хөдөлгөөний эрчим нэмэгдэж, ачаа тээврийн эргэлт огцом өснө. Иймд нэгдсэн төлөвлөлтөөр Хөшигийн хөндий орчмыг тээвэр ложистикийн нэгдсэн сүлжээ бүхий Эдийн засгийн хөгжлийн чөлөөт бүс болгон хөгжүүлэх ёстой гэж үзэж байгаагаа Л.Оюун-Эрдэнэ сайд онцоллоо.

Монгол Улсын Засгийн газар, Нийслэлийн Засаг даргын тамгын газартай хамтран хэрэгжүүлж буй Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулж, түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулан тус нисэх буудал орчим, Хөшигийн хөндийд байгуулах эдийн засгийн хөгжлийн энэхүү тулгуур төвийн төлөвлөлтийг хийх ёстой. Үүнд хот тойрсон хурдны замтай, баруун, зүүн бүсийн аймгуудаас ирэх гол замуудыг Хөшигийн хөндий рүү холбох, төмөр замаар ирэх ачаа тээврийн ачиж, буулгах зангилаа, тээвэр ложистикийн нэгдсэн сүлжээг бий болгох, дэд бүтэц, цахилгаан, дулааны эх үүсвэр барих, ажилтан албан хаагчдын амьдрах орон сууцны цогцолбор хороолол байгуулах, орон нутгийн оршин суугчдын ая тухыг бодолцох гээд холбогдох асуудлуудыг цогцоор нь төлөвлөн багтаах юм.

Нисэх буудал нээгдэхтэй зэрэгцээд шаардлагатай эрх зүйн зохицуулалтуудыг УИХ болон Засгийн газраас яаравчлан гаргуулж, бэлтгэл хангахын төлөө ажиллах хэрэгтэй байна гэдгийг холбогдох сайд нарт сануулсан.
Төвийн бүсийн тулгуур төв Зуунмод хот, Шинэ Зуунмод, Майдар хотуудын нэгдсэн төлөвлөлт, Хөшигийн хөндий орчмын эдийн засгийн хөгжлийн бүс байгуулах төлөвлөлтийг эцэслэн гаргаж ирэх долоо хоногийн засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулахыг Барилга хот байгуулалтын сайдад үүрэг болгов.
Зам тээврийн хөгжлийн сайдад Богдхан төмөр замын трассыг эцэслэн батлуулж, шаардагдах геологи хайгуулын ажлыг яаравчлан, санхүүжилтыг шийдвэрлүүлэн, барилга угсралтын ажлыг 07 дугаар сарын 04-ний өдрөөс өмнө эхлүүлэхийг үүрэг болгосон.

Богдхан төмөр зам баригдсанаар орон нутгаас орж ирж буй ачаа тээврийн авто машинууд нийслэл дундуур явахгүйгээр шууд Хөшигийн хөндий дэх төмөр замын ачаа тээврийн агуулахаас бараагаа шилжүүлэн ачиж, тээвэрлэлтээ цааш үргэлжлүүлэх боломжтой болно. Мөн энэ ачаа эргэлтийг даган томоохон худалдааны төвүүд Хөшигийн хөндийд шилжин байрших, хүнд даацын автомашинууд хотын автозамын хөдөлгөөнд оролцож түгжрэл үүсгэхгүй болох зэрэг олон эерэг үр дүн гарахаар тооцож байна.
Төв аймгийн нутаг дэвсгэрт хийхээр төлөвлөж буй энэхүү бүтээн байгуулалтад хувийн хэвшлийнхний дэмжлэг оролцоог ханган нягт хамтран ажиллана. Гадаадын хөрөнгө оруулагчид, олон улсын байгууллагууд болон Чингис хаан ОУНБ-ын төслийг амжилттай хэрэгжүүлсэн Япон Улсын Засгийн газар, компани аж ахуй нэгжүүдтэй давуу эрх олгон хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх хүсэлтэй байна гэдгээ уулзалтын үеэр Ерөнхий сайд цохон тэмдэглээд талархал илэрхийлэв.
Эдийн засгийн хөгжлийн чөлөөт бүс байгуулах тухай Засгийн газрын бодлогынхоо талаар Төв аймгийн иргэдэд биечлэн танилцуулж, тэдний саналыг сонсож, уулзалт хийнэ гэдгээ Богдхан төмөр замын трассын төлөвлөлттэй газар дээр нь танилцах явцдаа аймгийн удирдлагуудад хэллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газраас мэдээллээ.
Дэлхий нийтээр..
Польш улсын бага сургуулиудад гар утас ашиглахыг хориглохоор төлөвлөж байна
Польш улс бага сургуулийн сурагчдыг сургууль дээр гар утас ашиглахыг хориглох хуулийн төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Польшийн Ерөнхий сайд Дональд Туск энэ сарын 2-нд мэдэгдэхдээ, 2026 оны есдүгээр сарын 1-нээс эхлэн 7-15 насны сурагчдыг сургууль дээр гар утас ашиглахыг хориглохоор ажиллаж байгаагаа хэлжээ.
Засгийн газраас дэмжсэн хуулийн төсөлд бага сургуулийн сурагчдыг хичээлийн үеэр төдийгүй завсарлага, сургуулийн орчин, мөн сургуулиас зохион байгуулсан боловсролын үйл ажиллагааны үеэр гар утас ашиглахыг хориглохоор тусгасан байна. Ухаалаг цаг зэрэг мэдээлэл, харилцааны боломжтой төхөөрөмжүүд ч уг хязгаарлалтад хамрагдахаар байна.
Гэхдээ сурагчид төхөөрөмжөө сургууль дээр авчрах боломжтой бөгөөд сургуулиуд тэдгээрийг хичээлийн хугацаанд хадгалах тусгай байр, зохицуулалт хийх эрх зүйн үндэстэй болох аж.
Польшийн бага сургуулийн боловсрол найман жил үргэлжилдэг бөгөөд 7-15 насны хүүхдүүд хамрагддаг. Хуулийн төсөл цаашид Польшийн парламентын доод танхим болох Сейм, дээд танхим болох Сенатаар хэлэлцэгдэж, батлагдсаны дараа Ерөнхийлөгч гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болох юм.
Ерөнхий сайд Дональд Туск хүүхэд, өсвөр үеийнхний гар утас, цахим платформ, тоглоомд донтох асуудал ноцтой болж, хичээлдээ төвлөрөх болон зан төлөвт сөргөөр нөлөөлж байгааг онцолсон байна.
Дэлхий нийтээр..
БНХАУ Тяньаньмэний үйл явдлыг дурсах арга хэмжээг хязгаарлажээ
БНХАУ-ын эрх баригчид 1989 оны Тяньаньмэний талбайн үйл явдлын 37 жилийн ойг тэмдэглэх, дурсах оролдлогуудыг хязгаарласан байна. Эх сурвалжийн мэдээлснээр, Бээжин хотод амь үрэгдэгсдийн ар гэрийнхнийг ой тохиосон өдөр оршуулгын газарт очихыг зөвшөөрөөгүй байна. “Тяньаньмэний эхчүүд” хэмээх бүлгийн гишүүд олон жилийн турш уг өдөр төрөл төрөгсдийнхөө шарилд очиж, дурсгалын мэдэгдэл уншдаг байсан гэж “Эмнести Интернэшнл” мэдээлжээ.
1989 онд Бээжингийн Тяньаньмэний талбайд ардчилал, эрх чөлөөг шаардан жагссан оюутан, иргэдийн хөдөлгөөнийг Хятадын арми хүчээр тараасан юм. AP-ийн мэдээлснээр, тухайн үед олон зуун, магадгүй мянга гаруй хүн амь үрэгдсэн гэж үздэг.
Хонконгт мөн энэ өдрөөр аюулгүй байдлыг чангатгажээ. Урьд нь жил бүр лаа асаан дурсах томоохон арга хэмжээ болдог байсан Виктория паркийн орчимд цөөн хүн цугласан бөгөөд цагдаа нар хэд хэдэн хүнийг шалгаж, заримыг нь түр саатуулсан байна.
АНУ, Европын Холбоо, Их Британи энэ өдрийг тохиолдуулан мэдэгдэл гаргаж, өнгөрснийг цензурээр арилгах боломжгүй хэмээн онцолжээ. Харин БНХАУ-ын Гадаад хэргийн яам АНУ-ын мэдэгдлийг Хятадын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцсон үйлдэл гэж шүүмжилсэн байна.
Мөн Тайваньд Тяньаньмэний үйл явдлын ойг тохиолдуулан лаа асаах дурсгалын арга хэмжээ зохион байгуулжээ. АНУ-ын Капитолын ордонд хууль тогтоогчид болон 1989 оны хөдөлгөөний төлөөлөгчид оролцсон дурсах арга хэмжээ болсон байна.
“Тяньаньмэний эхчүүд” бүлэг энэ жилийн ойг угтан шударга ёс шаардсан мэдэгдэл гаргаж, тухайн үед болсон үйл явдлын талаар бүрэн мэдээлэл ил болгох, хохирогчдын ар гэрт нөхөн төлбөр олгох, хариуцлага тооцохыг шаарджээ.
Дэлхий нийтээр..
Индонезид авлигын хэрэгтэй холбоотойгоор өндөр албан тушаалтнуудыг баривчилжээ
Индонезид авлигын эсрэг ажиллагаа эрчимжиж, Засгийн газрын өндөр албан тушаалтнуудыг баривчилжээ. “Аль Жазира”-гийн мэдээлснээр, тус улсын Цагаачлалын асуудал эрхэлсэн дэд сайд Силми Каримыг цагаачлалын бичиг баримтын бүрдүүлэлт, удирдлагатай холбоотой зөрчил гаргасан байж болзошгүй хэргээр саатуулсан байна. Түүнийг Авлигатай тэмцэх комиссын байранд 10 орчим цаг байцаасны дараа баривчилжээ.
Авлигатай тэмцэх комиссын төлөөлөгч Будии Прасетьогийн мэдээлснээр, уг хэрэг 2023-2024 онд Силми Карим тухайн үеийн Ерөнхийлөгч Жоко Видодогийн засаг захиргаанд Цагаачлалын асуудал эрхэлсэн ерөнхий захирлаар ажиллаж байх үед гарсан байж болзошгүй аж. Мөн энэ хэрэгт холбогдуулан өөр долоон сэжигтнийг тогтоосон гэж мэдэгдэв.
Үүнээс нэг өдрийн өмнө Индонезийн Ерөнхий прокурорын газар Ерөнхийлөгч Прабово Субиантогийн хүүхдийн хоол тэжээлийн дутагдалтай тэмцэх үнэгүй хоолны хөтөлбөрийг хариуцаж байсан Үндэсний хоол тэжээлийн агентлагийн дарга асан Дадан Хиндаяанаг авлигын хэрэгт холбогдуулан баривчилжээ. Тус хэрэгт мөн хоёр хүнийг саатуулсан байна.
Мөрдөн шалгах байгууллагын мэдээлснээр, үнэгүй хоолны хөтөлбөрийг сургуулиудад үйл ажиллагаа явуулдаг сангуудаар дамжуулан хэрэгжүүлдэг бөгөөд эдгээр санг хууль бус үйл ажиллагаанд ашигласан байж болзошгүй гэж үзэж байгаа юм.
Индонезийн Төрийн нарийн бичгийн дарга Прасетьо Хади сүүлийн хоёр өдөр дараалан өндөр албан тушаалтнууд авлигын хэрэгт холбогдсонд Засгийн газар санаа зовниж буйгаа илэрхийлжээ. Тэрбээр Авлигатай тэмцэх комисс болон Ерөнхий прокурорын газрын явуулж буй хуулийн ажиллагааг Засгийн газар хүндэтгэнэ гэж мэдэгдсэн байна.
Индонезид сүүлийн саруудад авлигын эсрэг ажиллагаа идэвхжиж, өнгөрсөн дөрөвдүгээр сард тус улсын Омбудсманы ерөнхий дарга албан тушаалдаа томилогдоод зургаахан хоногийн дараа хээл хахуулийн хэрэгт холбогдон баривчлагдсан юм.
-
Дэлхий нийтээр..2022/02/09
Монгол Улсын Ерөнхий сайдын БНХАУ-д хийсэн айлчлалаар албажсан баримт бичгүүд
-
Үйл явдал2025/01/14
УИХ: Өнөөдөр болох байнгын хороодын хуралдаан
-
Үйл явдал2023/10/06
Өнөөдөр Хэнтийн уулархаг нутгаар бороо, нойтон цас орно
-
Тод зураг2019/11/06
“Код-9” үзүүлэх сургалт зохион байгуулагдав
