Дэлхий нийтээр..
“Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах тухай” УИХ-ын тогтоолыг баталлаа

Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлт, Монгол Улсын Ерөнхий сайдын огцрох саналтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Мөнхбат, Б.Баярсайхан, Г.Дамдинням, Ж.Сүхбаатар нар үг хэлж, байр сууриа илэрхийлсэн юм. Анхан, дунд шатанд иргэд, олон нийтэд төрийн үйлчилгээг хүргэж буй албан хаагчдын ёс зүй, хандлага, хариуцлагын алдааг Ерөнхий сайд хүлээж, огцрох санал гаргаж буйд харамсаж байгаагаа гишүүд илэрхийлж байв. Төрийн ажил, алба бүр өндөр хариуцлагатай байдгийн илэрхийлэл, нэг албан хаагчийн ёс зүй, хандлага, ажлын гүйцэтгэл Засгийн газрын түвшинд ч нөлөө үзүүлдгийн бодит жишээ нь энэ тохиолдол гэдгийг гишүүд тэмдэглэж, цаашдаа төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг шинэ түвшинд гаргах реформ хийх нь зүйтэй гэдэг байр суурийг илэрхийлсэн.
Үүний зэрэгцээ ардчиллын чухал хэсэг болох олон нийтийн үзэл бодол, байр сууриа чөлөөтэй илэрхийлэх үйл явцаас улс төрийн ашиг хонжоо олох зорилго, хандлага хэн нэгэнд байх ёсгүй гэдгийг хэлж байлаа.
Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар “Улсын Их Хурал Ерөнхий сайдад хариуцлага хүлээлгээгүй, харин Ерөнхий сайд өөрөө ёс зүйн хариуцлага хүлээж байгааг анхаарах ёстой” хэмээн онцолж байв. Ерөнхий сайдын огцрох саналыг Улсын Их Хурал шийдвэрлэх ч Засгийн газрын бодлого, шийдвэр тогтвортой үргэлжилнэ гэдгийг тэрбээр тэмдэглэж хэлсэн.

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.7-д “Ерөнхийлөгч нэгдсэн хуралдаанд тааллаараа оролцож төрийн гадаад, дотоод бодлогын асуудлаар үг хэлэх, мэдээлэл хийх эрхтэй” хэмээн заасан байдаг. Өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга оролцож, хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан байр сууриа илэрхийлсэн юм. Тэрбээр ард түмний итгэл найдварыг хүлээж, манлайлан дагуулж, төр улсаа удирдах үнэмлэхүй эрхийг Монгол Ардын намд авч ирсэн Монгол Улсын 31 дэх Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүх үүрэгт ажлаасаа нэн шуурхай огцрохоор болсонд харамсаж байгаагаа илэрхийлсэн.

Үргэлжлүүлэн тэрбээр “Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн зөвлөлдөх ажлын хэсгийг миний бие ахалж ажилласны хувьд Монгол Улсын Засгийн газрын насжилт урт, удаан хугацаанд үр дүнтэй ажиллах ёстой хэмээн үзэж, Ерөнхий сайдын эрх мэдлийг нэмэгдүүлж, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг саяхан баталж байсан. 2020 оны Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн үр дүн бол Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хувь хүний манлайлал, нэр хүндэд итгэж найдсан иргэд, сонгогчдын сонголт юм. Гэтэл эдийн засаг, цар тахлын нэн эрсдэлтэй цаг үед нийт ард түмний сонголт, итгэл найдварыг хөсөрдүүлэх эрх энэ хүнд байхгүй. Би Монгол Улсын 31 дэх Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөхийг огт дэмжихгүй байна гэдгээ мэдэгдье” гэлээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг ийнхүү байр сууриа илэрхийлсний дараа Улсын Их Хурлын гишүүд хэлэлцэж буй асуудлаа үргэлжлүүлэн, Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлт, Монгол Улсын Ерөнхий сайдын огцрох саналтай холбогдуулан үг хэлж, байр сууриа илэрхийлэв.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх шүүхийн шинэтгэл хийхэд улс төрийн манлайлал үзүүлж ажилласан гэдгийг Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр тэмдэглэсэн. Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбатын асуултад Ерөнхий сайд хариулт өгөхдөө “Хоёр хоногийн өмнөх үйл явдал сэтгэл эмзэглэм байлаа. Цар тахалтай тэмцэх ажил бол санааны зоргоор, бүгдийн таалалд нийцүүлж хийх ажил биш. Ажил хийж байгаа хүнд алдаа оноо гардаг. Зөвхөн Монгол Улс биш, дэлхий даяараа цар тахлын өмнө хөл алдаж байна. Цар тахлын эсрэг хийж буй тэмцлийн явцад хүний эрхийн зөрчлүүд гарсан. Гэхдээ энэ нь Улсын онцгой комисс болон бүх шатанд ажил хариуцан ажиллаж байгаа хүмүүсийн буруу биш, гэр бүл, хувийн амьдралаа мартаад, хэдэн арван хоногоор өвчтөнүүдээ эмчилж, өөрөө өвчин тусаж, нийтийн дэг журмыг сахиулахаар ажиллаж байгаа хүмүүст бид баярлах ёстой. Монгол төрд тангараг өргөсөн 190 гаруй мянган төрийн албан хаагчийн буруу гэж би хэлэхгүй. Уулын мод урттай богинотой байдгийг адилаар улсын ажлыг сэтгэлтэй, сэтгэлгүй хүмүүс хийж байна. Төрийн ажил хариуцлагатай, сахилга баттай, дэг журамтай байх ёстой. Төрийн үйлчилгээний анхна шатны нэгжийн албан хаагчийн алдаа Засгийн тэргүүний огцрох шалтгаан байж болохыг төрийн албан хаагч нэг бүр мэдээсэй гэж хүсч байна. Ерөнхий сайдын хувиар хариуцлага хүлээж байгаа минь хаа хаанаа өндөр хариуцлагатай байх ёстойг мянга мянган төрийн албан хаагчдад ойлгуулна гэж найдаж байна. Шат шатны дарга нар хариуцсан ажлаа хийж чадахгүй бол, алдаа дутагдал гаргах юм бол хариуцлагаа үүрсэн шиг үүрээрэй гэдгийг энэ үйлдлээрээ сануулж байна” гэв.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатар, С.Амарсайхан, Х.Булгантуяа, С.Одонтуяа, С.Даваасүрэн, Л.Энх-Амгалан, Н.Ганибал, С.Батболд, Х.Ганхуяг, Х.Болорчулуун, Т.Доржханд, Б.Пүрэвдорж, Ш.Адьшаа, Н.Ганибал нар үг хэлж, Монгол Улсын Ерөнхий сайдын огцрох саналтай холбогдуулан байр сууриа илэрхийлсэн.

Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар Монгол Улсын Ерөнхий сайд огцорсноор Монгол Улсын Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох шийдвэр гарна гэдгийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хэлсэн. Дэлхийг хамарсан цар тахлын улмаас онцгой дэглэм мөрдөж, хөл хорио тогтоох зэрэг амаргүй шийдвэр гаргасан цаг үед бид ажиллаж амьдарч байна. Цар тахлын халдвараас иргэдээ, нөлөөллөөс нь улс орны эдийн засгаа хамгаалах, гарз хохирол багатай туулах чиглэлээр Монгол Улсын төр засаг, Улсын онцгой комисс, нийт ард түмэн хичээн ажиллаж байгааг дурдав. Гэвч төрийн зарим албан хаагч нөхцөл байдлыг буруу үнэлж, эрсдэлийг өөрөөсөө зайлуулах гэсэн явцуу сэтгэлгээ, хандлагаар хүний эрхийг ноцтой зөрчсөн нь Ерөнхий сайд, Засгийн газар огцрох үндэслэл, шалтгаан болж байгааг тэрбээр хэлсэн.
Дээрх шиг хүний эрхийг зөрчдөг байдал төрийн албанд дахин гарах ёсгүй гэдгийг онцоллоо. Хүний эрхийг зөрчих, төрийн албан хаагчийн ёс зүйгээ умартах, сахилга, хариуцлагыг хөсөрдүүлэх үйл явдалтай цаашид ч тэмцэх үлгэр дуурайллыг энэ тохиолдол үзүүлж байна хэмээн үзэж байгаагаа Г.Занданшатар дарга хэлж байв. Төрийн албан хаагч ёс зүйг эрхэмлэх нь хуулиар хүлээсэн журамт үүрэг мөн бөгөөд шударга ёс, сахилга хариуцлагыг дээдлэх нь төрт ёсны амин чухал шаардлага гэдгийг сануулсан. Иймээс ч төрийн албан хаагчдын гаргасан алдаа, зөрчлийн хариуцлагыг төр өөртөө үүрч, ёс зүй, хариуцлагын шинэ жишиг тогтоох Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн манлайлал, улс төрийн эр зориг, байр суурийг хүндэтгэж байгаагаа илэрхийлэв.

Тэрбээр "Ёс зүй, сахилга хариуцлагыг дээдлэх нь төрийн бүх шатны байгууллага, төрийн нэрийн өмнөөс иргэдэд үйлчилж байгаа төрийн албан хаагч бүрийн үйл ажиллагаанд жишиг болж тогтох ёстой. Улсын Их Хурлын гишүүд ч энэ үлгэр дуурайллаас жишиг авах ёстой. Цар тахлын энэ цаг үед монгол хүн бүр улс орон, ард түмнийхээ нийтлэг эрх ашгийг тэргүүнд тавьж, хэцүү цаг үеийг хамтын хүчээр даван туулах, нэг зорилгын дор хүчээ нэгтгэн, нягтарч, эвийг эрхэмлэх нь туйлаас чухал байгааг онцлон тэмдэглэж байна.
Иймээс улс орон, нийгмийг тогтворгүй байдал руу түлхэж, сонгож байгуулсан хууль ёсны төр засгийнх нь эсрэг турхирч, үймээн самуунд уриалан дуудах, түүнийг зохион байгуулахыг оролдох аливаа үйлдэл нь Үндсэн хуульт байгууллын эсрэг, Монгол төрийн эсрэг гэмт хэргийн шинжтэй үйлдэл хэмээн үзэх болно гэдгийг цохон тэмдэглэж байна. Ийм үйлдлээс урьдчилан сэргийлэх, аливаа санаархал, илэрлийг таслан зогсоох нь Монгол төрийн, тухайлбал төрийн эрх барих дээд байгууллага Улсын Их Хурлын үүрэг гэж үзэж байна. Үндэсний эв нэгдлээ сахин хамгаалж, төр засгийн тогтвортой байдлыг хангах нь ард түмний амин чухал эрх ашиг, нийт ард түмнийг төлөөлсөн бага ард түмэн болох Улсын Их Хурлын нэн тэргүүний үүрэг юм. Монгол Улсын Засгийн газар, Ерөнхий сайд огцорсноор Монгол Улсад засаглалын хямрал нүүрлэх учиргүй. Улс төрд ч, нийгэмд ч, эдийн засагт ч хямрал үүсгэхгүйн төлөө түмнээ төлөөлсөн парламент сонор сэрэмжтэй, шуурхай ажиллах шаардлагатай. Төрийн ажил нэг өдөр ч алдагдах учиргүй. Ийм учраас Засгийн газрыг эмхлэн байгуулах ажлыг маш шуурхай шийдвэрлэх асуудлыг бүх шатандаа онцгой анхаарч, цар тахлын нөхцөл байдлын онцлогийг тооцох ёстой.

Энэ Засгийн газар, Монгол Улсын 31 дэх Ерөнхий сайд У.Хүрэлсүх муу ажилласан гэж Улсын Их Хурал, монголын ард түмэн үзэхгүй байгаа. Ард түмний дийлэнх олонх итгэл хүлээлгэж, түүнийг нь биелүүлэхээр хичээн ажилласан. Цар тахлын аюулаас хамгаалах ажлыг тууштай зохион байгуулж, бүтэн 10 сар халдварыг нэвтрүүлэхгүй, тогтоон барьж чадсан. Эдийн засаг, иргэдийн орлого, амьжиргааг хамгаалах олон чухал шийдвэр гаргаж, хэрэгжүүлсэн. Агаарын бохирдлыг хэрхэн шийдсэн гэдгээс эхлэн томоохон бүтээн байгуулалтуудын явцаас ард түмэн харж, дүгнэж, мэдэрч байгаа.
Шударга ёсыг бэхжүүлэх, улсаа хөгжүүлэх, шийдлээ хүлээсэн олон чухал арга хэмжээг зоримог, зоригтой хэрэгжүүлсэн. Үлгэрлэн манлайлж, томоохон төсөл хөтөлбөрүүд, бүтээн байгуулалтуудыг хэрэгжүүлсэн нь бодит үнэн. Монголын төлөө, ирээдүйн төлөө хийж ирсэн энэ бүх ажил цаашид үргэлжлэх учиртай. Энэ бол Монгол Улсын эрх ашиг, нийт ард түмний эрх ашигт нийцнэ гэв.

Тэрбээр Монгол Улсын 31 дэх Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд талархал илэрхийлэхийн ялдамд шударга ёсыг бэхжүүлэх тэмцэл, улсаа мандуулах эрхэм зорилгынхоо төлөө тууштай зүтгэхийг хүслээ. Түүнчлэн Монгол Улсын Засгийн газрын танхимын бүрэлдэхүүнд багтаж, чин сэтгэлээсээ зүтгэл гарган ажилласан Засгийн газрын гишүүн, сайд нарт талархал илэрхийлсэн юм. Шинэ Засгийн газрыг яаралтай байгуулах улс төрийн шийдвэрийг хугацаа алдалгүй шуурхай гаргаж, шийдвэрлэхийг МАН, Улсын Их Хурал дахь МАН-ын бүлэг, Улсын Их Хурлын нийт гишүүдэд санууллаа.

Ийнхүү Ерөнхий сайд огцрох саналыг хэлэлцсэний дараа санал хураалт явуулав. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 63 гишүүний 60 нь Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах нь зүйтэй гэсэн Төрийн байгуулалтын байнгын хорооны саналыг дэмжлээ. Улсын Их Хурлын нийт гишүүдийн олонх дэмжснээр “Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах тухай” Улсын Их Хурлын тогтоол батлагдаж, эцсийн найруулгыг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар уншиж танилцууллаа.

Тогтоолоор Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүхийг огцорсонд тооцож, шинэ Ерөнхий сайдыг томилох хүртэл үүрэгт ажлаа гүйцэтгэж байхыг даалгасан юм.
Дэлхий нийтээр..
Польш улсын бага сургуулиудад гар утас ашиглахыг хориглохоор төлөвлөж байна
Польш улс бага сургуулийн сурагчдыг сургууль дээр гар утас ашиглахыг хориглох хуулийн төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Польшийн Ерөнхий сайд Дональд Туск энэ сарын 2-нд мэдэгдэхдээ, 2026 оны есдүгээр сарын 1-нээс эхлэн 7-15 насны сурагчдыг сургууль дээр гар утас ашиглахыг хориглохоор ажиллаж байгаагаа хэлжээ.
Засгийн газраас дэмжсэн хуулийн төсөлд бага сургуулийн сурагчдыг хичээлийн үеэр төдийгүй завсарлага, сургуулийн орчин, мөн сургуулиас зохион байгуулсан боловсролын үйл ажиллагааны үеэр гар утас ашиглахыг хориглохоор тусгасан байна. Ухаалаг цаг зэрэг мэдээлэл, харилцааны боломжтой төхөөрөмжүүд ч уг хязгаарлалтад хамрагдахаар байна.
Гэхдээ сурагчид төхөөрөмжөө сургууль дээр авчрах боломжтой бөгөөд сургуулиуд тэдгээрийг хичээлийн хугацаанд хадгалах тусгай байр, зохицуулалт хийх эрх зүйн үндэстэй болох аж.
Польшийн бага сургуулийн боловсрол найман жил үргэлжилдэг бөгөөд 7-15 насны хүүхдүүд хамрагддаг. Хуулийн төсөл цаашид Польшийн парламентын доод танхим болох Сейм, дээд танхим болох Сенатаар хэлэлцэгдэж, батлагдсаны дараа Ерөнхийлөгч гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болох юм.
Ерөнхий сайд Дональд Туск хүүхэд, өсвөр үеийнхний гар утас, цахим платформ, тоглоомд донтох асуудал ноцтой болж, хичээлдээ төвлөрөх болон зан төлөвт сөргөөр нөлөөлж байгааг онцолсон байна.
Дэлхий нийтээр..
БНХАУ Тяньаньмэний үйл явдлыг дурсах арга хэмжээг хязгаарлажээ
БНХАУ-ын эрх баригчид 1989 оны Тяньаньмэний талбайн үйл явдлын 37 жилийн ойг тэмдэглэх, дурсах оролдлогуудыг хязгаарласан байна. Эх сурвалжийн мэдээлснээр, Бээжин хотод амь үрэгдэгсдийн ар гэрийнхнийг ой тохиосон өдөр оршуулгын газарт очихыг зөвшөөрөөгүй байна. “Тяньаньмэний эхчүүд” хэмээх бүлгийн гишүүд олон жилийн турш уг өдөр төрөл төрөгсдийнхөө шарилд очиж, дурсгалын мэдэгдэл уншдаг байсан гэж “Эмнести Интернэшнл” мэдээлжээ.
1989 онд Бээжингийн Тяньаньмэний талбайд ардчилал, эрх чөлөөг шаардан жагссан оюутан, иргэдийн хөдөлгөөнийг Хятадын арми хүчээр тараасан юм. AP-ийн мэдээлснээр, тухайн үед олон зуун, магадгүй мянга гаруй хүн амь үрэгдсэн гэж үздэг.
Хонконгт мөн энэ өдрөөр аюулгүй байдлыг чангатгажээ. Урьд нь жил бүр лаа асаан дурсах томоохон арга хэмжээ болдог байсан Виктория паркийн орчимд цөөн хүн цугласан бөгөөд цагдаа нар хэд хэдэн хүнийг шалгаж, заримыг нь түр саатуулсан байна.
АНУ, Европын Холбоо, Их Британи энэ өдрийг тохиолдуулан мэдэгдэл гаргаж, өнгөрснийг цензурээр арилгах боломжгүй хэмээн онцолжээ. Харин БНХАУ-ын Гадаад хэргийн яам АНУ-ын мэдэгдлийг Хятадын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцсон үйлдэл гэж шүүмжилсэн байна.
Мөн Тайваньд Тяньаньмэний үйл явдлын ойг тохиолдуулан лаа асаах дурсгалын арга хэмжээ зохион байгуулжээ. АНУ-ын Капитолын ордонд хууль тогтоогчид болон 1989 оны хөдөлгөөний төлөөлөгчид оролцсон дурсах арга хэмжээ болсон байна.
“Тяньаньмэний эхчүүд” бүлэг энэ жилийн ойг угтан шударга ёс шаардсан мэдэгдэл гаргаж, тухайн үед болсон үйл явдлын талаар бүрэн мэдээлэл ил болгох, хохирогчдын ар гэрт нөхөн төлбөр олгох, хариуцлага тооцохыг шаарджээ.
Дэлхий нийтээр..
Индонезид авлигын хэрэгтэй холбоотойгоор өндөр албан тушаалтнуудыг баривчилжээ
Индонезид авлигын эсрэг ажиллагаа эрчимжиж, Засгийн газрын өндөр албан тушаалтнуудыг баривчилжээ. “Аль Жазира”-гийн мэдээлснээр, тус улсын Цагаачлалын асуудал эрхэлсэн дэд сайд Силми Каримыг цагаачлалын бичиг баримтын бүрдүүлэлт, удирдлагатай холбоотой зөрчил гаргасан байж болзошгүй хэргээр саатуулсан байна. Түүнийг Авлигатай тэмцэх комиссын байранд 10 орчим цаг байцаасны дараа баривчилжээ.
Авлигатай тэмцэх комиссын төлөөлөгч Будии Прасетьогийн мэдээлснээр, уг хэрэг 2023-2024 онд Силми Карим тухайн үеийн Ерөнхийлөгч Жоко Видодогийн засаг захиргаанд Цагаачлалын асуудал эрхэлсэн ерөнхий захирлаар ажиллаж байх үед гарсан байж болзошгүй аж. Мөн энэ хэрэгт холбогдуулан өөр долоон сэжигтнийг тогтоосон гэж мэдэгдэв.
Үүнээс нэг өдрийн өмнө Индонезийн Ерөнхий прокурорын газар Ерөнхийлөгч Прабово Субиантогийн хүүхдийн хоол тэжээлийн дутагдалтай тэмцэх үнэгүй хоолны хөтөлбөрийг хариуцаж байсан Үндэсний хоол тэжээлийн агентлагийн дарга асан Дадан Хиндаяанаг авлигын хэрэгт холбогдуулан баривчилжээ. Тус хэрэгт мөн хоёр хүнийг саатуулсан байна.
Мөрдөн шалгах байгууллагын мэдээлснээр, үнэгүй хоолны хөтөлбөрийг сургуулиудад үйл ажиллагаа явуулдаг сангуудаар дамжуулан хэрэгжүүлдэг бөгөөд эдгээр санг хууль бус үйл ажиллагаанд ашигласан байж болзошгүй гэж үзэж байгаа юм.
Индонезийн Төрийн нарийн бичгийн дарга Прасетьо Хади сүүлийн хоёр өдөр дараалан өндөр албан тушаалтнууд авлигын хэрэгт холбогдсонд Засгийн газар санаа зовниж буйгаа илэрхийлжээ. Тэрбээр Авлигатай тэмцэх комисс болон Ерөнхий прокурорын газрын явуулж буй хуулийн ажиллагааг Засгийн газар хүндэтгэнэ гэж мэдэгдсэн байна.
Индонезид сүүлийн саруудад авлигын эсрэг ажиллагаа идэвхжиж, өнгөрсөн дөрөвдүгээр сард тус улсын Омбудсманы ерөнхий дарга албан тушаалдаа томилогдоод зургаахан хоногийн дараа хээл хахуулийн хэрэгт холбогдон баривчлагдсан юм.
-
Үйл явдал2022/06/23
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
-
Дэлхий нийтээр..2020/12/02
ТБХ: Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авахыг дэмжсэнгүй
-
Хэн юу хэлэв...2020/04/06
Түүх газарүйн багш нар "Торгон жим" хөлөгт тоглоомыг хүлээн авлаа
-
Дэлхий нийтээр..2021/03/05
У.Хүрэлсүх: 100 жилийн өмнө тээвэр хийх автомашингүй, 19-хөн чиглэлийн шороон з...
