Дэлхий нийтээр..
"Эмч, эмнэлгийн ажилтнуудаа сонсъё" цахим уулзалт боллоо
Олон улсын эмч нарын баярын өдрийг тохиолдуулан УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хороо, Эрүүл мэндийн яам хамтран 2021 оны гуравдугаар сарын 30-ны өдөр "Эмч, эмнэлгийн ажилтнуудаа сонсъё" цахим уулзалтыг зохион байгууллаа.
Уг цахим уулзалтад УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга М.Оюунчимэг, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, Б.Бейсен, Н.Ганибал, Б.Жаргалмаа болон 21 аймаг, нийслэлийн бүх хэвшлийн эрүүл мэндийн байгууллагад ажиллаж байгаа 600 гаруй эмч, эмнэлгийн мэргэжилтэн оролцож, төрийн бодлого шийдвэрт тусгуулах саналаа хэллээ.
УИХ-ын дарга Г.Занданшатар цахим уулзалтыг нээж хэлсэн үгэндээ, “Халдварын цар хүрээ тэлж, нөхцөл байдал амаргүй болж байгаа ч цар тахлын голомтын тэргүүн шугам дээр нөхцөл байдал ямар байгаа, цаашид эрүүл мэндийн салбарын тогтолцооны шинэчлэлийн хүрээнд юу хийвэл зохих талаар эмч, эмнэлгийн ажилтнуудынхаа үгийг сонсохоор энэхүү цахим уулзалтыг хийж байна. Эмч, эмнэлгийн ажилтнуудын мэргэжлийн үнэ цэн өндөр, ихээхэн онцлогтой билээ. Яагаад гэвэл бүхэл бүтэн улсын ард иргэдийн эрүүл саруул аж амьдралын хувь заяа Та нарын гарт байдаг. Нэг үгээр хэлбэл улс орны аюулгүй байдал, тусгаар тогтнол, оршин байхуйн нэгэн утга учир нь эмч нартай холбоотой билээ.

Тиймээс УИХ эрүүл мэндийн салбарт эрс шинэчлэл хийх нь зүйтэй гэж үзэж, бодлогын болон эрх зүйн өөрчлөлтийн төсөл боловсруулж байна. Энэ шинэчлэл нэгдүгээрт, эмнэлгийн байгууллагын тогтолцоог боловсронгуй болгож, санхүүжилтийн оновчтой тогтолцоонд шилжүүлэх; хоёрдугаарт, эмч, эмнэлгийн ажилтнуудаа дэмжих, цалин хөлс, нийгмийн баталгааг нь сайжруулах, мэдлэг боловсролыг нь байнга дээшлүүлэх замаар тасралтгүй хөгжих боломжийг бүрдүүлэх; гуравдугаарт, эмнэлгийн менежментийг дэлхийн жишигт хүргэх, тоног төхөөрөмжийг шинэчлэх замаар эмчилгээ, үйлчилгээний чанарыг сайжруулах гэсэн 3 үндсэн зорилгод чиглэж байгаа юм. Тиймээс эдгээр асуудлыг шийдвэрлэх арга замын талаар Та бүхнийг санал бодлоо чөлөөтэй илэрхийлэхийг хүсье” хэмээгээд Дэлхийн эмч нарын өдрийн мэндийг дэвшүүлж, амжилт бүтээлийн дээдийг ерөөв.
Улсын Их Хурал, Нийгмийн бодлогын байнгын хорооноос эрүүл мэндийн салбарт олон жил бугшсан буруу тогтолцоог өөрчлөх, иргэддээ хүртээмжтэй эрүүл мэндийн тусламж үйлчилгээгээр хангаж эрүүл мэндийн салбарт шинэчлэлийг эхлүүлэх үүднээс Улсын Их Хурлаар 2020 оны 08 дугаар сард Эрүүл мэндийн тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Энэхүү өөрчлөлтийн хүрээнд эрүүл мэндийн даатгалтай иргэн даатгалын сантай гэрээтэй аль ч эмнэлэгт бүх төрлийн тусламж үйлчилгээг сонгон авах эрх зүйн орчин бүрдсэн. Ингэснээр эмнэлгүүд чанар, эмчилгээ, үйлчилгээгээрээ өрсөлддөг болж хүнээ дагасан эрүүл мэндийн тогтолцоо бүрдэж, улсын эмнэлгийн ачааллыг бууруулах боломж бүрдсэн.

Цаашид эрүүл мэндийн ажилтны ажлын цаг, ажлын нөхцөлийг олон улсын хүний эрхийн эрх зүй, хэм хэмжээнд нийцүүлэх, сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалах арга хэмжээ авах, цалин хөлс олгохдоо ажлын ачаалал, гэр бүл, үр хүүхдийн амьдралд нөлөөлөх нөлөөллийг харгалзах, эрүүл мэндийн ажилтнуудыг айдасгүйгээр үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх нөхцөлийг хангахад анхаарах шаардлагатай байгааг Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга М.Оюунчимэг онцоллоо. "Эмч, эмнэлгийн ажилтнуудаа сонсъё" цахим уулзалтын чиглүүлэгчээр УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн ажилласан юм.
Манай улсын эрүүл мэндийн салбарт 55.581 ажилтан ажиллаж байгаа бөгөөд таван ажилтан тутмын нэг нь эмэгтэй байна. Эрүүл мэндийн ажилтны нийгмийн хамгааллыг сайжруулах, цалин хөлс, урамшууллын тогтолцоо боловсронгуй болгохоор “Алсын хараа-2050”, Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлого, Эрүүл мэндийн ажилтны нийгмийн хамгааллын үндэсний хөтөлбөрүүдэд тодорхой зорилтуудыг тусгажээ. Тухайлбал, Засгийн газрын 2019 оны 25 дугаар тогтоолоор эрүүл мэндийн салбарын эмч, сувилагч нарын цалингийн шатлалыг 2-3 дахин нэмэгдүүлсэн байна. Мөн 2019-2020 онд аймаг, нийслэлийн түвшинд 548 эрүүл мэндийн ажилтанд орон сууцны дэмжлэг үзүүлсэн гэдгийг Эрүүл мэндийн сайд С.Энхболд хэллээ.

"Эмч, эмнэлгийн ажилтнуудаа сонсъё" цахим уулзалтын үеэр Орхон аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн дарга Б.Батсүх, “ЭМЖЖ” чих хамар хоолойн эмнэлгийн эмч Б.Энхзаяа, Улсын гуравдугаар төв эмнэлгийн дарга Ц.Төмөр-Очир, Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлгийн дарга Ч.Жавзан, Баянзүрх дүүргийн “Дархан детект” эмнэлгийн эмч С.Удвал, Булган аймгийн Бугат сумын Эрүүл мэндийн төвийн дарга Ж.Сэргэлэн, Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлгийн дарга М.Чимгээ, Хэнтий аймгийн “Үлэмж” уламжлалт анагаах ухааны эмнэлгийн эмч н.Даваа, Говь-Алтай аймгийн Эрүүл мэндийн газрын мэргэжилтэн н.Баасандорж, Налайх дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн дарга Л.Байгал, Дорнод аймгийн Баяндун сумын Эрүүл мэндийн төвийн дарга Б.Сэргэлэнбаатар, Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын Эрүүл мэндийн төвийн эмч н.Гэрэлцэцэг, Төв аймгийн Архуст сумын Эрүүл мэндийн төвийн дарга И.Бадамгарав, Дархан-Уул аймгийн Шарын гол сумын эмнэлгийн дарга Ж.Гэрэлмаа, Хөвсгөл аймгийн Рашаант сумын эмнэлгийн дарга Н.Амаржаргал, Нийслэлийн “Амгалан” амаржих газрын дарга Ц.Батболд нар болон Сүхбаатар аймгийн Нэгдсэн эмнэлэг, Завхан аймгийн Эрүүл мэндийн газар, Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Эрүүл мэндийн төвийн төлөөлөл өөрсдийн санал, байр сууриа илэрхийлсэн юм.
Цахим уулзалтад оролцогчид эмч, эмнэлгийн ажилтнуудын цалин хөлс, урамшууллыг нэмэгдүүлэх, илүү цагийн цалин хөлсийг хугацаанд нь тогтмол олгох, хөнгөлөлттэй нөхцөлтэй орон сууцны хөтөлбөрт хамруулах хэрэгцээ шаардлага тулгарсаар байгааг хэлж байна. Цалин хөлс бага, ажлын ачаалал ихтэйгээс шалтгаалан алслагдсан дүүрэг, хөдөө орон нутагт ажиллах хүний нөөцийг асуудал хүндрэл дагуулсаар байна. Ажиллаж байгаа эмч ажилтнуудыг чадваржуулах, мэргэшүүлэх сургалтад хамруулахад төрөөс нэгдсэн бодлогоор дэмжиж, төлбөрийн дэмжлэг үзүүлэхэд анхаарахыг ч сануулав.

COVID-19 өвчин гарсан цагаас эхлэн эмч нарын ачаалал тодорхой хэмжээнд нэмэгдсэн. Нэг нь нөгөөгөө нөхөж ажиллах болсон. Түүнчлэн халдвар хамгааллын хувцас хэрэглэл, эмнэлгийн шаардлагатай тоног төхөөрөмж, шинжилгээний урвалж, оношлуурын нөөц багасжээ. Энэ ачааллаас үүдэн эмнэлгийн бусад тусламж, үйлчилгээ ч доголдоход хүрээд байгааг эмч, мэргэжилтнүүд хэлж байна.
УИХ-аас баталсан хууль, эрх зүйн орчны хүрээнд гүйцэтгэлээрээ санхүүжих боломжтой болсон ч эрүүл мэндийн даатгалаас олгох мөнгө хугацаандаа орохгүй байгаагаас эмнэлгүүдэд санхүүгийн хүндрэл, өр төлбөр үүсгэх эрсдэл байгааг салбарын яам, холбогдох байгууллагууд анхаарах хэрэгтэй гэв.
Мөн цахим уулзалтын үед эмнэлгийн тоног төхөөрөмж, машин техник, барилга байгууламжийг шинэчлэх асуудал хөндөгдөж байлаа. Үүний сацуу өрхийн эрүүл мэндийн төвийн ажилтнууд 2,3 дахь шатлалын эмнэлгүүдэд шилжин ажиллахад өрхийн эрүүл мэндийн төвд ажилласан жил нь тооцогддоггүй, аймгийн Эрүүл мэндийн газарт ажиллаж байгаа мэргэжилтнүүдэд таван жилийн тэтгэмжийн мөнгө өгдөггүй байдлыг өөрчилж өгөхийг Байнгын хорооны гишүүдээс хүслээ.

Сүүлийн үед эмч, эрүүл мэндийн ажилтнуудын нэр хүндэд халдах, гүтгэх, гутаан доромжлох явдал ихсэж байгаа нь хангалттай хууль, эрх зүйн орчин бүрдээгүйд оршиж байгааг ч цахим уулзалтын үеэр эмч, мэргэжилтнүүд хэлсэн юм.
Эдгээр асуудлыг шийдвэрлэхийн төлөө Улсын Их Хурал, Нийгмийн бодлогын байнгын хорооноос холбогдох байгууллагуудтай хамтран ажиллахаа гишүүд илэрхийлснээр цахим уулзалт өндөрлөлөө.
Дэлхий нийтээр..
НҮБ дайн үргэлжилбэл дэлхийд өлсгөлөн нэмэгдэх эрсдэлтэйг анхааруулав
НҮБ-ын Дэлхийн хүнсний хөтөлбөр (WFP)-өөс 2026 оны дөрөвдүгээр сарын 16-ны өдөр гаргасан мэдэгдэлд дурдсанаар, Ойрхи Дорнодын бүс нутагт үүсээд буй хурцадмал байдал, ялангуяа Ирантай холбоотой зөрчил үргэлжилбэл дэлхийн хэмжээнд нэмэлт 45 сая хүн хурц өлсгөлөнд нэрвэгдэх эрсдэлтэй байгааг анхааруулжээ.
Энэ талаар НҮБ-ын Дэлхийн хүнсний хөтөлбөрийн Гүйцэтгэх захирал Синди Маккейн анхааруулахдаа, геополитикийн хурцадмал байдал нь дэлхийн хүнсний аюулгүй байдалд ноцтой дарамт учруулж байгааг онцолсон байна.
Тус байгууллагын мэдээлснээр, дайн, зөрчил нь зөвхөн тухайн бүс нутагт төдийгүй дэлхийн хүнсний хангамж, тээвэр логистик, эрчим хүчний зах зээлд шууд болон дам нөлөө үзүүлж байгаа аж. Үүний улмаас хүнсний бүтээгдэхүүний үнэ өсөх, нийлүүлэлт тасалдах, эмзэг эдийн засагтай орнуудын худалдан авах чадвар буурах зэрэг сөрөг үр дагавар нэмэгдэх төлөвтэй байна.
Одоогийн байдлаар дэлхий даяар хэдийнэ олон сая хүн хүнсний хомсдолд өртөөд байгаа бөгөөд дээрх нөхцөл байдал үргэлжилбэл энэ тоо цаашид огцом нэмэгдэх эрсдэлтэйг НҮБ онцолсон байна. Иймд олон улсын хамтын нийгэмлэгийг зөрчлийг намжаах, хүмүүнлэгийн тусламжийг нэмэгдүүлэх, хүнсний хангамжийг тогтвортой байлгахад анхаарахыг уриалжээ.
Шинжээчдийн үзэж буйгаар, геополитикийн тогтворгүй байдал нь дэлхийн эдийн засаг, ялангуяа хүнсний аюулгүй байдалд мэдэгдэхүйц нөлөө үзүүлж байгаа бөгөөд ойрын хугацаанд энэ чиг хандлага үргэлжлэх төлөвтэй байна.
Дэлхий нийтээр..
Хиймэл оюунд суурилсан технологийн хөгжил хурдасч, дэлхийн өрсөлдөөн шинэ шатанд хүрэв
Сүүлийн жилүүдэд хиймэл оюунд суурилсан технологийн хөгжил эрчимжиж, дэлхийн томоохон компаниудын өрсөлдөөн шинэ шатанд хүрлээ. Үйлдвэрлэл, тээвэр, мэдээллийн технологийн салбарт автоматжуулалт, ухаалаг системийн хэрэглээ эрс нэмэгдэж, хүний оролцоог багасгах чиг хандлага давамгайлж байна.
Хиймэл оюуны шинэ үеийн загварууд илүү нарийвчлалтай, хурдтай ажиллах чадвартай болж, их хэмжээний өгөгдлийг богино хугацаанд боловсруулах боломжийг өргөжүүлэв. Энэ нь бизнесийн шийдвэр гаргалтад шууд нөлөөлөх хэмжээнд хүрчээ. Жолоочгүй тээврийн хэрэгсэл, роботжуулсан үйлдвэрлэл бодит хэрэглээнд улам ойртож, туршилтаас хэрэглээ рүү шилжих үе шат идэвхжив.
Нөгөө талаас дата төвүүдийн хүчин чадал нэмэгдэхийн хэрээр эрчим хүчний хэрэглээ өсөж, байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн асуудал олон улсын анхаарлын төвд орж байна.
Мөн технологийн энэ хурдац хөдөлмөрийн зах зээлд өөрчлөлт авчирч, зарим ажлын байр буурч, шинэ ур чадварын эрэлт нэмэгдэх нөхцөл бүрдэв.
Иймээс улс орнууд технологийн бодлогоо шинэчилж, инновац, хүний нөөцийн бэлтгэлийг чухалчлах шаардлага улам тодорч байна.
