Үйл явдал
Улаанбаатарт өдөртөө 7 хэм хүйтэн
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр нутгийн хойд хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.
2021 оны 02 дугаар сарын 05-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлэрхэг. Нутгийн хойд хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи нутгийн хойд хэсгээр баруунаас баруун хойш эргэж, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор, Тэс, Байдраг голын хөндийгөөр 16-21 хэм, Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчим, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 8-13 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар 0-5 хэм дулаан, бусад нутгаар 3-8 хэм хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 5-7 хэм хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 4-6 хэм хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 6-8 хэм хүйтэн байна.
2021 оны 02 дугаар сарын 06-наас 02 дугаар сарын 10-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
6-нд нутгийн зүүн хэсгээр, 7-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар цас орж, зөөлөн цасан шуурга шууна. Салхи 6-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр, 9-нд Алтайн салбар уулсаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. 6-нд нутгийн зүүн хэсгээр бага зэрэг хүйтрэх боловч бусад хугацаанд ихэнх нутгаар хүйтний эрч суларч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө 27-32 хэм, өдөртөө 15-20 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 9-14 хэм, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар шөнөдөө 8-13 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 2-7 хэм хүйтэн байна.
Үйл явдал
ЦУОШГ: Ихэнх нутгаар их бороо орох тул үерийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна
Өнөөдөр (2026.08.19) Булган, Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн нутгаар их бороо орох тул голын усны түвшин нэмэгдэх, нөөлөг салхи, мөндөр, аянга цахилгаан, үерийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.
Иргэд, аялагч та бүхэн үер, усны аюулаас урьдчилан сэргийлж:
- Мэргэжлийн байгууллагаас өгч байгаа заавар, зөвлөмжийг дагаж мөрдөх
- Үерийн аюултай бүс, голын эрэг, хуурай сайр жалгаар зорчихгүй байх
- Тээврийн хэрэгслээр зорчихдоо баталгаат гүүр, гармаар зорчих
- Хүүхдийг гол, нуур, үерийн усны ойролцоо хараа хяналтгүй орхихгүй байх
- Үерийн эрсдэлтэй бүсэд буудаллах, майхан барихаас татгалзах
Цаг агаарын мэдээ, сэрэмжлүүлгийг тухай бүрт хүлээн авч, өөрийн болон гэр бүлийнхээ аюулгүй байдлыг хангахыг зөвлөж байна.
Үйл явдал
COP17-д хоол, хүнсний үйлчилгээ үзүүлж буй 30 байгууллагад зөвлөн тусалж байна
ХХААХҮЯ, НХХААГ, НМЭГ-ын улсын болон ахлах байцаагчид Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талуудын 17 дугаар Бага хурал (COP-17)-ын хүрээнд Цэнхэр, Ногоон бүсэд үйл ажиллагаа явуулж буй 30 аж ахуйн нэгж, байгууллагын хоол үйлдвэрлэл, үйлчилгээний үйл ажиллагаанд энэ сарын 17-ны өдрөөс эхлэн зөвлөн туслаж ажиллаж эхэллээ.
Тухайлбал, улсын байцаагчид хоол хүнсний чанар, аюулгүй байдал, хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний хадгалалт, хэрэглэх хугацаа, хоол үйлдвэрлэлийн технологийн үйл ажиллагаа, хадгалалтын температурын горим, тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн цэвэрлэгээ, халдваргүйтгэл, ажилтнуудын хувийн болон үйлдвэрлэлийн эрүүл ахуй нөхцөл байдал чиглэлээр зөвлөн тусалж байна.
Мөн Катерингийн үйлчилгээний хүрээнд бэлэн хоол, хүнсний бүтээгдэхүүн тээвэрлэж буй авто тээврийн хэрэгслийн эрүүл ахуй, ариун цэвэр, температурын горим, тээвэрлэлтийн нөхцөл, түүнчлэн лац ломбын бүрэн бүтэн байдлыг шалгаж, аюулгүй байдлыг хангуулах, илэрсэн зөрчил, дутагдлыг газар дээр нь арилгуулах, хүнсний аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг хангах талаар мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч, хэрэгжилтийг хангуулан ажиллаж байна.

Үйл явдал
ОБЕГ НҮБ-Хабитаттай хот суурин газрын гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр хамтарна
Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Г.Ариунбуян COP17-д оролцож буй НҮБ-ын Хүн амын нутагшил, суурьшлын хөтөлбөрийн Ази, Номхон далайн бүсийн төвийн хөтөлбөрийн ажилтан Рой Кититэй хоёр талт уулзалт хийлээ.
Уулзалтаар хот суурин газрын гамшгийн эрсдэлийг бууруулах, иргэдийн гамшгийг даван туулах чадавхыг бэхжүүлэх, болзошгүй эрсдэлээс хамгаалах чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэх талаар санал солилцжээ.
Түүнчлэн НҮБ-Хабитат хөтөлбөртэй хамтран хот суурин газрын гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр шинэ төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх боломжийг хэлэлцсэн байна.
Хошууч генерал Г.Ариунбуян Монгол Улсын Онцгой байдлын байгууллага болон НҮБ-ын хамтын ажиллагаа 2004 оноос эхлэлтэйг уулзалтын үеэр онцолжээ. Тухайн үед Монгол Улсын Засгийн газрын хүсэлтээр НҮБ-ын Гамшгийн үнэлгээ, зохицуулалтын баг Монгол Улсад ажиллаж, гамшиг, осолтой тэмцэх үндэсний чадавхад хөндлөнгийн үнэлгээ хийсэн байна.
Өдгөө Онцгой байдлын байгууллага НҮБ-ын Монгол дахь Суурин зохицуулагчийн газар болон НҮБ-ын төрөлжсөн байгууллагуудтай гамшгийн эрсдэлийг бууруулах, гамшгийн хор уршгийг арилгах, хүмүүнлэгийн тусламж үзүүлэх чиглэлээр хамтран ажиллаж байгаа юм.
Энэ удаагийн уулзалтаар талууд хамтын ажиллагааг хотын гамшигт тэсвэртэй байдлыг нэмэгдүүлэх, иргэдийн бэлэн байдлыг сайжруулах бодит төсөл, хөтөлбөрөөр өргөжүүлэх боломжийг онцлон хэлэлцжээ.
-
Дэлхий нийтээр..2025/12/25
ЦЕГ: Зодоон гарсан гэх цэргийн ангид хойшлуулшгүй шалгалтын ажиллагаа явуулж бай...
-
Үйл явдал2022/12/12
УИХ: Өнөөдөр болох хэлэлцүүлгүүд
-
Дэлхий нийтээр..2021/01/07
Хулгайн замаар дэглэм зөрчиж хот хооронд зорчвол 500 мянган төгрөгөөр торгоно эс...
-
Дэлхий нийтээр..2021/05/14
Сэлэнгэ аймагт КОВИД-19-ийн эсрэг дархлаажуулалт зорилтот бүлгийн 94 хувьд хүрчэ...
