Дэлхий нийтээр..
Үйл ажиллагааг нь хязгаарлаагүй салбарын ажилтан, албан хаагчид 07.00-22.00 цагт хөдөлгөөнд оролцоно
Үйл ажиллагааг нь хязгаарлаагүй нэр бүхий 13 салбарын ажилтан, албан хаагчид нийтийн тээврийн хэрэгсэл, албаны болон хувийн автомашинаараа 07.00-22.00 цагийн хооронд зорчино.
Амны хаалт зүүх, 1,5-2 метрийн зай барих, ажлын, иргэний үнэмлэхээ авч явах шаардлага хэвээр байна. Энэ нь зорчих хөдөлгөөнийг чөлөөтэй болгосон гэсэн үг биш. Иргэд хүнс, эм тариа, түлш, ундны ус худалдан авахаас бусад тохиолдолд гэрээсээ гарахгүй гэдгийг Нийслэлийн онцгой комисс анхаарууллаа. Гэхдээ зайлшгүй шаардлагатай болон эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авахаар эмнэлэгт хандах бол хязгаарлалт тавихгүй юм. Хүнсний бүтээгдэхүүний түгээлтийг шөнийн цагаар хийх шийдвэрийг цуцалсан байна.
Ингэснээр хүнсний 770 үйлдвэр, хүнсний импортын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 220 аж ахуйн нэгжийн 4,000 орчим автомашин 07.00-17.00 цагт 3731 дэлгүүрт бүтээгдэхүүнээ нийлүүлэх боломж бүрджээ. Дээрх хугацаанд томоохон дэлгүүрүүдийн 350 автомашин сүлжээ дэлгүүртээ бараа хүргэнэ гэсэн судалгаа гарсан байна. Алслагдсан хороодын дэлгүүрүүд тогтоосон цагт бараагаа татаж чадаагүй бол өөрсдөө 07.00-10.00 цагт гэрээт хүнсний захаас авч болох зохицуулалт хийжээ. Холбогдох байгууллагууд замын хөдөлгөөнийг 90 хүртэл хувь хязгаарлаж байж халдварын тархалтаас сэргийлнэ гэсэн зарчим барьж байна.
Үйл ажиллагааг нь хязгаарлаагүй салбар:
-Хэвлэл мэдээлэл, харилцаа холбоо, шуудан
-Цахилгаан, дулаан, усан хангамж, ариутга татуурга
-Газрын тосны бүтээгдэхүүн, түлшний хангамж
-Хүнсний үйлдвэрлэл, худалдаа, тээвэрлэлт, түгээлт, ханган нийлүүлэлт /хайпермаркет, супермаркет, минимаркет, хүнсний дэлгүүр, бөөний төв, агуулах, хүнсний зах, мал, амьтны тэжээл/
-Эрүүл мэндийн байгууллага, эмийн сан, эм, эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх байгууллага
-Хог хаягдлын цэвэрлэгээ, ачилт, цуглуулалт, тээвэрлэлт, устгал, золбин нохой, муурын устгал
-Ариутгал, халдваргүйжүүлэлт, нийтийн бие засах газар
-Банк
-Оршуулга
-Өвс, тэжээлийн нөөц бүрдүүлэлт, сайжруулсан болон баяжуулсан түлшний үйлдвэрлэл, нийлүүлэлт, түгээлт, тусгай зөвшөөрөл бүхий байгууллагын түлш тээвэрлэлт
-Шүүх, прокурор
-Тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллага /гамшгаас хамгаалах, мэргэжлийн хяналт, цагдаа, зэвсэгт хүчин, гааль, татвар, байгаль орчныг хамгаалах, улсын бүртгэл, гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх, дипломат болон тусгай алба/
-Улсын онц чухал болон стратегийн ач холбогдол бүхий обьект, байгууллага /Гадаадын дипломат төлөөлөгчийн газар, НҮБ-ын суурин төлөөлөгчийн газар, Нийслэлийн замын хөдөлгөөний удирдлагын төв, “Улаанбаатар төмөр зам” ХНН, “Чингис хаан” олон улсын нисэх буудал, “Биокомбинат” төрийн өмчит үйлдвэрийн газар, Стандарт, хэмжил зүйн газар болон Үнэт металлын сорьцын хяналтын газрын байр, Үндэсний дата төвийн нөөц төв/
Дэлхий нийтээр..
НҮБ дайн үргэлжилбэл дэлхийд өлсгөлөн нэмэгдэх эрсдэлтэйг анхааруулав
НҮБ-ын Дэлхийн хүнсний хөтөлбөр (WFP)-өөс 2026 оны дөрөвдүгээр сарын 16-ны өдөр гаргасан мэдэгдэлд дурдсанаар, Ойрхи Дорнодын бүс нутагт үүсээд буй хурцадмал байдал, ялангуяа Ирантай холбоотой зөрчил үргэлжилбэл дэлхийн хэмжээнд нэмэлт 45 сая хүн хурц өлсгөлөнд нэрвэгдэх эрсдэлтэй байгааг анхааруулжээ.
Энэ талаар НҮБ-ын Дэлхийн хүнсний хөтөлбөрийн Гүйцэтгэх захирал Синди Маккейн анхааруулахдаа, геополитикийн хурцадмал байдал нь дэлхийн хүнсний аюулгүй байдалд ноцтой дарамт учруулж байгааг онцолсон байна.
Тус байгууллагын мэдээлснээр, дайн, зөрчил нь зөвхөн тухайн бүс нутагт төдийгүй дэлхийн хүнсний хангамж, тээвэр логистик, эрчим хүчний зах зээлд шууд болон дам нөлөө үзүүлж байгаа аж. Үүний улмаас хүнсний бүтээгдэхүүний үнэ өсөх, нийлүүлэлт тасалдах, эмзэг эдийн засагтай орнуудын худалдан авах чадвар буурах зэрэг сөрөг үр дагавар нэмэгдэх төлөвтэй байна.
Одоогийн байдлаар дэлхий даяар хэдийнэ олон сая хүн хүнсний хомсдолд өртөөд байгаа бөгөөд дээрх нөхцөл байдал үргэлжилбэл энэ тоо цаашид огцом нэмэгдэх эрсдэлтэйг НҮБ онцолсон байна. Иймд олон улсын хамтын нийгэмлэгийг зөрчлийг намжаах, хүмүүнлэгийн тусламжийг нэмэгдүүлэх, хүнсний хангамжийг тогтвортой байлгахад анхаарахыг уриалжээ.
Шинжээчдийн үзэж буйгаар, геополитикийн тогтворгүй байдал нь дэлхийн эдийн засаг, ялангуяа хүнсний аюулгүй байдалд мэдэгдэхүйц нөлөө үзүүлж байгаа бөгөөд ойрын хугацаанд энэ чиг хандлага үргэлжлэх төлөвтэй байна.
Дэлхий нийтээр..
Хиймэл оюунд суурилсан технологийн хөгжил хурдасч, дэлхийн өрсөлдөөн шинэ шатанд хүрэв
Сүүлийн жилүүдэд хиймэл оюунд суурилсан технологийн хөгжил эрчимжиж, дэлхийн томоохон компаниудын өрсөлдөөн шинэ шатанд хүрлээ. Үйлдвэрлэл, тээвэр, мэдээллийн технологийн салбарт автоматжуулалт, ухаалаг системийн хэрэглээ эрс нэмэгдэж, хүний оролцоог багасгах чиг хандлага давамгайлж байна.
Хиймэл оюуны шинэ үеийн загварууд илүү нарийвчлалтай, хурдтай ажиллах чадвартай болж, их хэмжээний өгөгдлийг богино хугацаанд боловсруулах боломжийг өргөжүүлэв. Энэ нь бизнесийн шийдвэр гаргалтад шууд нөлөөлөх хэмжээнд хүрчээ. Жолоочгүй тээврийн хэрэгсэл, роботжуулсан үйлдвэрлэл бодит хэрэглээнд улам ойртож, туршилтаас хэрэглээ рүү шилжих үе шат идэвхжив.
Нөгөө талаас дата төвүүдийн хүчин чадал нэмэгдэхийн хэрээр эрчим хүчний хэрэглээ өсөж, байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн асуудал олон улсын анхаарлын төвд орж байна.
Мөн технологийн энэ хурдац хөдөлмөрийн зах зээлд өөрчлөлт авчирч, зарим ажлын байр буурч, шинэ ур чадварын эрэлт нэмэгдэх нөхцөл бүрдэв.
Иймээс улс орнууд технологийн бодлогоо шинэчилж, инновац, хүний нөөцийн бэлтгэлийг чухалчлах шаардлага улам тодорч байна.
