Дэлхий нийтээр..
“Сансар-40 жил” дурсгалын мөнгөн зоос гаргалаа
Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн Монгол хүн сансарт ниссэний 40 жилийн ойг тохиолдуулан өнөөдөр /2021.03.22/ Монгол Улсын баатар, Чингис хаан одонт, хошууч генерал Ж.Гүррагчаа, Одон орон, геофизикийн хүрээлэнгийн захирал, академич С.Дэмбэрэл нарыг хүлээн авч уулзлаа.
Монголбанкны Эрдэнэсийн сангаас уг ойг тохиолдуулан “Сансар-40 жил” дурсгалын зоосыг шинээр эрхлэн гаргасан бөгөөд уулзалтын үеэр Ж.Гүррагчаа баатарт уг дурсгалын зоосны дээжийг гардуулан өгөв.
“Сансар-40 жил” зоос нь сансрын уудам байдлыг “obsidian black” технологи ашиглан хар өнгөөр харуулж, сар болон дэлхийг өнгөтөөр дүрсэлсэн. Мөн “Союз-39” хөлгөөр “Салют-6” сансрын станцтай холбогдсон байгаагаар дүрсэлж, БНМАУ-ЗХУ-ын сансрын хамтарсан нислэгийн Монгол талын логог дүрсэлжээ. Түүнчлэн Монгол Улсын говь, цөл нутагт Марс гаригтай хамгийн төстэй орчин, нөхцөл бүрдүүлэн, туршилт, хөгжүүлэлтийн бааз байгуулан, хүний нөөц чадварыг хөгжүүлэхээр ажиллаж буй “MARS-V” төслийг таниулан сурталчлах үүднээс дэлхийн бөмбөрцөг дээр тус төслийн логог дүрсэлжээ.

Өмнө нь Монголбанкнаас 1981 онд тус түүхэн өдрийг тохиолдуулан “ЗСБХУ-БНМАУ сансрын хамтарсан нислэг” гүйлгээний 1 төгрөг, 1994 онд “Союз-39, Салют-6” сэдэвт дурсгалын зоосыг гаргаж байсан бол хамгийн сүүлд 2011 онд “Сансрын хамтарсан нислэг 30 жил” дурсгалын мөнгөн зоосыг 25 грамм болон 1 кг-ын жинтэйгээр гаргаж байв.
Одоогоос 40 жилийн өмнө БНМАУ-ын иргэн, сансрын нисгэгч Ж.Гүррагчаа болон ЗХУ-ын иргэн, сансрын нисгэгч В.А.Жанибековын хамтаар “Союз-39” хөлгөөр сансарт нисч, “Салют-6” сансрын станцад холбогдон, нийт 8 өдрийн турш дэлхийг 124 удаа тойрч, 1981 оны 3 дугаар сарын 30-ны өдөр дэлхийд амжилттай газардсан билээ. Ингэснээр Ж.Гүррагчаа Монгол Улсаас сансарт ниссэн цорын ганц, дэлхийн 101 дэх, Азийн хоёр дахь сансрын нисгэгч болж, дэлхийн сансар судлалын түүхэнд бичигдсэн юм.
Монголбанкны Эрдэнэсийн сангаас дурсгалын зоос, алт, мөнгөн гулдмай, үрлэн мөнгийг худалдан борлуулж буй бөгөөд энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг coin.mongolbank.mn цахим хуудас болон 11-329677 утсаар лавлана уу.
Дэлхий нийтээр..
Польш улсын бага сургуулиудад гар утас ашиглахыг хориглохоор төлөвлөж байна
Польш улс бага сургуулийн сурагчдыг сургууль дээр гар утас ашиглахыг хориглох хуулийн төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Польшийн Ерөнхий сайд Дональд Туск энэ сарын 2-нд мэдэгдэхдээ, 2026 оны есдүгээр сарын 1-нээс эхлэн 7-15 насны сурагчдыг сургууль дээр гар утас ашиглахыг хориглохоор ажиллаж байгаагаа хэлжээ.
Засгийн газраас дэмжсэн хуулийн төсөлд бага сургуулийн сурагчдыг хичээлийн үеэр төдийгүй завсарлага, сургуулийн орчин, мөн сургуулиас зохион байгуулсан боловсролын үйл ажиллагааны үеэр гар утас ашиглахыг хориглохоор тусгасан байна. Ухаалаг цаг зэрэг мэдээлэл, харилцааны боломжтой төхөөрөмжүүд ч уг хязгаарлалтад хамрагдахаар байна.
Гэхдээ сурагчид төхөөрөмжөө сургууль дээр авчрах боломжтой бөгөөд сургуулиуд тэдгээрийг хичээлийн хугацаанд хадгалах тусгай байр, зохицуулалт хийх эрх зүйн үндэстэй болох аж.
Польшийн бага сургуулийн боловсрол найман жил үргэлжилдэг бөгөөд 7-15 насны хүүхдүүд хамрагддаг. Хуулийн төсөл цаашид Польшийн парламентын доод танхим болох Сейм, дээд танхим болох Сенатаар хэлэлцэгдэж, батлагдсаны дараа Ерөнхийлөгч гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болох юм.
Ерөнхий сайд Дональд Туск хүүхэд, өсвөр үеийнхний гар утас, цахим платформ, тоглоомд донтох асуудал ноцтой болж, хичээлдээ төвлөрөх болон зан төлөвт сөргөөр нөлөөлж байгааг онцолсон байна.
Дэлхий нийтээр..
БНХАУ Тяньаньмэний үйл явдлыг дурсах арга хэмжээг хязгаарлажээ
БНХАУ-ын эрх баригчид 1989 оны Тяньаньмэний талбайн үйл явдлын 37 жилийн ойг тэмдэглэх, дурсах оролдлогуудыг хязгаарласан байна. Эх сурвалжийн мэдээлснээр, Бээжин хотод амь үрэгдэгсдийн ар гэрийнхнийг ой тохиосон өдөр оршуулгын газарт очихыг зөвшөөрөөгүй байна. “Тяньаньмэний эхчүүд” хэмээх бүлгийн гишүүд олон жилийн турш уг өдөр төрөл төрөгсдийнхөө шарилд очиж, дурсгалын мэдэгдэл уншдаг байсан гэж “Эмнести Интернэшнл” мэдээлжээ.
1989 онд Бээжингийн Тяньаньмэний талбайд ардчилал, эрх чөлөөг шаардан жагссан оюутан, иргэдийн хөдөлгөөнийг Хятадын арми хүчээр тараасан юм. AP-ийн мэдээлснээр, тухайн үед олон зуун, магадгүй мянга гаруй хүн амь үрэгдсэн гэж үздэг.
Хонконгт мөн энэ өдрөөр аюулгүй байдлыг чангатгажээ. Урьд нь жил бүр лаа асаан дурсах томоохон арга хэмжээ болдог байсан Виктория паркийн орчимд цөөн хүн цугласан бөгөөд цагдаа нар хэд хэдэн хүнийг шалгаж, заримыг нь түр саатуулсан байна.
АНУ, Европын Холбоо, Их Британи энэ өдрийг тохиолдуулан мэдэгдэл гаргаж, өнгөрснийг цензурээр арилгах боломжгүй хэмээн онцолжээ. Харин БНХАУ-ын Гадаад хэргийн яам АНУ-ын мэдэгдлийг Хятадын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцсон үйлдэл гэж шүүмжилсэн байна.
Мөн Тайваньд Тяньаньмэний үйл явдлын ойг тохиолдуулан лаа асаах дурсгалын арга хэмжээ зохион байгуулжээ. АНУ-ын Капитолын ордонд хууль тогтоогчид болон 1989 оны хөдөлгөөний төлөөлөгчид оролцсон дурсах арга хэмжээ болсон байна.
“Тяньаньмэний эхчүүд” бүлэг энэ жилийн ойг угтан шударга ёс шаардсан мэдэгдэл гаргаж, тухайн үед болсон үйл явдлын талаар бүрэн мэдээлэл ил болгох, хохирогчдын ар гэрт нөхөн төлбөр олгох, хариуцлага тооцохыг шаарджээ.
Дэлхий нийтээр..
Индонезид авлигын хэрэгтэй холбоотойгоор өндөр албан тушаалтнуудыг баривчилжээ
Индонезид авлигын эсрэг ажиллагаа эрчимжиж, Засгийн газрын өндөр албан тушаалтнуудыг баривчилжээ. “Аль Жазира”-гийн мэдээлснээр, тус улсын Цагаачлалын асуудал эрхэлсэн дэд сайд Силми Каримыг цагаачлалын бичиг баримтын бүрдүүлэлт, удирдлагатай холбоотой зөрчил гаргасан байж болзошгүй хэргээр саатуулсан байна. Түүнийг Авлигатай тэмцэх комиссын байранд 10 орчим цаг байцаасны дараа баривчилжээ.
Авлигатай тэмцэх комиссын төлөөлөгч Будии Прасетьогийн мэдээлснээр, уг хэрэг 2023-2024 онд Силми Карим тухайн үеийн Ерөнхийлөгч Жоко Видодогийн засаг захиргаанд Цагаачлалын асуудал эрхэлсэн ерөнхий захирлаар ажиллаж байх үед гарсан байж болзошгүй аж. Мөн энэ хэрэгт холбогдуулан өөр долоон сэжигтнийг тогтоосон гэж мэдэгдэв.
Үүнээс нэг өдрийн өмнө Индонезийн Ерөнхий прокурорын газар Ерөнхийлөгч Прабово Субиантогийн хүүхдийн хоол тэжээлийн дутагдалтай тэмцэх үнэгүй хоолны хөтөлбөрийг хариуцаж байсан Үндэсний хоол тэжээлийн агентлагийн дарга асан Дадан Хиндаяанаг авлигын хэрэгт холбогдуулан баривчилжээ. Тус хэрэгт мөн хоёр хүнийг саатуулсан байна.
Мөрдөн шалгах байгууллагын мэдээлснээр, үнэгүй хоолны хөтөлбөрийг сургуулиудад үйл ажиллагаа явуулдаг сангуудаар дамжуулан хэрэгжүүлдэг бөгөөд эдгээр санг хууль бус үйл ажиллагаанд ашигласан байж болзошгүй гэж үзэж байгаа юм.
Индонезийн Төрийн нарийн бичгийн дарга Прасетьо Хади сүүлийн хоёр өдөр дараалан өндөр албан тушаалтнууд авлигын хэрэгт холбогдсонд Засгийн газар санаа зовниж буйгаа илэрхийлжээ. Тэрбээр Авлигатай тэмцэх комисс болон Ерөнхий прокурорын газрын явуулж буй хуулийн ажиллагааг Засгийн газар хүндэтгэнэ гэж мэдэгдсэн байна.
Индонезид сүүлийн саруудад авлигын эсрэг ажиллагаа идэвхжиж, өнгөрсөн дөрөвдүгээр сард тус улсын Омбудсманы ерөнхий дарга албан тушаалдаа томилогдоод зургаахан хоногийн дараа хээл хахуулийн хэрэгт холбогдон баривчлагдсан юм.
-
Дэлхий нийтээр..2023/04/10
ХХААХҮЯ "Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян"-д нэгдлээ
-
Үйл явдал2021/04/23
Бүх нийтийн бэлэн байдлын зэргийг 2021 оны 05 дугаар сарын 08-ны 06.00 цаг хүртэ...
-
Дэлхий нийтээр..2026/04/03
ОХУ бензиний экспортын хоригийг өргөтгөсөн нь Монголд нөлөөлж болзошгүй
-
Дэлхий нийтээр..2023/11/01
Төлбөртэй бүс тогтоох эсэхийг НИТХ шийдэх бөгөөд 0-27,000 төгрөг байна
