Дэлхий нийтээр..
“Ногоон нуур 1008 айлын орон сууц” төсөл хэрэгжүүлэх бэлтгэл ажил хангагдлаа
Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд хэрэгжих “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажил бүрэн хангагдлаа. Төслийн бүтээн байгуулалтын шавыг энэ сард тавих байсан ч Коронавирус цар тахлын улмаас хойшлогдоод байгаа юм.
Сүхбаатар дүүргийн 9-р хороо Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийг БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгох 350 сая юанийн буцалтгүй тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлэх юм. Төслийн бүтээн байгуулалтын ажлын хүрээнд нийт 84833,6м2 талбай бүхий 21 давхар, зоорьтой, найман блок барилга барихаар төлөвлөөд байна. Мөн авто зам, авто зогсоол, ногоон байгууламж, 960 хүүхдийн сургууль, 240 хүүхдийн цэцэрлэгийн барилга барина.

Дашрамд дурьдахад Улаанбаатар хотын Гэр хорооллын дахин төлөвлөлтийн орон сууцны бүтээн байгуулалтад тусламж үзүүлэх тухай Төсөл хэрэгжүүлэх “Албан протокол”-д 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдөр гарын үсэг зурж баталгаажуулсан байдаг. Мөн ТЭЗҮ, Ажлын зураг төсөл, төсөв боловсруулж дуусгах, БНХАУ-ын талд хүлээлгэн өгсөн.
Харин 2020-2021 онд Төсөл хэрэгжүүлэх нэгж БНХАУ-ын Төслийн менежментийн баг, зургийн зохиогчтой удаа дараа уулзалт, хуралдааныг зохион байгуулж төслийн ерөнхий гүйцэтгэгч компанийн тендерийн сонгон шалгаруулалтын баримт бичиг болон зураг төсөлтэй холбоотой тодорхойгүй байсан асуудлуудыг эцэслэн шийдвэрлэсэн. Үүний үр дүнд 2020 оны 10 дугаар сарын 28-нд тендерийг нээж, Тендерийн үнэлгээний хороо үнэлэн “Хятадын 2 дахь Металлурги групп корпораци” ХХК-ийг ерөнхий гүйцэтгэгчээр шалгаруулсан. 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Төслийн ерөнхий гүйцэтгэгч компанитай гэрээ байгуулан ажиллаж байна.
Төсөл хэрэгжих барилгын талбайн дээрх 37 нэгж талбар бүхий айлуудаас төслийн барилгын талбайд орсон 11 айлтай гурван талт гэрээ байгуулсан байна. Мөн долоон айл газар чөлөөлөлтөө хийж,дөрвөн айлын газар чөлөөлөлтийн гэрээг холбогдох газруудаар хянуулан, баталгаажуулж 4-р сард багтаан нүүх, ариутгал, цэвэрлэгээг хийх ажил явагдаж байна
Түүнчлэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн ИТА болон БНХАУ-ын менежментийн багийн ажилтнуудын байрлах түр байр, инженерийн байгууламжийн угсралтын ажлыг нээлттэй сонгон шалгаруулалт явуулж, улмаар “Сэнх” ХХК-ийг сонгон ажил гүйцэтгэх гэрээ байгуулан барилга угсралтын ажлыг хийж гүйцэтгүүлж бэлэн болгосон байна.Барилгажих талбайн орц чөлөөлөх, дэд станц зөөх, шилжүүлэх, түр цахилгаан буюу барилгын 2-р эх үүсвэрийн ажлыг нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж, “Улаанбаатар электро монтаж” ХХК-ийг сонгон гэрээг байгуулан, ажлын явцад хяналт тавьж хийж дуусгаад байгаа юм.
Бүтээн байгуулалтын ажил эхлүүлэх бэлтгэл ажил болох автобусны буудал шилжүүлэх орц гарц хийх ажлыг мөн гүйцэтгэж дуусгаад байгаа юм.Тодруулж хэлбэл “Цагаан байрны зүүн талын автобусны буудал шилжүүлэх орц, гарц гаргах” ажлыг “Мос говь” ХХК батлагдсан зураг төсөл, стандартын дагуу гүйцэтгэж , 2020 оны 11 сарын 10-ны өдөр ашиглалтад хүлээн авчээ
Мөн буурь, хөрс, суурь хөрсний ус шүүрүүлэх ажлыг Усны эрчим ХХК компани гуравдугаарр сарын 1-ний өдрөөс эхэлжээ. Барилгын талбайд хяналтын цооног өрөмдөх, усны ундарга тогтоох, дүгнэлт гаргах ажлууд хийж дуусгасан байна гэж Барилга, хот байгуулалтын яамнаас мэдээллээ.
Дэлхий нийтээр..
Польш улсын бага сургуулиудад гар утас ашиглахыг хориглохоор төлөвлөж байна
Польш улс бага сургуулийн сурагчдыг сургууль дээр гар утас ашиглахыг хориглох хуулийн төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Польшийн Ерөнхий сайд Дональд Туск энэ сарын 2-нд мэдэгдэхдээ, 2026 оны есдүгээр сарын 1-нээс эхлэн 7-15 насны сурагчдыг сургууль дээр гар утас ашиглахыг хориглохоор ажиллаж байгаагаа хэлжээ.
Засгийн газраас дэмжсэн хуулийн төсөлд бага сургуулийн сурагчдыг хичээлийн үеэр төдийгүй завсарлага, сургуулийн орчин, мөн сургуулиас зохион байгуулсан боловсролын үйл ажиллагааны үеэр гар утас ашиглахыг хориглохоор тусгасан байна. Ухаалаг цаг зэрэг мэдээлэл, харилцааны боломжтой төхөөрөмжүүд ч уг хязгаарлалтад хамрагдахаар байна.
Гэхдээ сурагчид төхөөрөмжөө сургууль дээр авчрах боломжтой бөгөөд сургуулиуд тэдгээрийг хичээлийн хугацаанд хадгалах тусгай байр, зохицуулалт хийх эрх зүйн үндэстэй болох аж.
Польшийн бага сургуулийн боловсрол найман жил үргэлжилдэг бөгөөд 7-15 насны хүүхдүүд хамрагддаг. Хуулийн төсөл цаашид Польшийн парламентын доод танхим болох Сейм, дээд танхим болох Сенатаар хэлэлцэгдэж, батлагдсаны дараа Ерөнхийлөгч гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болох юм.
Ерөнхий сайд Дональд Туск хүүхэд, өсвөр үеийнхний гар утас, цахим платформ, тоглоомд донтох асуудал ноцтой болж, хичээлдээ төвлөрөх болон зан төлөвт сөргөөр нөлөөлж байгааг онцолсон байна.
Дэлхий нийтээр..
БНХАУ Тяньаньмэний үйл явдлыг дурсах арга хэмжээг хязгаарлажээ
БНХАУ-ын эрх баригчид 1989 оны Тяньаньмэний талбайн үйл явдлын 37 жилийн ойг тэмдэглэх, дурсах оролдлогуудыг хязгаарласан байна. Эх сурвалжийн мэдээлснээр, Бээжин хотод амь үрэгдэгсдийн ар гэрийнхнийг ой тохиосон өдөр оршуулгын газарт очихыг зөвшөөрөөгүй байна. “Тяньаньмэний эхчүүд” хэмээх бүлгийн гишүүд олон жилийн турш уг өдөр төрөл төрөгсдийнхөө шарилд очиж, дурсгалын мэдэгдэл уншдаг байсан гэж “Эмнести Интернэшнл” мэдээлжээ.
1989 онд Бээжингийн Тяньаньмэний талбайд ардчилал, эрх чөлөөг шаардан жагссан оюутан, иргэдийн хөдөлгөөнийг Хятадын арми хүчээр тараасан юм. AP-ийн мэдээлснээр, тухайн үед олон зуун, магадгүй мянга гаруй хүн амь үрэгдсэн гэж үздэг.
Хонконгт мөн энэ өдрөөр аюулгүй байдлыг чангатгажээ. Урьд нь жил бүр лаа асаан дурсах томоохон арга хэмжээ болдог байсан Виктория паркийн орчимд цөөн хүн цугласан бөгөөд цагдаа нар хэд хэдэн хүнийг шалгаж, заримыг нь түр саатуулсан байна.
АНУ, Европын Холбоо, Их Британи энэ өдрийг тохиолдуулан мэдэгдэл гаргаж, өнгөрснийг цензурээр арилгах боломжгүй хэмээн онцолжээ. Харин БНХАУ-ын Гадаад хэргийн яам АНУ-ын мэдэгдлийг Хятадын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцсон үйлдэл гэж шүүмжилсэн байна.
Мөн Тайваньд Тяньаньмэний үйл явдлын ойг тохиолдуулан лаа асаах дурсгалын арга хэмжээ зохион байгуулжээ. АНУ-ын Капитолын ордонд хууль тогтоогчид болон 1989 оны хөдөлгөөний төлөөлөгчид оролцсон дурсах арга хэмжээ болсон байна.
“Тяньаньмэний эхчүүд” бүлэг энэ жилийн ойг угтан шударга ёс шаардсан мэдэгдэл гаргаж, тухайн үед болсон үйл явдлын талаар бүрэн мэдээлэл ил болгох, хохирогчдын ар гэрт нөхөн төлбөр олгох, хариуцлага тооцохыг шаарджээ.
Дэлхий нийтээр..
Индонезид авлигын хэрэгтэй холбоотойгоор өндөр албан тушаалтнуудыг баривчилжээ
Индонезид авлигын эсрэг ажиллагаа эрчимжиж, Засгийн газрын өндөр албан тушаалтнуудыг баривчилжээ. “Аль Жазира”-гийн мэдээлснээр, тус улсын Цагаачлалын асуудал эрхэлсэн дэд сайд Силми Каримыг цагаачлалын бичиг баримтын бүрдүүлэлт, удирдлагатай холбоотой зөрчил гаргасан байж болзошгүй хэргээр саатуулсан байна. Түүнийг Авлигатай тэмцэх комиссын байранд 10 орчим цаг байцаасны дараа баривчилжээ.
Авлигатай тэмцэх комиссын төлөөлөгч Будии Прасетьогийн мэдээлснээр, уг хэрэг 2023-2024 онд Силми Карим тухайн үеийн Ерөнхийлөгч Жоко Видодогийн засаг захиргаанд Цагаачлалын асуудал эрхэлсэн ерөнхий захирлаар ажиллаж байх үед гарсан байж болзошгүй аж. Мөн энэ хэрэгт холбогдуулан өөр долоон сэжигтнийг тогтоосон гэж мэдэгдэв.
Үүнээс нэг өдрийн өмнө Индонезийн Ерөнхий прокурорын газар Ерөнхийлөгч Прабово Субиантогийн хүүхдийн хоол тэжээлийн дутагдалтай тэмцэх үнэгүй хоолны хөтөлбөрийг хариуцаж байсан Үндэсний хоол тэжээлийн агентлагийн дарга асан Дадан Хиндаяанаг авлигын хэрэгт холбогдуулан баривчилжээ. Тус хэрэгт мөн хоёр хүнийг саатуулсан байна.
Мөрдөн шалгах байгууллагын мэдээлснээр, үнэгүй хоолны хөтөлбөрийг сургуулиудад үйл ажиллагаа явуулдаг сангуудаар дамжуулан хэрэгжүүлдэг бөгөөд эдгээр санг хууль бус үйл ажиллагаанд ашигласан байж болзошгүй гэж үзэж байгаа юм.
Индонезийн Төрийн нарийн бичгийн дарга Прасетьо Хади сүүлийн хоёр өдөр дараалан өндөр албан тушаалтнууд авлигын хэрэгт холбогдсонд Засгийн газар санаа зовниж буйгаа илэрхийлжээ. Тэрбээр Авлигатай тэмцэх комисс болон Ерөнхий прокурорын газрын явуулж буй хуулийн ажиллагааг Засгийн газар хүндэтгэнэ гэж мэдэгдсэн байна.
Индонезид сүүлийн саруудад авлигын эсрэг ажиллагаа идэвхжиж, өнгөрсөн дөрөвдүгээр сард тус улсын Омбудсманы ерөнхий дарга албан тушаалдаа томилогдоод зургаахан хоногийн дараа хээл хахуулийн хэрэгт холбогдон баривчлагдсан юм.
