Бидэнтэй нэгдэх

Дэлхий нийтээр..

Ирэх даваа гарагаас нийслэл, Архангай, Сэлэнгэ аймаг Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжинэ

Огноо:

,

Сэтгүүлч:

Засгийн газрын ээлжит хуралдаан 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдөр боллоо.

Нийслэл, Архангай, Сэлэнгэ аймагт Бүх нийтийн бэлэн байдлын зэргийг 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 06.00 цагаас 12 дугаар сарын 14-ний өдрийн 06.00 цаг хүртэл сунгахаар болов. Мөн Архангай аймгийн Батцэнгэл, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг, Сүхбаатар суманд тогтоосон зэргийг 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 06.00 цаг хүртэл 10 хоног сунгах нь зүйтэй гэж үзлээ. Нийслэл болон дээрх аймгуудад гурав хоногийн хугацаа дуусмагц Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилэн шилжүүлэх юм.  Төрийн болон бусад байгууллага, аж ахуйн нэгжийн ажиллах горим, иргэд, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлах хүрээг тогтоон, халдвар хамгаалал, хөл хорионы дэглэмийг чанд мөрдүүлж ажиллахыг бүх шатны Онцгой комисст үүрэг болголоо. 

Даваа гарагаас 34 төрлийн үйлчилгээний газар хэвийн ажиллаж эхэлнэ

2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс нийслэл хот Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжинэ. Ингэснээр 12 мянга гаруй аж ахуйн нэгж, байгууллага, 133 мянга гаруй ажилтан, албан хаагч ажлаа явуулах боломж бүрдэх юм. Гэхдээ ресторан, кафе, хайпермаркет, супермакет, минимаркет, хүнсний дэлгүүр болон зоогийн газар, сүлжээ хоолны газар, кофе шоп, хүнсний болон ахуйн барааны дэлгүүр 07.00-21.00 цагт ажиллана. Шар айраг, дарс худалдах, автомашины хөдөлгөөнийг хэвийн горимд оруулахыг зөвшөөрлөө.

Одоо хэвийн ажиллаж байгаа салбар:

-        Эрчим хүч

-       Хүнсний үйлдвэрлэл, худалдаа, түгээлт, тээвэрлэлт

-       Газрын тосны бүтээгдэхүүн, түлшний хангамж, түгээлт, тээвэрлэлт

-       Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт

-       Эрүүл мэндийн байгууллага, эм, эмнэлгийн хэрэгслийн үйлдвэрлэл, ханган нийлүүлэлт

-       Банк, санхүү, хөрөнгийн бирж

-       Хэвлэл мэдээлэл, харилцаа холбоо, шуудан, илгээмж

-       Улсын онц чухал болон стратегийн ач холбогдол бүхий обьект, байгууллага

-       Малын өвс, тэжээлийн үйлдвэрлэл, худалдаа, тээвэрлэлт

-       Гоо сайхны бүтээгдэхүүний үйлдвэрлэл

-       Арьс шир, ноос, ноолуур боловсруулах үйлдвэр

-       Сав, баглаа боодол, хэвлэх үйлдвэр

-       Модон эдлэл, барилгын хийц, материалын үйлдвэр

-       Бараа материалын цахим худалдаа, хүргэлт

-       УИХ, ИТХ, төрийн захиргааны байгууллага /тооны хязгаартай/

-       Тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллага

-       Шүүх, прокурор, өмгөөлөл, нотариат

-        Оршуулга

2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс хэвийн ажиллах газар:

-       Хүнсний худалдааны төв дэх ахуйн хэрэглээний барааны тасаг

-       Барилгын материалын худалдаа

-       Модны зах

-       Автотехникийн зах /тусгай нөхцөл шаардана/

-       Ресторан

-       Кафе /тусгай нөхцөл шаардана/

-       Цайны газар /нийтийн үйлчилгээтэй болон байгууллагын/

-       Түргэн үйлчилгээний болон сүлжээ хоолны газар /тусгай нөхцөл шаардана/

-       Хүргэлтийн хоол /тусгай нөхцөл шаардана/

-       Хувцас, гутал, гэр ахуйн тавилга, ахуйн электрон, цахилгаан хэрэгсэл, алт, мөнгө, үнэт эдлэл, цүнх, нүдний шил, цоож, түлхүүр, цагны захиалга, засвар

-       Хими цэвэрлэгээ, угаалга

-       Гэрэл зураг

-       Айл нүүлгэх үйлчилгээ

-       Эд бараа түрээслэх үйлчилгээ

-       Нийтийн бие засах газар

-       Барьцаалан зээлдүүлэх газар

-       Авто засвар /агрегат, кузов/

-       Дугуй засвар

-       Автомашины угаалга, доторлогоо

-       Автомашин, сэлбэг хэрэгсэл, тос, тосолгооны болон будаг, аккумулятор, гоёл чимэглэл, дугуй зэрэг материалын худалдаа

-       Авто зогсоол

-       Нийтийн байрны үйлчилгээ

-       Барилга засвар

-       Таксины үйлчилгээ /тусгай нөхцөл шаардана/

Тусгай нөхцөл гэдэг нь тухайн газар халдвар хамгааллын дэглэм баримтлах, ариутгал, халдваргүйжүүлэлт байнга хийх, хүн хоорондын зай бариулах зэрэг юм байна. Олон нийтийг хамарсан үзвэр, соёл, урлагийн үйлчилгээ, үсчин, амралтын газар, зочид буудал, массаж, баар, караоке, цэнгээний газар, фитнесс, саун, барааны зах зэргийг нөхцөл байдлыг харгалзан үе шаттай нээнэ. Нийт 52 төрлийн үйлчилгээ эрхлэхийг зөвшөөрснөөр 21 мянга орчим аж ахуйн нэгж, 282 мянга орчим ажилтан, албан хаагч хэвийн ажиллах судалгаа гарчээ.

Цаашид үе шаттай нээх газар /эхний шатанд/:

-       Бүх төрлийн хувцас, тавилга, гэр ахуйн бараа, цахилгаан бараа, бөс бараа

-       Сургалтын төв, танхимын болон үйлдвэрлэлийн сургалт /10 хүртэл хүнтэй/

-       Өргөтгөсөн болон үзэсгэлэн худалдаа

-       Үсчин

-       Амралт, жуулчны бааз

-       Зочид буудал

-       Дэн буудал

-       Түргэн үйлчилгээний цэг

-       Явуулын үйлчилгээний түргэн хоолны цэг

Тусгаарлалтын 21 хоногийг 14 болгожээ

Улсын онцгой комиссын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн гаргасан дүгнэлт, саналыг үндэслэн тусгаарлалтын 21 хоногийг 14, гэрийн тусгаарлалтын 14 хоногийг долоо хоног болгожээ. Эхний 14 хоногт хоёр, гэрээр тусгаарлагдах үед нэг удаа шинжилгээ авах юм байна. Тусгаарлалтын хоногийг энэ сард тусгай үүргийн нислэгээр ирэх иргэдээс эхэлж мөрдөх болжээ. Улсын онцгой комисс 2020 оны 12 дугаар сарын 16-нд Франкфурт, 12 дугаар сарын 20-нд Токио, 12 дугаар сарын 25-нд Сөүл чиглэлд тусгай үүргийн нислэг үйлдэхийг зөвшөөрчээ.    

Ерөнхий сайд У.Хүрэлсүх уучлал хүсэв

“Ковид-19” цар тахлын голомтыг устгах, халдварын хүрээг хумих, халдвар авсан хүмүүс, ойрын болон дам хавьтлыг олж тогтоон эмчлэх, урьдчилан сэргийлэх явцад алдаа дутагдал гарч иргэдийг бухимдуулан, улмаар хүний амь нас хохирсонд Ерөнхий сайд У.Хүрэлсүх уучлал хүсэв. Цаашид иргэдийн амь нас, аюулгүй байдлыг хангахын төлөө боломжтой бүх арга хэмжээг авна гэлээ. Цар тахлын эсрэг тэмцэж байгаа бүх байгууллага, ажилтан, алба хаагчид болон Засгийн газар, Улсын онцгой комиссоос гаргасан шийдвэрийг биелүүлж байгаа иргэдэд талархал илэрхийлэв.  Хөл хорионы дэглэмийг бууруулж Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжих үед иргэдийн ухамсар, хариуцлага хамгийн чухал байгааг тэмдэглэв. Хүн бүр амны хаалт зүүх, хоорондын зай барих, мэргэжлийн байгууллагын заавар, зөвлөмжийг дагах, дархлаагаа дэмжих зэргээр өөрсдийгөө болон гэр бүл, ойр дотны хүмүүсээ халдвараас хамгаалахад онцгой анхаарах цаг ирж байгааг хэлэв. Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаанд эрсдэлийг 10 дахин бууруулж, голомтуудыг хяналтад авсан, халдвар авсан хүний тоо цөөрсөн, 557 мянга гаруй хүнд шинжилгээ хийсэн, экспортын гарцуудаа хянаж эдийн засгийн гол судсуудаа хамгаалсан зэргийг харгалзан хорио цээрийн дэглэмийг сулруулахаар болжээ.

 Цаашид:

1.    Эрүүл мэндийн салбарын хүчин чадал, нөөц, ялангуяа хүний нөөцөд анхаарах

2.    Өдөрт 100 мянган хүний PCR шинжилгээний хариуг өгдөг болох, лабораторийн хүчин чадал, урвалжийн нөөц зэргийг 2-3 сараар бэлтгэх 

3.    Бүх шатны Онцгой комисс гаргасан шийдвэрийн дунд, доод шатанд хэрхэн хэрэгжиж байгаад  байнга  хяналт тавьж байх  

4.    ХӨСҮТ, хил, гааль, төмөр замын салбар дахь хяналтыг онцгой сайжруулах

5.    Цар тахлын талаархи үнэн зөв мэдээллийг цаг алдалгүй хүргэж байх, халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр түлхүү ажиллах

6.    Бүх шатны төрийн албан хаагчдын сахилга бат, ажлын хариуцлагыг өндөржүүлэх зэргийг холбогдох байгууллагын удирдлагуудад үүрэг, чиглэл болголоо.

Нийгмийн даатгалын шимтгэл төлөгчийг торгох, алдангиас чөлөөлөхтэй холбоотой хуулийн төслийг УИХ-д өргөн барина

Нийгмийн даатгалын шимтгэл төлөгчийг торгох шийтгэл, алдангиас чөлөөлөх тухай хуулийн төслийг нэн яаралтай хэлэлцүүлэхээр УИХ-д өргөн мэдүүлэхээр болов. Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаанд эрчим хүч, хүнсний үйлдвэрлэл, худалдаа, түгээлт, газрын тосны бүтээгдэхүүн, түлшний хангамж, түгээлт, тээвэрлэлт, хот, суурины усан хангамж зэрэг 18 байгууллагаас бусад байгууллагын ажлыг зогсоосон. Үүнээс болж зарим аж ахуйн нэгж, байгууллага болон бизнес эрхлэгчийн үйл ажиллагаа доголдож, орлого буурснаар Нийгмийн даатгалын шимтгэлээ хугацаанд нь төлж чадахгүй нөхцөл үүсээд байна. 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд шимтгэлээ ногдуулж тайлагнасан ч хуульд заасан хугацаанд төлөөгүй ажил олгогч, даатгуулагчийг торгох шийтгэл, алдангиас чөлөөлөхөөр хуулийн төсөлд тусгажээ. Төсөл батлагдсанаар 10 мянга орчим аж ахуйн нэгж, байгууллага 30 тэрбум төгрөгийн торгууль, алдангиас чөлөөлөгдөнө. 

Товч мэдээ

-       “Ковид-19”-ийн цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болно. Хуулийн үйлчлэх хугацааг 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл сунгахтай холбоотой хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр болов. 

-       “Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-г батлав. Шаардагдах хөрөнгийг жил бүрийн улс, орон нутгийн төсөв, гадаад зээл, тусламж, төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд гаргана. “Ковид-19” цар тахлаас үүдэлтэй нийгэм, эдийн зсгийн хүндрэлийг даван туулах, Хүний хөгжлийн, Эдийн засгийн, Ногоон хөгжлийн, Засаглалын, Нийслэл ба бүс, орон нутгийн хөгжлийн гэсэн зургаан бодлого, 23 тэргүүлэх зорилго, 259 зорилтын хүрээнд 1087 арга хэмжээ хэрэгжүүлнэ.

- Бүх нийтийн болон өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан мал, тэжээвэр амьтдын тооллогыг энэ сард багтаан хийхээр болов. Нөхцөл байдлыг харгалзан тухайн үед нь холбогдох хуулийн дагуу зохион байгуулахыг Үндэсний статистикийн хороонд зөвлөлөө. Статистикийн тухай хууль, Засгийн газрын 2003 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 224 дүгээр тогтоолоор мал, тэжээвэр амьтны тооллогыг жил бүрийн 12 дугаар сарын 07-17-ны өдрүүдэд явуулж ирсэн юм.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Дэлхий нийтээр..

НҮБ дайн үргэлжилбэл дэлхийд өлсгөлөн нэмэгдэх эрсдэлтэйг анхааруулав

Огноо:

,

НҮБ-ын Дэлхийн хүнсний хөтөлбөр (WFP)-өөс 2026 оны дөрөвдүгээр сарын 16-ны өдөр гаргасан мэдэгдэлд дурдсанаар, Ойрхи Дорнодын бүс нутагт үүсээд буй хурцадмал байдал, ялангуяа Ирантай холбоотой зөрчил үргэлжилбэл дэлхийн хэмжээнд нэмэлт 45 сая хүн хурц өлсгөлөнд нэрвэгдэх эрсдэлтэй байгааг анхааруулжээ.

Энэ талаар  НҮБ-ын Дэлхийн хүнсний хөтөлбөрийн Гүйцэтгэх захирал Синди Маккейн анхааруулахдаа, геополитикийн хурцадмал байдал нь дэлхийн хүнсний аюулгүй байдалд ноцтой дарамт учруулж байгааг онцолсон байна.

Тус байгууллагын  мэдээлснээр, дайн, зөрчил нь зөвхөн тухайн бүс нутагт төдийгүй дэлхийн хүнсний хангамж, тээвэр логистик, эрчим хүчний зах зээлд шууд болон дам нөлөө үзүүлж байгаа аж. Үүний улмаас хүнсний бүтээгдэхүүний үнэ өсөх, нийлүүлэлт тасалдах, эмзэг эдийн засагтай орнуудын худалдан авах чадвар буурах зэрэг сөрөг үр дагавар нэмэгдэх төлөвтэй байна.

Одоогийн байдлаар дэлхий даяар хэдийнэ олон сая хүн хүнсний хомсдолд өртөөд байгаа бөгөөд дээрх нөхцөл байдал үргэлжилбэл энэ тоо цаашид огцом нэмэгдэх эрсдэлтэйг НҮБ онцолсон байна. Иймд олон улсын хамтын нийгэмлэгийг зөрчлийг намжаах, хүмүүнлэгийн тусламжийг нэмэгдүүлэх, хүнсний хангамжийг тогтвортой байлгахад анхаарахыг уриалжээ.

Шинжээчдийн үзэж буйгаар, геополитикийн тогтворгүй байдал нь дэлхийн эдийн засаг, ялангуяа хүнсний аюулгүй байдалд мэдэгдэхүйц нөлөө үзүүлж байгаа бөгөөд ойрын хугацаанд энэ чиг хандлага үргэлжлэх төлөвтэй байна.

Дэлгэрэнгүй унших

Дэлхий нийтээр..

Хиймэл оюунд суурилсан технологийн хөгжил хурдасч, дэлхийн өрсөлдөөн шинэ шатанд хүрэв

Огноо:

,

Сүүлийн жилүүдэд хиймэл оюунд суурилсан технологийн хөгжил эрчимжиж, дэлхийн томоохон компаниудын өрсөлдөөн шинэ шатанд хүрлээ. Үйлдвэрлэл, тээвэр, мэдээллийн технологийн салбарт автоматжуулалт, ухаалаг системийн хэрэглээ эрс нэмэгдэж, хүний оролцоог багасгах чиг хандлага давамгайлж байна.

Хиймэл оюуны шинэ үеийн загварууд илүү нарийвчлалтай, хурдтай ажиллах чадвартай болж, их хэмжээний өгөгдлийг богино хугацаанд боловсруулах боломжийг өргөжүүлэв. Энэ нь бизнесийн шийдвэр гаргалтад шууд нөлөөлөх хэмжээнд хүрчээ. Жолоочгүй тээврийн хэрэгсэл, роботжуулсан үйлдвэрлэл бодит хэрэглээнд улам ойртож, туршилтаас хэрэглээ рүү шилжих үе шат идэвхжив.

Нөгөө талаас дата төвүүдийн хүчин чадал нэмэгдэхийн хэрээр эрчим хүчний хэрэглээ өсөж, байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн асуудал олон улсын анхаарлын төвд орж байна.

Мөн технологийн энэ хурдац хөдөлмөрийн зах зээлд өөрчлөлт авчирч, зарим ажлын байр буурч, шинэ ур чадварын эрэлт нэмэгдэх нөхцөл бүрдэв.

Иймээс улс орнууд технологийн бодлогоо шинэчилж, инновац, хүний нөөцийн бэлтгэлийг чухалчлах шаардлага улам тодорч байна.

Дэлгэрэнгүй унших

Дэлхий нийтээр..

“Al Jazeera”-гийн сэтгүүлч амь үрэгдсэнд эмгэнэл илэрхийллээ

Огноо:

,

Газын зурваст ажиллаж байсан Al Jazeera телевизийн сэтгүүлч Вишах Израилын цохилтын үеэр амь үрэгдсэн талаар олон улсын хэвлэлүүд мэдээлж байна. Мэдээллээр, сэтгүүлч Вишах Газын зурваст болж буй үйл явдлыг сурвалжилж байх үед цохилтод өртсөн бөгөөд хамт ажиллаж байсан хэвлэл мэдээллийн ажилтнууд түүнийг эмгэнэн хүндэтгэл үзүүлжээ.

Газын сэтгүүлчид болон хэвлэл мэдээллийн байгууллагууд:

  • Сэтгүүлчдийн аюулгүй байдлыг хангахыг
  • Сурвалжлагчдыг онилохгүй байхыг
  • Олон улсын байгууллагууд анхаарал хандуулахыг уриалсан байна.

Al Jazeera телевизийн зүгээс сэтгүүлчийн амь үрэгдсэнд эмгэнэл илэрхийлж, мөргөлдөөний бүсэд ажиллаж буй сэтгүүлчдийн аюулгүй байдлын асуудал улам ноцтой болж байгааг онцолжээ.

Сүүлийн саруудад Газын зурваст хэд хэдэн сэтгүүлч амь үрэгдсэн талаар олон улсын байгууллагууд анхааруулж байгаа бөгөөд хэвлэл мэдээллийн ажилтнууд мөргөлдөөний бүсэд хамгийн өндөр эрсдэлтэй нөхцөлд ажиллаж буйг тэмдэглэж байна.

Ойрхи Дорнодын нөхцөл байдал хурц хэвээр байгаа бөгөөд Газын зурваст агаарын цохилт, хуурай замын ажиллагаа үргэлжилсээр байна.

 
Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Үйл явдал9 цаг 27 минут

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад т...

Хэн юу хэлэв...11 цаг 31 минут

БНХАУ-ын Элчин сайд Шэнь Миньжуань харилцан ашигтай хамтын ажиллагаа...

Дэлхий нийтээр..13 цаг 16 минут

НҮБ дайн үргэлжилбэл дэлхийд өлсгөлөн нэмэгдэх эрсдэлтэйг анхааруула...

Үйл явдал13 цаг 53 минут

АНУ цэргээ татсаны дараа Сири улс цэргийн баазуудыг хяналтдаа авлаа

Үйл явдал14 цаг 23 минут

Ерөнхий сайд Н.Учрал гадаадын улсуудад томилогдсон Элчин сайд нарыг ...

Үйл явдал14 цаг 39 минут

AI-ийн өгсөн мэдээлэл бодит байдалтай зөрөх тохиолдол их байна

Хэн юу хэлэв...2026/04/16

Санхүүгийн зах зээлүүд Ираны дайны нөлөө буурч эхэлсэнд итгэж эхлэв

Үйл явдал2026/04/16

Томоохон байгууллагууд руу чиглэсэн кибер халдлагын оролдлого нэмэгд...

Дэлхий нийтээр..2026/04/16

Хиймэл оюунд суурилсан технологийн хөгжил хурдасч, дэлхийн өрсөлдөөн...

Үйл явдал2026/04/13

Нийслэлийн төр, захиргааны байгууллагууд ажлын 4 өдрийн горимд шилжл...

Үйл явдал2026/04/13

“Оюу толгой” ХХК 9.9 тэрбум төгрөгийн нөхөн сэргээлтийн барьцааг...

Хэн юу хэлэв...2026/04/13

БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд

Үйл явдал2026/04/13

Элчин сайд нарт Итгэмжлэх жуух бичгийг нь гардууллаа

Дэлхий нийтээр..2026/04/10

“Al Jazeera”-гийн сэтгүүлч амь үрэгдсэнд эмгэнэл илэрхийллээ

Үйл явдал2026/04/10

“Ногоон автобус”-ны хэрэг Улсын дээд шүүхийн шатанд үргэлжилж ба...

Хэн юу хэлэв...2026/04/10

Аббас Арагчи: Хурцадмал байдлыг намжаахад олон улсын хамтын ажиллага...

Дэлхий нийтээр..2026/04/10

НҮБ-ын төлөөлөгч Тегеранд очиж хохирлын нөхцөл байдалтай танилцлаа

Үйл явдал2026/04/06

Швейцарт хадгалагдаж байсан Монголын түүх, соёлын хоёр ховор бичвэри...

Хэн юу хэлэв...2026/04/06

Ерөнхий сайд Н.Учрал эхний шийдвэрээрээ 12100 компанийн дансыг нээлэ...

Үйл явдал2026/04/03

Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын гишүүнд нэр дэвшигчдээ танилцуул...

Үйл явдал2026/04/03

Судалгаа: Америкчуудын дийлэнх нь Ираны эсрэг цэргийн ажиллагааг эсэ...

Дэлхий нийтээр..2026/04/03

Путин, Саудын Арабын хунтайж нар Ойрхи Дорнодод гал зогсоохыг уриала...

Үйл явдал2026/04/03

Казахстан Astana Hub-д 2026 онд улсын төсвөөс санхүүжилт олгоно

Үйл явдал2026/04/03

Ж.Золзаяа “THE BEST WOMEN OF THE YEAR” шагнал хүртлээ

Дэлхий нийтээр..2026/04/03

ОХУ бензиний экспортын хоригийг өргөтгөсөн нь Монголд нөлөөлж болзош...

Үйл явдал2026/04/03

Тегеранд 100 гаруй жилийн түүхтэй халдварт өвчин судлалын төв цохилт...

Хэн юу хэлэв...2026/04/03

Элон Маск сансрын бага тойрог замыг сая сая хиймэл дагуулаар дүүргэн...

Хэн юу хэлэв...2026/04/03

Трамп эмийн бүтээгдэхүүнд 100 хувийн татвар ногдуулах санал танилцуу...

Хэн юу хэлэв...2026/04/02

Турк улс Персийн булангийн орнуудыг Ираны эсрэг мөргөлдөөнд оролцохг...

Хэн юу хэлэв...2026/04/02

Шинэ геополитикийн тэнцвэр: Иран, Орос, Хятад ойртож байна

Санал болгох