Бидэнтэй нэгдэх

Хэн юу хэлэв...

А.Тлейхан: Засгийн газраас нийтдээ 980 мянган хэрэглэгчийн цахилгаан, дулаан, уурын төлбөр 290 тэрбум төгрөгийг хариуцаж төлөөд байна

Огноо:

,

Сэтгүүлч:

Эрчим хүчний тухай хуульд заасны дагуу Эрчим хүчний зохицуулах хороо 2020 онд гүйцэтгэсэн ажлын тайлан, эрчим хүчний салбарын 2020 оны үйл ажиллагааны дүнг нэгтгэн Эрчим хүчний яам болон тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниудад танилцуулжээ. Энэ талаар Эрчим хүчний зохицуулах хорооны дарга, Удирдлагын ухааны доктор, Монгол Улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан А.Тлейхантай ярилцлаа.

-Эрчим хүчний салбарт өнөөдөр хичнээн хүн ажиллаж, хэдэн компани ямар үйл ажиллагаа явуулж байна вэ гэдгээс ярилцлагаа эхлэе гэж бодож байна. Танай байгууллага хичнээн компанийн үйл ажиллагааг зохицуулж ажилладаг юм бэ?

-Эрчим хүчний салбар нь улс орны эдийн засгийн хөгжилд чухал хувь нэмэр оруулдаг суурь салбаруудын нэг. Манай салбарт нийтдээ 19000 гаруй хүн ажиллаж хэрэглэгчдийг цахилгаан, дулаанаар тасралтгүй найдвартай хангах үүргээ амжилттай биелүүлж ирлээ. Монгол улсын Эрчим хүчний тухай хуулийн дагуу зохицуулах хороо нь цахилгаан, дулааны эрчим хүч үйлдвэрлэх, дамжуулах, түгээх, хангах, диспетчерийн зохицуулалт хийх үйл ажиллагааг зохицуулах, тэдгээрийн үнэ тарифыг тогтоох, эрчим хүчний хэмнэлтийн бодлогыг хэрэгжүүлэх үндсэн чиг үүргийг хэрэгжүүлдэг байгууллага юм. Одоогоор зөвхөн манайхаас 186 хуулийн этгээдэд эрчим хүчний үйл ажиллагаа эрхлэх 365 тусгай зөвшөөрөл олгож, үйл ажиллагаандаа мөрдөж ажиллах нөхцөл, шаардлагыг тогтоон, биелэлтэд нь хяналт тавин ажиллаж байна. Аймаг, орон нутгийн зохицуулах зөвлөлүүдээс  тусгай зөвшөөрөл авсан 253 хуулийн этгээд үйл ажиллагаа явуулж байна.

 Цар тахлаас үүдэн айл өрхийн цахилгаан эрчим хүчний хэрэглээ 175 сая кВт.ц буюу 10.2 хувиар өссөн

-Монгол Улсын эрчим хүчний салбарын үйлдвэрлэл, хэрэглээ өнгөрсөн онд ямар байсан бэ?

- Цар тахалын энэ хүнд үед өвлийн их ачааллыг амжилттай давж, хэрэглэгчдийг цахилгаан, дулааны эрчим хүчээр тасалдалгүй, найдвартай хангаж чадлаа. Эрчим хүчний яамны удирдлага, ялангуяа Эрчим хүчний сайд  Н.Тавинбэх мэргэжлийн хүний хувьд салбараа сайн зангидаж эрчим хүчний салбарын ажилтан албан хаагчид, удирдлагууд өдөр шөнөгүй гар сэтгэл нийлэн ээлжлэн ажиллаж хүнд хэцүү өдрүүдийг амжилттай давж чадсанд сэтгэл өндөр байгаа.

Өнгөрсөн 2020 онд Монгол Улсын  дотооддоо үйлдвэрлэсэн цахилгааны  хэмжээ 7.1 тэрбум кВт.ц болж өмнөх оны гүйцэтгэлээс 0.1 тэрбум кВт.ц буюу хоёр хувиар нэмэгдсэн. Мөн Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотын дулааны үйлдвэрлэлийн хэмжээ өмнөх оноос 0.3 сая Гкал-аар буюу дөрвөн хувиар нэмэгдэн 9.1 сая Гкал, бусад аймаг, суурин газрын дулааны үйлдвэрлэлийн хэмжээ 0.3 сая Гкал буюу 9.9 хувиар нэмэгдэн 3.4 сая Гкал, нийт дулааны үйлдвэрлэл 0.7 сая Гкал-аар буюу 5.5 хувиар нэмэгдэн 12.5 сая Гкал хүрсэн байна.

-Импортын эрчим хүчний хэрэглээ нэмэгдсэн үү? Манайх олон жил эрчим хүчнийхээ хэрэглээг дотоодоосоо хангадаг болно гэж ярьж байгаа. Өнгөрсөн онд хүчин чадал хэдээр нэмэгдсэн бэ?

-Манай улс нийт цахилгаан эрчим хүчний хэрэглээнийхээ 20 хувийг ОХУ болон БНХАУ-аас импортоор худалдан авч 80 хувийг дотоодын үйлдвэрлэлээр хангадаг. ОХУ-аас худалдаж авсан импортын цахилгаан эрчим хүчний хэмжээ өмнөх оны гүйцэтгэлээс 60.2 сая кВт.ц буюу 16.2 хувиар буурч 312.2 сая кВт.ц, БНХАУ-аас худалдаж авах импортын цахилгаан эрчим хүчний хэмжээ өмнөх оны гүйцэтгэлээс 50 сая кВт.ц буюу 3.7 хувиар нэмэгдэж 1.4 тэрбум кВт.ц, импортын нийт цахилгаан эрчим хүчний хэмжээ 10 сая кВт.ц буюу 0.6 хувиар буурч 1.7 тэрбум кВт.ц болсон. Улсын хэмжээний цахилгаан эрчим хүчний хэрэглээ өмнөх оны гүйцэтгэлээс 132.1 сая кВт.ц буюу 1.5 хувиар нэмэгдэж 8.8 тэрбум кВт.ц боллоо. Үүний 80 хувийг буюу 1.4 тэрбум кВт.ц цахилгаан эрчим хүчийг “Оюутолгой” ХХК нь БНХАУ-аас импортоор авчээ.

- Дэлхий нийтийг хамарсан цар тахлаас шалтгаалан олон салбар эдийн засгийн хувьд маш хүнд байдалд байгаа. Эрчим хүчний салбарт энэ эдийн засгийн хүндрэл хэрхэн нөлөөлж байгаа вэ?

- Монгол Улсын Засгийн газраас Коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тахалтай тэмцэх хариу арга хэмжээг эрчимжүүлэх, урьдчилан сэргийлэх, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан зөвлөмжийг хэрэгжүүлэх зорилгоор улсын хэмжээнд Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн  болон нутгийн захиргааны байгууллага, иргэн, хуулийн этгээдийг 2020 оны хоёрдугаар сараас эхлэн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлснээс хойш хугацааг сунгаж, бэлэн байдлын зэргийг улс орон даяар болон хэсэгчилсэн байдлаар өөрчилж ирсэн. Үүнтэй холбоотойгоор 2020 онд аж ахуйн нэгж, байгууллагын цахилгаан эрчим хүчний хэрэглээ 130 сая кВт.ц буюу 3.3 хувиар буурсан бол ахуйн хэрэглэгчдийн цахилгаан эрчим хүчний хэрэглээ 175 сая кВт.ц буюу 10.2 хувиар өссөн. Улс орны хэмжээнд бэлэн байдлын зэрэгт шилжсэний улмаас эдийн засгийн хүндрэл бий болж байгаатай холбогдуулан эрчим хүчний салбар нь ОХУ-аас худалдан авах импортын цахилгааны болон чадлын хэмжээг багасгах, худалдан авах цахилгааны өртгийг бууруулах, эрчим хүчний үйлдвэр компаниуд тоног төхөөрөмжийн эрсдэлийг бодитой үнэлэн зарим хөрөнгө оруулалт, шинэчлэлийн ажлуудыг хойшлуулах, үйл ажиллагааны зардлуудыг хэмнэх, зардал өсгөх чиглэлээр аливаа шийдвэрүүдийг гаргахгүй байх, цахилгаан, дулааны түгээлтийн төлөвлөгөөнд өөрчлөлт оруулах, улмаар бизнес төлөвлөгөө, зорилтод түвшний үзүүлэлтүүдэд тодотгол хийх зэрэг олон арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлсэн. Эдгээр арга хэмжээг хэрэгжүүлсний дүнд 2020 онд төвийн бүсийн “Нэг худалдан авагчтай зах зээлийн загвар” хуримтлагдсан дүнгээр 40.0 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллахаар байсан бол алдагдлыг 36.6 тэрбум төгрөгөөр буюу 91.3 хувиар бууруулсан байна.

-Эрчим хүчний салбар улсын төсөвт багагүй хэмжээний татвар, шимтгэл төлдөг салбар. Өнгөрсөн оны хувьд хичнээн хэмжээний татвар шимтгэл төлсөн бэ? Ер нь улсаас татаас авч байгаа юу?

-Эрчим хүчний үйлдвэр, компаниудын улсын болон орон нутгийн төсөвт төлсөн татвар, шимтгэлийн дүн 2019 онд 335.0 тэрбум төгрөг байсан бол 2020 онд 386,5 тэрбум төгрөг болж 51.5 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн. Баруун бүс, Алтай-Улиастайн эрчим хүчний систем, Даланзадгадын  дулааны цахилгаан станц болон зарим аймгийн дулааны станцад санхүүгийн алдагдлыг нөхөх зорилгоор 2020 онд 17.1 тэрбум төгрөгийн татаасыг улсын төсвөөс олгосон. Харин төвийн бүсийн эрчим хүчний үйлдвэр, компаниуд татаас авахгүйгээр ажиллаж байгаа.

Монгол Улсын Засгийн газраас нийтдээ 980 мянган хэрэглэгчийн цахилгаан, дулаан, уурын төлбөр 290 тэрбум төгрөгийг хариуцаж төлөөд байна

 -Монгол Улсын Засгийн газраас айл өрхийн болон зарим аж ахуйн нэгж, байгууллагын цахилгаан, дулааны эрчим хүч, дулааны уур хэрэглэсний төлбөр, цэвэр, бохир усны үйлчилгээний төлбөр болон энгийн хог хаягдлын үйлчилгээний хураамжийг 2020 оны арванхоёрдугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны долдугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд төрөөс хариуцах шийдвэр гарсан. Энэ хөнгөлөлт хэрэгжээд бараг таван сар өнгөрч байна. Энэ хугацаанд  хичнээн хэрэглэгчийн хэрэглэсэн цахилгаан, дулаан, уурын хэрэглээний  хэдэн төгрөгийн төлбөрийг төрөөс хариуцсан бэ?

- У.Хүрэлсүхийн Засгийн газрын 2020 оны арванхоёрдугаар сарын 13-ны өдрийн “Коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тахлын үед айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагад дэмжлэг үзүүлэх зарим арга хэмжээний тухай” 211 дүгээр тогтоолоор айл өрх болон зарим аж ахуйн нэгж, байгууллагын цахилгаан, дулааны эрчим хүч, дулааны уурын төлбөрийг төрөөс хариуцах болсныг та бид мэдэж байгаа. Төлбөрийн хөнгөлөлтөд цахилгаан эрчим хүчний 683 мянган хэрэглэгч, дулааны эрчим хүчний 297 мянган хэрэглэгч, давхардсан тоогоор нийтдээ 980 мянган хэрэглэгч хамрагдсан байна. Тогтоол хэрэгжсэн хугацаанаас буюу 2020 оны арванхоёрдугаар сар, 2021 оны нэг, хоёр, гуравдугаар саруудад цаxилгаан, дулааны эрчим xүч, дулааны уурын төлбөрөө Монгол Улсын Засгийн газраас хариуцуулж байгаа хэрэглэгчдийн нийт төлбөр 345 тэрбум төгрөг байгаа бөгөөд үүнээс 290 тэрбум төгрөг буюу 84 хувийг Монгол Улсын Засгийн газраас төлсөн байна.

-Тогтоол хэрэгжих хугацаанд нийтдээ хичнээн төгрөгийн хөнгөлөлт үзүүлэх урьдчилсан тооцоо гарсан бэ?

- Урьдчилсан тооцоо гаргасан. Одоо дөрөв, тав, зургаадугаар саруудад 194 тэрбум төгрөгийн цахилгаан, дулааны эрчим хүч, дулааны уурын төлбөрийг Монгол Улсын Засгийн газраас хариуцаж хэрэглэгчдийн өмнөөс төлөхөөр байна. Цар тахлын үед айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагад дэмжлэг үзүүлснээр хэрэглэгчдийн өмнөөс Монгол Улсын Засгийн газраас нийтдээ 484 тэрбум төгрөгийг төлөх тооцоо гарсан.

- Агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд гэр хорооллын айл өрхийн шөнө хэрэглэсэн цахилгаан эрчим хүчний төлбөрийг мөн хөнгөлдөг. Энэ хөнгөлөлтөд хамрагддаг айл өрхийн тоо өнгөрсөн онд  нэмэгдсэн үү?

Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор батлагдсан “Гэр хорооллын айл өрхөд цахилгааны тарифын хөнгөлөлт үзүүлэх журам”-д 2020 онд өөрчлөлт оруулсны дагуу аймгийн төв, арван мянгаас дээш хүн амтай сум суурин газрын айл өрхийн орой, шөнийн хэрэглээний цахилгааны тарифыг 50 хувиар хөнгөлж байсныг 100 хувиар тооцож хөнгөлөлт үзүүлэх шийдвэрийг гаргаснаар Улаанбаатар хотод 117 мянган айл өрх, 21 аймгийн төв, Сэлэнгэ аймгийн Мандал, Өвөрхангай аймгийн Хархорин, Дорноговь аймгийн Замын-Үүд зэрэг 10 мянгаас дээш хүн амтай сум, суурин газруудад 72 мянган айл өрх, нийт 189 мянган гэр хорооллын айл өрх 100 хувийн цахилгааны тарифын хөнгөлөлтөд хамрагдах боломжтой болсон. Энэ шийдвэрийн дагуу 2020 оны арваннэгдүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны дөрөвдүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд нийт 21.9 тэрбум төгрөгийн хөнгөлөлтийг үзүүлсэн. Мөн Монгол Улсын Засгийн газрын “Өвлийн хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэх зарим арга хэмжээний тухай” тогтоолын дагуу цахилгаан эрчим хүчний нэгдсэн сүлжээнд холбогдсон, цагийн ялгаварт тарифт тоолууртай өвлийн хүлэмжийн аж ахуйн шөнийн цагт хэрэглэсэн цахилгаан эрчим хүчний тариф болон дэмжих тарифыг жил бүрийн арваннэгдүгээр сарын 01-ний өдрөөс тавдугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд 100 хувиар хөнгөлөлт үзүүлэх шийдвэрлэсэн. Энэ хугацаанд  хугацаанд нийтдээ 51 аж ахуйн  нэгж байгууллагад 100 орчим сая төгрөгийн хөнгөлөлт үзүүлжээ.

Багануур, Тавантолгойн нүүрсний ордуудыг түшиглэн цахилгаан станцууд барина

 -Засгийн газраас төлбөрийг хариуцах шийдвэр гарсны дараа цахилгаан эрчим хүчний хэрэглээ нэмэгдэж эрчим хүчний саатал доголдол гарах эрсдэл үүсэж байсан. Цаашид бид суурилагдсан хүчин чадлаа өргөтгөхийн тулд ямар арга хэмжээ авах вэ? Олон жил яригдаж байгаа Багануурын цахилгаан станц хэзээ ашиглалтад орох вэ?

-Манай улс жилдээ 8.8 тэрбум кВт.ц цахилгаан эрчим хүч хэрэглэдэг бөгөөд үүний 80 хувийг дотоодын эх үүсвэрээс, 20 хувийг импортын цахилгаанаар хангаж байна. Улсын хэмжээгээр нийт есөн дулааны цахилгаан станцаас цахилгаан нийлүүлдэг ч сүлжээний техникийн аюулгүй найдвартай байдлыг хангах нөөц чадалгүйгээр ажиллаж байна. Энэ нь нэг станц доголдоход хэрэглэгчийг цахилгаан эрчим хүчээр хязгаарлах нөхцөл үүсдэг, оргил ачааллын үед импортын цахилгаан эрчим хүчээр дутагдлыг нөхөх зэрэг хүндрэлтэй байдал үүсээд байна. Иймээс эрчим хүчний шинэ эх үүсвэр зайлшгүй шаардлагатай байгаа. Төр засгийн зүгээс цахилгаан эрчим хүчийг дотоодоос бүрэн хангах зорилтыг салбарын бодлогын баримт бичгүүдэд тусгаж ирсний дагуу тодорхой хэмжээнд ахиц дэвшил гаргаж байна.

Тухайлбал, богино хугацаанд хямд өртгөөр цахилгааны эх үүсвэр бий болгох үүднээс Дулааны 4 дүгээр цахилгаан станцыг 89 МВт, Дарханы дулааны цахилгаан станцыг 35 МВт, Эрдэнэтийн дулааны цахилгаан станцыг 35 МВт-аар тус тус өргөтгөж шинэчлэх ажлыг хэрэгжүүлэхийн зэрэгцээ эх үүсвэрийн бүтцийг оновчлох, импортын эрчим хүчээр гадны улсаас хараат байдлыг бууруулах, тохируулгын эх үүсвэр барихаар ажиллаж байна. Мөн Багануурын уурхайг түшиглэн баригдахаар 2014 онд тусгай зөвшөөрөл авсан 700 МВт-ын дулааны цахилгаан станцын нэгж агрегатын хүчин чадлыг бууруулж эхний ээлжинд 200 МВт-ын 2 блок буюу 400 МВт-ын хүчин чадалтай байхаар бууруулан төвийн бүсийн нэгдсэн сүлжээнд нийлүүлэх цахилгаан эрчим хүчний хэмжээг тогтоож, диспетчерийн зохицуулалтаар ачаалал хуваарилах талаар Эрчим хүчний яам, Эрчим хүчний зохицуулах хороо, Төрийн худалдан авах ажиллагааны газрын хамтарсан ажлын хэсэг Концессын гэрээнд орох холбогдох өөрчлөлтүүдийг хөрөнгө оруулагчидтай зөвшилцөөд байна. Энэ хавар ажлаа эхэлж тус станц 2023 оны сүүлээр ашиглалтад орох төлөвлөгөөтэй байгаа.

-Багануурын дулааны цахилгаан станц багагүй хэл ам дагуулж байсан. Энэ станцын гол онцлог нь юу юм бэ?

 - Манайх нүүрсээр баялаг орон. Хямд эрчим хүч үйлдвэрлэхийн тулд уурхайн аман дээр цахилгаан станц байгуулах нь ашигтай. Энэ утгаар нь Багануурт цахилгаан станц барих шийдвэр аль 1985-1986 онд гарсан байдаг. Тиймээс Багануурын цахилгаан станцын төслийг хэрэгжүүлэх бүхий л боломжийг бид судалсан. “Багануурын цахилгаан станц төсөл”-ийг хэрэгжүүлэх (барих-ашиглах-шилжүүлэх) Концессын гэрээг 2014 онд 25 жилийн хугацаатай байгуулсан байдаг. Тус гэрээнд 350 МВт нэгж хүчин чадал бүхий хоёр блоктой, нийт 700 МВт-ын суурилагдсан хүчин чадалтай дулааны цахилгаан станц барихаар тусгасан байсан. Энэ нь эрчим хүчний системийн тогтвортой ажиллагааг алдагдуулах сөрөг үр дагавар үзүүлж байсан учраас нэгж блокийн хүчин чадлыг бууруулж 200 МВт, нийлбэр хүчин чадал нь 400 МВт болж байгаа.  

Багануурын дулааны цахилгаан станц ашиглалтанд орсноор манай улсын төвийн бүс импортын хараат байдлаас гарч, цахилгаан эрчим хүчний  нийт  хэрэглээний 20 гаруй хувийг хангана. Мөн харьцангуй хямд үнээр эрчим хүч худалдан авна. Өнөөдрийн байдлаар 1 кВт цаг цахилгааныг ОХУ-аас  9.3 ам центээр худалдаж авч байгаа. Тэгвэл Багануурын цахилгаан станцын 1 кВт цаг цахилгааны үнийг  импортын цахилгааны үнээс 30 гаруй хувь доогуур буюу 6.36 ам.центээр худалдаж авах боломжтой байгаа юм. Багануурын станц бол орчин үеийн технологитой тул одоо ажиллаж байгаа  бусад станцуудаас гурав дахин цөөн  хүн ажиллана. Гэхдээ л  энд 300 гаруй ажлын байр шинээр бий болж байгаа. Концессын гэрээ дууссаны дараа энэ станцыг Монголын талд үнэ төлбөргүй шилжүүлж өгөх юм.

-Эрчим хүчний салбарын бүтээн байгуулалт харьцангүй удаан явж байна гэсэн шүүмжлэл бий. Энэ юутай холбоотой вэ?

- Эрчим хүчний хэрэглээ жил бүр 5-8 хувиар өсөн нэмэгдэж байна. Цаашид эдийн засаг, томоохон бүтээн байгуулалт, хүн амын өсөлттэй уялдан хэрэглээ нэмэгдэнэ. Тиймээс цахилгаан эрчим хүчний суурилагдсан хүчин чадлаа зайлшгүй нэмэгдүүлэх шаардлага тулгарч байна. Шинээр цахилгаан станц барих гэхээр барьж байгуулах газрыг тогтоохоос эхлээд асар их хөрөнгө оруулалт, цаг хугацаа шаардагддаг.

Дэлхий даяар хүлэмжийн хийг бууруулахад нүүрс ашиглах төслүүдэд хөрөнгө оруулалтыг хязгаарлах чиглэлд олон улсын банк санхүүгийн байгууллагууд нэгдэж байгаа нь их хэмжээний хөрөнгө оруулалтыг татахад хүндрэл учруулж цаг хугацаа алдахад хүргэж байна. Харин ийм нөхцөл байдалд бид маш бага зардлаар, хоёр дахин богино хугацаанд эрчим хүчний суурилагдсан хүчин чадлаа нэмэгдүүлж чадсан. Тухайлбал, Дулааны 4 дүгээр цахилгаан станцын 4 турбин генераторыг шинэчлэх төслийг ОХУ-ын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр санхүүжүүлж хоёрхон жилд багтаан амжилттай хэрэгжүүлж, ашиглалтад орууллаа.

Ингэснээр тус станцын суурилагдсан хүчин чадал 89 МВт-аар нэмэгдэж, турбинуудын ажиллах хугацаа 220.0 мянган цагаар уртсах боломжийг бүрдүүлсэн. Мөн Дорнодын дулааны цахилгаан станцыг 50 МВт-аар өргөтгөх ажлыг эхэлсэн бөгөөд 2022 онд ашиглалтад оруулна. Баруун бүсийн хэрэглэгчдийг эрчим хүчээр хангах Эрдэнэбүрэнгийн 92 МВт-ын усан цахилгаан станцын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажил хийгдэж байна.  Импортын цахилгааны  80 гаруй хувийг буюу 1.4 тэрбум кВт.ц эрчим хүчийг Оюутолгойн үйлдвэр БНХАУ-аас авч байгаа. ОХУ-аас дээд тал нь 245 МВт цахилгаан авах боломжтойгоос Төвийн болон баруун бүсэд жилдээ 312.2 сая кВт.ц цахилгааныг ОХУ-аас импортолж байна.

Бид аль болох цахилгаан эрчим хүчний хэрэгцээгээ дотоодоос хангах бодлого барьж байгаа бөгөөд 2020 онд импортоор авсан цахилгааны хэмжээ төлөвлөснөөс буурсан дүн гарсан. Оюутолгойн үйлдвэрийн хэрэглээг дотоодын эх үүсвэрээс хангаж, импортын эрчим хүчний хараат байдлыг бууруулах зорилтын хүрээнд төрөөс хөрөнгө гарган Тавантолгойн нүүрсний ордыг түшиглэн 450 МВт-ын суурилагдсан чадалтай цахилгаан станц барих тусгай зөвшөөрлийг олгосноор 2024 онд станцын эхний ээлжийг ашиглалтанд оруулах зорилт тавин ажиллаж байна. Энэ станц ашиглалтад орсноор жил бүр Оюутолгой ХХК-иас БНХАУ-д төлж байгаа цахилгаан эрчим хүчний төлбөр болох  135.6 сая ам.доллар Монгол улсад үлдэх болно.

Айл өрхүүд  1 кВт.ц цахилгаан эрчим хүчийг 16-58 хувийн хөнгөлөлттэй үнээр худалдан авч хэрэглэж байна

- Өнгөрсөн онд хэрэглэгчийн эрчим хүчний үнэ тарифыг өөрчлөөгүй. Үүнээс шалтгаалан салбарын алдагдал хэр байгаа вэ?

-Эрчим хүчний салбарт дотоод нөөц бололцоогоо ашиглах, цахилгаан, дулааны эрчим хүчний өртөг зардлыг бууруулах зэрэг арга хэмжээнүүдийг авч байгаа хэдий ч 2020 онд  цахилгаан, дулааны тарифыг индексжүүлээгүй учраас нүүрсний үнэ, нүүрсний тээврийн зардал, гадаад валютын ханшийн өсөлт, хэрэглэгчийн үнийн индекс, үйлдвэрлэгчийн үнийн индекс, үйлдвэрийн ус, ашиглалтын цахилгаан, дулаан, ОХУ-аас худалдаж авах импортын цахилгааны үнийн өсөлт зэрэг хүчин зүйлүүдээс хамааран эрчим хүчний үйлдвэр компаниудын үйл ажиллагааны зардал өсөх бодит нөхцөл үүсээд байна.  Эрчим хүчний салбарын хэмжээнд 2020 онд татварын дараах дүнгээр 92.0 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан байна.

 -Эрчим хүчний үнэ тариф бодит өртөгтөө хүрдэггүй тухай салбарынхан байнга гомдол мэдүүлдэг. Гэтэл их хэмжээний хөнгөлөлт үзүүлж байна. Энэ нь салбарын үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлдөг үү?

- Өнөөгийн байдлаар 1 кВт.ц цахилгааны өртөг 183.65 төгрөг байхад энгийн тоолууртай айл өрхөд борлуулах цахилгааны нийт тариф НӨАТ-гүй дүнгээр 150 кВт.ц хүртэлх хэрэглээнд 134.28 төг/кВт.ц, 151 кВт.ц-аас дээших хэрэглээнд 154.08 төг/кВт.ц байгаа бөгөөд нэгжийн өртгөөс 19-37 хувиар доогуур, мөн цагийн ялгаварт тарифт тоолууртай өрийн цахилгааны тариф өдрийн хэрэглээнд 140.18 төг/кВт.ц, шөнийн хэрэглээнд 112.98 төг/кВт.ц буюу бодит өртгөөс 31-63 хувиар доогуур түвшинд байна. Ахуйн хэрэглэгчдэд дээрх байдлаар бодит өртгөөс доогуур үнээр цахилгаан эрчим хүч борлуулснаар  2020 онд Улсын хэмжээнд нийт дүнгээр 80.8 тэрбум төгрөгийн хөнгөлөлт үзүүлсэн байна. Айл өрхөд борлуулах цахилгааныг хөнгөлөлттэй үнээр борлуулж байгаагаас нэг өрхөд сард дунджаар НӨАТ-тай дүнгээр 8220 төгрөгийн хөнгөлөлт үзүүлж байна.

Манай улсын цахилгааны үнийг гадаад орнуудын үнэтэй харьцуулахад хоёр хөрш болон ОХУ, БНХАУ-ын цахилгаан үнээс хоёр дахин бусад хөгжилтэй орнуудаас 4-5 дахин хямд байгаа. Айл өрхийн нэг сарын эрчим хүчний төлбөр нь тухайн өрхийн нийт зардалд эзлэх хувийн жин 5.8 хувь байгаа ба гар утас, интернетийн төлбөрөөс 30 орчим хувиар бага байна. Үндэсний статистикийн хорооноос гаргасан судалгаанаас үзэхэд дөрвөн ам бүлтэй өрх сард дунджаар 220 кВт.ц цахилгаан хэрэглэж НӨАТ туссан дүнгээр 36220 төгрөгийн төлбөр төлдөг. Өөрөөр хэлбэл нэг айл өдөрт 1207 төгрөг, тухайн өрхийн нэг хүн өдөрт 301 төгрөгийг цахилгаанд зарцуулдаг байхад ганц удаа зорчих автобусны билетийн үнэ 500 төгрөг, 1 хүний гар утасны өдрийн төлбөр 820 төгрөг байна. Мөн нэг хүний дулааны өдрийн төлбөр 346 төгрөг байхад нэг шуудай модны үнэ хэмжээнээс хамаарч 3000-5000 төгрөг, нэг шуудай түлшний үнэ 3750, 75 хувийн хөнгөлөлттэй үнээр бодоход 937 төгрөг байна. Эдгээр харьцуулалтуудаас харахад манай улсын хэрэглэгчдэд борлуулах цахилгаан, дулааны үнэ тариф бага түвшинд байгаа.

-Гэхдээ л хэрэглэгчид төлбөр их гарлаа, эрчим хүчний үнэ өртөг өндөр байна гэж байнга гомдол гаргадаг шүү дээ?

-Статистикийн үндэсний хорооны судалгааны дагуу Улсын хэмжээнд 680 мянган ахуйн хэрэглэгчийн нэг сарын цахилгааны хэрэглээ дунджаар 220 кВт.ц, төлбөр нь 36220 төгрөг (НӨАТ-тай) байгаа. Энэ тоог сарын 30 хоногт хуваагаад үзэх юм бол нэг айл өдөрт 1207 төгрөгөөр л бүх хэрэглээгээ хангаж байна гэсэн үг л дээ. Монголд цахилгаан, дулааны үнэ харьцангуй хямд байгаа. Хөрш зэргэлдээ ОХУ, БНХАУ-ын цахилгаан үнээс хоёр дахин бусад хөгжилтэй орнуудаас 4-5 дахин хямд байна.  Айл өрхийн  нэг сарын эрчим хүчний төлбөр нь тухайн өрхийн нийт зардалд эзлэх хувийн жин 5.8 хувь байгаа ба гар утас, интернетийн төлбөрөөс 30 орчим хувиар бага байна. Монголчууд бид гар утас, интернетийнхээ төлбөрт цахилгаан эрчим хүчнээсээ бага төлбөр төлдөг ард түмэн шүү дээ. Үүнийг хэрэглэгчид маань сайн ойлгож, эрчим хүчний хэмнэлттэй зөв хэрэглээнд дадах шаардлагатай байгаа.

-Эрчим хүч хэмнэлтийн тухай хууль хэрэгжиж эхлээд багагүй хугацаа өнгөрч байгаа. Энэ хууль хэр үр дүнгээ өгч байгаа вэ?

-Монгол Улс өөрсдөө эрчим хүч үйлдвэрлэж байгаа ч гаднаас өндөр үнээр эрчим хүч худалдаж авдаг улс. Жилээс жилд өсөн, нэмэгдэж байгаа эрчим хүчний хэрэглээгээ дотооддоо үйлдвэрлэхийн тулд бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлуудыг шат дараатай хийж байна. Гэхдээ эрчим хүчний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ үйлдвэрлэсэн эрчим хүчээ хэмнэж, дотоод нөөц бололцоогоо ашиглах зайлшгүй шаардлага тулгарсан он жилүүд үргэлжилж байна. Тиймээс ч Эрчим хүч хэмнэлтийн тухай хуультай болох талаар олон жилийн өмнөөс ярьж, тооцоо судалгаа хийж, хуулийн төсөл боловсруулж ажилласны үр дүнд 2015 онд УИХ-аар Эрчим хүч хэмнэлтийн тухай хууль батлагдсан. Эрчим хүчний зохицуулах хороо энэ хуулийг хэрэгжүүлэн ажиллаж байна. Бидний хувьд энэхүү хуулийн хүрээнд эрчим хүчийг хэмнэх, эрчим хүчний үйлдвэрлэл, дамжуулалт, түгээлт, хэрэглээний бүхий л түвшинд үр ашгийг дээшлүүлэх, хууль, эрх зүй, зохицуулалтын орчныг боловсронгуй болгох, норм стандартуудыг боловсруулж батлуулах, төрийн байгууллагууд хоорондын зохицуулалт, мэдээллийн урсгалыг сайжруулах, бодлого, үйл ажиллагааны уялдааг хангах, санхүүжилт, хөрөнгө оруулалт, урамшууллын механизмыг бүрдүүлэх чиглэлд гол анхаарлаа хандуулан ажиллаж байна.

Өнгөрсөн хугацаанд эрчим хүч хэмнэх үүрэг хүлээсэн хэрэглэгчдийг тодорхойлж бүртгэх, тэдгээрт ажиллах эрчим хүч хэмнэлтийн менежерүүдийг бэлтгэх, эрчим хүчний аудитор, аудитын байгууллага, Эско байгууллагуудыг хөгжүүлэн эрчим хүчний хэмнэлтийн чиглэлээр хамтран ажилладаг төр, хувийн хэвшил, олон улсын байгууллагын хамтын ажиллагаанд ахиц гарч тодорхой дүнгүүд гарч байна. Эрчим хүч хэмнэлтийн тухай хуулийн дагуу Засгийн газраас  Эрчим хүч хэмнэх үндэсний хөтөлбөрийг баталсан. Үндэсний хөтөлбөр нь 2018-2022 онд хэрэгжих бөгөөд 2020 оны байдлаар хөтөлбөрийн хэрэгжилт 85,3 хувьтай үнэлэгдэж тайланг Засгийн газарт хүргүүлээд байна. 2020 онд хэдийгээр цар тахалтай хүнд хэцүү цаг үе тохиосон хэдий ч Эрчим хүчний салбарын нийт 34 байгууллагын Үүрэг хүлээсэн хэрэглэгчийн эрчим хүч хэмнэлтийн чиглэлээр хийсэн ажлыг нэгтгэн дүгнэхэд хэмнэлтийн чиглэлээр 400 гаруй үйл ажиллагааг хэрэгжүүлж, 49.1 сая кВт.ц цахилгаан эрчим хүч, 44.6 мян.Гкал дулааны эрчим хүч буюу мөнгөн дүнгээр илэрхийлбэл 4.9 тэрбум төгрөгтэй дүйцэх хэмжээний хэмнэлт гарган ажилласан нь чамгүй амжилт гэж дүгнэж болохоор байна. Монгол улс 2019 онд Парисын хэлэлцээрийг хэрэгжүүлэх Үндэсний зорилтыг шинэчлэн тодорхойлж 2030 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлаа 22.7 хувиар бууруулах үүрэг амлалт авсан.

Энэхүү зорилтыг хангахад Эрчим хүч хэмнэлтийн тухай хууль, Эрчим хүч хэмнэх үндэсний хөтөлбөрийн үр дүн чухал нөлөө үзүүлэх юм. Монгол улсад эрчим хүч хэмнэх бодлого, хууль эрх зүйн цогц байдлаар бүрдсэн тул цаашид тогтвортой, нэгдсэн бодлогоор зөв хэрэгжүүлбэл уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, тогтвортой хөгжлийн төлөө дэлхий нийтийн хөгжлийн чиг хандлагатай хамт урагшлах боломж бидэнд байна.

-Хуулийн дагуу Эрчим хүчний зохицуулах хороо хэрэглэгчийн эрх ашгийг мөн хамгаалах үүрэгтэй. Сүүлийн үед хэрэглэгчийн гомдол нэмэгдэж байгаа гэсэн мэдээлэл бий. Өнгөрсөн онд танайд хичнээн хэрэглэгч хандсан бэ?

- Эрчим хүчний тухай хуульд заасны дагуу тусгай зөвшөөрөл эзэмшигч компани, байгууллагуудын хооронд болон тусгай зөвшөөрөл эзэмшигч компани, хэрэглэгчийн хооронд үүссэн маргааныг харьяаллын дагуу шийдвэрлэдэг байгууллага нь Эрчим хүчний зохицуулах хороо байгаа юм. Өнгөрсөн 2020 онд манайд  албан бичгээр нийт 4614 хэрэглэгчийг хамаарсан 278 өргөдөл гомдол ирсэн байна. Мөн үүнээс гадна хэрэглэгчдийн гомдол маргааныг утсаар болон цахимаар,  Засгийн газрын 11-11 төв, биечлэн гэх мэт хэд хэдэн сувгуудаар хүлээн авч шийдвэрлэн заавар зөвлөгөө өгч ажиллаж байна.

Эдгээр гомдол маргаануудыг авч үзэхэд айл өрхийн хэрэглээг ААН-ийн тарифаар тооцсон, дэд станц, шугам тоноглолыг тусгай зөвшөөрөл эзэмшигч мэргэжлийн байгууллагад хүлээлгэж өгөхгүй байх, эрчим хүчний хэрэглээний өр төлбөрийн маргаанууд, СӨХ болон эрчим хүчний үйлдвэр компаниуд хоорондын дундын өмчлөлийн халаалтын өр төлбөрийн маргаан гэх мэт асуудлуудаар хандсан байна. Өнгөрсөн онд хэрэглэгчийн өргөдөл, гомдлыг шийдвэрлэх явцад 60.8 сая төгрөгийн төлбөрийг хэрэглэгчдэд буцаан олгуулж, 530.7 сая төгрөгийн төлбөрийн төлөлтийг шийдвэрлэж ажилласан. Хороо нь хэрэглэгчийн тухайн оны өргөдөл гомдолд дүн шинжилгээ хийж, нийтийг хамарсан зайлшгүй шийдвэрлэх шаардлагатай асуудлуудыг дэвшүүлэн дараа оны ажлын төлөвлөгөөнд тусгаж, үе шаттай арга хэмжээнүүдийг авдаг бөгөөд тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагад хэрэглэгчийн эрх ашгийг хэрхэн хамгаалж ажилласан талаарх хэрэгжилтийг тусган жил бүр дүгнэн ажиллаж байна.

-Сүүлийн жилүүдэд хэрэглэгчдийн гомдол хэр их нэмэгдсэн бэ?

-Сүүлийн хоёр жил албан бичгээр хандсан өргөдөл гомдлын хувьд авч үзвэл   2019 онд 235,  2020 онд 278 удаа хандаж асуудлаа  шийдвэрлүүлсэн байна. Ер нь сүүлийн үед эрчим хүчний хэрэглэгчийн тоо нэмэгдэж байгаатай холбогдуулан гомдол маргаан өсөх хандлагатай байна.  Тийм учраас жил бүр хорооны зүгээс орон сууцны ашиглалтын үйл ажиллагаа явуулж байгаа дулаан түгээх, хангах компаниудын албан хаагчдыг чадваржуулах  сургалт болон  “Дулаан орчин-Хэрэглэгчийн ая тух” сэдэвт аяныг зохион байгуулж хэрэглэгчийг ая тухтай дулаан өвөлжүүлэх талаар анхаарч ажиллахын зэрэгцээ түгээх, хангах компаниудын  хууль, дүрэм, журмын хэрэгжилтийн явцад шалгалт хийн хангагч, хэрэглэгчийн эрх ашгийг тэнцвэртэй хамгаалах зорилгоор олон ажил хийж байна. Мөн хэрэглэгчид маань мэдээлэл дутуугаасаа болж гомдол маргаан гаргах тохиолдолууд ч байна.  Хэрэглэгчдэд зориулж www.info.erc.mn цахим хаягаар дамжуулан  эрчим хүчний чиглэлээр шаардлагатай мэдээ мэдээллээр ханган ажиллаж байна.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Хэн юу хэлэв...

Г.Дамдинням: Үүргээ биелүүлэхгүй байгаа шатахуун импортлогчдын тусгай зөвшөөрлийг цуцална

Огноо:

,

Шатахууны хангамж, нийлүүлэлтийг тогтворжуулах Шуурхай штабын шийдвэрийг хэрэгжүүлэхгүй, шатахуун түгээлтэд хязгаарлалт тогтоож буй аж ахуйн нэгжүүдэд торгууль ногдуулж, шаардлагатай тохиолдолд тусгай зөвшөөрлийг нь цуцлах хүртэл арга хэмжээ авна гэж Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням мэдэгдлээ.

Сүүлийн өдрүүдэд Улаанбаатар хотод АИ-92 автобензиний нийлүүлэлт нэмэгдэж байгаа ч зарим шатахуун түгээх станц 24 цагаар ажиллахгүй, боломжтой бүх түгээгүүрээр үйлчлэхгүй, зөвхөн талон болон гэрээт байгууллагад шатахуун олгох зэргээр борлуулалтад хязгаарлалт хийж байгаа асуудал гарчээ.

Наймдугаар сарын 14-нөөс хойш нийслэлд хоногт 2000-3000 тонн АИ-92 автобензин буулгаж байгаа бөгөөд нийлүүлэлтийг хэвийн болгохын тулд импортлогч компаниуд болон шатахуун түгээх станцууд түгээлтээ нэмэгдүүлэх шаардлагатай байгааг Шуурхай штабаас анхааруулсан байна.

Иймд шатахуун түгээх станцуудыг 24 цагаар ажиллуулах, боломжтой бүх түгээгүүрээр иргэдэд үйлчлэх, талон болон гэрээт байгууллага гэсэн шалтгаанаар жижиглэнгийн борлуулалтыг дур мэдэн хязгаарлахгүй байх чиглэл өгчээ.

Шуурхай штабын өгсөн үүргийг хэрэгжүүлээгүй аж ахуйн нэгжүүдэд эхний ээлжид холбогдох хууль, журмын дагуу торгууль ногдуулж, зөрчил үргэлжилсэн тохиолдолд тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авахыг холбогдох албаныханд үүрэг болгосон байна.

Г.Дамдинням шатахууны нийлүүлэлтийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ ирсэн бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд саадгүй хүргэх нь импортлогч, борлуулагч аж ахуйн нэгжүүдийн хүлээсэн үүрэг гэдгийг онцолжээ.

 
 
 
Дэлгэрэнгүй унших

Хэн юу хэлэв...

COP17-ийн үеэр зарим замаар аюултай ачаа тээвэрлэлтийг хязгаарлана

Огноо:

,

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал буюу COP17 арга хэмжээ энэ сарын 17-28-ны өдрүүдэд болно. Энэ үеэр аюултай ачаа тээвэрлэлтийн талаар Ачаа тээврийн төлөвлөлт, логистик хариуцсан, ахлах мэргэжилтэн Ц.Бямбасүрэн мэдээлэл өглөө.

Уг арга хэмжээ Улаанбаатар хотод зохион байгуулагдах гэж байгаатай холбоотой Нийслэлийн Засаг даргын А/1067 дугаар захирамжаар бэлтгэл ажлын төлөвлөгөөг баталсан. Энэхүү төлөвлөгөөнд хэд хэдэн байршил зорчих хөдөлгөөнийг хязгаарласан.

Үүнд:

Нарны зам Өгөөмөр захын зүүн урд уулзвараас Нарантуул ОУХТөвийн баруун урд уулзвар, Нарантуул ОУХТөвийн баруун урд уулзвараас Дүнжингарав худалдааны төвийн баруун урд уулзвар, Дүнжингаравын гудамж Дүнжингарав худалдааны төвийн баруун урд уулзвараас Зүүн жанжингийн уулзвар хүртэлх авто замын зорчих хэсгийн хөдөлгөөнийг 07:00–21:00 цаг хүртэл хязгаарлана.

Уулзалтад оролцож байгаа зочид төлөөлөгчдийн аюулгүй байдлыг хангах үүднээс хүний амь нас, эргүүл мэндэд хор хохирол учруулж болзошгүй аюултай ачаа тээвэрлэж байгаа тээврийн хэрэгслийг наймдугаар сарын 15-ны өдрөөс хориглосон замуудаар 24 цагаар хөдөлгөөнд оролцуулахгүй тул бусад зам талбайг сонгон зорчихыг зөвлөж байна.

COP17 олон улсын хуралд оролцогсдын аюулгүй байдлыг хангах үүднээс аюултай ачаа тээвэрлэгч 19 аж ахуйн нэгжид мэдээлэл хүргүүлж хамтран ажиллаж байна.

Дэлгэрэнгүй унших

Хэн юу хэлэв...

Багахангай–Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн төмөр замд есдүгээр сард туршилтын галт тэрэг явуулна

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал өнөөдөр стратегийн ач холбогдолтой Багахангай–Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн 127.1 км төмөр замын бүтээн байгуулалтын явцтай танилцаж, холбогдох албаныханд үүрэг даалгавар өглөө.

Өнөөдрийн байдлаар төслийн эхний 87.2 км-ийн үндсэн бүтээн байгуулалт дууссан бөгөөд Шувуун фабрик, Туул гол, Эмээлтийн чиглэлд далан, гүүр, хоолой болон төмөр замын дээд бүтцийн ажил үргэлжилж байна.

Төслийн хүрээнд Туул гол дээгүүр 476 метр урт төмөр замын гүүр барьж байгаа нь Монголын хамгийн урт төмөр замын гүүр болох аж. Бүтээн байгуулалтад үндэсний 95 аж ахуйн нэгж, 4000 гаруй монгол инженер, техникийн ажилтан, ажилчин оролцож байгаа бөгөөд төмөр зам ашиглалтад орсны дараа 1000 орчим байнгын ажлын байр шинээр бий болно гэж тооцжээ.

Шинэ төмөр замыг Богд уулын урдуур чиглүүлж, нийслэлийн төвөөр нэвтрэх шаардлагатай шатахуун, тэсэрч дэлбэрэх болон химийн аюултай ачаа, мөн станцуудын нүүрсийг хотоос гадуур тээвэрлэхээр төлөвлөсөн байна.

Төслийн эхний шатанд жилд 3.5 сая тонн, цаашид 20 сая тонн хүртэлх ачааг Улаанбаатар хотын төвөөр нэвтрүүлэхгүй тээвэрлэх боломж бүрдэх аж. Ингэснээр өдөрт 316-1800 том оврын автомашиныг нийслэлийн замын хөдөлгөөнөөс гаргах тооцоо гарчээ.

Мөн төмөр замын гармуудаар галт тэрэг нэвтрүүлэхийн тулд авто замын хөдөлгөөнийг хоногт дунджаар хоёр цаг хаадаг хугацааг 90 хүртэл хувиар бууруулах боломжтой гэж үзэж байна. Үүний зэрэгцээ хүнд даацын тээврийн хэрэгслийн хөдөлгөөн багассанаар нийслэлийн замын ачаалал, агаар орчны бохирдлыг бууруулахад тодорхой нөлөө үзүүлэхээр тооцжээ.

Ерөнхий сайд Н.Учрал шинэ төмөр замыг зөвхөн тээврийн дэд бүтэц бус, нийслэлийн аюултай ачаа тээврийг хотын төвөөс гаргах чухал шийдэл гэж онцлов. Тэрбээр 2024 онд газ тээвэрлэж явсан автомашин дэлбэрсэн ослыг дурдан, цаашид шатахуун, тэсэрч дэлбэрэх болон химийн аюултай ачааг энэхүү төмөр замаар нийслэлийн гадуур тээвэрлэх боломж бүрдэнэ гэдгийг тэмдэглэжээ.

Төслийн нийт хөрөнгө оруулалт 1.2 их наяд төгрөг бөгөөд урт хугацаанд 294.8 тэрбум төгрөгийн татвар төвлөрүүлж, 1.3 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллана гэсэн тооцоо гарсан байна.

Шинэ төмөр зам ашиглалтад орсноор Хөшигийн хөндий зөвхөн нисэх буудлын бүс бус, Монгол Улсын тээвэр, логистикийн шинэ зангилаа болон хөгжих нөхцөл бүрдэхээр байна. Мөн Зуунмод, Хүннү хот зэрэг дагуул хотын хөгжлийг дэмжиж, Улаанбаатар хотын хүн амын төвлөрлийг сааруулах суурь дэд бүтцийн нэг болно гэж Засгийн газар үзэж байгаа юм.

Төслийн цаашдын санхүүжилтийг шийдвэрлэх хүрээнд Олон улсын санхүүгийн корпорац болон Монгол Улсын Хөгжлийн банктай хамтран ажиллахаар төлөвлөжээ.

Ерөнхий сайд төмөр замын бүтээн байгуулалтыг товлосон хугацаанд дуусгах хүрээнд төмөр замын зурваст давхцаж буй газар, цахилгаан дамжуулах болон түгээх шугам, дэд станцыг нүүлгэн шилжүүлэх ажлыг шуурхай зохион байгуулах үүрэг өгсөн байна.

Мөн бүтээн байгуулалтын ажлыг чанарын шаардлагад нийцүүлэн гүйцэтгэж, 2026 оны есдүгээр сард туршилтын галт тэрэгний хөдөлгөөн эхлүүлэх, Хөшигийн хөндийд тээвэр, логистикийн төв байгуулах ажлыг эрчимжүүлэхийг холбогдох албаныханд даалгалаа.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Үйл явдал17 цаг 34 минут

Газрын тос боловсруулах үйлдвэрийг үйлдвэрлэл, технологийн паркийн х...

Үйл явдал17 цаг 38 минут

Өгөгдлийг эдийн засгийн эргэлтэд оруулж, шинэ эдийн засгийг бий болг...

Үйл явдал17 цаг 41 минут

Уул уурхайн хяналтад хиймэл оюун, дрон, зайнаас тандан судлалыг хосл...

Үйл явдал17 цаг 44 минут

Н.Номтойбаяр: Орон нутгийн бүх асуудлыг улсын төсвөөр шийдүүлдэг арг...

Үйл явдал17 цаг 47 минут

“Хотын дарга сонсож байна” 150150 дугаарт тав хоногт 1634 иргэн ...

Үйл явдал19 цаг 16 минут

Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан

Үйл явдал2026/08/19

ЦУОШГ: Ихэнх нутгаар их бороо орох тул үерийн аюулаас сэрэмжтэй байх...

Үйл явдал2026/08/19

COP17-д хоол, хүнсний үйлчилгээ үзүүлж буй 30 байгууллагад зөвлөн ту...

Дэлхий нийтээр..2026/08/19

Кушнер: Газын зурвасыг цэрэггүйжүүлэх үйл явц 30 хоногийн дотор эхэл...

Дэлхий нийтээр..2026/08/19

Иран АНУ-ын цэргийг Ормузын хоолой, Персийн буланд нэвтрүүлэхгүй гэв...

Үйл явдал2026/08/19

ОБЕГ НҮБ-Хабитаттай хот суурин газрын гамшгийн эрсдэлийг бууруулах ч...

Үйл явдал2026/08/19

Нийслэл COP17-ын Ногоон бүсэд хотын хөгжлийн төслүүдээ танилцуулж ба...

Үйл явдал2026/08/19

Монгол Улс шүлхийн вакцины хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр БНХАУ-т...

Үйл явдал2026/08/19

Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан

Үйл явдал2026/08/18

“Интермед” эмнэлэгт тэсрэх бөмбөг байрлуулсан гэх мэдээлэл ирж, ...

Хэн юу хэлэв...2026/08/18

Г.Дамдинням: Үүргээ биелүүлэхгүй байгаа шатахуун импортлогчдын тусга...

Үйл явдал2026/08/18

Монгол Улс ус, намгархаг газрын хамгааллыг цөлжилттэй тэмцэх бодлого...

Үйл явдал2026/08/18

COP17: Гэр хорооллын 10 мянга гаруй өрхийг цэвэр халаалтын шийдэлд ш...

Үйл явдал2026/08/18

Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан

Үйл явдал2026/08/18

COP17-ын Ногоон бүс олон нийтэд нээлттэй ажиллана

Үйл явдал2026/08/14

Туул гол дээгүүрх 476 метр төмөр замын гүүрийн угсралт үргэлжилж бай...

Хэн юу хэлэв...2026/08/14

COP17-ийн үеэр зарим замаар аюултай ачаа тээвэрлэлтийг хязгаарлана

Үйл явдал2026/08/14

“Туул усан цогцолбор” төслийг хэрэгжүүлснээр жилд 50-100 сая м.к...

Үйл явдал2026/08/14

АҮЭБЯ: Шатахууны түгээлт ирэх даваа гарагаас хэвийн болно

Дэлхий нийтээр..2026/08/14

Путин гадаадад гарч, ял шийтгэлээс зайлсхийсэн иргэдийн хөрөнгийг би...

Дэлхий нийтээр..2026/08/14

Өмнөд Солонгост Хятадын хоёр иргэнийг тагнуулын хэрэгт сэжиглэн бари...

Дэлхий нийтээр..2026/08/14

Дэлхийн хүн дүрст роботын спортын наадамд 2056 робот өрсөлдөнө

Үйл явдал2026/08/14

“Шатахуун зарна” гэх хуурамч зараар иргэдийг залилж байгааг анха...

Хэн юу хэлэв...2026/08/14

Багахангай–Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн төмөр замд есдүгээр ...

Үйл явдал2026/08/14

Улаанбаатарт өдөртөө 21 хэм дулаан

Санал болгох