Дэлхий нийтээр..
Үйлчилгээний байгууллагын ажиллах цагийн хязгаарыг 07:00-19:00 цагаар тогтоов
Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацааг сунгасантай холбоотойгоор Засгийн газрын тогтоол, УОК-ын даргын тушаал, УОК-ын тэмдэглэлийг үндэслэн Нийслэлийн Засаг дарга захирамж гаргалаа.
Захирамжаар нийслэлийн хэмжээнд дархлаажуулалтын үйл ажиллагааг эрчимжүүлж, дүүрэг, хороо тус бүрээр иргэдийн бүртгэл, хуваарь, тээвэрлэлтийн маршрутыг нарийвчлан гаргаж, мэдээллээр ханган зохион байгуулалтын арга хэмжээ авч, халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлж ажиллахыг үүрэг болголоо. Мөн гэрээр тусгаарлалт, ажиглалтад байгаа иргэдийн цахим хяналтыг сайжруулах, эрүүл мэндийн зөвлөмж, зөвлөгөө өгч, эмнэлгийн тусламж, үйлчилгээг цаг алдалгүй хүргэж ажиллах юм. Түүнчлэн нийтийн эзэмшлийн болон гэр хорооллын гудамж, зам талбай, аж ахуйн нэгж, байгууллагын барилга байгууламж, өрөө тасалгаа, орон сууцны орц, хонгил, цонх, цахилгаан шат, нийтийн тээврийн хэрэгслийн хаалга, суудал, бариул, хүүхдийн тоглоомын талбай зэрэг халдвар тархах эрсдэлтэй орчны халдваргүйжүүлэлтийг эрчимжүүлэхийг даалгалаа.
Хязгаарлалт тогтоохгүй худалдаа, үйлчилгээний байгууллагын үйл ажиллагаа явуулах цагийн хязгаарыг 07:00-19:00 цаг хүртэлх хугацаагаар тогтоов. Хязгаарлалт тогтоохгүй үйл ажиллагаа явуулах төрийн байгууллага, хүн, хуулийн этгээдийн автомашиныг Улсын Онцгой комиссын даргын 2021 оны 37 дугаар тушаалаар батлагдсан “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зохицуулах түр журам”-ын хүрээнд замын хөдөлгөөнд оролцуулна. Өөрөөр хэлбэл, хувь хүн, хуулийн этгээдийн автомашиныг QR кодоор зорчуулах ажлыг УОК хариуцаж байгаа юм.
Нийтийн тээврийн үйлчилгээний цагийн хуваарийг тусгай горимд шилжүүлж, өглөө 07:00-10:00, орой 17:00-20:00 цагийн хооронд хязгаарлалт тогтоохгүй төрийн байгууллага, хуулийн этгээдийн ажилтан, албан хаагч, иргэдийг халдвар хамгааллын дэглэм мөрдүүлэн, зорчуулна. Нийтийн тээврийн үйлчилгээний ачааллыг бууруулж, халдвар хамгааллын дэглэмийг сахиулах зорилгоор эрчим хүч, дулаан, усан хангамж, орон сууц, хүнсний үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын ажилтан, албан хаагчдыг тогтоосон цагийн хязгаарын хүрээнд тусгай үйлчилгээний автобусаар зорчиход дэмжлэг үзүүлэхээр боллоо.
Нийслэлээс орон нутагт зорчих хөдөлгөөнийг зөвхөн хүндэтгэн үзэх шалтгаан (эрүүл мэнд, буяны ажил)-тай болон орон нутагтаа буцаж байгаа иргэд, зайлшгүй шаардлагатай ачаа тээвэрлэгчид (хүнс, шатахуун, өвс, тэжээл, эм, эмнэлгийн хэрэгсэл, уул уурхай, газар тариалан, зам, барилга бүтээн байгуулалт)-ийг ПСР шинжилгээний 72 цагийн сөрөг хариу, тухайн аймгийн Онцгой комиссын шийдвэрийг үндэслэн гаргах, маршрутын бус замын хөдөлгөөнд хатуу хяналт тавьж ажиллах юм.
Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаанд согтууруулах ундаа худалдах тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээдэд спиртийн өндөр агууламж (18 хувиас дээш) бүхий согтууруулах ундаа худалдахыг хориглолоо.
Дэлхий нийтээр..
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Холбооны Канцлер Фридрих Мерц бараалхлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд ХБНГУ-ын Холбооны Канцлер Фридрих Мерц бараалхлаа.
Уулзалтын үеэр талууд Монгол, Германы “Стратегийн түншлэл”-ийг өргөжүүлэн бэхжүүлэх, хоёр улсын төрийн тэргүүний харилцан хэрэгжүүлсэн төрийн айлчлалаар тохирсон хамтын ажиллагааны асуудлуудыг бодитоор хэрэгжүүлэх, шинэ боломжийг эрэлхийлэх талаар санал солилцлоо.
Мөн 2011 онд байгуулсан “Ашигт малтмал, аж үйлдвэр болон технологийн салбарт хамтран ажиллах тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн хэрэгжилтийг хангаж, хоёр орны харилцааны бэлгэ тэмдэг болохуйц хөрөнгө оруулалтын томоохон төслийг хэрэгжүүлэх талаар ярилцав.
Айлчлалын хүрээнд зохион байгуулагдаж буй Монгол-Германы бизнес форумд 250 орчим аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцож байгаа нь хоёр талын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх өргөн боломж, бизнесийн сонирхол байгааг илтгэж байгааг талууд онцоллоо.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоёр улсын хөгжлийн хамтын ажиллагаа идэвхтэй өрнөж буйд сэтгэл хангалуун байгаа илэрхийлж, цаашид хиймэл оюун, кибер аюулгүй байдал, цахим засаглалын чиглэлээр хамтран ажиллах сонирхлоо илэрхийлэв.
Монгол Улсын нар, салхины арвин нөөцөд түшиглэсэн сэргээгдэх эрчим хүч, эрчим хүчний хуримтлуурын системд Германы компаниудын технологи, хөрөнгө оруулалтыг татах боломжтойг дурдлаа.
Түүнчлэн хоёр улсын харилцааны бат бэх гүүр болсон иргэд хоорондын харилцаа, хэлхээ холбоог дэмжих, тэтгэвэр, нийгмийн хамгааллын хэлэлцээр байгуулах асуудлаар хамтарч ажиллахаар тохирлоо.
Дэлхий нийтээр..
Европын хэд хэдэн улсад Палестиныг дэмжсэн жагсаал боллоо
Жагсагчид Их Британийг Израильд зэвсэг нийлүүлэхээ зогсоохыг шаардсан, Палестиныг чөлөөлөхийг уриалсан, Газын зурвас дахь цэргийн ажиллагааг зогсоохыг шаардсан олон төрлийн уриа лоозон барьсан юм. Мөн олон жагсагч эгнэн зогсож, Газын зурвас дахь мөргөлдөөний үеэр амь үрэгдсэн хүмүүсийн нэрсийг цээжиндээ зүүсэн юм. Тэд ийм аргаар дайны харгис хэрцгий байдлыг олон нийтэд илүү тодорхой ойлгуулахыг зорьж байна.
Дэлхий нийтээр..
Балбын үер, нурангийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрчээ
Балбын хойд хэсэгт өнгөрсөн сард болсон гамшгийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрснийг тус улсын цагдаагийн байгууллага мэдээлжээ. Есдүгээр сарын 20-ны 17:00 цагийн байдлаар аврах, эрэн хайх ажиллагаа үргэлжилж, 6000 орчим хүн сураггүй хэвээр байна.
Гамшиг наймдугаар сарын 26-нд Балба, Хятадын Төвөдийн хил орчмын өндөр уулын бүсэд мөсөн гол, хад чулуулгийн их хэмжээний нуранги үүссэнээс эхэлжээ. Нурангиас үүссэн лаг шавар, мөс, чулуулгийн урсгал Бхоте Коши болон Тришули голын сав дагуу бараг 100 км үргэлжилж, суурин газар, зам, гүүр, усан цахилгаан станцуудыг сүйтгэсэн байна.
АНУ-ын Геологийн албаны урьдчилсан дүгнэлтээр энэ үйл явдал нь ердийн газар хөдлөлт бус, мөсөн гол оролцсон уулын хажуугийн асар их нуралтаас эхэлсэн бөгөөд үүний дараа хүчтэй үер, хурдас чулуулгийн урсгал үүсчээ.
Олон мянган хүн сураггүй хэвээр байгаа тул эрэн хайх, цогцос таних ажиллагаа үргэлжилж байна. Эрх баригчид танигдаагүй цогцоснуудын ДНХ-ийн дээжийг авч, ар гэрийнхний сорьцтой тулган тогтоох ажлыг явуулж байгаа юм.
-
Хэн юу хэлэв...2019/06/25
Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын удирдлагуудад үүрэг өглөө
-
Үйл явдал2020/07/02
Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна!
-
Үйл явдал2025/08/07
Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан
-
Дэлхий нийтээр..2021/01/29
Авлигатай тэмцэх хүчирхэг шинэ агентлаг Өмнөд Солонгост удахгүй нээгдэнэ
