Дэлхий нийтээр..
УНТЭ-ийн хамт олон “Цус бэлэглэх аян”-ыг эхлүүллээ
УНТЭ-ийн Шуурхай штабын цус сэлгэлтийн ангиас энэ сарын 18-22-ны өдрүүдэд “Цус бэлэглэх аян”-ыг зохион байгуулж байна. Тус аяныг ЭМЯ-ны Цусны мэргэжлийн салбар зөвлөл, Цус сэлбэлт судлалын үндэсний төв, УНТЭ-ийн Цус сэлбэлтийг зохицуулах зөвлөл хамтран зохион байгуулж байгаа бөгөөд УНТЭ-ийн 360 гаруй эмч, ажилчид оролцож цусаа хандивлах юм байна.
.jpg)
УНТЭ-ийн Ерөнхий захирал Н.Лхажий "УНТЭ нь 26 төрөлжсөн мэргэжлийн, үүний дотор 15 чиглэлээр лавлагаа тусламж үйлчилгээг улсын хэмжээнд үзүүлдэг бөгөөд ЦССҮТ-ийн нийлүүлдэг нийт цус, цусан бүтээгдэхүүний 35 хувийг дангаараа хэрэглэдэг. Насанд хүрэгчдийн цусны хавдрын ба хавдрын бус эмгэгүүд, элэг бөөр, үе шилжүүлэн суулгах, эд эрхтэн тайрах зэрэг цар хүрээ ихтэй мэс засал, хоол боловсруулах замын халдвар, цус алдалт зэрэг яаралтай тусламж болон архаг өвчтөний төгсгөлийн шатны олон эрхтэний дутагдлын үед цус цусан бүтээгдэхүүнийг хэрэглэх нь өвчтөний амь насыг аврах, амьдралын чанарыг сайжруулах гол эмчилгээний аргуудын нэг болдог.
Дэлхий нийтийг нөмрөөд буй аюулт цар тахлын үед цус, цусан бүтээгдэхүүний хомсдол үүсэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор бид байгууллагын нийт ажилчидыг уриалж тус аяныг зохион байгуулж байна. Цус цусан бүтээгдэхүүний хүртээмжийг сайжруулах, цар тахлын онцгой үед үүсч болох хомсдлоос сэргийлэх, иргэдийг цусаа бэлэглэх үйлсэд уриалах, авлагагүй байнгын донорын тоог нэмэгдүүлэхэд тус аяны зорилго оршиж байна. Халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор УНТЭ, ЦССҮТ нь хамгааллыг чанд сахиж ажиллаж байна" гэлээ.

ЦССҮТ-ийн Ерөнхий захирал Н.Эрдэнэбаяр "ДЭМБ-аас халдварын аливаа эрсдэлгүй цусаар хангах үндсэн боломжийн нэг нь 100 хувь сайн дурын авлагагүй донороос цус цуглуулах гэж үздэг. Тэгвэл өнөөдөр УНТЭ-ийн хамт олон бидний ажлыг дэмжиж, цус цусан бүтээгдэхүүний нөөцийг нэмэгдүүлэхэд анхааран тус аяныг эхлүүлсэнд баяртай байна. Дэлхий дахиныг хамарсан Covid-19 цар тахлын улмаас цусны доноруудын тоо цөөрсөн хэдий ч бид цус цусан бүтээгдэхүүний нөөцийг хэвийн хадгалах тал дээр анхаарч ажиллаж байна. УНТЭ-тэй хамтран хэрэгжүүлж байгаа уг аянд олон байгууллагууд нэгдэж, цусны нөөцийг бүрдүүлэх нь дамжиггүй. Нэг хүн нэг удаа цусаа хандивлахад гурван хүний алтан амийг аврах боломжтой бөгөөд эрэгтэй хүн гурван сардаа нэг удаа, эмэгтэй хүн дөрвөн сард нэг удаа цусаа хандивлах боломжтой. Цусаа хандивлах нь эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг гэдэг ташаа ойлголт иргэдийн дунд байдаг. Тэгвэл тогтмол цусаа өгдөг донор хүний бие эрүүл чийрэг, зүрхний шигдээсээр өвчлөх магадлал 30 хувь бага байдаг" гэлээ.
Хэрэв та цусаа хандивлахаар шийдсэн бол дараах зүйлийг анхаараарай. Үүнд:
• Урьд өдөр нь сайн унтаж амрах
• Хувийн ариун цэвэр сайн сахих
• Өөх тостой хоол, сvv сvvн бүтээгдэхүүн, айраг, архи, пиво, тамхи, эм бэлдмэл хэрэглэхгүй байх хэрэгтэй.
• Цус өгөхөөс өмнө ердийнхөөс илүү их шингэн ууна.
• Цус өгөх өдрийн өглөөний цайндаа хөнгөн хоол хүнс /чихэртэй цай, мантуу, талх, өндөг, цагаан будаа/ хэрэглэх хэрэгтэй.

Дэлхий нийтээр..
Польш улсын бага сургуулиудад гар утас ашиглахыг хориглохоор төлөвлөж байна
Польш улс бага сургуулийн сурагчдыг сургууль дээр гар утас ашиглахыг хориглох хуулийн төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Польшийн Ерөнхий сайд Дональд Туск энэ сарын 2-нд мэдэгдэхдээ, 2026 оны есдүгээр сарын 1-нээс эхлэн 7-15 насны сурагчдыг сургууль дээр гар утас ашиглахыг хориглохоор ажиллаж байгаагаа хэлжээ.
Засгийн газраас дэмжсэн хуулийн төсөлд бага сургуулийн сурагчдыг хичээлийн үеэр төдийгүй завсарлага, сургуулийн орчин, мөн сургуулиас зохион байгуулсан боловсролын үйл ажиллагааны үеэр гар утас ашиглахыг хориглохоор тусгасан байна. Ухаалаг цаг зэрэг мэдээлэл, харилцааны боломжтой төхөөрөмжүүд ч уг хязгаарлалтад хамрагдахаар байна.
Гэхдээ сурагчид төхөөрөмжөө сургууль дээр авчрах боломжтой бөгөөд сургуулиуд тэдгээрийг хичээлийн хугацаанд хадгалах тусгай байр, зохицуулалт хийх эрх зүйн үндэстэй болох аж.
Польшийн бага сургуулийн боловсрол найман жил үргэлжилдэг бөгөөд 7-15 насны хүүхдүүд хамрагддаг. Хуулийн төсөл цаашид Польшийн парламентын доод танхим болох Сейм, дээд танхим болох Сенатаар хэлэлцэгдэж, батлагдсаны дараа Ерөнхийлөгч гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болох юм.
Ерөнхий сайд Дональд Туск хүүхэд, өсвөр үеийнхний гар утас, цахим платформ, тоглоомд донтох асуудал ноцтой болж, хичээлдээ төвлөрөх болон зан төлөвт сөргөөр нөлөөлж байгааг онцолсон байна.
Дэлхий нийтээр..
БНХАУ Тяньаньмэний үйл явдлыг дурсах арга хэмжээг хязгаарлажээ
БНХАУ-ын эрх баригчид 1989 оны Тяньаньмэний талбайн үйл явдлын 37 жилийн ойг тэмдэглэх, дурсах оролдлогуудыг хязгаарласан байна. Эх сурвалжийн мэдээлснээр, Бээжин хотод амь үрэгдэгсдийн ар гэрийнхнийг ой тохиосон өдөр оршуулгын газарт очихыг зөвшөөрөөгүй байна. “Тяньаньмэний эхчүүд” хэмээх бүлгийн гишүүд олон жилийн турш уг өдөр төрөл төрөгсдийнхөө шарилд очиж, дурсгалын мэдэгдэл уншдаг байсан гэж “Эмнести Интернэшнл” мэдээлжээ.
1989 онд Бээжингийн Тяньаньмэний талбайд ардчилал, эрх чөлөөг шаардан жагссан оюутан, иргэдийн хөдөлгөөнийг Хятадын арми хүчээр тараасан юм. AP-ийн мэдээлснээр, тухайн үед олон зуун, магадгүй мянга гаруй хүн амь үрэгдсэн гэж үздэг.
Хонконгт мөн энэ өдрөөр аюулгүй байдлыг чангатгажээ. Урьд нь жил бүр лаа асаан дурсах томоохон арга хэмжээ болдог байсан Виктория паркийн орчимд цөөн хүн цугласан бөгөөд цагдаа нар хэд хэдэн хүнийг шалгаж, заримыг нь түр саатуулсан байна.
АНУ, Европын Холбоо, Их Британи энэ өдрийг тохиолдуулан мэдэгдэл гаргаж, өнгөрснийг цензурээр арилгах боломжгүй хэмээн онцолжээ. Харин БНХАУ-ын Гадаад хэргийн яам АНУ-ын мэдэгдлийг Хятадын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцсон үйлдэл гэж шүүмжилсэн байна.
Мөн Тайваньд Тяньаньмэний үйл явдлын ойг тохиолдуулан лаа асаах дурсгалын арга хэмжээ зохион байгуулжээ. АНУ-ын Капитолын ордонд хууль тогтоогчид болон 1989 оны хөдөлгөөний төлөөлөгчид оролцсон дурсах арга хэмжээ болсон байна.
“Тяньаньмэний эхчүүд” бүлэг энэ жилийн ойг угтан шударга ёс шаардсан мэдэгдэл гаргаж, тухайн үед болсон үйл явдлын талаар бүрэн мэдээлэл ил болгох, хохирогчдын ар гэрт нөхөн төлбөр олгох, хариуцлага тооцохыг шаарджээ.
Дэлхий нийтээр..
Индонезид авлигын хэрэгтэй холбоотойгоор өндөр албан тушаалтнуудыг баривчилжээ
Индонезид авлигын эсрэг ажиллагаа эрчимжиж, Засгийн газрын өндөр албан тушаалтнуудыг баривчилжээ. “Аль Жазира”-гийн мэдээлснээр, тус улсын Цагаачлалын асуудал эрхэлсэн дэд сайд Силми Каримыг цагаачлалын бичиг баримтын бүрдүүлэлт, удирдлагатай холбоотой зөрчил гаргасан байж болзошгүй хэргээр саатуулсан байна. Түүнийг Авлигатай тэмцэх комиссын байранд 10 орчим цаг байцаасны дараа баривчилжээ.
Авлигатай тэмцэх комиссын төлөөлөгч Будии Прасетьогийн мэдээлснээр, уг хэрэг 2023-2024 онд Силми Карим тухайн үеийн Ерөнхийлөгч Жоко Видодогийн засаг захиргаанд Цагаачлалын асуудал эрхэлсэн ерөнхий захирлаар ажиллаж байх үед гарсан байж болзошгүй аж. Мөн энэ хэрэгт холбогдуулан өөр долоон сэжигтнийг тогтоосон гэж мэдэгдэв.
Үүнээс нэг өдрийн өмнө Индонезийн Ерөнхий прокурорын газар Ерөнхийлөгч Прабово Субиантогийн хүүхдийн хоол тэжээлийн дутагдалтай тэмцэх үнэгүй хоолны хөтөлбөрийг хариуцаж байсан Үндэсний хоол тэжээлийн агентлагийн дарга асан Дадан Хиндаяанаг авлигын хэрэгт холбогдуулан баривчилжээ. Тус хэрэгт мөн хоёр хүнийг саатуулсан байна.
Мөрдөн шалгах байгууллагын мэдээлснээр, үнэгүй хоолны хөтөлбөрийг сургуулиудад үйл ажиллагаа явуулдаг сангуудаар дамжуулан хэрэгжүүлдэг бөгөөд эдгээр санг хууль бус үйл ажиллагаанд ашигласан байж болзошгүй гэж үзэж байгаа юм.
Индонезийн Төрийн нарийн бичгийн дарга Прасетьо Хади сүүлийн хоёр өдөр дараалан өндөр албан тушаалтнууд авлигын хэрэгт холбогдсонд Засгийн газар санаа зовниж буйгаа илэрхийлжээ. Тэрбээр Авлигатай тэмцэх комисс болон Ерөнхий прокурорын газрын явуулж буй хуулийн ажиллагааг Засгийн газар хүндэтгэнэ гэж мэдэгдсэн байна.
Индонезид сүүлийн саруудад авлигын эсрэг ажиллагаа идэвхжиж, өнгөрсөн дөрөвдүгээр сард тус улсын Омбудсманы ерөнхий дарга албан тушаалдаа томилогдоод зургаахан хоногийн дараа хээл хахуулийн хэрэгт холбогдон баривчлагдсан юм.
-
Үйл явдал2026/06/05
Ерөнхий сайд Н.Учрал Бизнесийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг яаралтай горим...
-
Дэлхий нийтээр..2023/10/24
ЦЕГ: 33 820 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явууллаа
-
Хэн юу хэлэв...2026/06/03
Өглөөний нарыг унтаж алдаж, оройн харанхуйд тог цахилгаан худалдаж авсаар байх у...
-
Дэлхий нийтээр..2025/01/23
АТГ: 2024 онд 16512 нэр дэвшигчийн ХАСУМ-ийг хянаж, хариуг хүргүүлэв
