Дэлхий нийтээр..
Цэцийн гишүүн Ц.Нанзаддорж, Ш.Цогтоо 2 хуйвалдаж, тамга тэмдэггүй хуурамч албан бичиг үйлджээ
Хөдөлмөрийн үндэсний намын дарга Т.Доржханд болон нэр бүхий хуульчид “өмнөх болон одоогийн Ерөнхийлөгч нар дахин нэр дэвших эрхтэй эсэх” асуудлаар Үндсэн хуулийн Цэцэд гомдол гаргасан. Цэцийн гишүүн Д.Солонго гомдлыг хүлээн авч маргаан хянан шийдвэрлэхээр шийдсэн. Гэтэл Цэцийн гишүүн Б.Буяндэлгэр Цэцийн түүхэнд анх удаа гишүүн Д.Солонгын хараат бус байх ёстой шийдвэрт шууд нөлөөлөн эсэргүүцэл бичиж, Цэцийн гишүүн Ш.Цогтоогоор ахлуулан “3 гишүүний бүрэлдэхүүнтэй хурал” гээчээр шийдэхийг санал болгосон юм.
Энэ сценарийн дагуу Ш.Цогтоо нарын гурван гишүүн өнгөрсөн баасан гаригт хуралдах байсан боловч хэд хэдэн шалтгааны улмаас Ш.Цогтоо гишүүнийг хуралд оролцуулах боломжгүй болсон тул хурлыг 7 хоногийн хугацаагаар буюу энэ сарын 26 хүртэл хойшлуулах шийдвэр гаргажээ. Учир нь ҮХЦ-ийн хурлын дэгээр Цэцийн гишүүн хэлэлцэх гэж буй асуудлын талаар хуралдаанаас өмнө байр сууриа илэрхийлсэн бол хуралд оролцох эрхгүй байдаг аж. Гэтэл Ш. Цогтоо нэгдүгээрт, байр сууриа илэрхийлсэн хоёрдугаарт, бүрэн эрхийн хугацаа нь дуусаад жил гаруй хугацаа өнгөрсөн зэрэг үндэслэлээр энэ хуралд оролцох эрхгүй болжээ.
Гэтэл өнөөдөр Цэцийн гишүүн Ш.Цогтоо, Ц.Нанзаддорж хоёр Цэцийг хуралдсан мэт тамга тэмдэггүй, хуурамч албан бичиг үйлдэн, Цэцийн хуралдаанаар “Ерөнхийлөгч Х.Баттулгын нэр дэвших эрхтэй” гэж шийдвэрлэсэн мэт худал мэдээллийг хэвлэлүүдээр тараажээ.

Х.Баттулгын төлөө ийнхүү Цэцийн гишүүний нэр хүнд, ёс зүйг уландаа гишгэж, хуурам албан бичиг үйлдэтлээ яагаад улайрав? Ш.Цогтоо нь МОАХ-ны ахмад партизан, хэдхэн хоногийн дараа бүрэн эрх нь дуусч буй бол Ц.Нанзаддорж нь 2016 онд Говь-Алтай аймгийн АН-ын даргаар очоод нутгийнхандаа хөөгдөж байсан, Ерөнхийлөгч Х.Баттулга, Тамгын газрын дарга З.Энхболд нарын дэмжлэгтэйгээр Цэцийн гишүүнээр томилогдож байсан нэгэн юм.
Хуульчдын эцэг ч гэж хэлж болох Үндсэн хуулийн Цэцийн гишүүд түүхэнд анх удаа ийнхүү нэг хүний эрх ашгийн төлөө эцэг хуулиа үл тоон, ёс зүйгүй хуйвалдаан хийсэн нь одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга дахин нэр дэвшихийн төлөө өөрийн нөлөөлөл бүхий Цэцийн гишүүдийг маш их дарамт, нөлөөлөл дор хууль бус, ёс зүйгүй үйлдэл гаргахад хүргэсэн бололтой.
“Их хүссэн хүнд төрийн жолоо бүү атгуул” гэдэг. Өвгөдийн энэ сургаалийг яг өнөөдөр Х.Баттулгад ард түмэнд сануулж, эрх мэдлийн төлөө Цэцийн гишүүдийг хуурамч бичиг үйлдтэл нь шахаанд орууллаа. Маргааш Цэцийнхэнд яаж нөлөөлж юу хийхийг таашгүй болжээ.

Дэлхий нийтээр..
Польш улсын бага сургуулиудад гар утас ашиглахыг хориглохоор төлөвлөж байна
Польш улс бага сургуулийн сурагчдыг сургууль дээр гар утас ашиглахыг хориглох хуулийн төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Польшийн Ерөнхий сайд Дональд Туск энэ сарын 2-нд мэдэгдэхдээ, 2026 оны есдүгээр сарын 1-нээс эхлэн 7-15 насны сурагчдыг сургууль дээр гар утас ашиглахыг хориглохоор ажиллаж байгаагаа хэлжээ.
Засгийн газраас дэмжсэн хуулийн төсөлд бага сургуулийн сурагчдыг хичээлийн үеэр төдийгүй завсарлага, сургуулийн орчин, мөн сургуулиас зохион байгуулсан боловсролын үйл ажиллагааны үеэр гар утас ашиглахыг хориглохоор тусгасан байна. Ухаалаг цаг зэрэг мэдээлэл, харилцааны боломжтой төхөөрөмжүүд ч уг хязгаарлалтад хамрагдахаар байна.
Гэхдээ сурагчид төхөөрөмжөө сургууль дээр авчрах боломжтой бөгөөд сургуулиуд тэдгээрийг хичээлийн хугацаанд хадгалах тусгай байр, зохицуулалт хийх эрх зүйн үндэстэй болох аж.
Польшийн бага сургуулийн боловсрол найман жил үргэлжилдэг бөгөөд 7-15 насны хүүхдүүд хамрагддаг. Хуулийн төсөл цаашид Польшийн парламентын доод танхим болох Сейм, дээд танхим болох Сенатаар хэлэлцэгдэж, батлагдсаны дараа Ерөнхийлөгч гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болох юм.
Ерөнхий сайд Дональд Туск хүүхэд, өсвөр үеийнхний гар утас, цахим платформ, тоглоомд донтох асуудал ноцтой болж, хичээлдээ төвлөрөх болон зан төлөвт сөргөөр нөлөөлж байгааг онцолсон байна.
Дэлхий нийтээр..
БНХАУ Тяньаньмэний үйл явдлыг дурсах арга хэмжээг хязгаарлажээ
БНХАУ-ын эрх баригчид 1989 оны Тяньаньмэний талбайн үйл явдлын 37 жилийн ойг тэмдэглэх, дурсах оролдлогуудыг хязгаарласан байна. Эх сурвалжийн мэдээлснээр, Бээжин хотод амь үрэгдэгсдийн ар гэрийнхнийг ой тохиосон өдөр оршуулгын газарт очихыг зөвшөөрөөгүй байна. “Тяньаньмэний эхчүүд” хэмээх бүлгийн гишүүд олон жилийн турш уг өдөр төрөл төрөгсдийнхөө шарилд очиж, дурсгалын мэдэгдэл уншдаг байсан гэж “Эмнести Интернэшнл” мэдээлжээ.
1989 онд Бээжингийн Тяньаньмэний талбайд ардчилал, эрх чөлөөг шаардан жагссан оюутан, иргэдийн хөдөлгөөнийг Хятадын арми хүчээр тараасан юм. AP-ийн мэдээлснээр, тухайн үед олон зуун, магадгүй мянга гаруй хүн амь үрэгдсэн гэж үздэг.
Хонконгт мөн энэ өдрөөр аюулгүй байдлыг чангатгажээ. Урьд нь жил бүр лаа асаан дурсах томоохон арга хэмжээ болдог байсан Виктория паркийн орчимд цөөн хүн цугласан бөгөөд цагдаа нар хэд хэдэн хүнийг шалгаж, заримыг нь түр саатуулсан байна.
АНУ, Европын Холбоо, Их Британи энэ өдрийг тохиолдуулан мэдэгдэл гаргаж, өнгөрснийг цензурээр арилгах боломжгүй хэмээн онцолжээ. Харин БНХАУ-ын Гадаад хэргийн яам АНУ-ын мэдэгдлийг Хятадын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцсон үйлдэл гэж шүүмжилсэн байна.
Мөн Тайваньд Тяньаньмэний үйл явдлын ойг тохиолдуулан лаа асаах дурсгалын арга хэмжээ зохион байгуулжээ. АНУ-ын Капитолын ордонд хууль тогтоогчид болон 1989 оны хөдөлгөөний төлөөлөгчид оролцсон дурсах арга хэмжээ болсон байна.
“Тяньаньмэний эхчүүд” бүлэг энэ жилийн ойг угтан шударга ёс шаардсан мэдэгдэл гаргаж, тухайн үед болсон үйл явдлын талаар бүрэн мэдээлэл ил болгох, хохирогчдын ар гэрт нөхөн төлбөр олгох, хариуцлага тооцохыг шаарджээ.
Дэлхий нийтээр..
Индонезид авлигын хэрэгтэй холбоотойгоор өндөр албан тушаалтнуудыг баривчилжээ
Индонезид авлигын эсрэг ажиллагаа эрчимжиж, Засгийн газрын өндөр албан тушаалтнуудыг баривчилжээ. “Аль Жазира”-гийн мэдээлснээр, тус улсын Цагаачлалын асуудал эрхэлсэн дэд сайд Силми Каримыг цагаачлалын бичиг баримтын бүрдүүлэлт, удирдлагатай холбоотой зөрчил гаргасан байж болзошгүй хэргээр саатуулсан байна. Түүнийг Авлигатай тэмцэх комиссын байранд 10 орчим цаг байцаасны дараа баривчилжээ.
Авлигатай тэмцэх комиссын төлөөлөгч Будии Прасетьогийн мэдээлснээр, уг хэрэг 2023-2024 онд Силми Карим тухайн үеийн Ерөнхийлөгч Жоко Видодогийн засаг захиргаанд Цагаачлалын асуудал эрхэлсэн ерөнхий захирлаар ажиллаж байх үед гарсан байж болзошгүй аж. Мөн энэ хэрэгт холбогдуулан өөр долоон сэжигтнийг тогтоосон гэж мэдэгдэв.
Үүнээс нэг өдрийн өмнө Индонезийн Ерөнхий прокурорын газар Ерөнхийлөгч Прабово Субиантогийн хүүхдийн хоол тэжээлийн дутагдалтай тэмцэх үнэгүй хоолны хөтөлбөрийг хариуцаж байсан Үндэсний хоол тэжээлийн агентлагийн дарга асан Дадан Хиндаяанаг авлигын хэрэгт холбогдуулан баривчилжээ. Тус хэрэгт мөн хоёр хүнийг саатуулсан байна.
Мөрдөн шалгах байгууллагын мэдээлснээр, үнэгүй хоолны хөтөлбөрийг сургуулиудад үйл ажиллагаа явуулдаг сангуудаар дамжуулан хэрэгжүүлдэг бөгөөд эдгээр санг хууль бус үйл ажиллагаанд ашигласан байж болзошгүй гэж үзэж байгаа юм.
Индонезийн Төрийн нарийн бичгийн дарга Прасетьо Хади сүүлийн хоёр өдөр дараалан өндөр албан тушаалтнууд авлигын хэрэгт холбогдсонд Засгийн газар санаа зовниж буйгаа илэрхийлжээ. Тэрбээр Авлигатай тэмцэх комисс болон Ерөнхий прокурорын газрын явуулж буй хуулийн ажиллагааг Засгийн газар хүндэтгэнэ гэж мэдэгдсэн байна.
Индонезид сүүлийн саруудад авлигын эсрэг ажиллагаа идэвхжиж, өнгөрсөн дөрөвдүгээр сард тус улсын Омбудсманы ерөнхий дарга албан тушаалдаа томилогдоод зургаахан хоногийн дараа хээл хахуулийн хэрэгт холбогдон баривчлагдсан юм.
-
Үйл явдал2024/05/06
“КАНСАТ 2024” үндэсний тэмцээн үргэлжилж байна
-
Дэлхий нийтээр..2024/05/27
Интерполын “Хөх булант” зар мэдээгээр эрэн сурвалжлагдаж байсан иргэ...
-
Үйл явдал2022/08/23
Энэ долоо хоногт цаг агаар ямар байх вэ
-
Дэлхий нийтээр..2025/03/28
Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэгчдийн анхааралд
