Дэлхий нийтээр..
УИХ: Дархлаажуулалтын явцын талаарх Шадар сайдын мэдээллийг сонслоо
УИХ-ын 2021 оны хаврын ээлжит чуулганы 2021 оны гуравдугаар сарын 18-ны өдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар дархлаажуулалтын явцын талаарх Шадар сайдын мэдээллийг сонслоо.
Дэлхий дахинаа коронавирусийн халдварын эсрэг вакциныг гарган авах 265 эмнэлзүйн туршилт судалгаа хийгдэж, албан ёсоор бүртгэгдсэн 13 вакцин хэрэглээнд нэвтэрч үүнээс 9 вакциныг яаралтай горимоор ашиглах зөвшөөрлийг ДЭМБ-ээс олгож, бусад вакциныг бүртгэн авах, шалгах ажиллагаа явагдаж байгаа талаар мэдээллийнхээ эхэнд УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Шадар сайд С.Амарсайхан танилцуулав.
Монгол Улсын Засгийн газраас коронавируст халдварын эсрэг вакцинд 18-аас дээш насны 2 сая 83 мянга буюу нийт хүн амын 63 хувийг хамруулахаар төлөвлөсөн бөгөөд Монгол Улсын Хүний эмийн зөвлөлөөс зөвшөөрөл олгож бүртгэсэн БНЭУ, БНСУ-ын АстраЗенека, БНХАУ-ын Веро целл, ОХУ-ын Спутник-В вакциныг тус тус импортолж, 2021 оны хоёрдугаар сарын 23-ны өдөр голомт өргөнөөр бүртгэгдсэн бүсэд хэрэглэж эхэлсэн бөгөөд 3 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар 155 мянга 746 хүн буюу 7.4 хувийг эхний тунд хамруулсан нь дэлхийн хэмжээнд 17-д бүртгэгджээ.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжийн дагуу вакцины нөөц дутмаг нөхцөл байдлыг харгалзан вакцинд хамрагдах хүн амыг эрэмбэлж зорилтот бүлгийг тодорхойлон нийслэлд 41 цэгээр дамжуулан худалдааны байгууллагын 25,877, боловсролын байгууллагын 24,095, төрийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын 22,507, стратегийн ач холбогдол бүхий байгууллагын 15,209, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын 10,244, хариу арга хэмжээний багт ажиллаж байгаа салбар дундын байгууллагын 8,827, 60-64 насны иргэдэд 7,675, батлан хамгаалах, зэвсэгт хүчний 7,461 иргэн вакцинд хамрагдаж өөрөөр хэлбэл Онцгой байдал, Цагдаа, Мэргэжлийн хяналт, Хил хамгаалах зэрэг байгууллагын албан хаагчид вакцины эхний тунд бүрэн хамрагдсан, харин эрүүл мэндийн байгууллагын 93.2 хувь, төрийн тусгай байгууллагын 92.1 хувь, үйл ажиллагаа нь тасалдаж үл болох байгууллагын 71.5 хувь нь дархлаажуулалтад хамрагдсан байна. Дээрх дархлаажуулалтын эхний тун авсан иргэдэд хөнгөн зэргийн халуурах, толгой өвдөх, бие шархирах нөлөө байгаа хэдийч хүнд хэлбэрийн урвал, хүндрэл илрээгүй болохыг Шадар сайд мэдээлэлдээ дурдав.
Монгол Улсын Засгийн газраас БНЭУ-ын “АстраЗенека” вакцин 150,000 тун, БНХАУ-ын “Вероцелл” вакцин 300,000 тунг татан авч шаардлагатай вакцины нөөцийн 11.3 хувийг дангаараа бүрдүүлсэн бол “КОВАКС” хөтөлбөрийн хүрээнд хүн амын 20 хувийг дархлаажуулах хөтөлбөрөөс эхний ээлжинд “Файзер” вакцины 25,740 тун, “АстраЗенека” вакцины 112,800 тунг манай улсад хуваарилснаас гуравдугаар сарын 12-ны өдөр “АстраЗенека” вакцины 14,400 тунг хүлээн авч нөөцийг нэмэгдүүлж цаашид “АстраЗенека” вакцины 21,600 тунг гуравдугаар сарын сүүлээр, 76,800 тунг дөрөвдүгээр сарын сүүлээр, “Файзер” вакцины 25,740 тунг дөрөвдүгээр сарын эхээр тус тус татан авахаар ажиллаж байгаа юм байна.
Түүнчлэн хувийн хэвшлийн байгууллагуудад вакцин импортлох зөвшөөрлийг олгож вакцины нөөц хангамжийг нэмэгдүүлэх буюу арилжааны шугамаар ОХУ-ын “Спутник-В” вакцин 300,000 тун, БНХАУ-ын “Синофарм” үйлдвэрийн вакцинаас 900,000 тун, “Файзер” вакцинаас 1.5 сая тунг дотоодын аж ахуйн нэгжүүд худалдан авахаар яриа хэлэлцээр хийгдэж байгаа гэлээ.
Манай улс дархлаажуулалтын тогтолцоонд вакциныг -20 хэмд тээвэрлэх, 2-8 хэмд хадгалах горимтой хүйтэн хэлхээний тоног төхөөрөмжийг ашигладаг. Энэ тогтолцооны хүрээнд хүн амынхаа 20 хувийг дархлаажуулахад шаардлагатай хэмжээний вакциныг нэг удаад хүлээн авах бэлтгэлийг хангасан бөгөөд дархлаажуулалтын тогтолцоонд дэлхий дахинд шинээр бүтээгдсэн вакциныг хадгалахад зориулсан -70 хэмийн хөлдөөгч 26 ширхэгийг худалдан авч, үндэсний төв агуулахад 388 литрийн багтаамжтай таван ширхэг хөлдөөгчийг суурилуулж шаардлагатай аймаг дүүрэгт хүргүүлэх 100 литрийн багтаамжтай 21 ширхэг хөлдөөгчийг худалдан авч, дэд бүтцийг бүрдүүлснээ мэдээллийн үеэр танилцууллаа.

“АстраЗенека” вакцинаас шалтгаалан хүний биед тромбэмболи үүссэн байж болзошгүй үндэслэлээр Европын холбооны зарим улс хэрэглэхээ түр зогсоосон гэх боловч 2021 оны гуравдугаар сарын 16-ны өдөр Европын эмийн зохицуулах хороо (ЕМА) тус вакцин нь тромбэмболи үүсгэхэд нөлөөлөхгүй хэмээн албан ёсоор мэдэгдсэн болохыг Шадар сайд С.Амарсайхан мэдээллийн үеэр онцолсон. Европын эмийн зохицуулах хорооноос гаргасан зөвлөмжийг үл харгалзан вакцины хэрэглээг түр зогсоох орнуудын жагсаалт нэмэгдсээр байгаа тул мэргэжлийн байгууллагуудаас аюулгүй байдалд нь бүрэн баталгаа өгч, вакциныг хийлгэхийн ач холбогдолыг тайлбарласан ба вакцины дараах багахан гаж нөлөө нь халдвараас шалтгаалах хүндрэл, болзошгүй нас баралттай харьцуулашгүй болохыг тус хорооны Дэд ерөнхийлөгч Эмер Күүк анхааруулсныг мөн дурдсан. Вакцины эмнэлзүйн туршилт судалгаагаар дархлаажуулалтын дараах урвал хүндрэлд тромбэмболийн тохиолдол бүртгэгдээгүй байна. Тэрээр хэрэглээг түр хугацаагаар хязгаарлах нь иргэдийн вакцинд итгэх итгэлийг сулруулах аюултай хэмээн CNN-д өгсөн ярилцлагадаа мөн дурьджээ (Mackintosh, 2021). Мөн ДЭМБ-ын Аюулгүй байдлын зөвлөлөөс вакцины хэрэглээг зогсоохгүй байхыг уриалаад байгаа гэлээ (Ellyatt, 2021).
Засгийн газар 2021 оны гуравдугаар сарын 9-ний өдрөөс эхлэн коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын ажлыг эрчимжүүлж, хоногт дунджаар 15 мянга орчим хүнийг дархлаажуулалтад хамруулж байгаа бөгөөд эхний ээлжинд коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтад хамрагдах зорилтот бүлгийн нийт 507 мянга гаруй хүнээс 2021 оны гуравдугаар сарын 17-ны өдрийн байдлаар 155.746 мянган хүн буюу 30.7 хувь нь хамрагдсан бол үлдсэн 352 мянган хүнийг 2021 оны гурав, дөрөвдүгээр сард бүрэн хамруулж дуусах төлөвлөгөөтэй байгаа юм байна. Эдгээр иргэдийн хувьд 2021 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдрөөс “Синофарм” үйлдвэрийн вакцин, 2021 оны дөрөвдүгээр сарын 23-ны өдрөөс “АстраЗенека” вакцины давтан тунг тус тус хийх юм байна. Түүнчлэн уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарт ажиллаж байгаа жолооч, ажилчдыг вакцинжуулах ажлын хүрээнд Өмнөговь аймагт “Синофарм” үйлдвэрийн 12,000 тун вакциныг хуваарилан хүргүүлсэн бөгөөд тус салбарын 11,000 гаруй ажилтан, албан хаагч, 1,000 орчим эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг вакцинжуулна гэлээ. Харин бусад аймаг, орон нутагт тавдугаар сараас эхлэн 18-аас дээш насны хүн амд дархлаажуулалтын эхний тунг хийхээр төлөвлөж бэлтгэл ажлыг хангасан байна.
Шадар сайд С.Амарсанаа мэдээллийнхээ төгсгөлд коронавируст халдварын эсрэг вакцины дараах дархлаа тогтцыг судлах зорилгоор хийж буй судалгааны талаар танилцуулсан. Дээрх зорилгын хүрээнд “Эмч, эмнэлгийн ажилчдын вакцины дархлаа тогтоох судалгаа”, “Ахмад настан, суурь өвчтэй хүмүүсийн дархлаа тогтоц тодорхойлох судалгаа”, “Нийт иргэдийн дунд дархлаа тогтцын байдлын судалгаа”-г хийхээр судалгааны арга, аргачлалыг тус тус боловсруулан ажиллаж байгаа аж.

УИХ-ын гишүүд дээрх мэдээлэлтэй холбогдуулан асуулт асууж, Шадар сайд болон Эрүүл мэндийн сайд, холбогдох албан тушаалтнуудаас тайлбар, мэдээлэл авав. Б.Пүрэвдорж гишүүний асуултад Шадар сайд хариулахдаа, Засгийн газар төлөвлөгөөний дагуу вакцинуудыг татан авч, вакцинжуулалтыг амжилттай зохион байгуулж байгаа гэв. Монгол Улсын Засгийн газар, БНЭУ-ын Засгийн газар хоорондын яриа хэлэлцээрийн шугмаар “АстраЗенека” вакциныг авч, энэ оны хоёрдугаар сарын 23-ны өдрөөс вакцинжуулалтаа эхлүүлсэн. Хэрэв ДЭМБ-ын вакцины хөтөлбөрийн дагуу хуваарилагдсан вакциныг хүлээсэн бол гурав хоногийн өмнө эхний “АстраЗенека” вакциныг хүлээн авахаар байжээ. Хандив туслалцаа, хамтын ажиллагааны хүрээнд авсан вакцинуудаас гадна вакцин худалдан авах зориулалтаар 317 сая төгрөгийг төсөвлөсөн байгаа талаар дурдав. Цар тахлын халдварыг дотоодод алдсан үйл явц, холбогдох хариуцлагын талаарх Т.Аюурсайхан гишүүний асуултад С.Амарсайхан сайд хариулт өгсөн. Засгийн газраас нэн тэргүүнд иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, эдийн засгийг хэвийн үргэлжлүүлэх чиглэлд анхаарч бодлого, шийдвэр гарган ажиллаж байгаа гэлээ. Нийтээр нь хатуу хөл хорио тогтоохгүйгээр, хэсэгчлэн хөл хорио тогтоохтой холбоотой, хөл хорионы дэглэмтэй холбоотой нарийвчилсан, тодорхой журмуудыг гарган мөрдөж байгаа талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн юм. Мөн алдаа дутагдлуудыг илрүүлэх, холбогдох албан тушаалтнуудад хариуцлага тооцох, байгууллага хоорондын уялдаа холбоог хангах, шат шатны хариуцлагыг дээшлүүлэх шаардлага бий гэдгийг хэлж байв.

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан, Б.Энхбаяр нар нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд тогтоосон хэсэгчилсэн хөл хорионы талаар тодруулсан. Аймаг, сум, нийслэл, дүүргийн шат шатны байгууллагууд тухайн орчныхоо эрсдлийн үнэлгээг хийж, хэсэгчилсэн арга хэмжээ авахдаа иргэдийг мэдээлэл, зохион байгуулалтаар хангаж, бүх шатанд ойлголтын зөрүүгүй ажиллах УОК-ын даргын тушаал шийдвэр гарсан. Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд хэсэгчилсэн хөл хорио тогтоохдоо тодорхой шалтгаанаар иргэдэд урьдчилан мэдээлэл хүргээгүй гэх тайлбар хэлж байгаа нь бүдүүлэг алдаа гэж үзэж буйгаа Шадар сайд хэллээ. Бүх шатанд дүрэм, журмыг ягштал мөрдөж, үйл ажиллагааны ил тод байдлыг хангах шаардлагыг тавьж байгаагаа хэлсэн юм. Хэсэгчилсэн хөл хорио тогтоосон бүс дэх иргэдийн торыг шалгах зэрэг асуудал байж болохгүй, цэвэр нугалаа гаргаж байгаа үйлдэл хэмээн тэрбээр мэдээлэл өгсөн. Ийм асуудлыг шат шатанд гаргахгүй байхаар хичээж байгаа бөгөөд тухай бүр холбогдох арга хэмжээ авч, хариуцлага тооцно гэлээ. Мөн тухайн бүс дэх аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг хаах учиргүй бөгөөд үүн дээр талууд анхаарал хандуулж, мэдээлэл солилцож ажиллах нь зүйтэй гэв.
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд хэсэгчлэн хөл хорио тогтоох асуудал нь гэнэтийн шийдвэр байгаагүй талаарх тайлбарыг нэгдсэн хуралдааны үеэр Э.Бат-Амгалан гишүүн хэллээ. Тус хороонд хэсэгчлэн хөл хорио тогтоох Эрүүл мэндийн сайдын саналын дагуу нийслэл дээр НОК-ын дарга Р.Чингис, ЭМЯ-ыг төлөөлж А.Амбасэлмаа, дүүргүүдийн Засаг дарга нар оролцсон уулзалт болсон байна. Үүний дагуу Монгол Улсын Шадар сайдын 20 дугаар тушаалын дагуу тус хороонд хэсэгчлэн хөл хорио тогтоохоор шийдвэрлэжээ. Хэсэгчлэн хөл хорио тогтоохын урьд оройны 18.00 цаг гэхэд 26 дугаар хорооны бүх орон сууцанд зөвлөмж бичгүүд нааж, олон нийтийн сүлжээн дэх холбогдох сувгуудаар мэдээлэл түгээсэн гэв. Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар болон Онцгой комисс нь үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан шуурхай арга хэмжээ авч, ажиллаж байгааг энэ үеэр тэмдэглэж хэлсэн. Тус хороонд оршин суудаг, шинжилгээнд хамрагдах ёстой 16.500 иргэнээс 8.500 нь буюу 60 гаруй хувь нь 2021 оны гуравдугаар сарын 17-ны байдлаар шинжилгээнд хамрагдаад байгаа гэлээ. Иргэдийг шинжилгээнд хамруулах ажлыг өнөөдөр 100 хувь дуусгаад, хариу гарсны дараа 2021 оны гуравдугаар сарын 19-ний өдрөөс хэсэгчилсэн хөл хориог цуцлахаар тус дүүргийн Онцгой комисс ажиллаж байгааг Э.Бат-Амгалан гишүүн хэлсэн.

Үргэлжлүүлэн УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, С.Чинзориг, С.Одонтуяа, Б.Бат-Эрдэнэ, Н.Алтанхуяг, Ц.Мөнхцэцэг, Т.Доржханд, Ж.Чинбүрэн, Б.Бейсен, Ж.Сүхбаатар нар дээрх мэдээлэлтэй холбогдуулан асуулт асууж, хариулт авсан. Тухайлбал, эрүүл мэндийн байгууллагын анхан шатны нэгжид ажиллаж буй ажилтнууд онцгой нөхцлийн нэмэгдэл, урамшуулалд хамрагдахгүй байгаа талаар мэдээлэл хэлж, энэ талаар тодруулсан. Мөн тодорхой нэр төрлийн вакцины эхний тунг хийлгэсэн иргэд хоёр дахь тунгаа хийлгэхтэй холбоотой асуудлаар асуулт асуухад, 2021 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдрөөс “Синофарм” үйлдвэрийн вакцин, 2021 оны дөрөвдүгээр сарын 23-ны өдрөөс “АстраЗенека” вакцины давтан тунг тус тус хийнэ гэлээ. Вакцины эхний тунг хийлгэсэн иргэдэд шууд дархлаа тогтохгүй гэдгийг энэ үеэр Эрүүл мэндийн сайд анхааруулж, хоёр дахь тунг хийлгэсний дараа дархлаа тогтож эхлэх бөгөөд 14 дараа бүрэн дархлаа тогтоно гэдгийг хэлж байв.
Ийнхүү Дархлаажуулалтын явцын талаарх Шадар сайдын мэдээллийг сонсож, УИХ-ын гишүүд холбогдох асуудлаар тодруулга хийснээр чуулганы хуралдаан өндөрлөлөө.
Дэлхий нийтээр..
Польш улсын бага сургуулиудад гар утас ашиглахыг хориглохоор төлөвлөж байна
Польш улс бага сургуулийн сурагчдыг сургууль дээр гар утас ашиглахыг хориглох хуулийн төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Польшийн Ерөнхий сайд Дональд Туск энэ сарын 2-нд мэдэгдэхдээ, 2026 оны есдүгээр сарын 1-нээс эхлэн 7-15 насны сурагчдыг сургууль дээр гар утас ашиглахыг хориглохоор ажиллаж байгаагаа хэлжээ.
Засгийн газраас дэмжсэн хуулийн төсөлд бага сургуулийн сурагчдыг хичээлийн үеэр төдийгүй завсарлага, сургуулийн орчин, мөн сургуулиас зохион байгуулсан боловсролын үйл ажиллагааны үеэр гар утас ашиглахыг хориглохоор тусгасан байна. Ухаалаг цаг зэрэг мэдээлэл, харилцааны боломжтой төхөөрөмжүүд ч уг хязгаарлалтад хамрагдахаар байна.
Гэхдээ сурагчид төхөөрөмжөө сургууль дээр авчрах боломжтой бөгөөд сургуулиуд тэдгээрийг хичээлийн хугацаанд хадгалах тусгай байр, зохицуулалт хийх эрх зүйн үндэстэй болох аж.
Польшийн бага сургуулийн боловсрол найман жил үргэлжилдэг бөгөөд 7-15 насны хүүхдүүд хамрагддаг. Хуулийн төсөл цаашид Польшийн парламентын доод танхим болох Сейм, дээд танхим болох Сенатаар хэлэлцэгдэж, батлагдсаны дараа Ерөнхийлөгч гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болох юм.
Ерөнхий сайд Дональд Туск хүүхэд, өсвөр үеийнхний гар утас, цахим платформ, тоглоомд донтох асуудал ноцтой болж, хичээлдээ төвлөрөх болон зан төлөвт сөргөөр нөлөөлж байгааг онцолсон байна.
Дэлхий нийтээр..
БНХАУ Тяньаньмэний үйл явдлыг дурсах арга хэмжээг хязгаарлажээ
БНХАУ-ын эрх баригчид 1989 оны Тяньаньмэний талбайн үйл явдлын 37 жилийн ойг тэмдэглэх, дурсах оролдлогуудыг хязгаарласан байна. Эх сурвалжийн мэдээлснээр, Бээжин хотод амь үрэгдэгсдийн ар гэрийнхнийг ой тохиосон өдөр оршуулгын газарт очихыг зөвшөөрөөгүй байна. “Тяньаньмэний эхчүүд” хэмээх бүлгийн гишүүд олон жилийн турш уг өдөр төрөл төрөгсдийнхөө шарилд очиж, дурсгалын мэдэгдэл уншдаг байсан гэж “Эмнести Интернэшнл” мэдээлжээ.
1989 онд Бээжингийн Тяньаньмэний талбайд ардчилал, эрх чөлөөг шаардан жагссан оюутан, иргэдийн хөдөлгөөнийг Хятадын арми хүчээр тараасан юм. AP-ийн мэдээлснээр, тухайн үед олон зуун, магадгүй мянга гаруй хүн амь үрэгдсэн гэж үздэг.
Хонконгт мөн энэ өдрөөр аюулгүй байдлыг чангатгажээ. Урьд нь жил бүр лаа асаан дурсах томоохон арга хэмжээ болдог байсан Виктория паркийн орчимд цөөн хүн цугласан бөгөөд цагдаа нар хэд хэдэн хүнийг шалгаж, заримыг нь түр саатуулсан байна.
АНУ, Европын Холбоо, Их Британи энэ өдрийг тохиолдуулан мэдэгдэл гаргаж, өнгөрснийг цензурээр арилгах боломжгүй хэмээн онцолжээ. Харин БНХАУ-ын Гадаад хэргийн яам АНУ-ын мэдэгдлийг Хятадын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцсон үйлдэл гэж шүүмжилсэн байна.
Мөн Тайваньд Тяньаньмэний үйл явдлын ойг тохиолдуулан лаа асаах дурсгалын арга хэмжээ зохион байгуулжээ. АНУ-ын Капитолын ордонд хууль тогтоогчид болон 1989 оны хөдөлгөөний төлөөлөгчид оролцсон дурсах арга хэмжээ болсон байна.
“Тяньаньмэний эхчүүд” бүлэг энэ жилийн ойг угтан шударга ёс шаардсан мэдэгдэл гаргаж, тухайн үед болсон үйл явдлын талаар бүрэн мэдээлэл ил болгох, хохирогчдын ар гэрт нөхөн төлбөр олгох, хариуцлага тооцохыг шаарджээ.
Дэлхий нийтээр..
Индонезид авлигын хэрэгтэй холбоотойгоор өндөр албан тушаалтнуудыг баривчилжээ
Индонезид авлигын эсрэг ажиллагаа эрчимжиж, Засгийн газрын өндөр албан тушаалтнуудыг баривчилжээ. “Аль Жазира”-гийн мэдээлснээр, тус улсын Цагаачлалын асуудал эрхэлсэн дэд сайд Силми Каримыг цагаачлалын бичиг баримтын бүрдүүлэлт, удирдлагатай холбоотой зөрчил гаргасан байж болзошгүй хэргээр саатуулсан байна. Түүнийг Авлигатай тэмцэх комиссын байранд 10 орчим цаг байцаасны дараа баривчилжээ.
Авлигатай тэмцэх комиссын төлөөлөгч Будии Прасетьогийн мэдээлснээр, уг хэрэг 2023-2024 онд Силми Карим тухайн үеийн Ерөнхийлөгч Жоко Видодогийн засаг захиргаанд Цагаачлалын асуудал эрхэлсэн ерөнхий захирлаар ажиллаж байх үед гарсан байж болзошгүй аж. Мөн энэ хэрэгт холбогдуулан өөр долоон сэжигтнийг тогтоосон гэж мэдэгдэв.
Үүнээс нэг өдрийн өмнө Индонезийн Ерөнхий прокурорын газар Ерөнхийлөгч Прабово Субиантогийн хүүхдийн хоол тэжээлийн дутагдалтай тэмцэх үнэгүй хоолны хөтөлбөрийг хариуцаж байсан Үндэсний хоол тэжээлийн агентлагийн дарга асан Дадан Хиндаяанаг авлигын хэрэгт холбогдуулан баривчилжээ. Тус хэрэгт мөн хоёр хүнийг саатуулсан байна.
Мөрдөн шалгах байгууллагын мэдээлснээр, үнэгүй хоолны хөтөлбөрийг сургуулиудад үйл ажиллагаа явуулдаг сангуудаар дамжуулан хэрэгжүүлдэг бөгөөд эдгээр санг хууль бус үйл ажиллагаанд ашигласан байж болзошгүй гэж үзэж байгаа юм.
Индонезийн Төрийн нарийн бичгийн дарга Прасетьо Хади сүүлийн хоёр өдөр дараалан өндөр албан тушаалтнууд авлигын хэрэгт холбогдсонд Засгийн газар санаа зовниж буйгаа илэрхийлжээ. Тэрбээр Авлигатай тэмцэх комисс болон Ерөнхий прокурорын газрын явуулж буй хуулийн ажиллагааг Засгийн газар хүндэтгэнэ гэж мэдэгдсэн байна.
Индонезид сүүлийн саруудад авлигын эсрэг ажиллагаа идэвхжиж, өнгөрсөн дөрөвдүгээр сард тус улсын Омбудсманы ерөнхий дарга албан тушаалдаа томилогдоод зургаахан хоногийн дараа хээл хахуулийн хэрэгт холбогдон баривчлагдсан юм.
-
Үйл явдал2019/11/12
Биеийн давхцахгүй өгөгдлөөр өөрийгөө таниулж сонгууль өгдөг болсон тул нэг хүн о...
-
Дэлхий нийтээр..2022/09/13
Гүйцэтгэлийн үнэлгээгээр 1-4 дүгээр түвшинд эрэмбэлэгдсэн багш нарт урамшуулал о...
-
Үйл явдал2022/07/21
Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан
-
Үйл явдал2024/10/29
Улаанбаатарт өдөртөө 8 хэм дулаан
