Дэлхий нийтээр..
Ковидын үед аймгуудаас Дархан, дүүргүүдээс Баянзүрхийн онцгой комисс сайн ажиллаж байна
Тухайлбал Дархан-Уул аймаг 100 мянган хүн амтай. Бүх нийтийн бэлэн байдлын тэг зогсолтыг маш сайн хэрэгжүүлсэн төдийгүй, иргэдээ хүнсээр хангах, тандалт шинжилгээг маш өндөр төвшинд хийснээр тархалтыг барьж чадсан. Энэ аймагт Коронавирусээр өвчилсөн анхны тохиолдлоос өгсүүлээд ойрын хавьтал болон дам хавьтагчдыг шинжилгээнд хамруулж, 2 хоногийн дотор 10 мянган хүнд түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авч, өвчилсөн иргэдээ илрүүлж, тусгаарлаж чадаж байна. Тиймээс ч Дархан- Уул аймагт ажиллаж байгаа Монгол Улсын Ерөнхий сайдын ахлах зөвлөх Ж.Энхбаяр, тус аймгийн засаг дарга Б.Азжаргалын мэдээлэл, гамшгийн үед бүс нутгийг удирдах арга барил, менежмент сайн байна гэдгийг иргэд үнэлж байна. Тэг зогсолтыг Дарханчууд сайн хийж чадсанаараа Улаанбаатарчуудыг ч бишрүүллээ. Түүнчлэн Нийслэлийн онцгой комисс энэ өдрүүдэд хамгийн их шүүмжлэлд өртсөн. Эргэж буцсан олон шийдвэр гаргасан. Ингэснээр иргэд, аж ахуй нэгж байгууллагыг гамшгийн үеийн бодлогоор сайн хангаагүй гэж цахим орчинд шүүмжилж байна. Харин нийслэлийн хамгийн их хүн амтай буюу 350 мянган хүнтэй Баянзүрх дүүргийн шинэ удирдлагын хэрэгжүүлж байгаа бодлого Улаанбаатарчуудад таалагдаж байна. Баянзүрхийн онцгой комисс, Иргэдийн төлөөлөгчдийн хурал, тамгын газар, энэ дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүд дүүрэгтээ сайн ажилласанаар иргэд” Манай дүүрэг эзэнтэй болжээ” гэсэн талархал илгээх болжээ.
Тус дүүргийн 4.9.26 хорооны нутаг дэвсгэрийг засаг дарга Н.Баярмөнхийн захирамжаар хэсэгчилэн хаасан. Баянзүрх дүүргийн иргэдийн хурлын дарга А.Баяр ч онцгой комиссоо дэмжин, дүүргийн иргэд, аж ахуй нэгждээ тулж ажиллаж байгаа нь өмнөх удирдлагын багаас илүү хурдтайг харуулж байна. Мөн Баянзүрх дүүрэг түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авах цэгийнхээ тоог нэмсэн, орон гэргүй, тэнэмэл иргэдээ бүрэн шинжилгээнд хамруулсан, халдвар хамгааллын өндөржүүлсэн дэглэм барьж, тархалтыг алдахгүй байхад онцгой анхаарч байна.. Улсын хэмжээнд ганц байдаг Халдварт өвчин судлалын үндэсний төв тус дүүргийн нутаг дэвсгэрт бий. Энд цар тахлын халдвар авсан, хүндэрсэн, эмчлүүлж байгаа бүхий л өвчтөн байдаг. Нөгөө талаар 2 ч хороонд халдвар авсан иргэн илэрсэн учраас Улаанбаатар хотын хамгийн том дүүрэгт хэсэгчилсэн хөл хорио тогтоосон нь зөв шийдвэр байсан гэж нийслэлчүүд дэмжиж байна.
Баянзүрх дүүргийн онцгой комисс шуурхай ажиллаж хүнсний дутагдалтай айлуудад талон, шаардлагатай хүнсний бүтээгдэхүүнийг тараасан. Үүгээр ч зогсохгүй Баянзүрх дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүд болох Э.Бат-амгалан, Ж.Чинбүрэн, Х.Булгантуяа, Б.Саранчимэг, Б.Энхбаяр нар дүүргийн удирдлагуудтай уялдаа холбоотой ажиллаж Баянзүрх дүүрэгт амьжиргааны төвшин доод өрх айлуудад шаардлагатай хүнсний материал, сайжруулсан түлшийг хандивлаж байгаад дүүргийн иргэд ам сайтай байна.
24 цагийн өндөржүүлсэн бэлэн байдлаар ажиллахдаа дэлгүүр, хоршооны ариутгал, дэглэмийг ч чанд сахиулж байгаа нь Нийслэлийн бусад дүүрэгт үлгэр жишээ болж байна.
Дархан- Уул аймаг, Нийслэлийн Баянзүрх дүүргийн удирдлагын арга барил, гамшгийн үеийн менежмент сайн байгааг иргэд олон түмэн үнэлж байгаа төдийгүй бусад дүүрэг, аймгуудыг туршлага судлан, дууриал аван ажиллахыг шаарджээ.
Дэлхий нийтээр..
Польш улсын бага сургуулиудад гар утас ашиглахыг хориглохоор төлөвлөж байна
Польш улс бага сургуулийн сурагчдыг сургууль дээр гар утас ашиглахыг хориглох хуулийн төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Польшийн Ерөнхий сайд Дональд Туск энэ сарын 2-нд мэдэгдэхдээ, 2026 оны есдүгээр сарын 1-нээс эхлэн 7-15 насны сурагчдыг сургууль дээр гар утас ашиглахыг хориглохоор ажиллаж байгаагаа хэлжээ.
Засгийн газраас дэмжсэн хуулийн төсөлд бага сургуулийн сурагчдыг хичээлийн үеэр төдийгүй завсарлага, сургуулийн орчин, мөн сургуулиас зохион байгуулсан боловсролын үйл ажиллагааны үеэр гар утас ашиглахыг хориглохоор тусгасан байна. Ухаалаг цаг зэрэг мэдээлэл, харилцааны боломжтой төхөөрөмжүүд ч уг хязгаарлалтад хамрагдахаар байна.
Гэхдээ сурагчид төхөөрөмжөө сургууль дээр авчрах боломжтой бөгөөд сургуулиуд тэдгээрийг хичээлийн хугацаанд хадгалах тусгай байр, зохицуулалт хийх эрх зүйн үндэстэй болох аж.
Польшийн бага сургуулийн боловсрол найман жил үргэлжилдэг бөгөөд 7-15 насны хүүхдүүд хамрагддаг. Хуулийн төсөл цаашид Польшийн парламентын доод танхим болох Сейм, дээд танхим болох Сенатаар хэлэлцэгдэж, батлагдсаны дараа Ерөнхийлөгч гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болох юм.
Ерөнхий сайд Дональд Туск хүүхэд, өсвөр үеийнхний гар утас, цахим платформ, тоглоомд донтох асуудал ноцтой болж, хичээлдээ төвлөрөх болон зан төлөвт сөргөөр нөлөөлж байгааг онцолсон байна.
Дэлхий нийтээр..
БНХАУ Тяньаньмэний үйл явдлыг дурсах арга хэмжээг хязгаарлажээ
БНХАУ-ын эрх баригчид 1989 оны Тяньаньмэний талбайн үйл явдлын 37 жилийн ойг тэмдэглэх, дурсах оролдлогуудыг хязгаарласан байна. Эх сурвалжийн мэдээлснээр, Бээжин хотод амь үрэгдэгсдийн ар гэрийнхнийг ой тохиосон өдөр оршуулгын газарт очихыг зөвшөөрөөгүй байна. “Тяньаньмэний эхчүүд” хэмээх бүлгийн гишүүд олон жилийн турш уг өдөр төрөл төрөгсдийнхөө шарилд очиж, дурсгалын мэдэгдэл уншдаг байсан гэж “Эмнести Интернэшнл” мэдээлжээ.
1989 онд Бээжингийн Тяньаньмэний талбайд ардчилал, эрх чөлөөг шаардан жагссан оюутан, иргэдийн хөдөлгөөнийг Хятадын арми хүчээр тараасан юм. AP-ийн мэдээлснээр, тухайн үед олон зуун, магадгүй мянга гаруй хүн амь үрэгдсэн гэж үздэг.
Хонконгт мөн энэ өдрөөр аюулгүй байдлыг чангатгажээ. Урьд нь жил бүр лаа асаан дурсах томоохон арга хэмжээ болдог байсан Виктория паркийн орчимд цөөн хүн цугласан бөгөөд цагдаа нар хэд хэдэн хүнийг шалгаж, заримыг нь түр саатуулсан байна.
АНУ, Европын Холбоо, Их Британи энэ өдрийг тохиолдуулан мэдэгдэл гаргаж, өнгөрснийг цензурээр арилгах боломжгүй хэмээн онцолжээ. Харин БНХАУ-ын Гадаад хэргийн яам АНУ-ын мэдэгдлийг Хятадын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцсон үйлдэл гэж шүүмжилсэн байна.
Мөн Тайваньд Тяньаньмэний үйл явдлын ойг тохиолдуулан лаа асаах дурсгалын арга хэмжээ зохион байгуулжээ. АНУ-ын Капитолын ордонд хууль тогтоогчид болон 1989 оны хөдөлгөөний төлөөлөгчид оролцсон дурсах арга хэмжээ болсон байна.
“Тяньаньмэний эхчүүд” бүлэг энэ жилийн ойг угтан шударга ёс шаардсан мэдэгдэл гаргаж, тухайн үед болсон үйл явдлын талаар бүрэн мэдээлэл ил болгох, хохирогчдын ар гэрт нөхөн төлбөр олгох, хариуцлага тооцохыг шаарджээ.
Дэлхий нийтээр..
Индонезид авлигын хэрэгтэй холбоотойгоор өндөр албан тушаалтнуудыг баривчилжээ
Индонезид авлигын эсрэг ажиллагаа эрчимжиж, Засгийн газрын өндөр албан тушаалтнуудыг баривчилжээ. “Аль Жазира”-гийн мэдээлснээр, тус улсын Цагаачлалын асуудал эрхэлсэн дэд сайд Силми Каримыг цагаачлалын бичиг баримтын бүрдүүлэлт, удирдлагатай холбоотой зөрчил гаргасан байж болзошгүй хэргээр саатуулсан байна. Түүнийг Авлигатай тэмцэх комиссын байранд 10 орчим цаг байцаасны дараа баривчилжээ.
Авлигатай тэмцэх комиссын төлөөлөгч Будии Прасетьогийн мэдээлснээр, уг хэрэг 2023-2024 онд Силми Карим тухайн үеийн Ерөнхийлөгч Жоко Видодогийн засаг захиргаанд Цагаачлалын асуудал эрхэлсэн ерөнхий захирлаар ажиллаж байх үед гарсан байж болзошгүй аж. Мөн энэ хэрэгт холбогдуулан өөр долоон сэжигтнийг тогтоосон гэж мэдэгдэв.
Үүнээс нэг өдрийн өмнө Индонезийн Ерөнхий прокурорын газар Ерөнхийлөгч Прабово Субиантогийн хүүхдийн хоол тэжээлийн дутагдалтай тэмцэх үнэгүй хоолны хөтөлбөрийг хариуцаж байсан Үндэсний хоол тэжээлийн агентлагийн дарга асан Дадан Хиндаяанаг авлигын хэрэгт холбогдуулан баривчилжээ. Тус хэрэгт мөн хоёр хүнийг саатуулсан байна.
Мөрдөн шалгах байгууллагын мэдээлснээр, үнэгүй хоолны хөтөлбөрийг сургуулиудад үйл ажиллагаа явуулдаг сангуудаар дамжуулан хэрэгжүүлдэг бөгөөд эдгээр санг хууль бус үйл ажиллагаанд ашигласан байж болзошгүй гэж үзэж байгаа юм.
Индонезийн Төрийн нарийн бичгийн дарга Прасетьо Хади сүүлийн хоёр өдөр дараалан өндөр албан тушаалтнууд авлигын хэрэгт холбогдсонд Засгийн газар санаа зовниж буйгаа илэрхийлжээ. Тэрбээр Авлигатай тэмцэх комисс болон Ерөнхий прокурорын газрын явуулж буй хуулийн ажиллагааг Засгийн газар хүндэтгэнэ гэж мэдэгдсэн байна.
Индонезид сүүлийн саруудад авлигын эсрэг ажиллагаа идэвхжиж, өнгөрсөн дөрөвдүгээр сард тус улсын Омбудсманы ерөнхий дарга албан тушаалдаа томилогдоод зургаахан хоногийн дараа хээл хахуулийн хэрэгт холбогдон баривчлагдсан юм.
-
Дэлхий нийтээр..2025/10/14
2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд 9518 тонн давс, 9590 тонн бодис ...
-
Хэн юу хэлэв...2021/07/27
Б.Сүхбаатар: Батлан хамгаалахын их сургуулийн хашаан дахь орон сууцны орц, гарцы...
-
Дэлхий нийтээр..2023/04/19
УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсгүүд
-
Дэлхий нийтээр..2023/04/27
УИХ: Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны гишүүд БХЯ болон ЗХЖШ-т ажи...
