Үйл явдал
Байнгын хороо, ажлын хэсгүүдийн хуралдаан болно
УИХ-ын ажлын хэсэг, байнгын хороодын өнөөдрийн /2020.12.16/ хуралдааны тов, хэлэлцэх асуудлын дарааллыг та бүхэнд хүргэж байна.
НЭГ. АЖЛЫН ХЭСЭГ:
- Цар тахлын хүндрэлтэй үед эдийн засаг, санхүүгийн салбарыг сэргээх, эрчимжүүлэх чиглэлээр авах арга хэмжээ, хууль, Улсын Их Хурлын шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий Улсын Их Хурлын даргын 2020 оны 48 дугаар захирамжаар байгуулсан ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “Их хуралдай” танхимаас цахим хэлбэрээр хуралдана;
- Хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “Үндсэн хууль” танхимаас цахим хэлбэрээр хуралдана.
ХОЁР. БАЙНГЫН ХОРОО:
1.Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны хуралдаан 09.30 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимаас цахим хэлбэрээр хуралдана.
Хэлэлцэх асуудал:
- Хүмүүнлэг боловсролыг дэмжих тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ нарын 4 гишүүн 2020.05.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
- “Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2020.12.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Хууль зүйн байнгын хороонд хүргүүлнэ/;
- Ажлын хэсэг байгуулах тухай /Соёлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд/;
- Ажлын хэсэг байгуулах тухай /Музейн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд/;
- Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай /Засгийн газар, Улсын Хурлын гишүүн Б.Баттөмөр нарын 6 гишүүн тус тус өргөн мэдүүлсэн Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд/.
2.Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан 10.00 цагаас “Үндсэн хууль” танхимд:
Хэлэлцэх асуудал:
- Мах бэлтгэл, махны үйлдвэрлэл болон махны экспортын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Байнгын хорооны 2020 оны 07 дугаар тогтоолоор байгуулсан ажлын хэсгийн санал, дүгнэлтийг сонсох;
- “Чиглэл өгөх тухай” Байнгын хорооны тогтоолын төсөл.
3.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 11.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимаас цахим хэлбэрээр хуралдана.
Хэлэлцэх асуудал:
- Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын тогтоолын төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн нарын 8 гишүүн 2020.04.22-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
- Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан, Ж.Ганбаатар нар 2019.12.02-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
- “Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2020.12.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Хууль зүйн байнгын хороонд хүргүүлнэ/;
- Бусад.
4.Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимаас цахим хэлбэрээр хуралдана.
Хэлэлцэх асуудал:
- “Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2020.12.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Хууль зүйн байнгын хороонд хүргүүлнэ/.
Үйл явдал
Ерөнхий сайд Н.Учрал Бизнесийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг яаралтай горимоор хэлэлцүүлэхээр УИХ-д өргөн барилаа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Бизнесийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу яаралтай горимоор хэлэлцүүлэхээр УИХ-ын дарга С.Бямбацогтод өргөн барилаа.
Ерөнхий сайд “Бизнесийн эрх чөлөөний тухай анхдагч хууль бол Засгийн газрын “Эрх чөлөөний дөрвөн зам, дөрвөн чөлөөлөлт”, “Чөлөөлье” бодлогыг амилуулж биежүүлэх хууль” гэдгийг онцлов.
Засгийн газраас Бизнесийн эрх чөлөөний тухай анхдагч хуулийн төсөл, түүнийг дагалдуулан Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон бусад холбогдох хуулийн төслийг боловсрууллаа.

Монгол Улсад бизнес эрхлэхтэй холбоотой харилцааг шууд болон шууд бус хэлбэрээр зохицуулсан 360 гаруй хууль хүчин төгөлдөр үйлчилж байгаа ч бизнесийн үйл ажиллагааны явцад төр болон бизнес эрхлэгчдийн хооронд баримтлах зарчмууд тухайлбал, хуулиар хориглосноос бусад тохиолдолд бизнесийн үйл ажиллагааг чөлөөтэй эрхлэх, бизнесийн тогтвортой байдлыг хангах, төр, хувийн аж ахуй нэгжүүдтэй өрсөлдөхгүй байх, төрийн оролцоог бууруулах зэрэг суурь зарчмуудыг тусгасан нэгдсэн хууль байхгүй байна.
Энэ төсөл нь хууль зүйн тодорхой байдал, төрийн хариуцлагыг нэмэгдүүлж, захиргааны дарамт багасах, төрийн үйлчилгээний чанар сайжрах нөхцөлийг бүрдүүлж, бизнесийн үйл ажиллагааг чөлөөтэй эрхлэх, хөрөнгө оруулалт нэмэгдэх, эдийн засгийн өсөлт, ажлын байр нэмэгдэхэд дэмжлэг үзүүлнэ.

Хөрөнгө оруулалтын тухай хуульд оруулж буй гол өөрчлөлтүүд нь хөрөнгө оруулагчдаас төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан гомдлыг хүлээн авч, судалж, гомдлыг барагдуулах талаар нэгдсэн тогтолцоог бий болгосон байна.
Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон түүнтэй холбогдуулан боловсруулсан бусад салбарын хуулиудад оруулсан гол өөрчлөлт нь зөвшөөрлийн тогтолцоог цахим хэлбэрт шилжүүлэх, эрсдэл багатай зарим үйл ажиллагааг зөвшөөрөл авах бус мэдэгдлийн үндсэн дээр эрхлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх, зөвшөөрөл олгох, сунгах ажиллагааг хялбаршуулах, бизнес эрхлэгчид тавигдах зарим давхардсан болон хүндрэлтэй шаардлагыг бууруулах чиглэлээр зохицуулалт тусгагджээ.

Үйл явдал
Эрхтэн шилжүүлэн суулгах салбарын олон улсын тэргүүлэх мэргэжилтнүүдийг хүлээн авч уулзав
Эрүүл мэндийн сайд Э.Батшугар Монгол Улсад зохион байгуулагдаж буй “ICOT V-2026” Олон улсын эрхтэн шилжүүлэн суулгах чуулганд оролцохоор хүрэлцэн ирсэн олон улсын эрдэмтэн, профессоруудын төлөөллийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтад Туркийн Эрхтэн шилжүүлэн суулгах сангийн ерөнхийлөгч, профессор Эюп Кахвежи, Испанийн Донор ба шилжүүлэн суулгалтын институтийн ерөнхийлөгч, профессор Марти Маньялич Видал, Туркийн Эрхтэн шилжүүлэн суулгах сангийн ерөнхий зохицуулагч Гамзе Илдирим, БНСУ-ын Сөүлийн Үндэсний Анагаах Ухааны Төвийн профессор, Азийн Эрхтэн шилжүүлэн суулгах нийгэмлэгийн ерөнхий нарийн бичгийн дарга, “Vitalink” байгууллагын захирал профессор Гюри Ан нар оролцлоо.
Талууд Монгол Улсад эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тусламж үйлчилгээний өнөөгийн байдал, тархины үхэлтэй донорын тогтолцоог бэхжүүлэх боломж, хүний нөөцийн чадавхыг дээшлүүлэх, эмч мэргэжилтнүүдийг олон улсын сургалт, судалгаанд хамруулах, эрхтэн хадгалалт болон шилжүүлэн суулгах дэвшилтэт технологийг нэвтрүүлэх чиглэлээр санал солилцлоо.
Эрүүл мэндийн сайд Э.Батшугар Монгол Улсад эрхтэн шилжүүлэн суулгах салбар сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж байгааг онцолж, олон улсын байгууллага, тэргүүлэх мэргэжилтнүүдтэй хамтын ажиллагаагаа өргөжүүлэн, иргэдэд үзүүлэх тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллахаа илэрхийллээ.
Мөн уулзалтын үеэр “ICOT V-2026” конгрессын хүрээнд хэрэгжүүлэх хамтарсан сургалт, эрдэм шинжилгээний хамтын ажиллагаа, туршлага солилцооны талаар хэлэлцэж, цаашдын хамтын ажиллагааны чиглэлүүдийг тодорхойлов.

Үйл явдал
Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод өнөөдөр Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа, Д.Батлут, Л.Мөнхбаясгалан, С.Эрдэнэбат, Л.Энхнасан нараас Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв.
Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулагдсан Ахмадуудад тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, хөдөлмөр эрхлэлт, эрүүл мэнд бусад асуудлын талаарх хуулийн хэрэгжилт, цаашид анхаарах асуудалд санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгээс тэдний хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд чиглэсэн агуулгатай уг хуулийн төслийг өргөн мэдүүлж буйг Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа энэ үеэр онцолсон.
Тэрбээр 2024 онд батлагдсан Ахмад настны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, тэдний хөдөлмөр эрхлэх нөхцөл бололцоог бүрдүүлсэн. Өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулиудад аж ахуйн нэгж, байгууллага 50-аас дээш ажилтантай бол тэдний хоёр хувьд ахмадуудыг ажиллуулах, улмаар ахмадууд хөдөлмөрийн гэрээ, ажил гүйцэтгэх, хөлсөөр ажиллах бол ажилтны хүсэлтээр ажил олгогч аль аль нь тэтгэврийн шимтгэл төлөхгүй байж болно гэсэн зохицуулалт үйлчилж байгааг дурдлаа.
Гэсэн хэдий ч Нийгмийн даатгалын ерөнхий хууль энэ заалтыг зөвхөн өндөр насны тэтгэврийг 20-оос доошгүй жил шимтгэл төлсөн 65 нас хүрсэн ахмадыг хэлнэ гээд өндөр насны тэтгэвэр тогтоолгож байгаа долоон төрлийн асуудал байхад зөвхөн нэгийг нь авч үзэн зохицуулсан байдаг. Иймд хүчин төгөлдөр үйлчилж буй хуулийн зохицуулалтыг өөрчилж, цэргийн алба хаагчийн тэтгэвэр авч буй иргэд, дөрвөн хүүхэд төрүүлээд 50 насандаа тэтгэвэрт гарсан эхчүүд, малчин, хүнд хортой нөхцөлд ажилласан гээд өндөр насны тэтгэвэр тогтоолгосон бүх хүмүүсийг хамруулах уг хуулийн төслийг боловсруулсан гэж байлаа.
Монгол Улсад 2025 оны жилийн эцсийн байдлаар өндөр насны тэтгэвэр тогтоолгосон, ажил хөдөлмөр эрхэлж байгаа 62.2 мянган тэтгэвэр авагчаас 33.1 мянга нь одоогийн Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 7.6 дахь хэсэгт заасны дагуу тэтгэврийн даатгалын шимтгэлээс чөлөөлөгдсөн байна. Энэ нь нийт ажиллаж буй өндөр насны тэтгэвэр авагчдын 53.2 хувийг, харин үлдсэн 29.1 мянга нь уг заалтын болзол хангаагүй тул шимтгэл төлсөн, ялгавартай нөхцөл байдалд өртсөн иргэд нь 46.8 хувийг эзэлж байгаа аж.
Ахмад настны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд тэтгэврийн даатгалын шимтгэл төлөхгүй байх сайн дурын сонголтыг бүх насны тэтгэвэр авагч иргэнд хамааруулах улмаар ажил олгогчийн төлөх тэтгэврийн даатгалын шимтгэлийн ачаалал буурах ахмад настны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих заалтуудыг төсөлд тусгасан байна.
Хуулийн төсөл батлагдсанаар Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 7 дугаар зүйлийн 7.6 дахь хэсэгт өндөр насны тэтгэвэр тогтоолгосон бүх тэтгэвэр авагчдыг хамааруулна. Ингэснээр тэтгэврийн даатгалын сангийн орлого 95.8 тэрбум төгрөгөөр буурч энэ хэмжээгээр тэтгэврийн даатгалын санд олгох улсын төсвийн санхүүгийн дэмжлэгийн хэмжээ нэмэгдэнэ гэж төсөл санаачлагчид үзжээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.
-
Тод зураг2020/04/17
Панамын баримтаас хойш 4 жил: Нууцлаг компаниуд ба дэлхийн баялаг
-
Дэлхий нийтээр..2025/06/12
“ДЦС-3” ТӨХК-д ажилласан УИХ-ын ажлын хэсэг хөдөлмөрийн аюулгүй байдлын цогц...
-
Үйл явдал2021/03/10
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн
-
Дэлхий нийтээр..2024/11/05
Төвлөрөл сааруулах Үндэсний баг орон нутагт ажиллаж байна
