Дэлхий нийтээр..
“Би ногоон дэлхийн хүүхэд” төслийн хүрээнд жилд 40 мянган хүүхэд байгаль экологийн мэдлэгтэй болно
Жил бүрийн 6 дугаар сарын 5-нд тохиодог “Дэлхийн байгаль хамгаалах өдөр”, мөн Олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолбор нэгдүгээр ээлжийн хүүхдүүдээ хүлээн аваад удаагүй байгаа энэ үед ХААН Банк нийгмийн хариуцлагын хүрээнд тус цогцолбортой хамтран хэрэгжүүлж буй “Би ногоон дэлхийн хүүхэд” төслийн нээлтийг хийлээ.
ХААН Банкны тогтвортой хөгжил, нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч ХААН Банк Сангаас 2018 оны сүүлчээр байгаль орчныг хамгаалах, ногоон хөгжлийг дэмжих чиглэлээр шинэ санаачилга дэвшүүлсэн төслийг сонгон шалгаруулахаар “Ногоон төсөл”-ийн уралдаан зарласан билээ. Энэхүү уралдаанд Олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын “Би ногоон дэлхийн хүүхэд” төсөл шалгарч, 2019 онд ХААН Банк Сангаас санхүүжүүлэн хамтран ажилласан юм.
Төслийн хүрээнд тус цогцолборын хөгжлийн хөтөлбөрт “Байгаль экологийн боловсрол олгох хөтөлбөр”-өө шинэчилэн нэвтрүүлснээс гадна Хөгжил мэдээллийн ордонд хангайн болон говийн бүсийг илэрхийлэхүйц орчин бүрдүүлж, бүрэн тохижуулан засварлажээ. Ингэснээр тус цогцолборт жилдээ 40 мянган амрагч хүүхдэд олон зүйл амьтан, ургамал болон Монголынхоо түүх, соёлоос суралцах боломжийг бүрдүүлж, тогтвортой хөгжлийн тухай ойлголт, байгаль дэлхийгээ хайрлах, хүрээлэн буй орчиндоо ээлтэй байх зөв дадлыг эзэмшүүлэхийг зорьж буй юм. Тиймээс энэ төсөл нь тогтвортой урт хугацаанд хэрэгжин олон мянган хүүхэд багачуудын мэдлэг, боловсролд цаашлаад төлөвшилд хувь нэмрээ оруулах чухал ач холбогдолтой билээ.
“Би ногоон дэлхийн хүүхэд” төслийн нээлтийн үйл ажиллагаанд “Найрамдал” зуслангийн I ээлжийн 500 гаруй амрагч хүүхэд оролцож, төслийн үр шимийг хүртсэн анхны амрагчид боллоо.
ХААН Банкны тогтвортой хөгжил, нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч ХААН Банк Сан өнгөрсөн хугацаанд хүүхэд залуусын боловсрол, байгаль орчны чиглэлээр олон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж ирсэн төдийгүй цаашид ч компанийн нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэх тэргүүлэх чиглэлд авч үзэх юм. ХААН Банк хоёр жилийн өмнөөс компанийн нийгмийн хариуцлагын ажлуудаа өргөжүүлэн НҮБ-аас тодорхойлсон Тогтвортой хөгжлийн 17 зорилгыг бодлогын хүрээнд дэмжин ажиллах, урт хугацаанд банкны үйл ажиллагааны түвшин бүрт нэвтрүүлэх, хэрэгжүүлэх зорилт тавин ажиллаж буй билээ. Тус зорилтын хүрээнд НҮБ-ын зүгээс бизнесийн байгууллагуудын Тогтвортой хөгжлийн зорилгуудыг хэрэгжүүлэх хамгийн том санаачилга “Даян дэлхийн гэрээ”-нд ХААН Банк 2018 онд банк санхүүгийн салбараас сайн дураар анхлан элссэн юм.
Бид зогсолтгүй бүтээсээр...










Дэлхий нийтээр..
Польш улсын бага сургуулиудад гар утас ашиглахыг хориглохоор төлөвлөж байна
Польш улс бага сургуулийн сурагчдыг сургууль дээр гар утас ашиглахыг хориглох хуулийн төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Польшийн Ерөнхий сайд Дональд Туск энэ сарын 2-нд мэдэгдэхдээ, 2026 оны есдүгээр сарын 1-нээс эхлэн 7-15 насны сурагчдыг сургууль дээр гар утас ашиглахыг хориглохоор ажиллаж байгаагаа хэлжээ.
Засгийн газраас дэмжсэн хуулийн төсөлд бага сургуулийн сурагчдыг хичээлийн үеэр төдийгүй завсарлага, сургуулийн орчин, мөн сургуулиас зохион байгуулсан боловсролын үйл ажиллагааны үеэр гар утас ашиглахыг хориглохоор тусгасан байна. Ухаалаг цаг зэрэг мэдээлэл, харилцааны боломжтой төхөөрөмжүүд ч уг хязгаарлалтад хамрагдахаар байна.
Гэхдээ сурагчид төхөөрөмжөө сургууль дээр авчрах боломжтой бөгөөд сургуулиуд тэдгээрийг хичээлийн хугацаанд хадгалах тусгай байр, зохицуулалт хийх эрх зүйн үндэстэй болох аж.
Польшийн бага сургуулийн боловсрол найман жил үргэлжилдэг бөгөөд 7-15 насны хүүхдүүд хамрагддаг. Хуулийн төсөл цаашид Польшийн парламентын доод танхим болох Сейм, дээд танхим болох Сенатаар хэлэлцэгдэж, батлагдсаны дараа Ерөнхийлөгч гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болох юм.
Ерөнхий сайд Дональд Туск хүүхэд, өсвөр үеийнхний гар утас, цахим платформ, тоглоомд донтох асуудал ноцтой болж, хичээлдээ төвлөрөх болон зан төлөвт сөргөөр нөлөөлж байгааг онцолсон байна.
Дэлхий нийтээр..
БНХАУ Тяньаньмэний үйл явдлыг дурсах арга хэмжээг хязгаарлажээ
БНХАУ-ын эрх баригчид 1989 оны Тяньаньмэний талбайн үйл явдлын 37 жилийн ойг тэмдэглэх, дурсах оролдлогуудыг хязгаарласан байна. Эх сурвалжийн мэдээлснээр, Бээжин хотод амь үрэгдэгсдийн ар гэрийнхнийг ой тохиосон өдөр оршуулгын газарт очихыг зөвшөөрөөгүй байна. “Тяньаньмэний эхчүүд” хэмээх бүлгийн гишүүд олон жилийн турш уг өдөр төрөл төрөгсдийнхөө шарилд очиж, дурсгалын мэдэгдэл уншдаг байсан гэж “Эмнести Интернэшнл” мэдээлжээ.
1989 онд Бээжингийн Тяньаньмэний талбайд ардчилал, эрх чөлөөг шаардан жагссан оюутан, иргэдийн хөдөлгөөнийг Хятадын арми хүчээр тараасан юм. AP-ийн мэдээлснээр, тухайн үед олон зуун, магадгүй мянга гаруй хүн амь үрэгдсэн гэж үздэг.
Хонконгт мөн энэ өдрөөр аюулгүй байдлыг чангатгажээ. Урьд нь жил бүр лаа асаан дурсах томоохон арга хэмжээ болдог байсан Виктория паркийн орчимд цөөн хүн цугласан бөгөөд цагдаа нар хэд хэдэн хүнийг шалгаж, заримыг нь түр саатуулсан байна.
АНУ, Европын Холбоо, Их Британи энэ өдрийг тохиолдуулан мэдэгдэл гаргаж, өнгөрснийг цензурээр арилгах боломжгүй хэмээн онцолжээ. Харин БНХАУ-ын Гадаад хэргийн яам АНУ-ын мэдэгдлийг Хятадын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцсон үйлдэл гэж шүүмжилсэн байна.
Мөн Тайваньд Тяньаньмэний үйл явдлын ойг тохиолдуулан лаа асаах дурсгалын арга хэмжээ зохион байгуулжээ. АНУ-ын Капитолын ордонд хууль тогтоогчид болон 1989 оны хөдөлгөөний төлөөлөгчид оролцсон дурсах арга хэмжээ болсон байна.
“Тяньаньмэний эхчүүд” бүлэг энэ жилийн ойг угтан шударга ёс шаардсан мэдэгдэл гаргаж, тухайн үед болсон үйл явдлын талаар бүрэн мэдээлэл ил болгох, хохирогчдын ар гэрт нөхөн төлбөр олгох, хариуцлага тооцохыг шаарджээ.
Дэлхий нийтээр..
Индонезид авлигын хэрэгтэй холбоотойгоор өндөр албан тушаалтнуудыг баривчилжээ
Индонезид авлигын эсрэг ажиллагаа эрчимжиж, Засгийн газрын өндөр албан тушаалтнуудыг баривчилжээ. “Аль Жазира”-гийн мэдээлснээр, тус улсын Цагаачлалын асуудал эрхэлсэн дэд сайд Силми Каримыг цагаачлалын бичиг баримтын бүрдүүлэлт, удирдлагатай холбоотой зөрчил гаргасан байж болзошгүй хэргээр саатуулсан байна. Түүнийг Авлигатай тэмцэх комиссын байранд 10 орчим цаг байцаасны дараа баривчилжээ.
Авлигатай тэмцэх комиссын төлөөлөгч Будии Прасетьогийн мэдээлснээр, уг хэрэг 2023-2024 онд Силми Карим тухайн үеийн Ерөнхийлөгч Жоко Видодогийн засаг захиргаанд Цагаачлалын асуудал эрхэлсэн ерөнхий захирлаар ажиллаж байх үед гарсан байж болзошгүй аж. Мөн энэ хэрэгт холбогдуулан өөр долоон сэжигтнийг тогтоосон гэж мэдэгдэв.
Үүнээс нэг өдрийн өмнө Индонезийн Ерөнхий прокурорын газар Ерөнхийлөгч Прабово Субиантогийн хүүхдийн хоол тэжээлийн дутагдалтай тэмцэх үнэгүй хоолны хөтөлбөрийг хариуцаж байсан Үндэсний хоол тэжээлийн агентлагийн дарга асан Дадан Хиндаяанаг авлигын хэрэгт холбогдуулан баривчилжээ. Тус хэрэгт мөн хоёр хүнийг саатуулсан байна.
Мөрдөн шалгах байгууллагын мэдээлснээр, үнэгүй хоолны хөтөлбөрийг сургуулиудад үйл ажиллагаа явуулдаг сангуудаар дамжуулан хэрэгжүүлдэг бөгөөд эдгээр санг хууль бус үйл ажиллагаанд ашигласан байж болзошгүй гэж үзэж байгаа юм.
Индонезийн Төрийн нарийн бичгийн дарга Прасетьо Хади сүүлийн хоёр өдөр дараалан өндөр албан тушаалтнууд авлигын хэрэгт холбогдсонд Засгийн газар санаа зовниж буйгаа илэрхийлжээ. Тэрбээр Авлигатай тэмцэх комисс болон Ерөнхий прокурорын газрын явуулж буй хуулийн ажиллагааг Засгийн газар хүндэтгэнэ гэж мэдэгдсэн байна.
Индонезид сүүлийн саруудад авлигын эсрэг ажиллагаа идэвхжиж, өнгөрсөн дөрөвдүгээр сард тус улсын Омбудсманы ерөнхий дарга албан тушаалдаа томилогдоод зургаахан хоногийн дараа хээл хахуулийн хэрэгт холбогдон баривчлагдсан юм.
-
Дэлхий нийтээр..2021/04/07
Цэргийн анги дахь хүний эрхийн зөрчлийг арилгах асуудлаар ЗХЖШ-аас ХЭҮК-т тайлба...
-
Дэлхий нийтээр..2023/10/16
Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх 2023 оны намрын нэгдсэн дархлаажуулалт үргэлж...
-
Дэлхий нийтээр..2024/11/21
“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ
-
Үйл явдал2019/12/20
Шадар сайд Ө.Энхтүвшин Казахстаны Элчин сайдыг хүлээн авч уулзав
